Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 433

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Тунгалаг, Н.Батчулуун, О.Батмаа, П.Идэртогтох,  

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, 

Гуравдагч этгээд: М Си Эс Пропертийз холдинг ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах, 2. М Си Эс пропертийз холдинг ХХК-д 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгохыг Барилга хот байгуулалтын яаманд даалгах, 3. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 4. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх М Си Эс пропертийз ХХК-д газар олгосон 0293528 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, 5. Нийслэл Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 захирамжийн П.Очирбатын 1897 мкв газрыг М Си Эс пропертийз холдинг ХХК-д шилжүүлсэнийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 6. Нийслэл Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн үндсэн дээр гарсан М Си Эс пропертийз холдинг ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 7. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийн М Си Эс пропертийз холдинг ХХК-ийн эзэмшлийн амины орон сууцны зориулалттай 1897 мкв газрыг контор орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Батчулуун, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нэхэмжлэгч Ч.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасүрэн, хариуцагч Барилга хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрхуяг, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, Д.Хан-Уул, гуравдагч этгээд “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянга, П.Гансүх, Ө.Жавхлан, шинжээч Ч.Энхчимэг, Д.Одбаяр, Т.Ганбат, С.Болормаа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилга, хот байгуулалтын яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д олгосныг эс зөвшөөрч, дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Бид “М Си Эс Пропертиз” холдинг ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамжны 9 дүгээр байрны урд талд хууль бусаар барилга барьж байгааг эрс эсэргүүцэж байгаа билээ. Учир нь “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь манай байрны урд 25 давхар байшин барьж байгаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Уг барилгыг тулгаж барьсанаар бид гэрийнхээ хөшгийг нээж чадахгүйд хүрэхээс гадна бүхэл өдрийн турш нар үзэх боломжгүй болоод байна. Мөн гал, ус зэрэг байгалийн болоод болзошгүй гай гамшиг, аюул нүүрлэсэн тохиолдолд байрны урд талд галын болоод бусад тусгай зориулалтын машин, техник тоног төхөөрөмж орох боломжгүй болж байгаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг хууль ёсны эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгаа билээ.

Уг хууль бус барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “14/2013 тоотоор олгож байсан бөгөөд бид тэрхүү зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 14/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-иас буцаан авч хүчингүй болгосон билээ. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тухайлбал бид дээрх “14/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан билээ. Үүнд:

1. “М Си Эс Пропертиз холдинг” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй байна. Энэ нь Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 тоот тушаалаар “Хот тосгоны хөгжлийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам” болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчиж байна.

2. Оршин суугчдыг нар үзэх боломжгүй болгосон.

Тухайлбал, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/хангамж БНбД 23-04-07-н 

3. Нарны тусгалын шууд үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана.

Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд байна гэснийг зөрчсөн.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас бидэнд ирүүлсэн бичигт дурьдсаны дагуу шинээр баригдах барилга нь манай 9-р байрнаас 16 метрийн зайтай баригдахаар төлөвлөгдсөн байна. Энэ нь хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНБД 30-01-04/-Н 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-с багагүй, 4 давхар бол 20 м-с багагүй байна гэснийг зөрчсөн байна.

4. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ньюпрокси компанид ирүүлсэн 11/2293 тоот хариу бичгийн хавсралт дахь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ Амины орон сууцны зориулалттай байна. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” үүрэгтэй гэснийг зөрчсөн байна.

5. Улаанбаатар хотын дулааны 5В магистраль шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь “Хот байгуулалтын тухай хууль-ийн” 24 дүгээр зүйлийн 24.1 Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно 24.1.6 инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 7.10-д заасан дулааны сүлжээнээс барилга байгууламжийн суурь 7 м байна гэснийг зөрчсөн байна. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэснийг зөрсөн байна. 

6. Мөн Барилгын хөгжлийн төвөөс бидэнд ирүүлсэн тоотод дурьдсаны дагуу “М Си Эс Пропертиз холдинг” ХХК нь дээрх барилгын ажлынхаа зураг төслийг ирүүлж магадлал хийлгэж баталгаажуулаагүй барилгын ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “...газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал заавал хийлгэнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчсөн байна.

7. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06/153/81 тоот Үйл ажиллагааг зогсоох тухай Улсын байцаагчийн акт гарч уг барилгын ажлыг зогсоосон байхад ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтыг мөн зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан.

Харин дээрхи 7 үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээн зөвшөөрч зөвшөөрлөө хүчингүй болгосныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 138 тоот захирамж гарч хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. 

Гэтэл Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсаны дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр дахин 10/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д олгосон байна. Бид энэхүү зөвшөөрлийг нь илт хууль зөрчсөн, хууль бус акт гэж үзэж байна. Нэгэнт Барилга, хот байгуулалтын яам бидний өмнө нь гаргасан 7-н үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 13/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө хүчингүй болгосон учраас дахин зөвшөөрөл олгохдоо тэрхүү хүлээн зөвшөөрсөн 7-н үндэслэл бүхий зөрчлүүдийг арилсны үндсэн дээр олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д 9 дүгээр байрны оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй, оршин суугчдыг нар үзэх боломжгүй болгосон, барилга хоорондын зайг зөрчсөн, мөн Газрын тухай хууль зөрчсөн, Улаанбаатар хотын дулааны 5В магистраль шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа, барилгын ажлын зураг төслөө баталгаажуулаагүй, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06/153/81 тоот Улсын байцаагчийн акт гарч үйл ажиллагааг зогсоосон зэрэг эдгээр 7-н үндэслэл бүхий зөрчлүүдийг бүгдийг арилгасан тохиолдолд Барилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрлийг дахин олгох ёстой гэж үзэж байна. 

Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 тоот тушаалаар “Хот тосгоны хөгжлийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын дагуу хот төлөвлөлт, барилга байшин барих асуудалд олон нийт, оршин суугчдын зөвшөөрлийг авах ёстой юм. Энэхүү журмын дагуу оршин суугчдын зөвшөөрлийг авсан байх шаардлагыг өмнө нь Барилга, хот байгуулалтын яамнаас “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6/2790 тоот албан бичгээр мэдэгдэж байсан билээ. Мөн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаварт хойд талын /9 дүгээр байр/ барилгын үндсэн оршин суугчдаас зөвшөөрөл авах тухай шаардлагыг тавьсан байдаг. Гэтэл одоо болтол тэрхүү зөрчил, шаардлагыг “М Си Эс Пропортийз холдинг” ХХК биелүүлээгүй, хангаагүй байхад зөвшөөрөл олгосон байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөс хойш нэхэмжлэлд дурьдсан барилга хоорондын зайг холдуулах арга хэмжээ аваагүй, үүнтэй холбогдуулан иргэдийн нар үзэх боломжийг хангаагүй, мөн Улаанбаатар хотын дулааны 5В магистрал шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулсан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд нь хэвээрээ байна.

Одоо “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь 10/2014 тоот уг зөвшөөрлийг үндэслэн хууль бус барилгын ажлаа хоногийн 24 цагаар хийж гүйцэтгэн оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймд Барилга, хот байгуулалтын яамны дээрх 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 1. Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай, 2. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 3.”М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсаны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах, 

Бид Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан оршин суугчдын зөвшөөрлийг авсан байх шаардлагыг “М Си Эс пропертийз холдинг” ХХК нь биелүүлэхгүй байгаа тухай гомдол хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Улаанбаатар хотын удирдлагууд тухайлбал Засаг дарга Э.Бат-Үүл, мөн Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт удаа дараа гаргасаар ирсэн.

Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2б/1736 тоот “Холбогдох арга хэмжээ авах тухай” албан шаардлагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг ч одоог болтол бүтэн 4 сарын хугацаанд холбогдох арга хэмжээг аваагүй байна. 

Мөн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан гомдлыг харьяаллын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт шилжүүлсэн байдаг ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1735 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг биелүүлж ажиллахыг шаардсан “Албан шаардлага”-ыг “М-Си-Эс Пропертийз холдинг” ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь дээрх албан шаардлагыг мөн л биелүүлээгүй.

Нэгэнт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөхдөө оршин суугчдын зөвшөөрлийг авах тухай шаардлагыг тавьсан, мөн уг шаардлагыг биелүүлж ажиллахыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ны барилгатай холбоотой асуудлаар шүүхэд маргаантай байгаа гэх үндэслэлээр дээрх төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоос татгалзаж байгаа нь 9 дүгээр байрны оршин суугчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. 

Учир нь дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар одоо ч хүчинтэй байгаа бөгөөд уг даалгаврын үндсэн дээр “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь барилгын ажлаа эхлүүлж, үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь “М Си Эс Пропертийз холдинг” ХХК илтэд зөрчиж биелүүлэхгүй байсаар байтал холбогдох арга хэмжээ авахгүй, архитектур төлөвлөлтийн даалгавараа хүчингүй болгохгүй байгаа нь энэ талаар удаа дараа хандаж байгаа оршин суугчдын эрх ашгийг хөндсөөр байна.

Иймд архитектур төлөвлөлтийн даалгавараа хангуулж ажиллаж чадахгүй байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү. 

Мөн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсаны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах хүсэлтэй байна.

Учир нь Барилга, хот байгуулалтын яам нь бидний өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч олгосон зөвшөөрлөө цуцалж байсан. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг олгохоосоо өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д хандан архитектур төлөвлөлтийн даалгаварт дурьдсан оршин суугчдын зөвшөөрлийг авсан байх тухай шаардлагыг хүргүүлж байсан. Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх шаардлагыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д тавьж байсан атлаа шаардлагыг нь биелүүлээгүй компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд оршин суугчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байна.

Иймд “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсаны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:  Маргаан бүхий барилгатай холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар тодорхой үндэслэл бүхий нэхэмжлэлийг гаргасны дотор газрын асуудал яригддаг. Тухайлбал уг газрын гэрчилгээ нь анх Ерөнхийлөгч асан П.Очирбатын өмчлөлийнх бөгөөд амины орон сууцны зориулалттай байсан бол уг зориулалтаараа “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжсэн тухай албан бичгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Ньюпрокси” ХХК-д ирүүлсэн байна. 

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаварын 1 дүгээрт Газар олголтын захирамжийн дагуу байршил хэсэгт “Нийслэлийн газрын албаны даргын 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0293502 дугаартай, “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Амины орон сууцны зориулалттай олгогдсон 1897 м.кв газар гэсэн байдаг. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн хавсралтанд дээрх газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Амины орон сууцны зориулалттай шилжүүлсүгэй гэсэн байна.

Бид дээрх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж болон гэрчилгээнүүд зөрүүтэй байгаа талаар удаа дараа шүүхэд хүсэлт гаргаж байсан билээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаж байсан ч одоо болтол хариу өгөхгүй байна. Гэтэл одоо хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот Амины орон сууцны зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн хоёр гэрчилгээ авагдсан.

Эдгээр гэрчилгээг олгох үндэслэл болсон захирамжийн тоот нь А/420 болон 420 гэсэн хоёр өөр дугаартай, мөн нэг нь 0293502 тоот гэрчилгээний дугаартай конторын зориулалттай гэрчилгээнүүд байна.

Мөн үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 420 тоот захирамжийн хавсралт хоёр өөр байгаа нь газрын зориулалтын ямар захирамжаар хэзээ хэрхэн өөрчилсөн нь тодорхойгүй, түүний зориулалтыг хууль бусаар өөрчилсөн байна гэж үзэж байна. Тухайлбал:

Гуравдагч этгээд “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн гаргаж өгсөн баримтанд захирамжийн хавсралтанд газрын зориулалтыг контор, орон сууц гэсэн байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас бидэнд ирүүлсэн баримтаар газрын зориулалтыг Амины орон сууц гэсэн байх бөгөөд Архитекторын даалгаварт ч мөн Амины орон сууцны зориулалттай гэж бичигдсэн байна. 

Мөн бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас П.Очирбатын өмчлөлийн газар “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д хэрхэн шилжсэнтэй холбоотой бүх баримтыг хүсэлт гарган авсан бөгөөд уг баримтуудаар П.Очирбат нь үл хөдлөх хөрөнгөө худалдсан байх ба худалдан авагч “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь гэрээндээ газрыг зориулалтын дагуу ашиглана гэж заасан байна.

Эндээс дүгнэж хэлбэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах уг газрын зориулалт нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар 1997 оны А/168 дугаар захирамжийн П.Очирбатад хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэж зөвхөн газар эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнөөс бус харин газрын зориулалт өөрчлөгдөөгүй шилжсэн нь харагдаж байна. Тийм ч учраас “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот гэрчилгээ нь Амины орон сууцны зориулалттай гарсан байна. 

Гуравдагч этгээд хариу тайлбартаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газрын зориулалт өөрчлөх тухай хүсэлт гаргаж болдог. 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/486 тоот захирамжаар П.Очирбатын газар эзэмших захирамжийг хүчингүй болгож уг газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д конторын зориулалтаар шилжүүлсэн гэсэн бөгөөд хариу тайлбарт дурьдсан А/486 тоот захирамж хэрэгт авагдаагүй байна. Мөн уг газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д конторын зориулалтаар шилжүүлсэн утга агуулга бүхий ямар ч захирамж байхгүй байна. 

Харин бид “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийг хууль бусаар дээрх газрын зориулалтаа өөрчлүүлж 0293502 тоот Амины орон сууцны зориулалттай гэрчилгээгээ 0293528 тоот болгуулж улмаар зориулалтыг нь контор болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ямар тушаал шийдвэрийн үндсэн дээр 0293502 тоот гэрчилгээг 0293528 тоот болгосон нь  ойлгомжгүй байна. 

Иймд 0293502 тоот гэрчилгээтэй Амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг хууль бусаар өөрчилж 0293528 тоот болгосон байгаа тул “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д олгосон 0293528 тоот гэрчилгээний дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1. Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай,

2. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

3. “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсаны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах,

4.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293528 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,

5.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоолгох,

6.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн үндсэн дээр гарсан “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,

7. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-н эзэмшлийн Амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох.

Нэхэмжлэлийн утга: Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна. Харин хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурьдсан 5-7 дахь шаардлагуудаар нэмэгдүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий барилгатай холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар тодорхой үндэслэл бүхий нэхэмжлэлийг гаргасаны дотор газрын асуудал яригддаг. Тухайлбал хариуцагчид болон гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий барилгыг барих болсон газрыг хуулийн дагуу эзэмшдэг, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж барилга барихтай холбоотой зөвшөөрлөө авсан гэж маргадаг.

Гэтэл бидний шүүхэд гаргаж өгсөн газрын эрх шилжсэнтэй холбоотой, мөн хамтран хариуцагч Э.Бат-Үүлээс ирүүлсэн газартай холбоотой баримтаас үзвэл П.Очирбатын эзэмшил, өмчлөлийн газар нь хэрхэн хууль бусаар “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжсэн нь харагдаж байна. 

Тухайлбал: Маргаан бүхий барилга баригдаж буй уг газрын гэрчилгээ нь анх Ерөнхийлөгч асан П.Очирбатын өмчлөлийнх бөгөөд Амины орон сууцны зориулалттай байсан бол уг зориулалтаар “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжсэн тухай албан бичгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Ньюпрокси” ХХК-д ирүүлсэн байдаг. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд “Газрын эрх шилжүүлэх тухай” 26 тоот албан бичгээр хандаж “П.Очирбатын эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1197 м.кв газрыг шилжүүлж авч байгаа тул “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн байна. Гэтэл П.Очирбат нь 1897 м.кв бус харин 1197 м.кв газрыг 0104/6001/0010 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж уг газраа шилжүүлэх гэрээг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-тай хийж, “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн нь илтэд хууль бус байна.

Мөн П.Очирбат нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 700 м.кв газрын өмчлөх эрхээсээ татгалзаж энэ тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д зааснаар “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар” тухайн иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог. Нэгэнт газар өмчлөгч өмчлөлөөсөө татгалзсан бол тухайн өмчлөлтэй холбоотой улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг дуусгавар болгон хавтаст хэргийг хаадаг. Үүний дагуу 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 555 тоот Эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болсонд тооцож, хувийн хэргийг хаах тухай тушаал гарч П.Очирбатын газрын өмчлөх эрхээсээ татгалзсаныг хүлээн авч улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Гэтэл П.Очирбатын өмчлөлийн 700 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хавтас хэргийг хаах тухай УБЕГ-ын даргын 555 тоот тушаал гараагүй байхад буюу 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уг 700 м.кв газрыг П.Очирбатын эзэмшлийн 1197 м.кв газар дээр нэмж 1897 м.кв болгон “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн нь мөн л илтэд хууль бус байна. 

Өөрөөр хэлбэл 1197 м.кв эзэмших эрхтэй газрыг П.Очирбатаас шилжүүлж авах хүсэлт гаргасан, мөн П.Очирбатын өмчлөлийн 700 м.кв газрын өмчлөх эрхийг дуусгавар болгоогүй байхад тухайн газрыг нэмж 1897 м.кв болгон “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн а/420 тоот захирамж илт хууль бус бөгөөд “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн нэр дээр 1897 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх захирамж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байсан байна. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар, эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатад 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн үндсэн дээр гарсан “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон -0293502 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хууль зүйн үндэслэл:

Маргаан бүхий барилга баригдаж буй газрыг эзэмшихтэй холбоотой хоёр төрлийн гэрчилгээ тухайн барилгатай холбоотой зөвшөөрөл өгдөг эрх бүхий байгууллагуудад авагдсан байдаг. Тухайлбал дээр дурьдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон.

-0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ

-0293502 тоот Амины орон сууцны зориулалттай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн хоёр гэрчилгээ авагдсан.

Эдгээр гэрчилгээг олгох үндэслэл болсон захирамжийн тоот нь А/420 болон 420 гэсэн хоёр өөр дугаартай, мөн нэг нь 0293528 тоот гэрчилгээний дугаартай конторын зориулалттай байгаа бол нөгөө нь 0293502 тоот гэрчилгээний дугаартай Амины орон сууцны зориулалттай гэрчилгээнүүд байна. Мөн огт дугааргүй контор, орон сууцны зориулалттай гэрчилгээ ч байна.

Мөн үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн хавсралт хоёр өөр байгаа нь газрын зориулалтын ямар захирамжаар хэзээ хэрхэн өөрчилсөн нь тодорхойгүй байна. 

Мөн 0293502 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоох дараагийн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийг илтэд хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл 0293502 тоот гэрчилгээг гарах үндэслэл болсон А/420 тоот захирамжийг хууль бус болох нь тогтоогдвол хууль зүйн үр дагавараараа 0293502 тоот гэрчилгээ мөн хууль бус болох юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн а/420 тоот газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн үндсэн дээр гарсан “М Си Эс Пропертийз Холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-н эзэмшлийн Амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг Контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хууль зүйн үндэслэл:

2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн эзэмшлийн болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болох нь  тогтоолгох шаардлагын үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамж болон тус захирамжийн үндсэн дээр гарсан 0293528, 0293502 тоот гэрчилгээнүүдийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл дээрх актууд нь хууль бус болох нь тогтоогдвол хууль зүйн үр дагвараараа захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д холбогдох хэсэг мөн хууль бус болох юм.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн эзэмшлийн Амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг Контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Барилга, Барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ээр тодорхойлж, зохицуулдаг. Энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын А-д Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлсэн байх бичиг, баримтын жагсаалтыг заасан байна. Үүнд:

-Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

-Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/ 

-Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл

-Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн ажилтныг томилсон шийдвэр

-Захиалагч /хөрөнгө оруулагч/-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ

-Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ

-Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт, 

Бид энэхүү бичиг баримтыг үндэслэн бүрдэл хангасан байх тохиолдолд тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгодог.

“М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу материалаа бүрэн бүрдүүлэн хүсэлтээ гаргасан тул 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх ажлын хүрээнд дараах асуудлын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажил хамаардаг. Үүнд

1.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого

2.Хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал

3.Орон сууцны бодлогын асуудал

4.Нийтийн аж ахуйн асуудал

5.Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал

Нэхэмжлэлд дурьдсан зарим асуудал нь манай яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүйг шүүх анхаарч үзнэ үү.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 1-д Зам, Тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалаар баталсан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ыг зөрчиж, оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй байна гэжээ.

Тайлбар: Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлвөвлгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журмын 1,1-д “Энэхүү журмын зорилго нь ...хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх... оновчтой саналыг төсөлд тусгуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж журмын зорилго, хамрах хүрээг зааж өгсөн ба олон нийтийн хэлэлцүүлэг явуулах тухай шийдвэр гаргах эрх нь тухайн шатны Засаг даргад байна. Иймд архитектур төлөвлөлтийн даалгаврын шаардлага хэсэгт тусгагдсан оршин суугчдын зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэл нь тус журамд хамааралгүй болно.

Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлэх ба мөн хуулийн 5.1.5-д нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал батлахаар заасан, 3.1.12-т “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг ойлгох ба мөн хуулийн 8.1.1-д хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар заасан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврын шаардлага хэсэгт “...шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа барилгын үндсэн оршин суугчдаас зөвшөөрөл авах” гэж заасан байна. Оршин суугчдаас зөвшөөрөл авах тухай асуудлыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, норм, дүрэмд зохицуулаагүй тул заавал авах ёстой гэсэн шаардлага байхгүй болно.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2-т “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07”-г зөрчиж, нар үзэх боломжгүй болгосон” гэжээ. 

Тайлбар: Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотлоогүй байна. Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30-01-04/-ийн 9.19-т “Сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц, олон нийт, иргэний барилга, байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын 1, 2 бүсэд 3 цаг, уур амьсгалын 3, 4 бүсэд 2.5 цаг байхаар тооцож төлөвлөнө” гэсэн байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь уур амьсгалын 2 бүсэд хамаардаг бөгөөд нарны тусгалын үргэлжлэх хугацаа 3 цаг байна гэснийг хангаж байна. Мөн тус норм ба дүрмийн 9.19-ийн тайлбар хэсгийн 1-д “9 ба түүнээс дээш давхар барилга байгууламжийн сууцны өрөөний цонхоор тусах нарны үргэлжлэх хугацааны нэг өдрийн нийлбэр уур амьсгалын бүх бүсэд 0.5 цаг байж болно” гэж заасан.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 3-т “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30-01-04/-г зөрчиж, барилга хоорондын зай алдагдсан гэжээ.

Тайлбар: Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотлоогүй байна. Өндөр барилгын хувьд Зам, Тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 429 дүгээр тушаалаар батлагдсан “Өндөр барилгын төлөвлөлт” /БНбД 31-17-10/ норм ба дүрэм мөрдөгдөнө. Энэхүү норм ба дүрэм нь техникийн зохицуулалт агуулсан бөгөөд орон сууц хоорондын зайг БНбД 30-01-04 “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ээр зохицуулна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06/100/27 тоот актын 1-д “...барилгын байршил, төлөвлөлт нь БНбД 30-01-04 “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ийн холбогдох заалтыг хангасан болохыг улсын экспертиз хянаж баталгаажуулсан байна” гэжээ.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 4-т “...Амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг зориулалтын дагуу эзэмших үүргээ зөрчсөн” гэжээ.

Тайлбар: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх ажлын хүрээнд газрын харилцаа, геодези, зураг зүйн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажил хамаардаг. Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдох шийдвэр гаргах эрх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хадгалагддаг. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг ...зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Иймд энэхүү шаардлага нь манай яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй болно.

6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 5-д “...дулааны шугам сүлжээнээс барилга байгууламжийн суурь 7 м байна гэснийг зөрчсөн” гэжээ.

Тайлбар: Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотлоогүй байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2/1230 албан тоотод энэ талаар дурдаагүй байна. Мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06/100/27  тоот актын 1-д “...барилгын баруун талд байрлах Улаанбаатар хотын дулааны 5В магистраль шугамыг хонгилын системд оруулсан байна гэжээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 6-д “...барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, баталгаажуулаагүй” гэжээ.

Тайлбар: “М Си Эс Пропертийз холдинг “ХХК нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт барих барилгын ажлын зураг төслийг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр экспертизээр хянуулж, 156/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байна.

8. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 7-д “06/153/81 тоот Үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн акт гарч, уг барилгын ажлыг зогсоосон байхад ажлаа үргэлжлүүлсээр байна” гэжээ.

Тайлбар: Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06/100/27 тоот актад “2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06/153/81 тоот актаар тогтоосон зөрчлийг арилгасан байх тул барилгын талбайд тавьсан лацыг авч, үйл ажиллагааг сэргээж байгааг дурьджээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын шаардлага хэсэгт “...шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа байрны оршин суугчдаас зөвшөөрөл авах” гэж заасан байна. Оршин суугчдаас зөвшөөрөл авах тухай асуудлыг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомж, норм дүрэмд зохицуулаагүй тул заавал авах ёстой гэсэн шаардлага байхгүй болно” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1897 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа барилга барих хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 116, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар албан бичгээр удаа дараа тус газарт гаргасан байна. Хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр Техникийн зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр хурлаар хэлэлцүүлж, “М Си Эс пропортийз холдинг” ХХК-ийн контор, үйлчилгээний барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хуримын ордны зүүн урд талд байршуулан 0,1 га газарт барих асуудал дэмжигдсэн. Улмаар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдож, барилгын эскиз зураг батлагдсан. Ер нь Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зургийг боловсруулах зургийн мэргэжлийн байгууллагад мэдээлэл өгөх агуулга бүхий баримт юм. 

Харин зураг төслийн мэргэжлийн байгууллага уг баримтад заасан мэдээллийг ашиглан тухайн барилгын ажлын зургийг боловсруулж, улмаар тухайн барилгын зургийг экспертизээр хянуулж, дүгнэлт гаргуулж, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаар барилга угсралтын ажил эхлэх нөхцөл бүрддэг билээ.

Нөгөөтэйгүүр, шинээр төлөвлөсөн “М Си Эс пропортийз холдинг” ХХК-ийн контор, орон сууцны барилгын хувьд одоогийн байгаа инженерийн шугам сүлжээний хүртээмжээс хамаарч хуучин байсан барилгыг буулгаж, нягтаршуулж төлөвлөх замаар төлөвлөлтийг шийдвэрлэсэн асуудал юм.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын 10 дахь хэсэгт архитектур төлөвлөлтийн үндсэн шаардлагуудаас дурьддаг бөгөөд шаардлага нь тухайн төлөвлөж буй барилгаас хамаардаг болно. БНбД-д төлөвлөж буй барилгын талаар орчны оршин суугчдаас санал авах тухай зохицуулалт байхгүй хэдий ч барилгажих явцад үүсэж болзошгүй эрх зүйн зохицуулалтгүй асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээ авах талаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын төлөвлөлтийн шаардлага хэсэгт заасан болно.

“М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн барих барилгын анхны зураг төсөл /2012 оны 7 дугаар сар/-өөр төлөвлөж буй барилгын хойд талд байрлах 9 дүгээр байрны оршин суугчдын нарыг хааж, БНбД-ийг хангахгүй байсныг тус газраас Архитектур төлөвлөлтийн даалгавараар өгсөн шаардлага биелүүлэхийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/160 албан бичгээр шаардсан. 

Үүний үр дүнд анхны зураг төсөлд засвар орж, шовх өнцөгт өргөн барилгад мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт хийж, барилгын талбайн анхны эскизийн нийт талбайгаас 20 гаруй хувиар багасгаж, оршин суугчдын нар үзэх боломжийг 50 орчим хувиар нэмэгдүүлсэн эскиз зургийг баталж өгсөн.

Гэвч барилга угсралтын ажил эхэлснээс хойш оршин суугчид гомдол гаргасан тул тус газраас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1735 албан бичгээр “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д шаардлага хүргүүлж байсан. Гэхдээ нэгэнт уг асуудал нь шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул тус газраас шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эдгээрээс үзвэл тус газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавраас хамаарч нэхэмжлэгч нарын эрх нь зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй байна. Иймд 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/168 тоот захирамжийн дагуу иргэн П.Очирбатын эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1197 мкв амины орон сууц бүхий газрыг газар эзэмших эрх шилжүүлэ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу шилжүүлэн авч байгаа тул “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авахаар Нийслэлийн газрын албанд 2012 онд 5 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот албан бичгээр хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн хандсаны дагуу Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д 1897 мкв газрын эрхийг контор, орон сууцны зориулалтаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн нэр дээр 1897 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд техникийн алдааны улмаас газар эзэмших зориулалтыг буруу гаргасан байсан. Иймд уг алдааг залруулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д контор, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон тул нэхэмжлэлтэйн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар П.Очирбатын 1897 м.кв газрыг “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. Энэхүү шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК нь зөвхөн 1197 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан байхад 1897 м.кв болгон нэмэгдүүлсэн нь илтэд хууль бус байна гэжээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/168 тоот захирамжаар иргэн П.Очирбатад дугаар 0104/6001/0010 бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 0.2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсаны дараа иргэн П.Очирбатын эзэмшлийн 0.2 га газраас Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 тоот захирамжаар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, үлдсэн 1197 м.кв газрын эзэмших эрхийг хэвээр үлдээсэн болно.

“М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.Очирбатаас дээрх газрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших болон Өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан байдаг ба энэ дагуу Нийслэлийн Засаг Даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420  тоот захирамжаар уг газрыг эзэмших, ашиглах эрхийг “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д шилжүүлсэн.

“М-Си-Эс Пропертийз Холдинг”  ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1197 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлтээ, мөн өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1897 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлтээ тус тус гаргасан байдаг.

Нийслэлийн Газрын алба нь дээр дурьдсан хүчин төгөлдөр гэрээ, хэлцэлүүд болон М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28 тоот албан хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1897 м.кв газрыг тус компанид шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч П.Очирбатын өмчлөлийн 700 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хавтаст хэргийг хаах тухай УБЕГ-ын даргын 555 тоот тушаал гаргаагүй байхад буюу 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 700 м.кв газрыг П.Очирбатын эзэмшлийн 1197 м.кв газар дээр нэмж 1897 м.кв болгон “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь илтэд хууль бус байна гэжээ.

М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.Очирбатыг өмчлөлийн 700 м.кв газрыг түүний дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийн хамт, мөн П.Очирбатын эзэмшлийн 1197 м.кв газрыг буюу нийт 1897 м.кв газрыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших болон Өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан байдаг.

“М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1897 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан байдаг бөгөөд иргэн П.Очирбат нь мөн өдөр 700 м.кв газрын өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн.

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дах хэсэгт иргэн газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар түүний газар өмчлөх эрх нь дуусгавар болно гэж заасан байдаг. 

Нийслэлийн Газрын алба нь иргэн П.Очирбат 700 м.кв газрын өмчлөх эрхийн тухай хүсэлтээ гаргасан, мөн тус газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ү-2203015460 дугаартайгаар  М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ийн нэр дээр 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр шилжин өмчлөх эрх үүссэн тул дээр дурьдсан хүчин төгөлдөр гэрээ, хэлцэлүүд болон М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 28 тоот хүсэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар уг газрын эзэмших, ашиглах эрхийг М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-д шилжүүлсэн.

Манай байгууллагад УБЕГ-аас ирүүлсэн УБЕГ-ын даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 555 тоот тушаалын дагуу иргэн П.Очирбатын 700 м.кв өмчлөх эрхийн газарт холбогдох хавтаст хэргийг хаасан байдаг.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжийг хууль бус гэсэн нь үндэслэлгүй байна.  

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн хавсралтад “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д олгосон 1897 м.кв газрын зориулалтыг Амины орон сууц гэж техникийн алдаатай бичсэн байдаг. “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д олгосон нэгж талбарын 146001/0010  дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд 1897 м.кв газрын зориулалтыг 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Контор, орон сууц гэж залруулан бичиж олгосон.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/7802 тоот албан бичгээр “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд 1897 м.кв газрын зориулалт нь контор, орон сууц гэдэг нь зөв болохыг “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д мэдэгдсэн.

Мөн дээрх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн хавсралтаар Амины орон сууц гэж алдаатай бичгдсэн газрын зориулалтыг Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжаар “Контор, орон сууц” болгон залруулсан ба энэхүү захирамжийг хууль бус гэж үзэх холбогдох хуулийн үндэслэл байхгүй байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар Нийслэлийн өмчийн харилцааны газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах болон бусад газрын харилцаатай холбоотой хүсэлтийг хүлээн авч, боловсруулан Засаг даргын шийдвэрийн төсөл бэлдэх, шийдвэр гаргуулах, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй.

Нэхэмжлэлд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжийг үндэслэн “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д олгосон амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн 0293502, контор, орон сууцны зориулалттай 0293528 дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна.

“М-С-Эс Пропертийз холдинг” ХХК нь Нийслэлийн газрын алба  /хуучин нэрээ/-нд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 28 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 11-д байрлах 1897 м.кв газрын эрхийг иргэн П.Очирбатаас газрын зориулалтыг өөрчлөн шилжүүлэх, гэрээ, гэрчилгээ олгож өгөхийг хүсч холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

Нийслэлийн Газрын албаны асуудал хариуцсан албан хаагч Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн төсөл бэлдэхдээ газрын зориулалтыг иргэн П.Очирбатын газрын зориулалтыг хэвээр үлдээн “Амины орон сууц” гэж ташаарч бичсэнээс Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар М-С-Эс Пропертийз холдинг” ХХК-нд нэгж талбарын 18643310603683 дугаар бүхий 1897 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гарсан байдаг. 

Манай байгууллага нь газрын бүртгэлийн LandUK программыг ашиглан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээ бичдэг бөгөөд уг программ нь захирамжид бичигдсэн газрын хэмжээ, зориулалт зэрэг өгөгдлүүдийг гэрээ, гэрчилгээнд тусгаж, түүнд харгалзах газрын төлбөрийн хэмжээг автоматаар тогтоож хэвлэн гаргадаг үйлдэл бүхий программ юм. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамж гарсны дараа М-Си-Эс Пропертийз холдинг” ХХК-нд газар эзэмших эрхийн 0293502 дугаар бүхий гэрчилгээ олгохоор бичсэн боловч тус компани нь уг газрыг амины орон сууцны зориулалтаар бус контор, орон сууцны зориулалтаар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж 2012 оны 28 дугаар албан тоотоор хүсэлт гаргасан байхад эрх бүхий этгээдийн шийдвэрт газрын зориулалтыг өөрчлөлгүйгээр өмнөх газар эзэмшигчийн газрын зориулалтыг хэвээр тавьж гаргаснаар М-Си Эс Пропертийз холдинг ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн тул захиргааны байгууллага уг компанийн барилга барих зөвшөөрөл хүсэх, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан авах зэрэг газрын эрхээс шалтгаалах цаашдын үйл ажиллагааны эрх ашгийн үүднээс газар эзэмших эрхийн гэрчилгээг уг компанийн хүсэлтийн дагуу газрын зориулалтыг нь өөрчлөн бичиж 0293528 дугаартай гэрчилгээ олгосон болно.

Нийслэлийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлдэхдээ газрын зориулалтыг ташаарсан болох нь гуравдагч этгээдийн уг газрын “амины орон сууц” гэсэн зориулалтыг өөрчлүүлэх хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн Нийслэлийн Газрын албанд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 28 дугаартай албан бичг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 дугаартай ахитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/7802 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/07 дугаар захирамжаар 2012 оны А/420 дугаар захирамжийн М-Си-Эс пропертийз холдинг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө газар эзэмшүүлсэн захирамжинд тусгасан газрын зориулалтыг “контор, орон сууц” болгон өөрчилж газар эзэмших эрхийн 000314402 тоот гэрчилгээ олгосон болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын алдаатай үйл ажиллагаа /захиргааны хууль бус акт/-ны улмаас захирамжийн төсөлд газрын эрхийг шилжүүлэн авсан этгээдийн /гуравдагч этгээд/ гаргасан хүсэлтээс өөрөөр газрын зориулалтыг бичиж гэрчилгээ олгосон, түүнийг залруулж дахин гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл биш юм.

Иймд нэхэмжлэлийн “М-Си-Эс Пропертийз холдинг ХХК-нд олгосон амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн 0293502, контор, орон сууцны зориулалттай 0293528 дугаартай гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 дугаар захирамжийн “М-Си-Эс Пропертийз холдинг” ХХК-ний эзэмшлийн амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба дараахь тайлбарыг гаргаж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өөрөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан бие даасан захиргааны акт биш байх тул түүнийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардах үндэслэлгүй, түүнчлэн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамж нь Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар хүчингүй болсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл, захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх тухайгаа тодорхойлсон байх ёстой. 

Гэтэл нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгохоор шаардахдаа нэхэмжлэгч нарын өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх, өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар заагаагүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн М-Си-Эс Пропертийз холдинг ХХК-ийн эзэмшлийн амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага нь үндэслэлгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн 

Гуравдагч этгээд М-Си-Эс пропертийз холдинг ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай компанийг “Архитектур төлөвлөлтийн даалгавар тусгасан оршин суугчдын зөвшөөрөл аваагүй гэжээ.

2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын Архитектур төлөвлөлтийн шаардлага хэсэгт”...шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа барилгын үндсэн оршин суугчдаас зөвшөөрөл авах” гэж заасан. Гэвч уг шаардлагын эрх зүйн үндэслэлийг Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэлд дурьдсан зөрчсөн гэх Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралт “Хот тосгоны хөгжлийн  ерөнхий төлөвлөгөөний төслийг экспертизийн дүгнэлт гаргуулахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтээ тухайн шатны Засаг даргад тавих, Засаг дарга хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсэг нь хэлэлцүүлэг зохион байгуулах, оршин суугчдаас санал авах...” гэж заасан байна. 

Тус журмын дагуу захиалагч нь олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтээ тухайн шатны засаг даргад тавих, Засаг дарга хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй байна.

Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал батлана, мөн хуулийн 11.5.2-т аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын Захиалагч нь тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч байна гэж тус тус заасан байх тул манай компани нь ХТХЕТТОНХ журамд заасан Захиалагч биш юм. Өөрөөр хэлбэл манай компани нь тийнхүү олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтийн санал хүсэлтийг хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгах эрх, үүрэгтэй субьект биш байна.

Иймд бид оршин суугчдаас зөвшөөрөл авах хуулийн болон холбогдох журмын заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Засгийн газраас баталсан Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хавсаргаж өгсөн. Манай компани нь Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийн даалгаварыг шинэчилэн авсан бөгөөд хэргийн материалд хуучин даалгавар авагдсан. 

Нэхэмжлэлд БНбД 23-04-07-ын3.1-т “нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана”, 3.5-т “Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны 2-с цөөнгүй өрөөнд” гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ. 

Манай барилгажих талбай нь нутгийн өмнөд хэсэгт оршидог болно. БНбД 23-04-07-ийн 3.6-д“.................... орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөргөөс хамааруулан дараах байдлаар тогтооно:... нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөрөгийн 480 -аас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй.” гэж заасан.Түүнчлэн тус БНбД-ийн Тайлбар хэсэгт: “... хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд /хотын төвд/ нарны тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0.5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэжээ.Мөн БНбД-ийн3.2-т энэхүү нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцохоор тусгасан байна. 

Иймд БНбД 23-04-07-ын дээрх заалтуудын дагуу ерөнхий хугацаа болох тус БНбД-ийн 3.1-т заасан нарны тусгалын шууд үргэлжлэх 3-4 цагийг багасгаж тооцож болох юм. Бид бүхэн тус барилгад нарны тусгалын үргэлжлэх цагийг тооцсон бөгөөд тооцооллоор хамгийн захын бага тусгал үзэх айлын цонхоор нарны тусгал 13:30-17:00 цагийн хооронд үргэлжилж нийт 3,5 цаг нар тусаж байгаа тул дээрх норм дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байна. 

Манай компанийн зүгээс БНбД 23-04-07-ийн шаардлагад нийцүүлэн Барилгын зураг төсөлдөө өөрчлөлт оруулсан бөгөөд Барилгын обьемыг 6-22 давхарт 3 хүртэл хувиар багасгаж 60 орчим сая төгрөгийн нэмэлт зардлыг гаргасан ба ийнхүү өөрчлөлт оруулсантай холбогдож Барилгаас нийт 2890м2 талбай хасагдсан ба Компани 10,057,200,000 төгрөгийн алдагдал хүлээсэн болно.  

Мөн нэхэмжлэлд “Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас ирүүлсэн бичигт дурьдсаны дагуу шинээр баригдах барилга нь 9-р байрнаас 16 метрийн зайтай баригдахаар төлөвлөгдсөн байна. Энэ нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-с багагүй, 4 давхар бол 20 м-с багагүй байна гэснийг зөрчсөн байна” гэжээ. 

БНбД 30.01.04 “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн 2.11-т “Орон сууц хоорондын, Орон сууц болон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу, галын аюулаас хамгаалах шаардлагыг БНбД 21-01-02 болон энэхүү нормын 4 дүгээр хавсралтанд зааснаар тус тус төлөвлөнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн Барилга, байгууламж нь барилга байгууламж хоорондын зай барьж байгаа эсэх нь нарны тусгалын үргэлжлэх хугацаа заасан норм дүрмийн дагуу байгаа эсэх болон галын аюулаас хамгаалах шаардлагад заасан зайг хангаж байгаа эсэхээр тодорхойлогддог. БНбД 30.01.04-ийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар тус барилгад тавигдах барилга хоорондын галын хамгаалалтын зайн шаардлага нь 6 м-ээс багагүй байх бөгөөд уг шаардлагыг манай барилга бүрэн хангаж байгаа болно. Барилга хоорондын зай нь манай барилгын хувьд 10 м - 11.5 м байгаа. Манай барилгын хувьд нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь тайлбар 2-т дурьдсанаар холбогдох БНбД-ийн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. 

Нэхэмжлэлд дурьдсан 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-с багагүй, 4 давхар бол 20 м-с багагүй байна гэсэн нь 22 давхар барилгын хувьд дагаж мөрдөх норм дүрэм болохгүй юм.

Нэхэмжлэлд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас 2013 оны 09 сарын 10-ны өдөр Ньюпроскид ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ Амины орон сууцны зориулалттай байна. Энэ нь Газрын тухай хуулийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах үүрэгтэй гэснийг зөрчсөн гэжээ. 

Дээрхи газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хэлбэрээр манай компанид шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаж болох бөгөөд хуульд харшлаагүй бол уг хүсэлтийг үндэслэн тухайн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж гардаг. 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/486 тоот Нийслэлийн засаг даргын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар иргэн П.Очирбатын 1997 оны А/168 дугаартай газар эзэмших захирамжийг хүчингүй болгож уг газрыг “М-Си-Эс Пропертийз холдинг” ХХК-д контор, орон сууцны зориулалтаар шилжүүлсэн тухай дээрхи захирамжийн хавсралтад тусгагдсан. Өнөөдрийн байдлаар төслийг хэрэгжүүлэх эзэмшил газрын хувьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Гэрлэх ёслолын ордны зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн A/420 тоот шийдвэрээр нийт 1897 м2 газрыг орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар 0293528 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байна. Тус газрыг Газрын тухай хуульд заасны дагуу зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болно. 

Нэхэмжлэлийн 5 дах хэсэгт Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 7.10-д заасан дулааны шугам сүлжээнээс барилга байгууламжийн суурь 7 м байна, Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, өарилга байгууламж барих,шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэдгийг тус тус зөрчсөн гэжээ. 

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 7.10-Ойролцоох газар доорхи инженерийн шугам сүлжээнээс/гадаргуугаас гадаргууд/ барилга байгууламж хүртэлх зай хэмжээг хэвтээ чиглэлд 14 дүгээр хүснэгтэд зааснаар төлөвлөнө гэж зааснаас 7 м гэсэн тухайлсан заалт байхгүй. 

Энэхүү хүснэгтэд зааснаар газар доор инженерийн шугам сүлжээнээс барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 м байх шаардлага тавигдсан ба манай барилгын хувьд  барилгын суваг нь  хонгилын системээр хийгдсэн тул хоорондын зай нь 2.5 м байгаа нь дээрхи шаардлагыг бүрэн хангасан бөгөөд 7.10 дахь заалтыг зөрчөөгүй болно. 

Харин маргаан гаргаж буй 9-р байр нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 33.1, 33.4 дүгээр заалт, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний хамгаалах дүрмийн 2.3 дах заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын Дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоох тухай 2007 оны 76 тоот захирамжийг тус тус зөрчин хотын төв хэсгийг дулааны эрчим хүчээр хангадаг 11е магистраль шугамын хамгаалалтын зурвасыг зөрчин баригдсан бөгөөд барилгаа хамгаалалтын зурвасаас чөлөөлж дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээг хэвийн явуулах нөхцлийг хангахыг шаардаж Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компаниас 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 300 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг. 

Манай компани нь ийнхүү дарагдсан байсан дулааны шугамыг өөрийн хөрөнгөөр бүрэн шинэчилж, шилжүүлэн хонгилын системд оруулсан бөгөөд энэ нь цаашлаад хотын төв хэсэгт оршин суудаг айл өрх, үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжийг дулаанаар доголдолгүй хангахад чухал ач холбогдолтой ажил болсон. Бид энэхүү шугамыг шинэчилэх, шилжүүлж хонгилын системд оруулах ажилд Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компанитай хамтран ажилласан бөгөөд бүхий л норм ба дүрмийг мөрдөж ажилласан болно. 

Манай компани нь цахилгааны кабель шугамуудыг мөн адил хонгилын системд шилжүүлсэн бөгөөд энэ ажил нь НИТХурлын тэргүүлэгчдийн 195 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын 16 тоот захирамжаар батлагдсан “Түгээх сүлжээ” төслийн хүрээнд Инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж эхлэх ажлын хүрээнд хийгдсэн болно. 

Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 –ийн 2.3.4-т “Газрын доорхи кабель шугамыг мөрдөгдөж байгаа цахилгаан шугам сүлжээг хамгаалах дүрмийг иш үндэс болгон трассын дагууд тодорхой хэмжээний талбайд хамгаалалтын бүс тогтоож өгнө. Үүнд: 1кВь түүнээс дээш хүчдлийн кабель шугаманд хоёр тал руу нь захын кабелиас 1м зайнд” гэж заасан. Манай барилгын хувьд дээрхи шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. 

Барилгын ажлын зураг төсөлд магадлал хийлгэж баталгаажуулаагүй барилгын ажил эхлүүлсэн нь  Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг “...газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зурагтөсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд  магадлал заавал хийлгэнэ”, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ. 

Манай компани Барилгын ажлын зураг төслийг экспертизээр батлуулж магадлал хийлгэсэн болно. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2.-д заасан “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэжээ. 

Бид Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06/153/81 тоот үйл ажиллагаа зогсоох тухай Улсын байцаагчийн актын дагуу бид 2013 оны .... сарын ...-ны өдрөөс барилгын бэлтгэл ажиллагааг түр зогсоосон бөгөөд уг актад заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээг авч холбогдох тайлбар биелэлтийг 2013 оны 10-р сарын 7-ны өдрийн 248 тоот албан бичгээр хүргүүлсэн МХЕГ-т хүргүүлсэн болно. 

Ерөнхийдөө нэхэмжлэгч тал 2013 онд Барилга хот байгуулалтын яамнаас манай компанид олгосон 14/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг хүчингүй болгуулахаар тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудаа одоо гаргаад байгаа буюу 10/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг хүчингүй болгуулах нэмэмжлэлийн шаардлагадаа бүхэлд нь дахин дурьдсан байгаа нь үндэслэлгүй юм. 

Барилга хот байгуулалтын яамнаас тухайн үед Нэхэмжлэгчийн гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 14/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг хүчингүй болгох цорын ганц үндэслэл нь “Барилгын ажлын зураг төсөлд магадлал хийлгэж баталгаажуулаагүй” гэх үндэслэл байсан юм.

Бид шүүх ажиллагаа явагдаж байх үед барилгын ажлын зураг төслийг экспертизээр батлуулж магадлал хийлгэхээр өгсөн байсан бөгөөд зөвхөн магадлал нь бичгээр гарч баталгаажаагүй байсан болно. Өнөөдрийн байдлаар бид энэхүү зөрчлийн бүрэн арилгаж Барилгын ажлын зураг төслийг экспертизээр батлуулж магадлал хийлгэсэн байна. 

Манай компани 10/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтын А-д заасан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлсэн байх бичиг, баримтыг бүрэн бүрдүүлж авсан юм. Тус дүрэмд заасны дагуу бид дараах бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлтгээ Барилга хот байгуулалтын яаманд гаргасаны үндсэн дээр 10/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг авсан болно. Үүнд:  

- Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

- Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон);

- Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл;

- Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх Барилгын тухай хуулийн 3.1.12-т заасан инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр;

- Захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ;

- Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ;

- Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалаар “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын дагуу хот төлөвлөлт барилга байшин авах асуудалд олон нийт, оршин суугчдийн зөвшөөрлийг авах ёстой юм. Энэхүү журмын дагуу оршин суугчдийн зөвшөөрөлийг авсан байх шаардлагыг Барилга, Хот Байгуулалтын яамнаас М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК-д 6/2790 тоот албан бичгээр хүргүүлсэн” гэжээ.

Гэтэл дээрх үндэслэлээр албан бичгийг хүргүүлэх хүсэлтийг Ньюпрокси хуулийн фирмээс 2013 оны 9-р сарын 3-ны өдрийн 01/19 тоот албан бичгээр Барилга, Хот Байгуулалтын яаманд өгсөн байдаг бөгөөд Барилга, Хот Байгуулалтын яамнаас хүсэлтэд заасан хууль зүйн үндэслэлийг нягталж үзэлгүй шууд манай компанид уламжилсан явдал нь алдаатай байна гэж үзэж байна. 

Дурьдагдаад буй Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалаар баталсан “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ыг хэрэгжүүлэгч этгээд нь манай компани биш бөгөөд хамааралгүй журам болохыг дээр тайлбарласан байгаа болно. 

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанчлан Барилын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь илт хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлд зааснаар Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг хангаагүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.   

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргатай холбоотой хэсэг дээр Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байгаа. Гэхдээ хоёр баримтын талаар заавал дурдах хэрэгтэй байна. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа учраа талууд сайн мэдэж байгаа байх. Уг гэрээн дээр зориулалтын талаар л яригдаж байгаа. Амины орон сууцны зориулалттай байхад конторын зориулалттай болгосон гэж яриад байдаг. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар шилжүүлэх гэрээ хийж байхад л оффисын зориулалттай гэдгийг илэрхийлсэн байдаг. Тиймээс уг гэрээг талууд харах хэрэгтэй. Техникийн алдаа гарсан гэдэг зүйлийг тодорхой болгох үүднээс хамтран хариуцагчид хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг гаргаж байх үед энэхүү хэрэг маргаан дээр хамтран хариуцагчаар татагдаагүй байсан. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмч, газрын харилцааны албанаас бид нарт 04/1039 дугаар бүхий албан тоотыг хүргүүлсэн байдаг. Уг албан тоот дээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар гуравдагч этгээд компанийн нэр дээр 1897 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх талаар шийдвэр гарсан ба техникийн алдааны улмаас газар эзэмших эрхийн зориулалтыг буруу гаргасан. Иймд уг алдааг залруулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д контор орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар нотлох баримтыг манайд хүргүүлсэн байдаг. Тиймээс хамтран хариуцагчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй тайлбар байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамж гарснаараа А/420 дугаар захирамж нь хүчингүй болж байгаа. Газар өмчлөөд явахад ямар хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар гарч ирнэ. Гуравдагч этгээдийн ямар нэгэн хууль бус үйлдлээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байх шаардлагатай. Гэтэл бид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т  Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана,  38.2.1. нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3. хураамж төлсөн тухай баримт гэж заасан байдаг ба дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаад төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Манай хүсэлтийг төрийн захиргааны байгууллага холбогдох нотлох баримттай нь хүлээж аваад, газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлж захирамж гараад уг захирамжийн үндэс нь дээр гэрчилгээ олгогдсон. Тийм учраас газрын тухай хууль болон, илт хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгч нарын долоон нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, шинжээч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч Ч.Тунгалаг, П.Идэртогтох, О.Батмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягаас шүүхэд ирүүлсэн бөгөөд хүсэлтэндээ “Миний бие Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа, нэр дэвшигчийн үнэмлэхийг Нийслэлийн Сонгуулийн хорооноос олгох арга хэмжээ өнөөдөр болох тул миний шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулаж өгнө үү гэх” хүсэлтээ ирүүлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “...хүндэтгэн үзэх шалтгаан...” гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягийн гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасүрэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нэхэмжлэгч Н.Батчулуун нар ирсэн байх тул шүүхээс “шүүх хуралдаан хойшлуулах” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Түүнчлэн Ч.Тунгалаг, Н.Батчулуун, О.Батмаа, П.Идэртогтох нарын Барилга, хот байгуулалтын яам Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл тус шүүхэд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд шүүхээс 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан товлон зарлах тухай 4802 дугаар захирамж гарсан байна.

Шүүх хуралдаан товлон зарлагдсанаас хойш нийт 27 удаа шүүх хуралдаан хойшилсон байх бөгөөд судалж үзвэл: 

1. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1946 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон Б.Батхуягийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан,

2. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5710 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж шинжээч томилж шүүх хуралдаан хойшилсон,

3. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6040 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран хариуцагч татуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон,

4. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0967 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батхуягийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж хойшилсон,

5. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан хойшилсон,

6. 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 506 дугаар шүүгийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

7. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1197 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нараас хамтран хариуцагч татуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон,

8. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1810 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягаас гэрч оролцуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон,

9. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2644 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэж  шүүх хуралдаан хойшилсон,

10. 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 3005 дугаар шүүгчийн захирамжаар Б.Батхуягийн хүсэлтээр хамтран хариуцагч татхаар шүүх хуралдаан хойшилсон,

11. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4224 дүгээр шүүгчийн захирамж хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

12. 2015 оны 12 дугаар сарын 01-нд 9198 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

13. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9365 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор шүүх хуралдаан хойшилсон,

14. 2016 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 1586 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

15. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1711 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягийн хүндэтгэн үзэх шалтгаантай гэх хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

16. 2016 оны 03 дугаар сарын 02-ны 1899 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Батхуяг томилолтоор хөдөө явсан хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшилсон,

17. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2252 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон,

18. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2649 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Батхуягийн шинжээч томилох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаан хойшилсон,

19. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4090 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Батхуягийн эрүүл мэндийн шалтгаантай гэх хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшилсон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг удаа дараа хангаж, тэдгээрийг мэтгэлцэх, хуульд заасан эрхийг эдлэх боломжийг хангалттай олгож байсныг дурьдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 

Нэгдүгээрт: Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулах,

Хоёрдугаарт: “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах,

Гуравдугаарт: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

Дөрөвдүгээрт: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгсон 0293528 тоот Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах

 Тавдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоолгох холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Зургаадугаарт: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн үндсэн дээр гарсан “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

Долоодугаарт: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ийн эзэмшлийн Амины орон сууцны зориулалттай 1897 м.кв газрыг контор, орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн нэг ба хоёрдугаар шаардлага болох “Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” шаардлагын тухайд: 

Барилгын тухай хуульд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг баталж, мөрдүүлэх” гэж заасан байна.

Дээрх хуулийг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баталсан ба уг тогтоолоор барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэхтэй холбоотой бүх харилцааг зохицуулсан байна. 

Энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын А-д “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлсэн байх бичиг, баримтын жагсаалтыг зааж өгсөн байна.

Үүнд: -Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл,

- Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/

- Магадлал хийгдсэн тухай барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл,

- Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх Барилгын тухай хуулийн 3.1.12-т заасан инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр,

- Захиалагч /хөрөнгө оруулагч/-ийн текникийн хяналт гүйцэтгэх болон зохиологчийн хяналт хийх гэрээ,

- Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ,

- Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт зэргийг тусгахаар зааж өгсөн байх бөгөөд дээрх жагсаалтын дагуу  “М Си Эс пропертийз холдинг” ХХК нь дээр заасан бичиг баримтыг бүрдүүлэн Барилга хот байгуулалтын яаманд хүсэлтээ гаргажээ.

Барилга хот байгуулалтын яам нь “М Си Эс пропертийз холдинг” ХХК-ийн материалыг хянаж үзээд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас /хуучин нэрээр/ 10/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг олгосон байх бөгөөд энэ нь хууль болон журманд нийцсэн байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэг болон хоёрдугаар шаардлагын үндэслэлээ “М Си Эс Пропертийз холдинг” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байна. Дээрх даалгаварт тусгасаны дагуу  нэхэмжлэгч нараас зөвшөөрөл авсны дараа уг асуудлыг шийдвэрлэх байсан гэжээ. 

Зам, Тээвэр, Барилга Хот Байгуулалтын Сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 183 дугаар тушаалын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь хот төлөвлөлтийн талаархи мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, сурталчлах, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төслийг олон нийтэд танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах, санал авах, оновчтой саналыг төсөлд тусгуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж журмын зорилго, хамрах хүрээг зааж өгснөөс үзвэл олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, шийдвэр гаргах эрх нь тухайн шатны Засаг даргад хамаарахаар байна.

Түүнчлэн дээрх журмаас үзвэл Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлэх буюу Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг төлөвлөхдөө олон нийтийг хамруулаад оновчтой саналыг тусгахаар зохицуулсан журам байх бөгөөд оршин суугчдын саналыг авна гэсэн ойлголт биш юм.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын шаардлага хэсэгт тусгагдсан оршин суугчдын зөвшөөрлийг авах гэсэн үндэслэл нь тус журманд огт хамааралгүй байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай 10/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгох, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжны 9 дүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд дээрх зөвшөөрлийн хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна. 

Нэхэмжлэгч гуравдах шаардлагаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гэжээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын Архитектур төлөвлөлтийн шаардлага хэсэгт “...шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа барилгын үндсэн оршин суугчдаас зөвшөөрөл авах” гэж зааснаас үзвэл: 

Оршин суугчдаас заавал зөвшөөрөл авах тухай асуудлыг зохицуулсан хуулийн шаардлага болон дүрэм журам огт байхгүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан зөрчсөн гэх Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралт “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-аас үзвэл “Захиалагч хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг экспертизийн дүгнэлт гаргуулахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтээ тухайн шатны Засаг даргад тавих, Засаг дарга хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсэг нь хэлэлцүүлэг зохион байгуулах, оршин суугчдаас санал авах...” гэж заасан  байна.  Тус журманд зааснаар Захиалагч нь олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтээ тухайн шатны Засаг даргад тавих, Засаг дарга хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсэг нь хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй байна. 

“М Си Эс Пропертийз Холдинг” ХХК нь захиалагч биш тул оршин суугчдаас санал авах үүрэггүй байна.

Түүнчлэн Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг нь инженерийн шугам сүлжээг холбох техникийн нөхцлүүдийг тодорхойлж өгч байгаа гол бичиг баримт байх бөгөөд инженерийн шугам сүлжээнд тавигдаж байгаа техникийн шаардлагуудыг үндэслээд архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн барилгын схем зургийг гаргадаг байна. 

Нэхэмжлэгчээс “...байшин барьж байгаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Уг барилгыг тулгаж барьснаар бид гэрийнхээ хөшгийг нээж чадахгүйд хүрсэн бүхэл өдрийн турш нар үзэхгүйд хүрсэн, мөн бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг хууль ёсны эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгаа...” гэжээ.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 23-04-07-ийн 3.6-д “.....орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөргөөс хамааруулан дараах байдлаар тогтооно:.............нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөрөгийн 48 градусаас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй”, гэж заасан ба мөн дүрмийн тайлбар хэсэгт “............хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд /хотын төвд/ нарны тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0.5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэжээ. 

Мөн Барилгын норм ба дүрмийн 3.2-т энэхүү нормчлогдох хугацаа хавар, намрын улиралд тооцоохоор тусгасан байна.

Хэргийн бодит байдлаас үзвэл оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гуравдагч этгээд нь 1897 м.кв газар дээр барилга барихаар төлөвлөж байснаа багасгаж 1312 м.кв талбайд барилга барихаар барилгын схем зургаа өөрчилсөн,  Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ийн шаардлагад нийцүүлэн барилгын зураг төсөлдөө өөрчлөлт оруулж барилгын обьёмыг 6-22 давхарт 3 хүртэл хувиар багасгаж барилгаас 2890 м.кв талбайг хассан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нарын орон сууцны урд зүгрүү харсан цонхнууд дээр нар 4 цаг тасралтгүй нар үзэж байгаа нь шинжээч С.Болормаа, Д.Одбаяр 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2013/159 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгсон 0293528 тоот Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн П.Очирбатын 1897 м.кв газрыг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д шилжүүлснийг хууль бус болохыг тогтоолгох холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн үндсэн дээр гарсан “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон 0293502 тоот Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:  

Анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А/168 дугаар захирамжаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн өргөөг барихад зориулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хуримын ордны зүүн талд 0,2 га газар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээг П.Очирбатад олгосон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 700 мкв газрыг П.Очирбатад өмчлүүлсэн байна. 

Дээрх эзэмшил, өмчлөлийн газрыг Газар өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, М Си Эс пропертийз холдинг ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28 тоот 1897 мкв газрыг газрын зориулалтыг өөрчлөн шилжүүлж, гэрээ гэрчилгээ олгох тухай хүсэлт, П.Очирбатын газар өмчлөх эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар “М Си Эс пропертийз холдинг” ХХК-д шилжүүлсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар газрыг шилжүүлэхдээ захирамжид газрын зориулалтыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн атлаа 0293528 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнд газрын зориулалтыг контор, орон сууцны зориулалттай гэж бичиж олгосон байна.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “амины орон сууц” гэж алдаатай бичигдсэн газрын зориулалтыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар “контор, орон сууц” болгон залруулсан гэж тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгч нарын “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлснээр зөрчигдөөгүй байна гэж үзлээ.  

Учир нь нэхэмжлэгч иргэд дээрх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг үндэслэн “тухайн барилга баригдвал нар хаагдах” болно гэх боловч энэ нь тухайн газар дээр баригдах барилгын талаар маргаж байх бөгөөд “М Си Эс пропертийз” ХХК уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч иргэдийн эрх нь хэрхэн зөрчигдсөн болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний үед болон нотлох баримтаар тогтоогдохгүй байна.   

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг үндэслэн “М Си Эс пропертийз” ХХК-д 1897 м.кв газрын эрхийн гэрчилгээг шилжүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгож, гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасантай нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шинжээчийн нарын зардлыг нэхэмжлэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тунгалаг, О.Батмаа, П.Идэртогтох, Н.Батчулуун нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тунгалаг, О.Батмаа, П.Идэртогтох, Н.Батчулуун нараас шинжээчийн зардал болох нийт 1,572,225 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,062,225 төгрөгийг шинжээч Ч.Энхчимэг, Т.Ганбат, Н.Ганчимэг нарт, 510,000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн 452486244 тоот дансанд тус тус тушаасугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ