Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 343

 

М.С, Ж.Н нарын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:   Л.Атарцэцэг      

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг   

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа 

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0260 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Ц,

Гуравдагч этгээд: Ш.Л, З.М

Гуравдагч этгээд Г.М, З.М нарын өмгөөлөгч Ц.Д, гуравдагч этгээд Ш.Л, Б.С нарын өмгөөлөгч Г.Ж нар,

Гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Г.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 12,13 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч М.С, Ж.Н нараас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0260 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Г.М-ын гомдол: “...Шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэхдээ, “нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд бүрэн дүгнэлт өгөөгүй”-гээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй хэмээн дүгнэж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Ингэж дүгнэсэн үндэслэл нь:

4. Нэхэмжлэгч ... зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар ...нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр, одоогийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гээд үүнийгээ 2001 оны 11 сард З.М-аас Г.М шилжүүлэхэд бүртгэл болон гэрчилгээ хүчингүй болсон байхад дахин тус бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгохоор шаардсан байна гэж дүгнэсэн. Захиргааны маргааныг шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч дэмжиж, нотолж мэтгэлцэх үүрэгтэй оролцдог. Тухайн хэргийн нэхэмжлэлд дурдсанаар, хариуцагч түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг. Гэтэл, давж заалдах шатны шүүх улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэхэд бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн хоёр эрх зүйн үр дагавар үүсдэгийг, цаашид өмчлөх эрхийг шилжүүлэхэд өмчлөх эрхийг гэрчлэх гэрчилгээ нь хүчингүй болохыг зохицуулсан эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг бүртгэх бүртгэлийн хуулийн зохицуулалттай зөрчилдсөн дүгнэлт хийн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зайлшгүй анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар засч залруулах алдаа гарсан гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Эд хөрөнгийг бүртгэлийн үндсэн суурь ойлголтыг шүүх буруу тайлбарлаж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

5. Захиргааны шүүхэд хандахад хөөн хэлэлцэх хугацаа чухал үүрэгтэй. Иргэн З.Мөнхтуяагийн бүртгэл Ж.Н, М.С нарын эрх ашгийг хөндсөн нөхцөлд, 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Эрх ашиг хөндөгдсэн байж, хугацааны асуудал гарч ирнэ. Үүнийг давж заалдах шатны шүүх ч бүрэн дүгнэлт хийж чадаагүй.

6. Иймээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Н.Ж-ын гомдол: “...нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хурал эхлэх үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр дээрх шаардлагаа дэмжсэн учир шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй...” заасны дагуу нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх “... 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг бөгөөд харин тэрхүү зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй боловч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр, одоогийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна ...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

10. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлийг өөрийн санаачлагаар тодруулах, өөрчлөх эрх зүйн орчин байхгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яг ямар журам зөрчсөн учраас буцааж байгаа талаар магадлалдаа дурдалгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа миний үйлчлүүлэгч нар болох Ш.Л, Б.С нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

11. Учир нь С.С нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн бүртгэлийн Улсын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Ш.Л нь маргаан бүхий объектын 561.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 471.0 мкв талбайтай хурлын заал буюу кино театрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 526.2 м.кв талбайтай спорт заалны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 209.8 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн Б.С нь 563 м.кв талбайтай оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу шударгаар олж авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдоно.

12. Нэгэнт давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг удирдлага болгож байгаа бол мөн хуулийн 121.3 аль хэсэгт заасан алдааг анхан шатны шүүх гаргасан талаар үндэслэл бүхий тайлбар дүгнэлтийг хийх ёстой гэвч давж заалдах шатны зөвхөн хуулийн 121.3.3, 121.3.7 гэсэн заалтуудыг дурдсанаас өөр тодорхой дүгнэлтийг хийсэнгүй энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

13. Давж заалдах шатны шүүхээс “...хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.М, Г.М, Ш.Л, Б.С нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч Соёлын төвийн цогцолборын одоогийн хүчин төгөлдөр бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй, иймд З.М, Г.М нарт холбогдох хүчингүй болсон бүртгэлийг дахин хүчингүй болгох боломж хууль зүйн хувьд байгаа эсэх, магадгүй хүчингүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэж, улмаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх сэргэх үр дагаварт хүргэх эсэх нь тодорхойгүй байна...” дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

14. Мөн давж заалдах шатны шүүх “...Соёлын төвийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх Ж.Н, М.С нарт байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ...” хэмээн дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзнэ.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах вэ гэдэг асуудал нэн чухал болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль маш тодорхой зохицуулсан байна.

17. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, бүртгэлийг хүчингүй болгосны улмаас тэдний эрх, хууль ёсны сэргэх, хамгаалагдах эсэх асуудал маш чухал юм.

18. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар ч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

19. Иймд, энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0260 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 114/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            21. Дархан-Уул аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар (хуучин нэрээр) 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт, “2331.4 м.кв талбайтай Соёлын төвийн дуусаагүй барилга”-ын өмчлөгчөөр иргэн З.М-г эрхийн улсын бүртгэлийн 2003006819 дугаарт бүртгэж, 0036830 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Г.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг мөн газар эрхийн улсын бүртгэлийн 2003006819/Б дугаарт бүртгэж, 0049178 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Г.М-д олгосон, нэхэмжлэгч М.С, Ж.Н нараас дээрх бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “... бид 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... /маргаан бүхий/ барилгыг худалдан авсан. ... З.М, Б.М нарын хуурамчаар үйлдсэн бичиг баримт, мөн ямар нэг бичиг баримтгүйгээр тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчин өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсны улмаас бидний хууль ёсны дагуу худалдан авсан өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, захиран зарцуулах эрх зөрчигдсөн” гэжээ.

            22. Анхан шатны шүүх, “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй” талаар зөв дүгнэлт хийж, “... /маргаан бүхий захиргааны актын/ улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй” гэж тодорхой дүгнэсэн байхад захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  “... нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэх үндэслэл дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.

            23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “... захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг /шүүх/ хүчингүй болгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нэхэмжлэгч М.С, Ж.Н нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь 2001 онд үйлдэгдсэн улсын бүртгэл (захиргааны акт)-ийн улмаас “зөрчигдсөн” гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийжээ.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар, 55 дугаар зүйлийн 55.1-д “шүүгч /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/ үндэслэл байхгүй гэж үзвэл ... хэрэг үүсгэх тухай захирамж гаргах”-аар заасныг үндэслэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар захирамжаар “...Ж.Н, М.С нарын нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ... /гаргасан/ нэхэмжлэлд” захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэснээс үзэхэд, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд” гэж үзсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... /хэрэг үүсгэсэн/ шүүгчийн захирамж...-д гомдол гаргах эрхгүй” гэж заасны дагуу уг захирамж хүчин төгөлдөр байна.

25. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлно, нэхэмжлэгч М.С, Ж.Н нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцжээ.

26. Иймд, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэл зааж, “Соёлын төвийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх Ж.Н, М.С нарт байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай”, “... Соёлын төвийн цогцолборын одоогийн хүчин төгөлдөр бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй, иймд З.М, Г.М нарт холбогдох хүчингүй болсон бүртгэлийг дахин хүчингүй болгох боломж хууль зүйн хувьд байгаа эсэх, магадгүй хүчингүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэр бодитой биелэгдэж улмаар нэхэмжлэгч нарын эрх сэргэх үр дагаварт хүргэх эсэх нь тодорхойгүй” гэх дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзлээ.

27. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд, анх Дархан хотын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 82 дугаар тогтоолын дагуу маргаан бүхий барилгыг “Тэмүүлэн” ББХ компанийн эзэн З.М “дуудлагын худалдаагаар үнэ хаялцуулан худалдан авсан”-ы дагуу Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос Эд хөрөнгө эзэмших эрхийн 184 дугаартай гэрчилгээг 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр З.М-д бичиж олгосон, 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг барилгын өмчлөгчөөр иргэн З.Мөнхтуяа (З.Мөнхбатын төрсөн дүү)-г эрхийн улсын бүртгэлийн 2003006819 дугаарт бүртгэж, 0036830 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Г.М (З.М-ийн нөхөр)-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг мөн газар эрхийн улсын бүртгэлийн 2003006819/Б дугаарт бүртгэж, 0049178 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Г.М-д тус тус олгосон, уг бүртгэлүүдийн талаар тухайн үед З.М шүүхэд маргаж байгаагүй байна.

28. З.М 2005 онд нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон Ц.Н, З.Т, З.Ш-О, З.М (З.М-ын эхнэр, хүүхдүүд) нараас З.М, Г.М нарт холбогдуулан, Г.М-аас Ц.Н нарт холбогдуулан уг барилгын өмчлөх эрхийн асуудлаар иргэний хэргийн шүүхэд тус тусдаа нэхэмжлэл гаргаж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Н нас барсан, нэхэмжлэгч З.Т, З.Ш-О, З.М нар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар, мөн нэхэмжлэгч Г.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр шүүгчийн захирамжаар тус тус “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

29. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “хууль ёсны эсэх” талаар “анхны өмчлөгч” З.М тухайн үед маргаагүй, түүний хууль ёсны өв залгамжлагч З.Т, З.Ш-О, З.М нараас мөн маргаагүй байхад 2008 онд уг барилгыг худалдан авах талаар хэлцэл хийсэн М.С, Ж.Н нарын шаардлагаар 2001 онд хийгдсэн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

30. Иймд, нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “... 2001 онд улсын бүртгэлийн байгууллагад гаргасан З.М-ийн мэдүүлгийн маягтууд хуурамч..., 2001 онд батлагдаагүй байсан хуулиар тухайн үед ашигладаггүй байсан маягтыг хэрэглэн ... өмч хөрөнгө олж авч хоорондоо бэлэглэсэн байх боломжгүй”, “... З.М тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн олж авсан үндэслэл тодорхойгүй, холбогдох шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй, үл хөдлөх хөрөнгө олж авсан талаараа баримт хавсаргаагүй ... байхад ... /2001 онд өмчлөх эрхийг бүртгэсэн нь хууль бус/” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. 

31. Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээд Ш.Л, Б.С нарын өмгөөлөгч Г.Ж нараас хяналтын журмаар гаргасан “ ... давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг хэрхэн зөрчсөн талаар магадлалдаа дурдаагүй” гэх гомдол үндэслэлтэй, гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0260 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Л, Г.М нараас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА