Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/773

 

                  

М.О, Б.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

яллагдагч /хохирогч М.О, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

яллагдагч Б.Б,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1037 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.О, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2210000000210 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Б, 

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

- Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

2.  М.О,

Яллагдагч Б.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, 10 дугаар байрны 5 тоотод гэртээ хохирогч М.Оийг үл ялих зүйлээр шалтаглан, түлхэн унагааж, гараараа цохиж зодон биед нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч М.О нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, 10 дугаар байрны 5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.ц“нөхөртэйгөө хардлаа” гэх шалтгаанаар муудалцаж улмаар түүнийг үсдэж, цохиж, зодон хазаж биед нь бугалга, шуу, тохой, сарвуу, шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: Яллагдагч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч М.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Энэ хэргийн гэрч Л.Гэрэлмаа нь өөрийн найз хохирогч М.От “манай дүү Л.ц чамайг нөхөр Б.Бтайгаа хардаад байна. Чи манай дүү Л.цтэй уулзаж учраа ололц” хэмээн Б.Бын гэрт М.Оийг дагуулж очсон байна. Улмаар Л.ц М.О нарын дунд маргаан үүсэж харилцан үсдэлцэж зодолдсон ба Л.цгийн нөхөр Б.Буг зодоонд оролцсоны улмаас М.Оийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Хохирогч М.Оийн биед учирсан дээрх олон тооны шарх, гэмтлийг Б.Бганцаараа учруулсан эсэх, түүний эхнэр Л.цгийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатай. Яллагдагч Б.Бнь хэдийгээр шинжээч томилсон тогтоолд “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн боловч хэргийн 18 дугаар талын ар, мөн 63-68 дугаар талд “Очир анагаагч” эмнэлэгт үзүүлсэн баримт, бэлэг эрхтэнд учирсан гэмтэл түүнтэй холбоотой гэрэл зураг бүхий баримт авагджээ. Иймд Б.Бын биед гэмтэл учирсан эсэхийг нэг мөр шалгаж тогтоовол зохино. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар яллагдагч Б.Бнь урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан талаар тэмдэглэгджээ. /хх 53/ Гэтэл хэрэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоос өөр баримт авагдаагүй байна. Иймд яллагдагч Б.Бын хувийн байдалтай холбоотой ялангуяа урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт бүрэн хийх нь зүйтэй. Иймд яллагдагч М.О, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2210000000210 дугаартай хэргийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.цгийн “... Б.Бэнэ хүнийг надаас салгаач гээд маш хүчтэй орилж байхаар нь би тэр хоёрыг салгахаар М.Оийн цамцнаас нь татахад М.О чи яаж байна гээд миний үснээс зулгаагаад доош нь дарахаар нь би толгойноос нь түлхэхэд миний зүүн гарын эрхий хурууг хазсан бөгөөд миний үснээс зулгаасан чигээрээ газар чирээд байхаар нь би зөрүүлээд М.Оийн үснээс нь зулгааж бид хоёр харилцан бие биенийхээ үснээс зулгаасан бөгөөд тухайн үед би М.От хандан “үснээс зулгаахаа боль, хүүхэд айлгалаа” гэж хэлэхэд миний үснээс зулгаахаа больсон тул би жижиг өрөөндөө ороод, буцаад гараад ирэхэд Б.Бнь М.Оийг гэрээс гаргах гэтэл М.О би цүнх, хувцсаа авъя гээд манай гэрээс гаралгүй гал тогооны өрөөнд ороод ваартай цэцэг аваад шидсэн...” гэх, гэрч Гэрэлмаагийн “...Л.цгийн гэрт ороод бид гурав пиво уугаад дуусч байхад 21 цагийн орчимд гаднаас Б.Бгэртээ орж ирээд гал тогоонд хоол хийж байсан. Тухайн үед би уусан пивондоо согтсон байсан. Нэг мэдэхэд М.О нь Бишүүгарамын бэлэг эрхтэнгээс баруун гараараа базсан харин Б.Бнь энийг аваачээ гээд орилж байхад нь Л.ц очиж салгаад М.Отэй үсдэлцэж байсан. Бишүүгарамын бэлэг эрхтэнгээс нь М.О зуурч байхад тавиулах гэж нэг биш удаа түлхэж унагасан, толгой руу нь 3-4 удаа гараа атгаж байгаад цохиж байсан. Б.Борилж байхад нь Л.ц очиж салгаж байсан бөгөөд Л.ц М.О хоёр бие биенийхээ үснээс харилцан зулгаалцаж байсан. Нэг мэдэхэд манай найз М.О миний дүү хоёр үсдэлцээд унасан.” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2095 дугаартай “...Б.М.Оийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, хоёр зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, зовхинд зулгаралт, завжны цус хуралт зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр Б.Бнь хохирогч М.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна. Хэргийн үйл баримтаар Б.Бнь хохирогч М.О Л.ц нарыг үсдэлцэхэд очиж салгах явцад хохирогч М.О нь бэлэг эрхтнээс нь базаж зулгаасан үйл баримт болжээ. Өөрөөр хэлбэл Л.ц, Б.Бнар бүлэглэж хохирогч М.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдоогүй ба тухайн цаг хугацаанд болсон үйл баримтаар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн болох нь тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Бнь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгөхөөс гадна шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж гарын үсэг зурсан нь уг үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсч байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1037 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч М.Оийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн өдөр болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн харилцан зодоон хэнээс, юунаас болж гарсныг нарийвчлан тогтоогоогүй. Мөн Л.цд зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч М.От учруулсан хүндэвтэр гэмтэл буюу нурууны сэртэн ясны хугарал зэргийг яллагдагч Б.Бсандлаар цохисон. Тухайн үед Л.ц, М.О нар ноцолдоод, зодолдоод байж байхад Б.Бдундуур орж зодолдсон. Тухайн зодоон Л.ц, Б.Бнарын хоорондын маргаанаас үүссэн гэж гэрчүүд мэдүүлдэг. Оролцогчдын мэдүүлэг эрс зөрүүтэй байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайн үед миний эмзэг эрхтнийг гэмтээсэн учраас би М.От гэмтэл учруулсан нь үнэн. Энэ хэрэг ийм нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй.” гэв.

 

 

Яллагдагч М.О тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Одонтуяагийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1037 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1037 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ