Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2023/0007/З |
Дугаар | 123/ШШ2024/0014 |
Огноо | 2024-03-21 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 123/ШШ2024/0014
2024 03 21 123/ШШ2024/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: А.Санжбат, Ш.Бат-Өлзий, “Асадал” ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, Б.Эрдэнэбилэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гуравдагч этгээд А.Санжбат, Ш.Бат-Өлзий /цахим/, гуравдагч этгээд Ш.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Н.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжийн А.Санжбатад 1400 м.кв газар эзэмшүүлсэн холбогдох хэсэг, 2018 оны 04 сарын 27-ны өдрийн А/104 тоот захирамж, 2017 оны 05 сарын 23-ны өдрийн А/179 тоот захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын А/01 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжийн иргэн А.Санжбатад 1400 м.кв газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсэг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/104 тоот захирамж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/179 тоот захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын А/01 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна. 16.1.1-т Улсын тусгай хамгаалалттай газар. Тусгай хамгаалаттай газар нутгийн тухай 1994 оны хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилна. 1.2-т байгалийн цогцолборт газар. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана гэж заасан. Мөн хуулийн 35.2-т хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг ангиллаар нь нийт 292.905.5 га газрыг улсын тусгай хамгаалалтад аваад, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөөцөд Нагал хаан байгалийн нөөц газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хил хязгаарт багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхээр олгоод, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн 9070004066 дугаараар бүртгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Хамгаалалтын захиргаа байгуулагдсан нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамааралгүй Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Шар булгийн тохой гэх газарт иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах асуудлыг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж, төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр хуульчилсан. Гэвч Төв аймгийн Засаг дарга, Эрдэнэ сумын Засаг дарга 2016 оноос эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өвөлжөө, хаваржаа болон жимс жимсгэнэ тариалах, гэр бүлийн хэрэгцээ, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн. Энэ талаар хууль бус үйлдлийг таслан зогсоох, хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч харамсалтай нь шийдвэрээ үргэлжлүүлэн гаргасан. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа. Сүүлд гарсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын А01 дугаар захирамжаар нотлогдож байгаа. “Асадал” гэх компанид олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заасан. Гэвч А.Санжбатаас 700 м.кв газрыг “Асадал” компанид шилжүүлж өгсөн. Хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Мөн “Асадал” компани нь өвөлжөө, хаваржааны зориулалттай байсан газраа зориулалтыг нь өөрчлөөд Засаг дарга аялал, жуулчлалын зориулалтаар зориулалтыг нь өөрчилж гаргаж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын, Эрдэнэ сумын Засаг даргын А01 дугаартай захирамжаар “Асадал” гадаадын хөрөнгө оруулалттай компаниас Ш.Бат-Өлзий шилжүүлж авсан асуудал байгаа. Сая дурдсан тайлбарыг үндэслээд дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. Үүнд 4.2.1-т хуульд үндэслэх гэж заасан. Гэвч энэ хуулийн заалтыг зөрчиж, захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслээгүй, хууль зөрчиж иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 654 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 318 дугаартай захирамжийг эс зөвшөөрөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Дуламсүрэнгийн гаргасан гомдлоор шүүгч н.Лхагвасүрэнгийн илтгэснээр хэлэлцсэн. Үүнд, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх чиг үүрэг болон нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдоогүй гэдэг агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж байгаа. Хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн тогтоол байгаа учраас үүнийг үгүйсгэж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дугаартай тогтоол. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар гэдэг боловч өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглаагүй талаар шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн холбогдох хууль тогтоомжийг үндэслэж, тайлбартаа дурдсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т дараах тохиолдолд захиргааны акт хууль бус болно гэж заасан. Үүнд, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх. 47.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасан. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарахгүйгээр газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан шинжийг агуулж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2006 оноос эхлэн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өвөлжөө, хаваржаа болон жимс, жимсгэнэ тариалах, гэр бүлийн хэрэгцээнд, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлж өмчлүүлсэн байна. Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захирамж гаргаж бусдад газар эзэмшүүлсэн. ... Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар иргэн А.Санжбатад 1400 м.кв газрыг эзэмшүүлсэн. А.Санжбатад 1400 м.кв газрыг эзэмшүүлэхдээ 2017 оны 04 сарын 03-ны өдрийн нэгж талбарын 4104055825 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000630339 дугаартай 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, мөн өдрийн нэгж талбарын 4104056816 дугаар бүхий 000690340 тоот газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээгээр 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна. Иргэн А.Санжбатын нэгж талбарын 4104056816 дугаар бүхий 000690340 тоот газрын эзэмших эрхийг 2018 оны 04 сарын 27-ны өдрийн А/104 тоот захирамжаар, нэгж талбарын 4104055825 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000630339 дугаартай газар эзэмших эрхийг 2017 оны 05 сарын 23-ны өдрийн А/179 тоот захирамжаар тус тус “Асадал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Асадал ХХК-ийн нэгж талбарын 4104056816 дугаар бүхий 0340849 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрыг 2020 оны 01 сарын 02-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын А/01 дугаар захирамжаар Ш.Бат-Өлзийд мөн шилжүүлсэн байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга хууль зөрчиж тусгай хамгаалалттай газар нутагт иргэн А.Санжбатад газар эзэмших эрх олгосон, мөн гадаадын хөрөнгө оруулалттай “Асадал” ХХК-д тус газрыг шилжүүлэн ашиглуулах тухай захирамж гаргасан, дахин бусдад шилжүүлэх шийдвэр нь илт хууль бус шийдвэр юм. Өөрөөр хэлбэл А.Санжбатад газар эзэмших эрх олгосон үеэс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж эхэлсэн болно гэв.
2.3. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/704 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар тогтоолыг үндэслээд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Засаг даргын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг олгосон. Энэ талаар Газрын тухай хуульд тодорхой заасан. Газар эзэмшүүлсэн харилцаа байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлсэн байна. Засаг даргын шийдвэрүүд илт хууль бус гэх. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг харахаар ашиглах асуудлууд байдаг. Ашиглахдаа Байгаль орчны сайд ашиглах зөвшөөрлийг олгох заалт байгаа. Тухайн үед 2016 онд сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн дагуу иргэдэд газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн. Нутаг дэвсгэрийн хувьд Эрдэнэ сумын нутаг дэвсгэр. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болоод Засаг дарга Газрын тухай хууль дээр сумынхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдэд газар эзэмшүүлэх эрх нь байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Энэ иргэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхтэй гэж үзэж байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн. Үүнийг Монгол Улсын Их Хурлаас шалгалтууд хийгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай тогтоол байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай. 11, 12-т нь өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа малчдын асуудлыг зүй зохистой шийдвэрлэхийг тогтоолоор үүрэг болгосон. Тухайлбал, А.Санжбатын хувьд 700 м.кв газар гэж томьёолж байгаа. Гэхдээ А/704 дугаартай захирамжаар 1400 м.кв газрыг авсан. Дараа нь 700 м.кв га газрыг бусдад шилжүүлээд үлдсэн 700 м.кв газрын захирамжийн асуудал байхгүй. А704 дугаартай захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар авч байгаа гэж ойлгох юм шиг байгаа. Энэ хүний хувьд хурлын тогтоолын дагуу асуудлыг шийдвэрлээд явах ёстой. Малчин өрхийг хаашаа нүү, яах талаар ойлгомжгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Ш.Бат-Өлзийгийн хувьд зориулалтыг өөрчилсөн асуудлууд байгаа. Газрын тухай хуульд байгаа эрх хэмжээний хүрээнд тухайн үед Засаг дарга нь шилжүүлээд, “Асадал” гэх компанид шилжүүлээд буцаагаад Ш.Бат-Өлзийд шилжүүлсэн асуудлууд байгаа. Анх өвөлжөө, хаваржааны зориулалтаар авсан. Нэхэмжлэгчээс өвөлжөө, хаваржааны зориулалттай болохоос малтай байдаггүй гэх асуудал хөндөөд байна. Малтай эсэхээс үл хамаарна. Энэ хүн ямар ч тохиолдолд малаа алдсан, үрэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Газрын харилцаа дээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгогдсон бол энэ нь заавал тэнд байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өнөөдөр амьдрахгүй байгаа хүн үүнийг хүчингүй болгуулъя гэдэг асуудал хөндөөд байгаа нь буруу гэж үзэж байна. Хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн байнгын хорооноос тогтоол нь гараад байна. Үүнд байхгүй учраас гэрчилгээ олгохгүй гэдгээ болих хэрэгтэй. Хэрвээ албан ёсны гэрчилгээ олгочихвол тэндээ хэдэн малаа цуглуулаад амьдарна. Ш.Бат-Өлзий ч амьдарч болно. Зориулалт нь байгаа бол аль аль нь амьдарч болно. Өнөөдөр малтай, малгүй амьдрахгүй байгаа гэдэг асуудал хөндөх нь өрөөсгөл ойлголт. Энэ бол өвөлжөө, хаваржааны зориулалттай олгогдсон. Яагаад энэ хурлын тогтоолыг хэлж байна вэ гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд эзэмшүүлэх асуудал хөндөгдөхгүй байна гэдгээр илт хууль бус гээд байгаа. Гэтэл Их Хурлын Байнгын хороо хүлээн зөвшөөрөөд байна. Их Хурал нь өөрөө олгосон юм бол гэрчилгээ олго. Хууль тогтоогч нар нь хүлээн зөвшөөрөөд байна. Үүнийг хэрхэн ойлгох юм бэ. Алийг нь дагах ёстой юм бэ гэдэг асуудал яригдана. Илт хууль бус юм шиг нэг талдаа харагдаж байна. Нөгөө талаар, нэгэнт малчдад олгосон бол үүнийг гэрчилгээжүүл гээд Засгийн газар даалгаад байна. Заавал хувь хүмүүс малтай, малгүй очихоос биш өвөлжөө, хаваржааны зориулалттай газар бол түүнийг гэрчилгээжүүлээд өг гэсэн агуулга бүхий тогтоол гараад байгаа. Эрх нь акт. Үүнийг шүүх харгалзаж үзэхийг хүсэж байна. Тайлбараа дэмжиж байна гэв.
2.4. Гуравдагч этгээд Ш.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Н.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь, гуравдагч этгээдийн зүгээс А.Санжбат, “Асадал” компаниас Ш.Бат-Өлзий руу шилжигдэж ирсэн. Анх шилжигдэхдээ Газрын тухай хуулийн дагуу тухайн газрын ерөнхий төлөвлөгөө болон Газрын тухай хуулийг үндэслэж, эзэмшүүлсэн байдаг. Мөн Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа газраа шилжүүлэх эрхтэй байдаг. Тэр эрхийн хүрээнд тухайн газрыг шилжүүлж, Ш.Бат-Өлзийгийн тухайд эрх шилжүүлж тухайн газрыг авсан байдаг. Нэхэмжлэгчийн тухайд, гуравдагч этгээдийн зүгээс хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Процессын тухайд, нэхэмжлэгч өөрөө хуулийн заалтыг дурдаад хэлж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг гэж үзэх юм бол тусгай хамгаалалттай газар нутгийн газар хүчингүй болгох эрхийг Байгаль орчны яам шийдвэрлэнэ. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, өөрөөр хэлбэл тухайн газрыг эзэмших эрхтэй юу гэдгийг шийдвэрлэх этгээд нь тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа биш гэж үзэж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т энэ хэргийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон захирамж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байгаа. Тухайн нэхэмжлэлтэй хэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Мөн өмнө нь 2021 онд давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болсныг сэргээсэн тогтоол байгаа. Тухайн асуудал 2021, 2022 онд аль алинд нь хэргийг хэрэгсэхгүй болгохдоо урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр 2021 онд хэрэгсэхгүй болгохдоо аль аль үндэслэл яригдаж байсан. 2022 онд хэрэгсэхгүй болгохдоо дээд шатны байгууллагад хандаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Нэхэмжлэл гаргагч этгээд өөрсдөө хуулийн үндэслэлийг засах боломжтой байсан. Өөрсдөө хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээр нэхэмжлэл дахин гаргасан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т заасан үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах чиг үүргийг биелүүлж байгаа. Уг үүргийг биелүүлэхэд саад болж байгаа гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шүүхийн үзлэгээр тухайн гуравдагч этгээд нар нь тухайн газар дээр нэхэмжлэгч нарын хуулиар хүлээсэн чиг үүрэгт харш үйлдэл гаргасан эсэх талаар баримт байхгүй. Газрын тухай хуульд заасны дагуу эрх, үүргээ биелүүлээд тухайн газрыг ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар гаргаж бохирдуулахгүйгээр ашиглаж, эзэмшиж байгаа нь үзлэгийн явцад хавтаст хэрэгт зургаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн яриад байгаа хуулиар хүлээсэн чиг үүрэг нь ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдсөн талаар нотлогдож байж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн яриад байгаа хуулиар хүлээсэн чиг үүргийг гуравдагч этгээд нар газар эзэмших, ашиглахдаа зөрчөөгүй гэдэг нь бодит үзлэгээр нотлогдож байгаа. Тухайн газрыг эзэмшихэд анх Засаг дарга гэхээс илүүтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр тухайн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлээд Газрын тухай хуулиар шилжигдээд явж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг болон төрийн байгууллагууд хоорондын харилцаа, холбооноос болж, энгийн иргэн эзэмшиж, ашиглах талаар олон жил буюу 15 жил эзэмшинэ гэж мэдэгдсэн. Мөн хөрөнгөө оруулснаараа иргэд хохирох учиргүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан. 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан. Гуравдагч этгээд Ш.Бат-Өлзий эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьж эзэмшсэн. Тухайн хөрөнгөө Хөрөнгө инвестмент гэх компаниар үнэлүүлэхэд 177.151.650 төгрөгийн үнэлгээтэй. Дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хамгаалах үүднээс гуравдагч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалж өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүхийн тогтоол дээр тухайн газар эзэмших эрхтэй юу гэдэг талаас шүүх дүгнээгүй. Нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд саад болж байгаа эсэх талаар хандах боломжтой гэдэг байдлаар дүгнэсэн. Түүнээс нэхэмжлэл гаргах Байгаль орчны яамыг төлөөлөөд буюу газар эзэмших эрхтэй юу, үгүй юу гэдэг талаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэдэг талаас дүгнээгүй. Мөн нөгөө талаар, давж заалдах шатны шүүхийн тогтоол гээд яриад байгаа зүйл юу вэ гэхээр 2022 онд хэрэг хэрэгсэхгүй болсон. 2021 онд хэрэгсэхгүй болохдоо аль алин дээр нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Нэхэмжлэгч нэг удаа алдаагаа засаад урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулаад шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, дахин шүүхэд хандаад байгаа нь өөрсдөө хуулийн шаардлага хангаагүй гэж шүүхэд хандсан. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т заасан хүчин төгөлдөр шүүхийн хэрэгсэхгүй болсон шүүгчийн захирамж үүссэн гэж үзэж байна. Тухайн газрыг анх өвөлжөө, хаваржааны зориулалтаар хуульд нийцүүлэн олгосон байдаг. Ш.Бат-Өлзий нь Монгол Улсын Газрын тухай хуульд нийцүүлэн газрыг эрх шилжүүлэн авсан. Газрын тухай хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргаагүй. Эзэмшиж, ашиглаж ирсэн газар дээрээ өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр хөрөнгө зарцуулж, эзэмшиж, ашиглаж байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу гуравдагч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тодорхойгүй байдаг. Хуулиар хүлээсэн чиг үүрэг болох тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын чиг горимын биелэлтийг хангуулах гэдэг чиг үүргийг гуравдагч этгээд нарын зүгээс ямар нэгэн байдлаар зөрчсөн, сөрөг үйл ажиллагаа явуулсан зүйл үзлэгийн явцад ч тогтоогдоогүй. Хуулийн дагуу ашиглаж, эзэмшиж байгаа нь бодитоор харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.
2.5. Гуравдагч этгээд А.Санжбат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь Төв аймгийн Эрдэнэ сум Шар булгийн шугуйд 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэндэлсэн. Иймд миний бие нь Эрдэнэ сумын захиргаанд төрж өссөн газартаа газар эзэмших хүсэлт гаргасан үүнийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1400 м.кв газар эзэмшүүлсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр “Асадал” ХХК-д 700 м.кв газрыг шилжүүлсэн. “Асадал” ХХК нь аялал жуулчлалаар гадны жуулчид зуны 3 сардаа ирдэг. Мөн миний гэр бүл болон өөр өрх айлууд эдгээр жуулчдад морио унуулж, хорхог, боодог, сүү цагаан идээгээр үйлчилж өрхийн амьжиргаагаа залгуулдаг юм. Мөн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газар нь “Асадал” ХХК, Ш.Бат-Өлзий нарын биш юм. Миний бие нь энэ зөвшөөрөлгүй гэх газрын зөвшөөрлийг авахаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд удаа дараа эхнэрийн хамт очсон боловч ямар нэгэн хариу тайлбар хэлээд буцааж байсан. Одоо болтол хөөцөлдөж байсан бичиг баримт нь байгаа, хаана яаж хандахаа мэдэхээ байлаа. Энэ зөвшөөрөлгүй газраа миний гэр бүлийнхэн цөөн хэдэн гэр бариад морио унуулж, өрхийн амьжиргаагаа залгуулж байна. Иймд горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нэхэмжлэлийг үгүйсгэж байна гэжээ.
2.6 Гуравдагч этгээд “Асадал” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж буй Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Асадал” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн хувьд маргаан бүхий газарт холбогдох эзэмшил бүхий газрын эрхийг иргэн Ш.Бат-Өлзий рүү шилжүүлснээр тус газарт холбогдох эрх, үүрэг дуусгавар болсон. Иймээс цаашид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.7 Гуравдагч этгээд Ш.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж буй Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Ш.Бат-Өлзий миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг шар булгийн шугуй, аялал жуулчлалын хаягт байрлах, нэгж талбарын 4104056816 эрхийн улсын бүртгэлийн Э-1423000313 тус тус дугаар бүхий 700м.кв газрыг аялал, жуулчлалын баазын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 000051964 дугаартайгаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус өдрийн 04176-2020/00001 дугаар гэрээтэйгээр эзэмшиж эхэлсэн. Ийнхүү эзэмшиж эхэлсэн үеэсээ газрын тухай хууль тогтоомжийг биелүүлж, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлөн ямар нэгэн зөрчил гаргалгүй хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж, дээр нь өөрийн үл хөдлөх хөрөнгө барьсан байгаа билээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг захиргааны нэгж, Засаг даргаас зөвшөөрлийг авч, барьсан учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Маргааны үйл баримтууд:
2.1. Улсын Их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг, Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Нагалхааны БНГ-ыг байгуулж улсын тусгай хамгаалалтад авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 259 дүгээр тогтоол, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 292.9 мянган га, Нагалхаан уулын байгалийн нөөц газрын 3076 га газрыг хариуцан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна.[1]
Улсын бүртгэлийн газраас Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд “Нагалхан уулын байгалийн нөөц газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд болохыг баталгаажуулан 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9070004066 дугаарт бүртгэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.[2]
2.2. Маргаан бүхий захиргааны акт:
1/ Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар 5 иргэнд тус сумын нутагт газар эзэмшүүлэхдээ иргэн Боржигон овогт Аюушжавын Санжбатад тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн шугуйд 1400 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өвөлжөөний 000690339 дугаар, хаваржааны 000690340 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.[3]
2/ Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 23-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар хаваржааны зориулалтаар 0.07 га эзэмшигч Аюушжавын Санжбат /РД:НУ81091814/-ын газар эзэмших эрхийг “АСАДАЛ” /5591376/-д 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гарсан.[4]
3/ Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн шугуйд 0.0.7 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа “АСАДАЛ” ХХК-ийн газар ашиглах эрхийг аялал жуучлалын зориулалтаар өөрчлөн 5 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгосон.[5]
4/ Газар ашиглагч “АСАДАЛ” ХХК нь Ш.Бат-Өлзийтэй газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар нэгж талбарын 4104056816 дугаар бүхий газар ашиглах эрхийг Шугарын Бат-Өлзийд шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.[6]
2.3. Төв аймгийн Газрын харилцаа барилгаа хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны 07/604 дугаартай албан тоотонд “ ...Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар А.Санжбатад эзэмшүүлсэн 1400 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд давхцуулан олгосон байна. Иргэн А.Санжбатын эзэмшил газар нь мэдээллийн санд 2016 онд бүртгэгдсэнээс хойш 2017 оны А/179, 2018 оны А/104, 2020 оны А/01 захирамжууд мэдээллийн санд бүртгэл хийгдээгүй байна Иргэн А.Санжбатын эзэмшиж байгаа газар нь Төв аймгийн Эрдэнэ сумаас олгосон иргэн, аж ахуй нэгжийн эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй байна гэжээ.[7]
Хэдийгээр дээрх албан тоотод иргэн. А.Санжбатад өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 1400 м.кв газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд давхцуулан олгосон гэж байх боловч Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын “11-т “тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон газрын асуудлыг судалж, шийдвэрлэх” гэж, 12-т “тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж буй нутгийн иргэдийн эрхийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өвөлжөө, хаваржааг нь гэрчилгээжүүлэх, аж ахуйгаа эрхлэх нөхцөл боломжийг нь хангах” нь зүйтэй гэж тус тус заажээ.[8]
2.4. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна, 16.1.1.”улсын тусгай хамгаалалттай газар” гэж, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж, 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, мөн Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар, 2/ байгалийн цогцолборт газар, 3/ байгалийн нөөц газар, 4/ дурсгалт газар” гэж, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт байршилтай газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэхээс бусад зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад олгоогүй болох нь тогтоогдож байна.
Харин тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай хамгаалалтад авахаас өмнө буюу Газрын тухай хууль 1994 онд батлагдсан. Үүнээс өмнө тухайн оршин сууж байсан нутгийн уугуул иргэдэд Сумын Засаг дарга уламжлалт мал аж ахуй буюу өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сүүлд гарсан хуульд зааснаар илт хууль бус газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй бөгөөд иргэн А.Санжбатад Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжаар өвөлжөө болон хаваржааны зориулалтаар 1400 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Их хурлын 2022 оны 08 дугаар тогтоолд заасанд нийцсэн байх тул гуравдагч этгээд А.Санжбатын өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан Улсын Их хурлын байнгын хорооны тогтоолын дагуу гуравдагч этгээд Ш.Бат-Өлзийгийн хувьд иргэн А.Санжбатын хаваржааны зориулалтаар эзэмшсэн 700 м.кв газрыг “АСАДАЛ” ХХК-иас шилжүүлж авсантай холбоотой тухайн газарт үл хөдлөх хөрөнгө нь байгаа бол тухайн газрыг зориулалтынх дагуу эзэмшүүлэх, ашиглуулах чиг үүргийг нэхэмжлэгч, хариуцагч тал хүлээж байна.
Харин “АСАДАЛ” ХХК-д иргэн А.Санжбатын хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газрыг шилжүүлсэн бөгөөд тухайн эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчилж аялал жуулчлалын зориулалттай болгож эзэмшиж, ашиглах эрхээ Ш.Бат-Өлзийд шилжүүлсэн нь анхнаасаа илт хууль бус бөгөөд уламжлалт мал аж ахуйгаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх болон чиг үүргийг Байгаль орчны яам хэрэгжүүлэх эрхтэй байна.
Тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дээрх зориулалтаар тухайн газар нутгийг газар ашиглуулах эрхтэй атал хариуцагч сумын Засаг даргаас уламжлалт мал аж ахуй зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан нь тогтоогдож байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар илт хууль бус акт болох нь тогтоогдож байна
2.5. Дээрх нөхцөл байдлуудаар Эрдэнэ сумын Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болох нь тогтоогдож байх тул 2018 оны 04 сарын 27-ны өдрийн А/104 тоот захирамж, 2017 оны 5 сарын 23-ны өдрийн А/179 тоот захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/704 дүгээр захирамжийн А.Санжбатад 1400 м.кв газар эзэмшүүлсэн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн маргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан бөгөөд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг “Нагалхан уулын байгалийн нөөц газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх” үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд болохыг баталгаажуулан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. Мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШЗ2021/0318 дугаар захирамжаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Tөв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “...нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй, төрийн захиргааны байгууллагыг төлөөлөх эрхгүй...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор “...тусгай хамгаалалтын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан...” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШЗ2021/0318 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор тогтоосон тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар тус шүүхээр дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР