| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0163/э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Хохирогч З.Т
Шинжээч эмч Э.А
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.А
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.А нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч З.Тын нүүрэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч М.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т эхнэртэйгээ муудаад байхаар нь тайвшруулах гээд гараад тамхи татъя гэж хэлээд авч гарсан. Өдөр нь би Тыг соёлын тэргүүний ажилтан ахаа гэж хэлсэн тэгсэн орой нь Т чамайг Дорноговь аймагт алхуулахгүй гээд томроод байсан. Өөрөө эхлээд намайг чулуугаар цохьсон тэгэхээр нь би зөрүүлээд чулуугаар цохисон гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг болсоны маргааш нь Говь-Алтай, Баян-Өлгий аймаг руу Симба хамтлагтай тоглолтоор явах байсан. Эхнэр намайг явуулахгүй гээд гэртээ муудалцсан байсан. Насантогтох ирээд Золоогийнд очсон. Тэнд хэдэн пиво уугаад найз маань ойрд найзынхаа дуулахыг сонссонгүй караокед орье гэхээр нь гарсан. Тэр үед А гарч ороод байж байсан. Би эхнэртэйгээ маргасан ч намайг тайвшруулах хэмжээнд муудалцаагүй. А намайг гарах уу гэхээр нь гарсан. Гарахад соёлын тэргүүний ажилтан машинд суучих гэж ёжилсон байдлаар хэлсэн. Машин дотор суугаад маргалдаад хойшоо хөдөлсөн. Хур говийн тэнд очоод эргээд зогссон. Буугаад муудалцаад барилцсан. Хэсэг тайвшраад байж байтал чулуугаар цохиулсан гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийн биед баруун нүдний ухархайн дотоод хана, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, хамрын таславчны муруйлт гэсэн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонго алдангад нөлөөлөхгүй, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай дүнэлт байгаа, хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан шалгуур шинжээрээ хүнд, хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг агуулаагүй учир хөнгөн гэмтэлд хамаарч байгаа юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл А ганцаараа гарч ирээд машин дотор орж ирээд миний хажуу талын суудал дээр суутал удалгүй Т мөн ганцаараа гарч ирээд машины арын суудалд суучихаад байж байтал А гайгүй юу зүгээр үү гэхэд нь Т өөдөөс нь амжихгүй шүү банди минь дуугүй байгаарай гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад А намайг машинаа асаагаад дээшээ гараад зогсоотох гэхээр нь би машинаа асаагаад дээшээ засмал замаар танктай овоо руу өгсөөд зөөлхөн явж байтал гэнэт Т машины хаалга онгойлгоод үсэрч буугаад гүйчихсэн. Тэгтэл А машины руль булаацалдаад зогс гэхэд би машинаа зогсоосон. Тэгтэл А машинаас буугаад Тын араас хөөсөн. Би тэгээд машинаа зам дээр эргүүлээд хажуу талын автобусны зогсоол дээр машинаа байрлуулж тавьчихаад машинаасаа буугаад замын баруун талын хажуу далангийн шорооны хавьд нь Т, А нэг нэгнээ заамдаад зогсож байсан. Тэгэхэд Тын баруун талын нүдний дээд хэсэгт цус болчихсон байсан, хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 18/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 17 /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс15-нд шилжих шөнө шүүгдэгч М.А, хохирогч З.Т нар нь хувийн таарамжгүй харьцаанаас маргалдснаас З.Тын нүүрэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,шинжээч эмч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч З.Тын биед баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэсэн гэмтэл 341 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч З.Тад учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээр хүнд, хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжид хамаарахгүй болох нь шинжээч эмч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А нь хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 350000 төгрөгийг төлсөн ба хохирогч З.Т нь цаашид эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдгч М.Аы үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,анх удаа гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан торгох ял биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.А нь хохирогчид 350000 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Хохирогч З.Т нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэнэ гэснийг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН