Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 172

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Золбоо

                                Улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

                                Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Н.Н

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Н.Н нь Дорноговь аймгийн Иххэт сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.3, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Т намайг амбаартаа байж байхад ирээд хөдөө явах гэсэн юм хүргээд өгчих гээд гуйж ирсэн . Би зөвшөөрөөд аваад явсан. Бид 2 уурхайн замаар явж байсан. Тунгаа янз янзын юм

 

яриад л явж байсан миний санаанд ч ороогүй. Тэгээд хойшоо чигээрээ явж байтал замыг сэтлээд ухчихсан байсан. Тэгж ухсаныг нь би мэдээгүй юм. Юм ярьж явж байгаад гэнэт урагшаа хартал нүх тулаад ороод ирсэн. Тулаад ирэхээр нь тормос гишгэсэн. Тормос гишгэхэд арын хүн хөлөө тавьж, миний урд дээгүүр давсан. Би өөрөө нүхэн дотор мотоциклтойгоо унасан. Айхтар гүнзгий ч нүх биш тэгэхдээ нүхэн дотор унасан. Тэр хүн над дээгүүр даваад, нүхэн дээгүүр бас даваад явчихсан.. Тэгээд  20 гаруй километр орчим явж Зүлэгтийн эмнэлэгт шууд ирсэн. Эмнэлэгт хөлөөрөө явж орсон. Осол болсон газраас мотоцикльд суухдаа ч өөрөө суусан. Би өргөж тавьсан юм байхгүй.Тиймээс би нуруу нь гэмтээгүй байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Ч.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Боролзой мотоцикль жолоодож явсан. Тэгээд сумын төвөөс зүүн хойд зүгт 20 орчим км зайд байдаг Хөшөөтийн нүүрсний уурхайн хойд талд замаар явж байгаад гэнэт замаас гарсан. Би яагаад замаас гарсан талаар мэдэхгүй байна. Гуу, жалга таарах шиг болоод мотоцикль онхолдож Боролзой бид хоёр унасан... Миний бие осолд орсоноос хойш хэвтрийн болсон. Цаашид  гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг,

  

Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байхад 19 цагийн орчим дүү Б утсаар залгаж, ээж мотоцикльтой явж байгаад унасан бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 9 цагийн орчим Иххэт сумын Эрүүл мэндийн төвд ирэхэд манай ээж Т тус эмнэлэгт биеийн байдал муу хэвтэж байсан юм....мөн Боролзойгоос юу болсон талаар асуухад...би өөрөө мотоцикль жолоодож явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

 

           Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Дорноговь аймгийн Иххэт сумын эрүүл мэндийн төвийн №195 дугаартай өвчний түүх, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4313 дугаартай өвчний түүх, ГССҮТ-ийн №11401 дугаартай өвчний түүхээс үзэхэд Ч.Тийн биед сээрний 9 дүгээр нугаламын шахагдсан хугарал, өвчүүний хугарал, баруун 3 дугаар хавирганы хугарал, зүүн гайморовын хөндийн урд хана, гадна доод хана, арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, хамар ясны суурь хэсэг, зүүн нүдний ухархайн дотор хана дайрсан хугарал, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, зүүн хөмсөг, хамар, уруулын шарх, тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, шанаа, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 349 дугаартай дүгнэлт,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/,

            Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 15-16/

Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46, 52-53, 57/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 49, 56/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 139/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Н нь Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн  2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

 

в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх,хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,  9 дүгээр бүлгийн 9.1 ”жолооч хөдөлгөөний эрчим...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Ч.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын ... тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицууулагч Б.Бийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн ...тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.           

 

Шүүгдэгч Н.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Н.Нд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч Н.Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н нь хохирогч Ч.Тт  Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 340 тоот дүгнэлтэнд дурдсан гэмтлийг учруулсан болох нь шүүгдэгч Н.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогч Тийг осол болсон газраас Зүлэгтийн эмнэлэгт шууд хүргэж өгсөн...”гэсэн мэдүүлэг, Иххэт сумын Эрүүл мэндийн төвийн 165 тоот өвчтний түүх, Гэмтэл согог судлал Үндэсний төвийн 11401 тоот өвчтний түүх, Цээжний хөндийн компьютер томогарфийн шинжилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Тийн биед хүндэвтэр хохирол учирч дараах гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байна.

           

            Хавтаст хэргийн 102-120 дугаар талд шатахууны төлбөр 132600 төгрөг, Монос эмийн сангаас эм авсан 67073 төгрөг, цээж нурууны зураг авахуулсан 390000 төгрөг,хөтөвч авсан 10000 төгрөг,  замын зардал 169400 төгрөг нийт 769073 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй.

 

            Хавтаст хэргийн 16 дугаар талд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улаан өнгийн мотоцикль битүүмжлэгдсэн ба шүүгдэгч Н.Н нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй  тул хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т

 

заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь  шүүгдэгч Н.Нд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Нг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Нгээс 769073 төгрөг гаргуулан хохирогч Ч.Тт олгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг /одоо Иххэт сумын хэсгийн төлөөлөгч а/д Г.Бий хадгалалт хамгаалалтанд байгаа/ хохирогч Ч.Тт учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН