Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/762

 

 

Ж.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Бхолбогдох эрүүгийн 2208005450293 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Б, 

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригадын байрны ариун цэврийн өрөөнд хохирогч Х.Лажил тасалсан гэх зэргээр шалтаглан зүүн талын чих рүү нь гараараа 1 удаа алгадаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Боногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Боногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Буяндэлгэр би үйлчлүүлэгч Ж.Бын хууль ёсны эрх ашгийг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гардан авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Миний үйлчлүүлэгч Ж.Б шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн холбогдсон хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд хохирогчид эмчилгээний зардалд 5.000 000 төгрөгийг төлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон. Хувийн байдлын хувьд ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ажлын хувьд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аварга бригадад бригадын ахлах ажилтай бөгөөд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 17 жил ажиллаж аврагчдаас төрсөн анхны үйлчилгээний гавъяат гэх шагналыг хүртсэн юм. Түүнчлэн эх орноо төлөөлөн НҮБ-ын БНӨСУ-д явагдсан 11М1М188 ажиллагааны Мотобуудлагын 3 батальоны ээлжинд 2013-2014 онд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний оролцсон томоохон ажиллагаанаас дурдвал 2011 оны 2 дугаар сард Хөвсгөл далайд живсэн 10 тонн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаа, 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаанд оролцсон, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж ажилласан юм. Өмгөөлөгчийн зүгээс Ж.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлэх саналыг шүүхэд гаргасан. Ж.Бын хувьд 17 жил тасралтгүй улсад ажилласан бөгөөд гавъяаныхаа амралтыг авахад 3 жилийн хугацаа үлдсэн байгаа бөгөөд шүүхээс ял шийтгэл авсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас халагдах нөхцөл байдал үүсч байгаа тул Ж.Бын хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид хохирол төлсөн түүнчлэн үйлдэлдээ хандах сэтгэхүйн хандлага зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үздэг. Шүүгдэгч Ж.Бын хувьд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрт 5.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн гэдгээ илэрхийлж, хавтаст хэрэгт хавсаргасан байдаг боловч тухайн шинжээч эмчийн 1430 дугаартай дүгнэлтэд хохирогчийн чихний хэнгэрэг цоорч, хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулсан гэж дурдагдсан байдаг. Тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзэх ёстой. Мөн шүүгдэгчийн хувийн байдал харагдаж байгаа байх гэж миний зүгээс үзэж байна. 17 жил төрийн албанд ажилласан дээд боловсролтой, төрийн алба хаагч байж асуудлыг ийм байдалд хүргэсэн нөхцөл байдал харагдаж байна. Төрийн алба хаагч эрүүгийн хариуцлага хүлээвэл дараа нь гарах үр дагаврыг мэдсээр байж ийм гэмт хэрэг үйлдээд, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж ярих нь хэр зохимжтой вэ.  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой тусгаж өгсөн байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн хүн ял шийтгэлээ хүлээх ёстой гэдэг байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригадын байрны ариун цэврийн өрөөнд хохирогч Х.Лажил тасалсан гэдгээр шалтаглан зүүн талын чих рүү нь гараараа 1 удаа алгадаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Х.Лын “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим салбарын байрны коридороор явж байхдаа сургалт хариуцсан мэргэжилтэн Хуягбаатартай тааралдаад ажлын талаар ярилцаж явж байгаад ариун цэврийн өрөөнд орсон. Хуягбаатар бие засаад наана зогсоод байж байхад тэргүүн ахлагч Ж.Б гаднаас орж ирээд бие зассан, дуусчихаад эргэж харангуутаа миний зүүн талын чих рүү алгадчихсан. Тэгээд би чихээ бариад доошоо тонгойсон чинь толгой дээрээс гараараа нэг удаа цохьчихоод хөөш гэхээр нь би юм дуугаралгүйгээр амралтын өрөөнд очоод байж байхад Ж.Б араас хүрч ирээд “яасан баашлаад байна уу” гэж асуухаар нь би “чихний хэнгэрэг хага цохьчих шиг боллоо” гэсэн чинь “ах нь чамд цалинтай 10 хоногийн чөлөө өгье, дансаа өгчих” гэж хэлсэн. Чих хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын чихний хэнгэрэг 2 хагарсан байна гэж хэлсэн, тэгээд чих хамар хоолойн “Эм Жи Жи” эмэнэлэгт үзүүлэн хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орсон. Дараагийн хагалгаа нь 2 сарын дараа орж үлдсэн цоорхойг нь нөхнө гэсэн.” /хх 53-54/,

гэрч Н.Х “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Б ариун цэврийн өрөө орох гэж яваад нойлын үүдний өрөөнд Х.Лтой таараад “Х.Л бассейнд хамрагдаж болох уу” гэж асуухаар нь “чи эхлээд хөлийнхөө хадаасыг авахуулна, дараа нь жингээ жаахан хасах” гэж хэлээд гараа угаагаад зогсож байхад шууд “та” гэх дуу гарахаар нь би эргээд харахад Ж.Б нь Х.Лын мөрөн тус газар нь хүрээд “зүгээр үү ахын дүү” гэж хэлж байгаа харагдсан. Би Х.Лоос юу болсон талаар асуухад Ж.Б ах намайг алгадчихлаа гэж хэлээд чихээ дараад зүгээр гээд гараад явсан. Би Ж.Боос яагаад хүүхэд алгадаж байгаа юм бэ гэж асуухад миний өөдөөс гайхаж хараад, юм хэлээгүй гэсэн.” /хх 8/,

гэрч П.Д “...Х.Л над руу залгаад миний чих өвдөөд байна, эмчид цаг авсан үзүүлэх гэж байна гэхээр нь үзүүлчихээд хэлээрэй гэж хэлсэн, 20 цагийн үед Х.Л над руу залгаад тэргүүн ахлагч Ж.Б миний чих рүү алгадсан гэж хэлсэн.” /хх 6/,

яллагдагчаар Ж.Бын “...Х.Лтой таараад урьд нь ажил таслаад явдаг байсан тэр талаар ярьж байгаад уур хүрээд Х.Лын зүүн хацар тус газар нь нэг удаа алгадсан. Тэгтэл Х.Л чихээ дараад доош суухаар нь ахын дүү зүгээр үү гэхэд “зүгээр зүгээр” гээд ариун цэврийн өрөөнөөс гараад явсан.” /хх 11, 61-62/ гэх мэдүүлгүүд,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1430 дугаартай “...Х.Х.Лын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдуудах тул хөнгөн зэргийн гэмтэл...” учирсныг тогтоосон дүгнэлт /хх 13-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ж.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Быг хохирогч Х.Х.Лын биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б нь “...Ж.Бын хувьд 17 жил тасралтгүй улсад ажилласан бөгөөд гавъяаныхаа амралтыг авахад 3 жилийн хугацаа үлдсэн байгаа бөгөөд шүүхээс ял шийтгэл авсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас халагдах нөхцөл байдал үүсч байгаа тул Ж.Бын хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн түүнчлэн үйлдэлдээ хандах сэтгэхүйн хандлага зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.         

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус  хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өөрөө болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                     ШҮҮГЧ                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ