Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0689

 

 “С ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

        захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “С ц ө” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Б.С нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан ““С ц ө” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ … Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага захиргааны актын талаар үндэслэлгүй дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Тодруулбал:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, захиргааны акт түүний үндэслэлийн талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэхдээ “... “С ц ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож ... шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгосноос үзэхэд 3асаг даргад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт болон дээрх хуулийн заалтуудаар иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах эрх нь байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй. ... Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул уг акт нь маргаан бүхий захиргааны актад хамаарна.” гэсэн дүгнэлт хийснээс өөр дүгнэлт хийгээгүй бөгөөд ийнхүү дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Засаг дарга захиргааны акт гаргахдаа шийдвэрлэж буй асуудлаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэж маш тодорхой заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, ... -ийн засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.” гэж заасан бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.8-д заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон тохиолдолд энэ тухай шийдвэр гаргаж газар эзэмших эрхийг дуусгавар болгох учиртай.

Манай компани нь дээрх хуулийн заалтуудад дурдагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил гаргаагүй, ийм үндэслэл бүрдээгүй байхад засаг дарга ийнхүү “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд газар эзэмшигч /хуулийн этгээд/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм.

Гэтэл шүүх зөвхөн “… Засаг даргад иргэн хуулийн этгээдийн эрхэд халдах эрхийг олгосон заалт хуульд байна, энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буруу хэрэглэсэн..” гэж захиргааны байгууллагын гаргасан актыг зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нь Засаг даргад иргэн, хуулийн этгээдийн эрхэнд халдах эрх хуулийн заалтад байгаа бол захиргааны акт зөв гэх агуулгатай дүгнэлтийг хийж байгааг буруу буюу үндэслэлгүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм.

2. Захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой бөгөөд хуульд заасан журам хэрхэн хэрэгжсэн, захиргааны акт гаргах болсон үндэслэл, түүнийг нотлох эх сурвалж болсон бичгийн нотлох баримтаар иргэн, хуулийн этгээдийн эрхэнд халдах үндэслэл бүрдсэн байсан эсэх зэрэг асуудлын талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хууль буруу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Төсөл сонгон шалгаруулалтаар олж авсан газар эзэмших эрхийг Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэж, хариуцагч нь “... нэхэмжлэгчид анхнаасаа зориулалтын бус газарт, барилга барихад шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөл дутуу байхад төсөл сонгон шалгаруулалтын журам зөрчиж газар эзэмшүүлсэн, мөн бусдын газартай давхцуулж эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 61.1-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ...” гэж тус тус маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид анх газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх, бусдын эзэмшиж байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн эсэхтэй холбоотой баримтыг цуглуулж, маргаан бүхий актын агуулга буюу гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлээр халдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 47.3, Газрын тухай хуулийн 61.1-д зааснаас үзэхэд Засаг даргад Газрын тухай хуулийн 40.1 дэх заалт болон дээрх хуулийн заалтуудаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд халдах эрх нь байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэл байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй” гэж хийсвэр дүгнэлт хийж, уг хуулийн заалтыг буруу хэрэглэжээ. 

Засаг даргад Газрын тухай хуулийн 40.1, 61.1-д зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох бүрэн эрхийг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт болно” гэж заасанд хамаарахгүй. 

Учир нь захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий акт гаргах бүрэн эрхийг хуулиар олгосон нь тодорхой бөгөөд гагцхүү иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн уг актыг гаргах “хуульд заасан үндэслэл” байсан эсэхийг шүүх тогтоосны үндсэн дээр уг хуулийг хэрэглэж тухайн актыг илт хууль бус гэж үзнэ.

Гэтэл энэ талаар шалгаж тогтоогоогүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Харин хэрэгт захиргааны актын үндэслэл, нэхэмжлэгч хариуцагчийн маргаж байгаа асуудал буюу хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байсан эсэхтэй холбоотой дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэж нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно. 

 

ШҮҮГЧ                    Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                    С.МӨНХЖАРГАЛ