Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03369

 

 

 

 

 

 

 

2024 09 16 181/ШШ2024/03369

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж, Оффис констракшны байранд оршин байх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ /РД:6108512/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А овогт Э-н Т /РД:........../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Э.Тд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50% болох 2,500,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдөр №3/41 тоот гэрээ байгуулан олгосон.

Гэрээний дагуу Э.Ттэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Э.Т нь 460,000 төгрөгийн үндсэн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Э.Ттэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10-т Б тал олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги хоног тутамд А талд төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу алдангийг тооцоход (460,000 төгрөгөөс алдангийг тооцов) зөвхөн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 420 хоногийн алданги 966,000 төгрөгийн алдангийг төлөхөөр байна. Алданги нь санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 460,000 төгрөгийн төлбөрөөс илүү байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 230,000 төгрөг болж байна.

Э.Ттэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан Маргааныг хамтран хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй үед Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. гэсэн нөхцөл байдал үүссэн тул 460,000 төгрөгийн үндсэн санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл, үндсэн зээлийн үлдэгдлийн алданги болох 230,000 төгрөг, нийт 690,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь ................ тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т /........../-ээс 690,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу Э.Т төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь Э.Тд холбогдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Э.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс УТҮГ нь Э.Тд холбогдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Э.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ