Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2024/0013

 

 

 

 

 

 

 2024       03         19                                                     123/ШШ2023/0013

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЧНБ” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-ийн захирал Д.Наранхүү нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт хандан “тус газруудыг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх” хүсэлт гаргахад, хариуцагч Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяраас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/133 тоот албан бичгээр “ ... тус компанид сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 дугаар захирамжуудаар эзэмшүүлсэн 18694309509960, 18694309717791, 18693309456003, 18693309546687 дугаартай /өмнөх мэдээллийн сан CCLIS/ нэгж талбарууд нь Горхи тэрэлжийн улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа бөгөөд орон нутагт шинэ мэдээллийн сангийн Ланд менежер программд бүртгэх эрхгүй байна” гэсэн хариу өгсөн.

4. Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан “тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулах” хүсэлт гаргахад, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 455 тоот албан бичгээр “ ... Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах шийдвэр гаргадаг. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сард А/91, А/202 дугаар захирамжаар танай байгууллагад 209 га газрын албаны эрх мэдлээ хэтрүүлэн илт хууль бус газар эзэмших захирамж гаргасан байна. Иймд хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

5.  Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын яаманд хандан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн газрын байршил болон зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулах” хүсэлт гаргахад, Байгаль орчин аялал жуучлалын яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/6097 тоот албан бичгээр “ ... Энэхүү газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сард А/91, А/202 дугаар захирамжаар танай байгууллагад 209 га газрын албаны эрх мэдлээ хэтрүүлэн илт хууль бус газар эзэмших захирамж гаргасан байна. Иймд танай асуудлыг шийдвэрдэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

6.   Нэхэмжлэгчээс Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлт гаргахад, тухайн хүсэлтэд Эрдэнэ сумын Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй байна.

7. Нэхэмжлэгч “ЧНБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““ЧНБ” ХХК /РД:5563305/ нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг А/91, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 дугаар захирамжуудаар 18694309509960, 18694309717791, 18693309456003, 18693309546687 нэгж талбар бүхий 209 га газрыг жимс жимсгэнэ тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон билээ. Бидний зүгээс эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулахаар холбогдох бэлтгэл ажлууд хийж байсан боловч 2018 онд “Сибукторн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцож газар ашиглах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд тухайн маргаан нь гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд бидний газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр үлдэж газар дээрээ үйл ажиллагаа явуулах болон тухайн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж өгнө үү гэх агуулгаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад 2023 оны 04 дүгээр арын 18-ны өдрийн албан бичгээр хандсан боловч 2023 оный 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/113 дугаар албан бичгээр “ ... тухайн нэгж талбарууд нь Горхи тэрэлжийн улсын тусгай хэрэгцээний газар хамаарч байгаа бөгөөд орон нутаг шинэ мэдээллийн сангийн Ланд менежер программд бүртгэх эрхгүй” гэх хариуг ирүүлсэн. Үүнийг дагуу бид 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот албан бичгээр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот албан бичгээр Байгаль, орчин, аялал жуучлалын яаманд тус тус тухайн газар дээрээ хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хандсан боловч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 тоот албан бичгээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад бидний газрыг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэртэй давхцаагүй байдлаар тус сумын өөрийн нутагт байршлыг өөрчлөн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх талаар хандсан боловч хариу ирүүлээгүй тул дээд шатны захиргааны байгууллага болох Төв аймгийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хандсан боловч хуульд заасан хугацаанд мөн хариуг ирүүлээгүй байна. Дээрх нөхцөл байдлын улмаас бид газраа зориулалтын дагуу ашиглах газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч газар ашиглах эрх зөрчигдөж байна. Иймд “Газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧНБ” ХХК Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 дугаар захирамжуудаар 4 нэгж талбар бүхий 209 га газрыг жимс жимсгэнэ тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Бидний зүгээс эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулахаар холбогдох бэлтгэл ажлууд хийж байсан боловч 2018 онд “Сибукторн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсэж, тухайн хэрэгт манай компани гуравдагч этгээдээр татагдан оролцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гуравдагч этгээд нарын газар ашиглах, эзэмших эрх хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн газрын эзэмшлийг түдгэлзүүлсэн. Тухайн маргаан нь гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, үндсэндээ 4 жилийн хугацаанд хэлэлцэгдсэний эцэст гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бидний газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон. 2023 оны 04 дүгээр арын 18-ны өдөр тухайн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулъя, хамтран ажиллана уу гэсэн утга бүхий албан бичгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хариу бичигт дээрх газар нь Горхи тэрэлжийн улсын тусгай хэрэгцээний газар хамаарч байгаа гэх хариу ирүүлсэн учир Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаа буюу Байгаль орчны яаманд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулъя, хамтран ажиллана уу, зориулалтын дагуу ашиглая гэх утга бүхий албан бичиг явуулсан боловч тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу тухайн газруудаас ирсэн. Бидний зүгээс дээрх газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй, тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа учраас Эрдэнэ сумын Засаг дарга руу дахин хандаж, өөрийн сумын нутаг дэвсгэрт тухайн газрын байршлыг өөрчлөн хуульд нийцүүлэн газар олгож өгнө гэсэн утга бүхий албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр албан бичиг хүргүүлсэн боловч Эрдэнэ сумын Засаг даргаас хариу ирүүлээгүй. Тийм учраас захиргааны дээд байгууллага болох Төв аймгийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хандаж, Засаг дарга руу хандсан. Мөн Эрдэнэ сум руу хандсан. Мөн тухайн бичигт хариу ирүүлээгүй учраас бид нөхцөл байдлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглах, газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болж, бидний газар ашиглах эрх зөрчигдөж байгаа учраас Эрдэнэ сумын Засаг даргын газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учир хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧНБ” ХХК тус шүүхэд газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. “ЧНБ” ХХК 2017 оны А/91 дүгээр захирамж, 2017 оны А/202 дугаар захирамжуудаар тус сумын 1 дүгээр баг Морин давааны ард байрлах чацаргана, жимс жимсгэний мод тарих зориулалттай 2 нэгж талбарт хамаарах нийт 209 га газрыг газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 15 жилийн хугацаатай эзэмшсэн. “ЧНБ” ХХК-иас ирүүлсэн уг 2 нэгж талбар нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг судалж үзээд сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/133 дугаар албан бичгээр сумын Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамж, 2017 оны А/202 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарууд нь Горхи тэрэлжийн улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа бөгөөд орон нутагт шинэ мэдээллийн сан буюу Лан менежер программд бүртгэх эрхгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг. Эрхгүй учир бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. “ЧНБ” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр 2 нэгж талбарт хамаарах 209 га газрын байршил шилжүүлэх хүсэлтийг ирүүлсэн байдаг. Байршил шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд хүсэлтийг авч, 2023 оны 12 дугаар сард хэлэлцсэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусган, Иргэдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлсэн. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас дэмжигдээгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул байршил шилжүүлэх боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, ашиглалтын жагсаалтыг Засгийн газраар орлон шийдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих гээд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг зааж өөрчлөлт орсонтой холбогдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршил Засгийн газар руу хэлэлцэгдээгүй, санал нь уламжлагдаагүй нэгж талбарт хэмжээ, байршилд сумын Засаг дарга ямар ч шийдвэр гаргах боломжгүй болсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-ийн “Газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Маргааны үйл баримтуудын талаар:

2. Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91 дүгээр  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Харзтай суурин, Морин давааны ард 3.64 га газар эзэмшигч Сүхчулууны Лхагвадорж, 5.36 га газар эзэмшигч Цагаанхүүгийн Тунгалаг, 100 га газар эзэмшигч Сампидноровын Чойжамцан нарын газар эзэмших эрхийг “ЧНБ” ХХК-д 15 жилийн хугацаатай чацаргана, жимс жимсгэний мод тарих зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. [2]

Тухайн 109 га газрыг эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000322637 дугаарт бүртгэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрчилгээг олгосон байна.[3]

2.1 Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 дугаар  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Морин давааны баруун хойно 100 га газар эзэмшигч Батсайханы Гантулгын газар эзэмших эрхийг “ЧНБ” ХХК-д 15 жилийн хугацаатай чацаргана, жимс жимсгэний мод тарих зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.[4]

Тухайн 100 га газрыг эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000322638 дугаарт бүртгэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрчилгээг олгожээ.[5]

3. Хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “ЧНБ” ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад гаргасан газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3 дахь хэсэгт “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Эрдэнэ сумын Засаг дарга нь Захиргааны Ерөнхий хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн газрын байршил өөрчлөх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг албан ёсоор өгөөгүй байна.

Тодруулбал Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж, мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-т зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл, гомдлыг хариуцагч Эрдэнэ сумын Засаг дарга хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхтэй бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий хариугаа хүргүүлэх үүргийг мөн хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-ийн гаргасан газрын байршил өөрчлүүлэх тухай өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-ийн Газрын байршил өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын байршил өөрчлөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч “ЧНБ” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

[1] 1 дүгээр хавтас 1-2 тал

[2] 1 дүгээр хавтас 31 тал

[3] 1 дүгээр хавтас 32 тал

[4] 1 дүгээр хавтас 30 тал

[5] 1 дүгээр хавтас 29 тал