Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00932

 

Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/0381 дүгээр шийдвэр,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

Д.Нарантуяагийн  нэхэмжлэлтэй

И.Отгоннямд холбогдох

Гүйцэтгээгүй үүргийн дүн 3 672 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй

2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Отгонням нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Хюнда Аванти” маркийн 42-66 ОРХ улсын дугаартай машиныг 2 700 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Машинаа авчраад мөнгөө өгөлгүй тул утсаар залгаж асуух болон уулзахад “өгнө” гэдэг ч нэг ч төгрөг өгөөгүй. Машины үндсэн мөнгө 2 700 000 төгрөг, 2 сарын хүү 648 000 төгрөг, нийт 3 348 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. И.Отгонням нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүү О.Адъяасүрэнд танай машиныг худалдан авч өгөх хүсэлтэй байна. Хүү бид хоёр танай машиныг үзлээ гэсний дагуу би түүнд машинаа зарах болсон. Уг нь надад машинаа зарах бодол байгаагүй ч хүн сонирхоод ирж байгаа учраас зарвал зарчихъя гээд зөвшөөрсөн. Машиныг авна гээд авч явахдаа “барилгын ажил хийгээд дуусч байгаа хөлс төлбөр нь орж ирнэ, тэгээд мөнгийг чинь өгье” гэсэн. Миний хүү Б.Гарьдын танил хүмүүс гэхээр нь итгээд машинаа өгөөд явуулсан. “Мөнгө төгрөг өгөх яасан бэ” гээд утасдахаар “удахгүй өгнө, 10 хоног өгөөч” гэх болсон. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “ерөөсөө больё машинаа буцааж авъя” гэхэд “дахин 10 хоног өгөөч, би одоо ёстой удаахгүй” гээд машин өгөөгүй, өөрийн гараар И.Отгонням нь гэрээ байгуулж байна гээд “мөнгө өгнө” гэсэн бичиг хийж өгсөн. Ингээд уг хугацаа дуусаад байж байтал Замын цагдаагийн тасгаас таны машиныг О.Адъяасүрэн гэж хүн унаж яваад осол гаргасан гээд очтол машиныг авах юмгүй болгосон байсан. Гэтэл И.Отгонням “Та нар битгий санаа зов. Худалдан авсан гэсэн бичгээ нотариат орж хийлгэе бид мөнгөө удахгүй өгнө, санаа зоволтгүй 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгье. Одоо энэ нөхрөөсөө болж төлбөр тооцоо гаргачихлаа, манай буруу” гэсэн учраас мөнгө өгөхийг нь хүлээсэн. Гэтэл огт юу ч өгөхгүй алга болсон тул шүүхэд хандсан. Би түүний эвдэж сүйтгэсэн машиныг буцааж авахгүй, гэрээ хүчин төгөлдөр. Машин худалдах-худалдан авахаар тохирсон 2 700 000 төгрөг, алданги 972 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Нарантуяа нь уг машинаараа миний хүү О.Адъяасүрэнг жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж машинаар бариулж, таксидуулж хажууд нь өөрөө сууж мөнгийг нь хурааж явдаг байсан. Тэгээд уг машинаа ав гэж хүүд өгсөн байсан. Хүүд машинаа өгөхдөө үнэ мөнгө огт яриагүй өгсөн байсан. Тэгээд хүү маань өөрөө машин унах сонирхолтой байсныг нь ашиглаад машинаа өгсөн байхаар нь жолооны үнэмлэхгүй байж машин унах гэлээ гэж уурлаж уг машиныг бариулаагүй. Одоо болтол уг машин нь хашаанд хэн ч барихгүй байж л байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь биднийг анхнаасаа хууран мэхэлж унагаж янзалсан машинаа бидэнд өгч энэ доголдлын талаар биднээс нуусан байсан. Иймд машиныг худалдан авахаас татгалзаж машиныг нь буцаан өгөх саналтай байна. Машин худалдах-худалдан авах гэрээг хийхдээ хүртэл үнэ мөнгө нь хамаагүй та нарын нэр дээр машиныг гэрчилгээг шилжүүлж өгөхөд зайлшгүй гэрээ хийдэг юм гэж итгүүлж гэрээг хийсэн тул машиныг худалдан авахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Нарантуяа нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Яах гэж байгаа талаар асуутал нөгөө О.Адъяасүрэнд өгсөн машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэхээр нь очтол энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд шууд зуруулсан. Гарч ирээд үзтэл 2 700 000 төгрөгөөр машин худалдсан гэсэн гэрээ байсан. Бид 2 ерөөсөө мөнгө төгрөг дэр тохирч ярьсан юм байхгүй ингээд дураараа үнэ тавьчхаж болж байгаа юм уу гэтэл тэр хамаагүй одоо энүүгээрээ машинаа өөрийн нэр дээр болгож авахад л хэрэгтэй гэсэн. Ийм юм болоод өнгөрсөн. Гэтэл удаа ч үгүй шүүхээс дуудаад очтол энэ гэрээгээр надаас машины мөнгө нэхсэн байна. Уг гэрээгээр Д.Нарантуяа нь надад унагаж засварласан хэн ч тоож авахгүй зарагдахгүй байсан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр И.Отгоннямтай гэрээ хийсэн нь үнэн. Гэтэл И.Отгонням нь машинаа өөрийн нэр дээр болгож авна гэсний дагуу нотариатаар батлуулсан. И.Отгонням нь 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөгийг өгнө гэж уулзах болгонд хэлдэг. 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр яг өгч дуусгана гэж бичээд гарын үсэг зурсан. Би И.Отгоннямд унагаж хэмхэрсэн машин өгөөгүй, бүрэн бүтэн явж байсан машин хүлээлгэж өгсөн нь үнэн. Машиныг өгснөөс хойш удаа дараа утсаар ярихад хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг өгнө гээд алга болсон ба ярихаар утсаа аваад Улаанбаатарт байна удахгүй өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа байгаад сураггүй болсны эцэст би шүүхэд өргөдөл өгсөн. Машин авснаас хойш бүтэн 6 сар болсны дараа машинтай мөргөлдүүлчхээд буцаана гэдэг нь хүн чанаргүй үйлдэл. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/0381 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч И.Отгоннямаас 3 672 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч И.Отгоннямын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 120 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоннямаас 73 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/0381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Би энэ хэргийн хариуцагч биш талаар тайлбарласаар байтал үүнд үнэлэлт өгсөнгүй. Маргаан бүхий 42-66 ОРХ улсын дугаартай “Хюнда Аванти” машиныг би худалдаж авахаар Д.Нарантуяад огт ярьж байгаагүй, надад тийм хүсэл сонирхол ч байгаагүй. Харин миний хүү О.Адъяасүрэнгээр Д.Нарантуяагийн нөхөр машинаа бариулж, таксинд явуулж мөнгийг нь хурааж авдаг байсан бөгөөд “чи худалдаж авбал ав” гээд түүнд өгч явуулсан байсан. Би энэ үед Улаанбаатар хотод байсан. Хүү маань уг машиныг гэр лүүгээ авч явж байх замд нь копуд нь сөхөгдөж урд салхины шилийг нь хагалсан тул тэр чигт нь хашаанд барилгүй хашаандаа тавьсан байсан. Өөрөө жолооны үнэмлэхгүй тул хүү тэр машиныг унаж хэрэглэх ямар ч боломжгүй, одоо ч тэр хэвээрээ зогсож байгаа. 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д.Нарантуяа надруу ярьж “Чи машиныг албан ёсоор нэр дээрээ болгож ав, чиний нэр дээр шилжүүлье нотариат дээр хүрээд ир” гэж дуудаад очтол шууд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Гарч ирээд “Юун 2 700 000 төгрөг вэ. Би ийм гэрээ гэж бодоогүй” гэтэл “Энэ хамаагүй. Ийм гэрээгүй бол машин та нарын нэр дээр шилждэггүй юм” гэж хэлэхээр нь тийм юм байх гэж бодсон. Гэтэл шүүх дээр намайг уг гэрээгээр дуудсан. Би уг гэрээг байгуулах болон машины үнийн талаар түүнтэй огт яриагүй байхад ийм гэрээ өөрийнхөө санаачилгаар байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Уг машиныг худалдаж авах хүсэл сонирхол манай хүүд байсан болохоос надад байгаагүй тул би энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Нарантуяа нь бидэнд доголдолтой машинаа худалдсан. Уг машин нь унаж онхолдсон бүтэн замасканд орсон машин болохыг бид уг машиныг зарж үнийг нь өгөхөөр зах дээр тавьтал ирж үзсэн хүн болгон “наад машин чинь яагаад ч 2 700 000 төгрөг хүрэхгүй, 500 000 төгрөгт л авбал авна” гэж хэлсэн. Д.Нарантуяа нь бидэнд ямар ч доголдолгүй, чанарын шаардлага хангасан эд зүйл зарах байтал зориуд чанаргүй шаардлага хангаагүй гэдгийг нууж зориуд өндөр үнээр зарсан. Иргэний хуулийн 253, 254 дүгээр зүйлийг хэрэглэх байтал шүүх хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Нөгөө талаар Д.Нарантуяа нь өөрийнхөө худалдсан машинаа чанарын шаардлага хангасан машин гэдгээ нотлоогүй. Манайх буюу хариуцагч тал тайлбараа нотолж гэрчийн мэдүүлэг хүртэл авахуулсаар байтал шүүх анхаарч үзэлгүй гаргасан шийдвэр, магадлалыг хянаж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч И.Отгоннямаас 3 672 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн машин худалдах-худалдан авах гэрээгээр үндэслэж, тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, доголдолтой машинаа нууж хууран мэхэлж зарсан, миний хүү О.Адъяасүрэнг машин унах сонирхолтойг ашиглаад машинаа өгсөн байсан, гэрээнд надаар гарын үсэг зуруулсан, би машины үнийг тохироогүй, машиныг буцаах саналтай гэх үндэслэл дурджээ.

Хоёр шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Гэрээний зүйл болох машиныг урьд нь осолд оруулж, засварт оруулснаа хэлээгүй нуун дарагдуулсан, машин эвдэрхий учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээс үзэхэд хариуцагч нь машиныг доголдолтой учраас гэрээнээс татгалзсан эсвэл хэлцэл хийхдээ уг байдлыг нуун дарагдуулсан учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын алиныг гаргасныг тодруулах нь зүйтэй байна. Хариуцагч, түүний өмгөөлөгч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон атлаа гэрээнээс татгалзах агуулгатай үндэслэл гаргасан нь зөрчилтэй байжээ. Шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг хэрэглээгүй талаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаснаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж чадаагүй, гэрээнээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах аль шаардлагыг гаргаж буйгаа ч хариуцагч ойлгоогүй гэж үзэхээр байна. /хх- 49, 50, 74,104, 109, 140, 141/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр “...энэ машиныг урьд нь унагааж байсан байна. Тийм учраас хариуцагч худалдан авахаас татгалзаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шинжээч томилж өгнө үү. “Хюнда Аванти” маркийн машиныг худалдаж авахаас өмнө унагааж, эд анги нь гэмтэж байсан эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Доголдолтой машин худалдсан эсэхийг тодруулсны дараа хэргийг хэлэлцэж өгнө үү. Машиныг баруун талаараа шүргэсэн асуудал байдаг, тэрнийг бол засаж янзалж өгнө гэсэн” хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээч томилохдоо асуултаа буруу тавьснаас гадна Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ.

Шинжээч уг машинд ямар эвдрэл гэмтэл байгааг тогтоохоос хэзээ эвдрэл гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс машины ямар эд анги нь эвдрэлтэй, эд анги залгасан эсэх, өнгийг нь өөрчилсөн эсэх, улмаар доголдлыг тогтоолгох зорилго байгааг анхаарч, шүүх шинжээчид тавих асуултаа зөв тодорхойлох ёстой байжээ. Түүнээс гадна шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2., 15 дугаар зүйлийн 15.1.4., 17 дугаар зүйлийн 17.1., 17.4.-т заасныг зөрчсөн, шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан шаардлагад нийцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Б.Мөнх-Эрдэнэ “ “Хюнда Аванти” маркийн ОРХ 42-66 машин өмнө нь 2012 онд ягаан өнгөтэй байсан, уг машин араасаа мөргөлдөөд унасан байсан. Гуя залгаж янзалсан, сүүлд ийм ногоон өнгөтэй болсон..” гэж мэдүүлснээс үзэхэд шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг бүрдүүлэх журам зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч И.Отгоннямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/0381 дүгээр шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 73 120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА