Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/761

 

Д.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч О.Батсүх,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Нхолбогдох эрүүгийн 2009017171231 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Н, 

Шүүгдэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-тай бараа нийлүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 27, 28, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулан бичгэн гэрээ байгуулан гэрээний дагуу “О” ХХК-иас “П” ХХК-нд 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт /гайка/ авахаар программын алдаанаас болж 1 хайрцаг төмөр боолтны үнийг 1 ширхэг төмөр боолтны үнээр тооцсон захиалгын хуудас гаргаж, уг үнийн дүнг “Пегасус трейд” ХХК-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 453025123 дугаарын данснаас “Пегасус трейд” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1410007178 дугаарын дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлснийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр данснаас гүйлгээ хийж илүү 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хотгойд овогт Доржпаламын Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ноногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгээс 104.054.275 төгрөгийг гаргуулж хохирогч “Оюу Толгой” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Н миний бие 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан зөрчлүүдийг нэгэн зэрэг гаргаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1.1 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасныг хэрэглэж Д.Нг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь энэхүү хэрэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсэн байхыг шаардах буюу тухайн этгээдэд тухайн төлбөрийг шилжүүлэх үүрэг хохирогчид үүсээгүй байхад үйлдэгдэх боломжтой юм. Тодруулбал, Д.Н нь 146.466.000 төгрөг хүлээн авах эрх үүсээгүй буюу энэ талаар талууд захиалга өгөөгүй. Д.Н ч нэхэмжлэх өгөөгүй, харин магадгүй 4.600.000 төгрөгийн төлбөр авах байтал хохирогч талын зүгээс андуурч 146.466.000 төгрөгийн гүйлгээ хийсэн тохиолдолд энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхэд дүгнэлт хийх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, худалдан авалтын захиалга хийгдэж, тус захиалганд хэдэн ширхэг гайка хэдэн төгрөгөөр худалдан авахаа тодорхой зааснаар Д.Н тус гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрөө авсан нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна.

Худалдах, худалдан авах гэрээ нь заавал бичгээр байгуулахыг шаардах гэрээ биш бөгөөд талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсоноор тус гэрээг байгуулагдсан гэж үзэх бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Худалдан авагч “Оюу толгой” ХХК-ийн “Пэгасус трейд” ХХК-нд ирүүлсэн захиалгын дугаар бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах” гэрээний шаардлагад нийцэж байна.

Энэхүү гэрээний үүргийг Д.Н нь биелүүлж, үүний дагуу төлбөрийн нэхэмжлэх өгч төлбөрөө хүлээн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдсоор байхад шүүх яагаад зөвхөн “Оюу толгой” ХХК-ийн талд үйлчилж, шүүгдэгчийн гаргасан тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна уу үгүйсгэгдэж байна уу гэдэгт дүгнэлт хийлгүйгээр шууд нэг талыг барьж гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Хэрэв “Оюу толгой” ХХК нь буруу захиалга өгсөн гэж үзэж байгаа бол энэхүү маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байхад яагаад прокурор, шүүх хүлээж аваад хэргийн үнэн зөвийг тогтоох ба буруугүй иргэнийг гэм буруутай байна гэж үзэж, мөн их хэмжээний хохирол учруулж байгаа нь үндэслэлгүй юм. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдэг үг шууд утгаар илэрхийлэгдэх бөгөөд тухайн гүйлгээг алдаатай байдлаар андуурч хийсэн байхыг хэлнэ. Гэтэл захиалгын хуудас буюу ХХАГ, худалдагчийн төлбөрийн нэхэмжлэх, гэрээний үүргийн биелэлтийн дагуу хийгдсэн гүйлгээг яагаад алдаатай гүйлгээ гэж үзсэн талаар шүүх огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Алдаатай гүйлгээ хийгээгүй гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр талд байгаа “Миний хувьд өөрийн ажилдаа хайнга хандсан зүйл байхгүй. Гэрээн дээр заагдсан үнийн дүнгээр санд оруулсан.” гэх мэдүүлэг нь ямар ч алдаатай гүйлгээ хийгээгүй гэдгийг харуулна. Хохирогч болон гэрч нар нь программын алдаа гэж тайлбарлаж байгаа ч тухайн программ нь өдөрт 100 гаруй гэрээ гаргадаг чөлөөтэй хөрвөх нэгжид шилждэг бөгөөд энэ программ алдаа гаргадаг бол “Оюу толгой” компани ашиглах боломжгүй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч ямар байдлаар бодит алдаа гардаг талаар мэргэжлийн айтигийн инженерээс ч асууж тодруулаагүй, программд үзлэг хийгээгүй болно. Мөн нийлүүлсэн гайка нь ямар ч тохиолдолд хохирогчийн мэдүүлсэн шиг үнэтэй биш бөгөөд компани хэдэн төгрөгөөр худалдан авах захиалга хийсэн. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, захиалгын хуудас, нэхэмжлэх зэрэг баримтаар гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзсэн атлаа эдгээр баримтуудын яг аль хэсэг нь Д.Нг гэм буруутай гэж нотолж байгааг заагаагүй, зөвхөн нэг талын тайлбар тухайн компанийн хүсэл зоригийг биелүүлсэн гэж харж байна. Худалдан авагчийн захиалгын дагуу үйлдэл хийж, тухайн захиалгыг биелүүлсэн үйлдэл нь ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь тодорхойгүй байна.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийг өөрийгөө өмгөөлүүлэх, хүсэлт гомдол гаргах эрхээр ч хангалттай хангаж ажиллаагүй байх бөгөөд хэргийн материалтай танилцаад ажиллагаа хийх боломжоор хангаагүй шууд шүүхэд хэргийг шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цагт Сүхбаатар дүүргийн 1 хэлтсийн ахмад Уламбат “Петровис” компанийн агуулах дээр буюу миний ажил дээр ирээд “Пегасус трейд” ХХК-ийг мэдэх үү гэж асуусан, мэднэ миний компани байсан гэсэн чинь таниас мэдүүлэг авъя гэхээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс цуг ороод гэрчийн мэдүүлэг өгсөн, 11 цагийн үед дууссан. Цуг яваад прокурор оръё гээд Сүхбаатар дүүргийн прокурор ороход эмэгтэй хүн гарч ирээд, тэр үед “Оюу толгой” ХХК-ийн хуульч Уянга, өмгөөлөгч гэх Батсүх хамт ирсэн. Тэгээд эмэгтэй прокурор нь Н.Булганчимэг гэдгийн сүүлд мэдсэн. Намайг загнаад чи яахаараа илүү мөнгө авдаг юм гэсэн би илүү мөнгө аваагүй, гэрээний дагуу 1030 ширхэг түгжээтэй боолт нийлүүлээд нийлүүлсэн боолтны үнийн нэхэмжлэх, ачааны бичиг, НӨАТ нэхэмжлэх өгөөд ном журмын дагуу авсан гэж хэлсэн. Тэгсэн аваачиж хорь гэж цагдаад хэлсэнээ намайг гарч бай гээд гаргасан. Тэрний дараа 1 цагийн дараа ахмад Уламбат гарч ирээд явъя гээд машиндаа суулгаж авч яваад цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өрөөндөө авчираад байж бай гээд орой 20 цаг хүртэл өрөөнд нь байсан. Тэгсэн нааш ир гээд дээд давхарт гараад ахлах дэслэгч Идэр гээд байцаагч дээр аваачиж, энэ хүн мэдүүлэг авна гээд орхиод явсан. Тэр өдрөө Идэр гээд байцаагч таныг 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татаж байна гэхээр нь би ямар хэргээр татаж байгаа юм, өмгөөлөгч авч байгаад танилцаж байж гарын үсэг зурна гэсэн чинь гарын үсэг зурахгүй бол явуулахгүй гэхээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна, өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэхэд гарын үсэг зурчихаад яваад маргааш өмгөөлөгч аваад ирж болно гээд танилцсан гэж гарын үсэг зуруулаад 21 цаг өнгөрч байхад явуулсан. 3 хоногийн дараа өмгөөлөгч аваад очиход хэргийн материалтай танилцъя гэхэд прокурор дээр танилц гээд танилцуулаагүй, тэгсэн Амарсанаа өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн прокурорт хүсэлт өгнө гээд хүсэлт өгсөн тэрнээс хойш цагдаагийн хэлтэс дээр дуудаагүй байж байгаад 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ирж Эрдэнэцогт гээд өөр байцаагч дуудаад түгжээтэй боолтны үнэлгээ хийлгэсэн танилц гэхээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, миний нийлүүлсэн түгжээтэй боолтын зах зээлийн үнийг тогтоох ёстой байсан. Тэгсэн өөр гэрээний дугаартай өөр боолтыг миний нийлүүлсэн боолт гээд хуурамч материал бүрдүүлээд үнэлсэн байсан. “Оюу толгой” ХХК нь нийлүүлж байгаа бараа материалын хайрцаг сав, баглаа боодол дээрээ заавал гэрээний дугаар тавьж явуулдаг. Тэгсэн миний нийлүүлсэн гэрээний дугаар 3008916928 дугаартай, үнэлсэн боолтны гэрээний дугаар 3008234372 дугаартай өөр компани нийлүүлсэн боолтыг миний нийлүүлсэн боолт гэж худлаа үнэлсэн байсан. Тэгээд байцаагчид нь хэлсэн өөр бараа байна шүү дээ гэхэд прокурор дээрээ очоод танилц гээд мэдүүлэг аваад явуулсан. Маргааш нь буюу 2 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн хэлтэст хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна гээд өргөдөл өгсөн чинь маргааш нь прокуророос прокурорын туслах яриад ирж уулз гэхэд өмгөөлөгчтэй очих уу гэхэд ганцаараа ир гээд яваад очиход яллах дүгнэлтэд гарын үсэг зур гээд би зурахгүй гэхэд шүүх дээр очоод учраа ол гээд гарын үсэг зуруулсан тэр үед цагдаагаас яриад таны өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд хэргийн материалтай танилцаж чадаагүй шүүх рүү материал явсны дараа шүүх дээр хэргийн материалтай танилцсан. Нэмэлт материал өгч болох уу гэхэд хавтас хэрэг үдсэн учраас болохгүй гэж хэлсэн. Тухайн маргааны зүйл болсон гайкыг үнэлүүлэхдээ ямар ч хамааралгүй, хамаагүй хямд үнэтэй байдаг өөр төрлийн гайкыг хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагад өгч үнэлүүлж ноцтой зөрчил гаргасан. Үнэлгээний газартай очиж уулзахад бодитоор хараагүй ирсэн зургийн дагуу үнэлгээ хийсэн гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Уул уурхайд тусгай зориулалтаар хэрэглэгддэг Бремик брэндийн гайка нь зах зээлд өндөр үнэтэй байдаг бөгөөд биднээс ямар ч баримт авахгүйгээр нийлүүлсэн гайка мөн эсэхийг ч тодруулахгүйгээр хэрэгт хамааралгүй гайкад үнэлгээ хийлгэсэн. Тухайн боолт нь зах зээлд нэг ширхэг нь 2844 төгрөгөөр нийлүүлэгдэх боломжгүй бөгөөд үндсэн өртөг нь 50-60 мянган төгрөг байдаг. Манай компанийн хувьд зах зээлийн зарчмын дагуу бүтээгдэхүүний үнийг өөрөө тодорхойлох тээвэрлэлтийн зардал зэргийг шингээсэн үнээр борлуулсан бөгөөд бүтээгдэхүүний үнийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр тодорхойлох зарчмын хүрээнд тодорхойлж “Оюу толгой” ХХК ч хүлээн зөвшөөрч захиалгаа өгсөн. Гэтэл талуудын тодорхойлсон гэрээний үнэд үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, захиалгын хуудсанд үндэслэж хийсэн борлуулалтыг алдаатай гүйлгээг хувьдаа завшсан буруутай гэж үзэж байгаад маш их гомдолтой байгааг та бүхэн хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн “Оюу толгой” ХХК-тай найрсаг харилцаатай байхын тулд төлбөрийн талаар имэйл ирэхэд хариу болгож зөрүү гарсан бол гэрээгээ засах байсан уу, юу болсон талаар тодруулахад огт хариу ирүүлээгүй. Энэхүү имэйлийг бичсэн учир нь тухайн компанид дахин борлуулалт хийх найрсаг харилцааг хадгалах зорилготой байсан боловч манай бүх мэдээлэл, харилцааг блок хийж огт харилцахаа больсон. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, миний гэм буруугүйг тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Оюу Толгой” ХХК-иас худалдан авалтын захиалгын гэрээг өгсөн. Тухайн гэрээний дагуу миний үйлчлүүлэгч үүргээ биелүүлж, 1030 ширхэг гайкийг нийлүүлсэн. Дараа нь нэхэмжлэлээ явуулж, төлбөрөө аваад, тооцоо нийлсэн байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн зүгээс гомдол гаргасан үндэслэл нь “Би гэрээний дагуу үүргээ биелүүлээд, авах ёстой төлбөрөө авсан. Гэтэл намайг андуурагдсан гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна” гэдэг гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн 169.623.905 төгрөг нь нийлбэр дүнг хэлээд байгаа юм. Нэг ширхэг нь 142.200 төгрөг гэдэг нь НӨАТ ороогүй үнийн дүн. Яллах дүгнэлтэд он сарын зөрүү гарсан байсан. 2021 оны 4 дүгээр сард гэрээ байгуулаагүй. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээ баталгаажиж гараад 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захиалгыг нийлүүлээд дууссан.” гэв.

Хохирогч байгууллагын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч үнэн зөв тайлбар өгөх ёстой. Гэтэл болоогүй зүйлийг болсон мэтээр ярьж байгаад нь харамсаж байна. Анх гэрээ байгуулахдаа нэг хайрцаг гайкийг 142.200 төгрөгөөр тохиролцсон. Үүний дагуу “Оюу Толгой” ХХК захиалгаа өгсөн. Гэхдээ үүнд программын хөрвүүлэг орохдоо алдаа гарсан. Тэгэхээр нэг зүйлийг тодотгож хэлэхэд, шүүгдэгч Д.Н нь 2014 оны хавьцаа “Оюу Толгой” ХХК-нд хангамж хариуцсан менежерийн албан үүргийг гүйцэтгэдэг байсан учраас тухайн компанийн систем хэрхэн ажилладаг гэдгийг нарийн, сайн мэдэх этгээд юм. Өнөөдөр тухайн хүн өмгөөлөгчийнхөө хамтаар нэг ширхэг гайк нь 142.200 төгрөг гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, захиалгын хуудас алдаатай гарсан. Бодит байдал дээрээ 1030 ширхэг буюу 3.280.820 төгрөгийн барааг нийлүүлээд 161.112.600 төгрөгийг илүү авсан үйлдэл байгаа. Үндсэндээ 3.280.820 төгрөгийг авах ёстой байсан. Гэтэл илүү мөнгө авсан нь алдаатай гүйлгээ, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн ярьсан Энхболд гэдэг ажилтан нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр алдаатай гүйлгээг мэдээд “Пегасус Трейд” ХХК руу цахим шуудан бичсэн. Тухайн цахим шуудандаа “...буруу үнээр нийлүүлж, 2.929.320 төгрөгийн оронд 146.466.00 төгрөг төлөгдсөн байна. Алдаатай гүйлгээ хийгдсэн байна.” гэхэд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Пегасус Трейд” ХХК-иас цахим шуудан ирсэн. Тухайн цахим шууданд “Бид нэхэмжлэлээ засаж, зөрүү гарсан буюу дутуу нийлүүлсэн гайкаа өгөх боломжтой.” гэж бичсэн. Тэгэхээр шүүгдэгч Д.Н алдаатай гүйлгээ хийсэн гэдгээ мэдсэн. Гэтэл өнөөдөр өөр зүйл ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гайкийн жишиг үнэ нь 1.200 төгрөг гэсэн үнэлгээ тогтоогдсон. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас анхан шатны шүүхээс ял шийтгэлийн хувьд буруу дүгнэлт хийсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх” зэргийг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Д.Н нь одоог хүртэл хохирол төлбөрөө барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийн зорилгод нийцүүлж өгнө үү. Энэ хүний завшсан мөнгө нэг талаараа төрийн, ард иргэдийн мөнгө юм. Яагаад гэвэл “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувийг төр эзэмшдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч “Оюу Толгой” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээгээр 1 хайрцаг нь 142.200 төгрөгөөр тохиролцсон, нэг хайрцагтаа 50 ширхэг гайкатай байдаг. 2018 оноос хойш хохирол төлбөр барагдуулаагүй. Бичгэн гэрээний 3 дугаар зүйлд гэрээнд заасан үнээр барааг нйилүүлнэ гэж тусгагдсан байгаа. Бичгэн гэрээний тайлбар хэсэгт гэрээнд заасан тогтсон үнээр нийлүүлнэ гэж тохиролцсон. Хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ гэрээ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Манай талаас алдаатай гүйлгээг 2019 онд мэдсэн, мэдсэн даруйдаа тухайн компани руу утасдсан. Энхтөгс илүү төлөгдсөн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн боловч 2018 оноос одоог хүртэл 5 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй. Монголын нийгэм худалч хулгайчийг өөгшүүлж болохгүй. Шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яг энэ дээрх асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн. Шүүх дээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хохирогчийн талаас шүүгдэгчид алдаатай гүйлгээ хийгдсэн талаар мэдэгдэх ажиллагааг хангалттай явуулсан байна. Алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд “гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэнэ.” гэж заасан.  Тиймээс анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талууд цахимаар гарын үсэг зурж гэрээгээ баталгаажуулсан. Тэгээд үнийн саналынхаа хавсралт хэсэгт талууд 1 хайрцаг гайкийг 142.200 төгрөгөөр тохиролцсон. Энэ хэрэгт Д.Энхтөгс гэдэг хүн гэрээ байгуулаад яваад байгаа боловч Голомт банкны дансны хуулга дээр Д.Н гээд регистрийн дугаараараа өөрөө зарлага хийж мөнгийг авсан байдаг. Д.Энхтөгс нь Д.Нгийн төрсөн дүү бөгөөд Д.Нгийн гуйлтаар тусалсан гэж ярьдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-тай бараа нийлүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 27, 28, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулан бичгэн гэрээ байгуулан гэрээний дагуу “Оюу толгой” ХХК-иас “Пегасус трейд” ХХК-нд 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт /гайка/ авахаар программын алдаанаас болж 1 хайрцаг төмөр боолтны үнийг 1 ширхэг төмөр боолтны үнээр тооцсон захиалгын хуудас гаргаж, уг үнийн дүнг “Пегасус трейд” ХХК-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 453025123 дугаарын данснаас “Пегасус трейд” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1410007178 дугаарын дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлснийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр данснаас гүйлгээ хийж илүү 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын “...Манай компани нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Пегасус Трейд” ХХК-иас 1030 ширхэг гайка авахаар болоод захиалга хийсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захиалгын дагуу “Пегасус Трейд” ХХК нь манай байгууллагад 20 хайрцаг, 30 ширхэг нийт 1030 ширхэг гайкийг нийлүүлсэн. Үүний дагуу манай байгууллагын үнийн шинжээч Ё.Азжаргал нь “бараа материалын сан”-д 1030 ширхэг гайка оруулахыг 1030 хайрцаг гэж андууран оруулж “Пегасус Трейд” ХХК-иас 161.112.600 төгрөгийн нэхэмжлэл ирээд түүнийг манай компани 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 5300044022 дугаарын данснаас “Пегасус Трейд” ХХК-ийн Голомт банкны 3008916928 дугаартай данс руу шилжүүлэн өгсөн. Энэ андуурсан дүнтэй гүйлгээний талаар 2019 оны 7 дугаар сард мэдээд “Пегасус Трейд” ХХК-ийн утас руу залган 2019 оны 8 дугаар сард Энхтөгс гэх хүнтэй уулзаж андуурсан дүнгээр гүйлгээ хийсэн талаар ярилцаад “илүү авсан 157.827.780 төгрөгийг эргүүлэн төлнө” гэж хэлээд явсан. Түүнээс хойш “мессеж рөүминг үйлчилгээнд бүртгэгдсэн байна” гэж автомат хариулагч хэлж байгаад сүүлд нь залгахад утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. ...“ПегасусТрейд” ХХК-иас 2019 оны 5 дугаар сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд 53.773.505 төгрөгийн бараа материал авсан байгаа. Одоо манай компанид 104.054.275 төгрөг төлөөгүй. ...” /1хх 33-34, 38-39, 170/,

гэрч Л.Батцэцэгийн “...Манай байгууллага захиалсан барааг хүлээн авч захиалгын дагуу ирсэн эсэхийг шалгаад үнэн зөв байвал тодруулаад надад өгдөг бөгөөд би түүнийг нь системд оруулдаг. “Пегасус трейд” ХХК-иас манай байгууллагын захиалсан 1030 ширхэг гайка захиалгын дагуу ирсэн гэдгийг нь хараад өөрийн байгууллагын системд оруулсан...” /1хх 41-42/,

гэрч Ё.Азжаргалын “...Би “Пегасус трейд” ХХК-ийн нийлүүлсэн гайканы үнийн мэдээллийг өөрийн байгууллагын санд 2018 оны 8 дугаар сард дотроо 50 ширхэгтэй, нэг хайрцаг гайкийг 142.200 төгрөгөөр худалдан авахаар шивсэн боловч программын алдаанаас болоод хайрцаг гайканы үнэ, ширхэгийн үнэ мэтээр бодогдож шивэгдсэн байсан. Уг “Пегасус трейд” ХХК нь 20 хайрцаг, 30 ширхэг нийт 1030 гайканы үнэ 3.284.820 төгрөг авах байсан боловч 1030 ширхэг хайрцагын үнэ НӨАТ-ийн хамт 161.112.600 төгрөг манай компаниас нэхэмжилж авсан байсан. ...” /1хх 43-44/,

гэрч Д.Билэгдэмбэрэлийн “...Би “Пегасус трейд” ХХК-иас ирсэн нэхэмжлэхийг нь өөрийн компанийн төлөх ёстой гэсэн үнийн дүнтэй тулгахад таарч байсан. Мөн бараа материалыг манай байгууллага хүлээн авсан байсан учраас мөнгийг нь шилжүүлэх хэсэгт баталгаажуулалт хийсэн. Үүний дагуу манай компанийн санхүүгээс “Пегасус трейд” ХХК руу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 169.623.905 төгрөг шилжүүлсэн байсан...” /1хх 46-47/,

гэрч Т.Сэргэлэнбямбын “...Манай агуулахад “Пегасус трейд” ХХК-иас 1030 ширхэг манай компанийн захиалгын гайка буусныг бүртгэж авсан. ...Надад 1030 ширхэг гайка хүлээн авах ёстой гэсэн бичиг ирсний дагуу 1030 ширхэг гайка хүлээн авсан...” /1хх 49-50/,

гэрч Д.Энхтөгсийн “...нэхэмжлэлийг би “Пегасус трейд” ХХК-ийн ебаримтаас хэвлэн гаргаж гарын үсэг зурж гэрээ нэхэмжлэл, ачаа хүлээж авсан баримт зэргийг “Оюу Толгой” ХХК-ийн оффисын ресепшин буюу хүлээн авахад өгч байсан. ...Бримекс гэх нэртэй нийт 1030 ширхэг түгжээтэй эрэг нийлүүлэх гэрээ байсан. Уг гэрээнд нэг бүр нь 142.200 төгрөгөөр тооцож, нийт 146.466.000 төгрөгийн тооцоо гарч байсан. “Пегасус трейд” ХХК-ийн дансаар авах талаар нэхэмжлэлдээ бичсэн. Тухайн төлбөрийг ах л авсан байх, тэрийг тодорхой мэдэхгүй...” /2хх 172-174/ гэх мэдүүлгүүд,

“Пегасус Трейд” ХХК-ийн дансны хуулга /1хх 130-131/, “Оюу Толгой” ХХК-ийн ачааны жагсаалт /2хх 34-35/, “Оюу Толгой” ХХК-ийн төлбөрийн баримт /2хх 41-42/, “Оюу Толгой” ХХК болон “Пегасус Трейд” ХХК хоорондын нэхэмжлэх, бусад баримтууд /2хх 92-164, 168-169/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Нг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүгдэгч Д.Нг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-тай бараа нийлүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 27, 28, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулан бичгэн гэрээ байгуулан гэрээний дагуу “Оюу толгой” ХХК-иас “Пегасус трейд” ХХК-нд 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт /гайка/ авахаар программын алдаанаас болж 1 хайрцаг төмөр боолтны үнийг 1 ширхэг төмөр боолтны үнээр тооцсон захиалгын хуудас гаргаж, уг үнийн дүнг “Пегасус трейд” ХХК-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 453025123 дугаарын данснаас “Пегасус трейд” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1410007178 дугаарын дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлснийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр данснаас гүйлгээ хийж илүү 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “ ...Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Ншүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаа гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

Учир нь, дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагыг хангасан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь хуульд нийцнэ.

Харин Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар хязгаарлагдсан тул хэргийг зөвтгөн шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү хэргийг буцаах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна.  

Шүүгдэгч Д.Н нь шүүн таслах ажиллагааны явцад болон давж заалдах гомдолдоо “...Би гэрээний дагуу үүргээ биелүүлээд, авах ёстой төлбөрөө авсан. Гэтэл намайг андуурагдсан гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэж марган, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ