Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 109/ШШ2024/0007

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О

            Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /цахим/, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.М,  гэрч Т.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн О.О Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хооронд “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.О миний бие 2014 онд иргэн Э.З-с Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг Халуун ус нэртэй газарт 10000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд тус сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 тоот захирамжийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ********* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон газар эзэмших эрхтэй болж, газраа өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу эзэмших ашигласаар ирсэн билээ.

Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар надад газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн А/10 тоот захирамжийг хүчингүй болгосон болохыг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр тус сумын газрын даамал фэйсбүүк чатаар мэдэгдэж, уг захирамжийн хуулбарыг зурган хэлбэрээр явуулсныг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Архангай аймгийн Засаг даргад хандан 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 668 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд уг асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар дурдсан тул нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий захирамжид надад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ “хуурамч бичиг баримт үйлдэж, газар эзэмшүүлсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдож тогтоогдсон” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй, үндэслэлгүй байна. Учир нь, миний бие уг газрыг бусдаас албан ёсны гэрээ байгуулан худалдаж авсан, гэрээг үндэслэн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг надад олгосон ба энэ байдлыг анхнаасаа хуурамч баримтаар газар эзэмших эрх олж авсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.

Анх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Э.З-тай байгуулахад иргэн Э.З-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан, уг гэрчилгээг үндэслэн нотариатын үйлдлээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг баталж байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжинд бичсэн эрүүгийн хэрэг гэдэг нь иргэн надад огт хамаагүй бөгөөд ямар нэгэн шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоодог байтал сумын Засаг дарга түүнийг тогтоолгүйгээр надад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй газар эзэмшигч чиний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл тул гомдолтой байна. Уг асуудлаар өмнө нь 2022 оны 2 дугаар сарын А/15 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг захирамжаа буруу болохыг хүлээн зөвшөөрч өөрөө хүчингүй болгож байсан. Гэтэл 1 жил гаруйн хугацааны дараа дахин миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхэд халдсан үйлдэл болсон. Миний бие уг газарт хашаа барьж, тог татаж, худаг гаргуулан, нойлын асуудлыг байгальд ээлтэй, эко технологиор шийдвэрлэн амрагчдын байр 7 ширхгийг барьж ашиглалтад оруулан зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Уг төсөлд нийтдээ 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байгаа бөгөөд ямар нэгэн хууль журам зөрчөөгүй байхад маргаан бүхий захирамж гарснаар иргэн миний газар эзэмших эрх болон эд хөрөнгөд ноцтой хохирол учраад байгаа тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Оын тухайд шүүхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. О.О нь 2014 онд иргэн Э.Зтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун ус нэртэй газарт 10000м2 газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг. Энэ үед гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд Цэнхэр сумын газрын даамал, Засаг дарга гэсэн хүмүүстэй холбогдоод газар шилжүүлэн авах асуудлыг бас ярьсан. Ингээд газрын даамлаас нь газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн үедээ бичиж олгож байсан. Ингэж газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гээд явж байтал 2019 онд ахиад газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж олгоно гэсэн асуудал яригдаж Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгосон. 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг ахиад шинэчлээд олгочихсон. Газар эзэмших эрхийг хэрэгжүүлнэ гэдэг боловч тухайн 2020, 2021 оны үед Ковид цар тахлын нөхцөл байдал үүссэн. Сум, нутгийн иргэдээс газар дээр үйл ажиллагаа явуулахгүй гэдэг. Тэгээд 2022 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга мөн энэ газар эзэмших эрхийнх нь гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. 2022 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамж 2022 оны 2 дугаар сард гараад мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оныхоо 10 дугаар сард энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгосон. Үүний дараа газар эзэмших эрх баталгаажлаа гэдэг үүднээс 2023 онд тууштай үйл ажиллагаа явуулаад тухайн эзэмшлийн газар дээр 7 ширхэг амрагчийн байр ашиглалтад оруулсан. Мөн худаг гаргуулсан, тог татуулсан нойлийн асуудлаа эко байдлаар шийдвэрлэсэн гэх мэтээр 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулж байтал 2023 оны 7 дугаар сард дахин энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудал яригдсан. Хууль зүйн талаас нь өмгөөлөгч дүгнэлт хийх эрхтэй байгаа учраас энэ удаагийнхаа тайлбарыг дуусгаж энэ нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж энэ шүүх хуралдаанд оролцож байна гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Оын тухайд 2014 онд иргэн Э.З-с энэ маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлж гэрээ байгуулан нотариатаар батлуулж худалдаж авсан ийм үйл баримт тогтоогдсон. Тухайн үед нь нэхэмжлэгч О.О Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамлаас Алтан-Овоо багийн Халуун ус гэх нэртэй газарт 1 га газрыг дуудлага худалдааны журмаар худалдах нь үнэн үү ийм утгатай зар байна гэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дуудлага худалдаанд журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа гэж хэлсэн. Үүний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад газрыг шилжүүлж авсан. Маргаан бүхий 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т зааснаар  цуцалсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасан үндэслэл бүрдээгүй байсан. Дээрээс нь захиргааны үйл ажиллагааны зарчмууд ноцтой зөрчигдсөний улмаас иргэн О.Оын газар эзэмших эрх хүчингүй болж байна.

 Нэгдүгээрт маргаан бүхий захиргааны акт дээр бол 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Э.Зд дээрх газрыг 1,800,000 төгрөгөөр худалдан авч, хуурамч бичиг баримт үйлдэж уг газрыг 16 сая төгрөгөөр худалдсан, газар эзэмших эрх олгох талаар сумын Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрээ бичиж олгогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдож тогтоогдсон гээд биччихсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөх болно гэдэг гэм буруугийн зарчим байгаа. Гэтэл энэ маргаан бүхий акт дээр хуурамч бичиг баримт үйлдсэн ч юм шиг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглачихсан ч юм шиг, яг ямар гэмт хэрэг нь тогтоогдож байгаа гэдэг нь тодорхойгүй. Уг энэ гэмт хэрэг гээд байгаа нь хэнд хамаатай ойлголт юм гэдэг нь тодорхойгүй. Зүгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон гэдэг нь нэг ийм үг оруулсан байгаа. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгээд хэн нэгэн этгээд яллагдагчаар татагдаад, уг гэмт хэргийн улмаас ямар нэгэн этгээд ял шийтгэл авсан байхыг эрүүгийн хэрэг гэж ойлгоно. Нэгдүгээрт эрүүгийн хэрэг гээд байгаа нь ямар  хэрэг гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасан үндэслэл байхгүй байхад өөрсдийнхөө ойлголтоор л энэ маргаан бүхий захирамжийн захирамжлах хэсэг дээр бичсэн текст дээр байгаа мэдээллийн хүрээнд би харахаар 48.2.4-ийн үндэслэл байгаа ч юм шиг харагдаад байна. Гэтэл ийм юм байхгүй байхад 48.2.1-т заасныг барьчихсан нь хууль бус болоод байна. Хоёрдугаарт тэр эрүүгийн хэрэг гээд байгаа асуудал нь иргэн О.О-д огтоос хамааралгүй асуудал. Тэр Э.З, Т.М гэдэг хүмүүсийн асуудал, 2012 онд болсон гээд байгаа энэ үйл баримтыг 2023 онд О.О-д хамааруулаад газар эзэмших эрх олгосон захирамжийг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаарт цаг хугацааны хувьд үндэслэлгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Иргэн О-д газар эзэмших эрхийг хэзээ хаана эзэмшүүлсэн гэхээр хэдийгээр захирамж нь 2019 онд гараад байгаа боловч 2014 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад төлбөр мөнгөө төлөөд ингээд үүний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ бичээд олгогдчихсон. Газрын тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар эзэмших, ашиглахыг хориглоно оо гэдэг ийм заалтаас авхуулаад газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчийн эрх үүрэг, газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болгох гээд энэ зохицуулалтаас үзэхээр газар эзэмшүүлэх гэрчилгээ гэдэг болбол Засаг даргын захирамжаас гадна эрх үүрэг үүсгэдэг баримт бичиг. О.О-д газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгч байгаа энэ нөхцөл байдал эрүүгийн хэрэг гэдгийг тогтоосон зүйл огт байхгүй. Гэхдээ бодит байдалд захиргааны байгууллага энэ тамга тэмдэгтийн үнэт цаасандаа хэвлэгддэг. Ийм гэрчилгээ бичиж өгөөд итгэл үнэмшил төрүүлээд хууль зүйн үр дагавар үүсгээд газар эзэмших эрх О.О-д шилжсэн. Ингээд 2019 онд А/10 дугаар захирамж гаргаад газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлээд баталсан. Энэ нь захиргааны байгууллагын нэг талын үйл ажиллагаа юм. Газрын тухай хуульд захиргааны байгууллагын цэвэр нэг талын хүсэл зоригийн дагуу хэрэгждэг ийм харилцаа байгаа. Захиргааны байгууллага өөрийнхөө үйл ажиллагааны учир дутагдалтай байдлыг шууд нэхэмжлэгч рүү чиглүүлээд шууд 2023 онд газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байна. Цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байгаа юм. Тухайлбал захиргааны үйл ажиллагаа хуульд нийцэх үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн байх, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль ёсны итгэл хамгаалах зарчмын асуудал яригдах юм. Хууль ёсны итгэл гэж юуг хэлэх вэ гэхлээр эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдана гэж заасан байгаа. Тэгэхээр иргэн О.Оын тухайд энэ газрыг эзэмших  эрхийг шилжүүлж аваад шилжүүлж авсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгогдоод дараа нь захирамж гараад захиргааны үйл ажиллагааны улмаас эдийн буюу мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх үр дагавар гарч байна. Газар эзэмших эрхтэй болсноор уг газар дээр сая итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулсан. Нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтоох энэ үүргээ биелүүлээгүй. 2019 оны А/10 дугаар сумын Засаг даргын захирамж нь энэ маргаан бүхий захирамжид дурдаад байгаа эрүүгийн хэрэг гэж дурдаад байгаа үйл баримттай огт хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.О-д 2019 онд эзэмшүүлэх эрх олгосон гэх газар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Цэнхэрийн рашааны орчимд байрладаг бөгөөд Архангай аймгийн үе үеийн удирдлагууд нь тус нутгийг хайрлан, хамгаалах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Сүүлийн жилүүдэд тус газрыг хамгаалах хөдөлгөөн иргэдийн дунд ихээхэн хүчтэй өрнөх болсон бөгөөд тухайн газарт аймгийн удирдлагуудаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийж байсан бөгөөд сүүлд Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 305 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр 13 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгуулах, газрын эрхийг цуцлах тухай мэдэгдээд байгаа бөгөөд мөн газрын зөрчилтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 06/5811 дүгээр “хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл ирсэн болно. Газрын тухай хуульд заасан журмын дагуу иргэний эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын газартай давхцалгүй байж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлан олгодог.

Иргэн О.О-д газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай хуулийг зөрчиж олгосон байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тодруулбал, тус газрыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр дуудлага худалдаа зарлаж, Э.З гэх хүнд 500мкв газрыг худалдсан мэтээр баримтыг газрын даамал Т.М нь хуурамчаар үйлдсэн болох нь Аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын ** дүгээр тогтоолоор тогтоогдсон. Газрын даамал нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Э.Зд 10000 мкв газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжгүйгээр гэрчилгээ, гэрээг бичиж олгосон. Э.З нь уг гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр О.О-д 10000 мкв газрыг худалдсан тухай гэрээг үндэслэн Газрын тухай хуульд заасны дагуу газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргаагүй байхад газрын даамал нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Засаг даргын захирамжгүйгээр газрын гэрчилгээг О.О-д бичиж олгосон. Үүний дараа Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн А/10 дугаар захирамжаар “тус сумын Алтан-Овоо баг Халуун усанд байршилтай 10000 мкв газрын дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэж огт дуудлага худалдаанд оролцоогүй, Газрын тухай хууль зөрчиж захирамж гаргасан. Тус газар нь Усны тухай хуульд заасан Халуун усны голын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай зэрэг хууль зөрчиж О.О-д газар эзэмшүүлсэн байх Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

Иймээс Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хуулийн дагуу хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О-д анх газар олгохдоо сумын Засаг даргын захирамжгүйгээр газрын гэрчилгээ бичиж олгосон байдаг. Иргэн Э.Зд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарч байж тухайн иргэнд газар эзэмших эрх үүснэ. Тухайн үед сумын Засаг даргын захирамж гараагүй. Мөн 2015 онд иргэн Э.З-с О.О-д шилжсэн захирамж байдаггүй, дахиад гэрчилгээ бичиж өгсөн байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийг гаргахдаа О.О дуудлага худалдаанд оролцож тухайн газрыг авсан мэтээр тухайн газрыг олгосон байдаг. Худалдах худалдан авах гэрээний журмаар биш. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж гэсэн байдаг. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Иргэн Э.З Т.М хоёрын хууль бусаар хийсэн асуудал О.О-д хамаагүй гэж байх шиг байна. Би бол хамаатай гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ газар Оад шилжиж очсон. Анхнаасаа хууль бусаар хууль бусаар олгогдсон дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдаа яваагүй байхад дуудлага худалдаа явуулсан мэтээр сая 1,800,000 төгрөгөөр дуудлага худалдаа авсан мэтээр энэ бичиг баримтыг бүрдүүлсэн. Архангай аймгийн Цэнхэр сумд газар зарагдах гэж байна гэсэн зарыг нь хараал утасны дугаарыг нь олж аваад холбогдоход Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал, албан тушаалтай Т.М гэх хүн байсан. Ингээд тухайн хүнтэй очиж уулзахад манай дүүгийн нэр дээр нэг га газар байгаа, үүнийг зарах гэж байгаа юм гэсэн. Ингээд таалагдсан учраас газрыг 16 сая төгрөгөөр авахаар болсон, нөхөр бид 2 Улаанбаатар хот руу буцаад нөхөр цалингийн зээл авч үүн дээр мөнгө нэмээд 16 сая төгрөг болгоод тухайн ондоо багтаагаад Т.Мд бэлнээр Улаанбаатар хотод 25 дугаар эмийн сангийн баруун талд байрлах хотхоны гадаа машинд өгсөн.  Мөнгө өгсний дараа хавар нь 3-аас 5 сарын орчимд Т.М манай газрын гэрчилгээг Улаанбаатар хотод авчирч өгсөн гэсэн иргэн Э.З-ын мэдүүлэг байдаг. Энэ нь дуудлага худалдаанд оролцоогүй гэдийг нотолж байгаа. Тухайн Авлигатай тэмцэх газрын прокурорын тогтоолд Т.М нь хууль бус бичиг баримт үйлдэж 16 сая төгрөгөөр зарсан гэх гэх газрын  хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ хэргийг хааж байна гэсэн прокурорын тогтоол гарсан байдаг. Ийм учраас анхнаасаа хууль бусаар олгогдсон гэж миний хувьд үзэж байгаа. Дуудлага худалдаа явагдаагүй, захирамж гаргаагүй байхад газрын гэрчилгээг 2 удаа бичиж олгосон. 2019 онд олгохдоо үндэслэлгүйгээр дуудлага худалдаа явуулсан мэтээр олгосон байсан учраас газрыг цуцалсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргалдаад байгаа газар дээр газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн үү, үгүй юу гэдэг нэг асуудал. Дараа нь О.О тухайн газрыг авахдаа хуулийн дагуу авсан уу гэдэг асуудал яригдана. Тухайн газар эзэмших эрх, бусдын эзэмшилд Засаг дарга шийдвэр гаргаад бусдын эзэмшилд олгохдоо хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал хэрэгт авагдсан баримтаар маргаангүй тогтоогдож байгаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маргалдаад байгаа газар дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт яваагүй байхад дуудлага худалдаа явж ялагч нь тодорсон гэдэг нотлох баримт бүрдүүлээд тухайн газрын эзэмших эрх нь Э.Зд үүссэн байгаа нь бүхэлдээ хууль зөрчсөн байдаг. Дараа нь О.О шилжүүлж авахдаа Э.З-н хууль зөрчсөн асуудал хамаагүй ээ гэдэг байдлаар хэлж байна. Тэгвэл О.О ер нь шударга эзэмшигч мөн үү, үгүй юү гэдэг асуудал яригдана. Шударга эзэмшигч гэж хэлэхийн тулд яг хуульд заасан үндэслэл журмын дагуу л тухайн газрыг шилжүүлж авч байгаа бол тэгж л авах ёстой. Гэтэл О.О Э.З-с шилжүүлж авсан гэх энэ процесс ажиллагаа мөн ялгаа байхгүй, хуулийн дагуу явагдаагүй. Ер нь бол Э.З-с шударгаар авсан гэж ярьж байгаа боловч энэ шударгаар авсан гэхийн тулд хуулийн дагуу л авсан байх ёстой. Гэтэл хууль зөрчсөн үйл ажиллагаа явсан. Үүнтэй холбоотой захиргааны байгууллага тухайн үед ажиллаж байсан газрын даамал, Засаг даргын зүгээс хууль бус шийдвэрүүдийг гаргаад явсан байдаг. Ийм асуудал үүсвэл яах вэ гэдгийг  Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан. Энэ дагуу Засаг дарга шийдвэрээ гаргаж хүчингүй болгосон байгаа. Үүнийг захиргааны байгууллага өөрт хамааралгүй гэдэг байдлаар шийдвэр гаргаж хүчингүй болгосон байгаа. Илэрхий хуулиа зөрчөөд хууль бусаар авсан байгааг хүчингүй болгож газар нь төрийн ашиг сонирхол байна. Маргаан бүхий акт буюу захирамжийнхаа тухайд хэдэн зүйлийг хэлж тайлбарлая. Эхний үндэслэл буюу тэр 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага худалдаа явуулаад Э.З 1,800,000 төгрөгөөр дуудлага худалдааны яллагчаар тодорсон гэдэг. Энэ бол худлаа, энэ баримтыг хуурамчаар үйлдээд Э.З нь өөрөө оролцоогүй, дуудлага худалдаанд тухайн өдөр ирж оролцоогүй байхад Т.М өөрөө энэ дуудлага худалдааны нэлээн олон баримтыг хуурамчаар үйлдэж 1,800,000 төгрөгөөр Э.З ялагч болсон гэдэг. Энэ нөхцөл байдлыг хуурамчаар үйлдчихжээ гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон л гэж байгаа юм. Энэ процесс ажиллагаа эрүүгийн ч байна уу, захиргаа нь ч байна уу тодорхой, тэрний явцад тогтоогдсон үйл баримтын тухай л яриад байгаа. Хоёрдугаарт Т.Мгийн Э.Зд олгосон гээд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тэр дуудлага худалдаанаас өмнө шал өөр Засаг даргын захирамж бичээд өгчихсөн ийм хүчин төгөлдөр бус баримт байна гэдэг нь тогтоогдож байна. Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад Э.З-с газар авсан гэж тайлбарлаад байгаа. Тэгтэл энэ газар эзэмших эрхийг нь шилжүүллээ гэсэн шийдвэр огт гараагүй. Анх олгоход ч тэр, шилжүүлэхэд ч тэр ерөөсөө дараалал нь эхлээд Засаг дарга шийдвэр гаргалаа, захирамж гаргалаа, энэний дагуу гэрчилгээ бичигдэж олгогдох ёстой гэдэг нь өөрөө хууль. Гэтэл ийм юм огт байхгүй. Тэгээд 2015 оны 1 дүгээр сарын 16-нд олгосон гээд байгаа гэрчилгээ дээр нь шал өөр Засаг даргын захирамж бичигдчихсэн. Дээрээс нь шууд хэмжээг нь нэмэгдүүлээд 1 га гэдэг тоо чинь энэ дээрээс гарч ирж байгаа юм. 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 гэдэг дугаартай захирамжаар Алтан-Овоо багийн Халуун усанд байршилтай 10000м2 газрыг 2012 онд иргэн О.О дуудлага худалдааны яллагчаар авсан гэж бичсэн. Өмнөх нөхцөл баримтуудыг нь хөөгөөд үзэхэд О.О ч оролцоогүй юм байна. Э.З гэж хүн оролцсон гэдэг хууль бус баримтыг Т.М хийчихсэн юм байна. Тэгээд дараа нь О.О-д шилжсэн, шилжээгүй гэдэг асуудал яригдаж байгаа болохоос биш, О.О тэр 2012 онд дуудлага худалдаанд орж үүнийг авсан гэдэг тайлбар байдаггүй. Тэгэхлээр энэ захирамжид байгаа үндэслэл болгон өөрөө хэрэгт цугласан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна. Хохирлын асуудлаа  ярьж болно. Хариуцагч албан тушаалтны тухайд хуулиар үүрэг хүлээгээд сууж байгаа хүн шүү дээ. Тэгэхлээр илэрхий ийм хууль бус үйл ажиллагаа баримт нотолгоотой, нотлогдож тогтоогдоогүй байтал хөөрхий минь энэ чинь ингээд зардал гаргачхаж, манай Засаг дарга газрын даамлын л  хийсэн будилаан байна, одоо яая гэх вэ гэдэг байдлаар үлдээх ийм боломж байхгүй. Нэг зарчмын шинжтэй асуудал бол өмнөх эзэмшигч хууль бусаар авсан байх нь надад хамаагүй гэдэг тайлбар хэлж байна. Тэгэхлээр энэ яг эсрэгээрээ, үнэхээр өмнөх эзэмшигчийн газар ч байна уу, энэ эрх нь хууль бус байна гэж үзэх юм бол дараагийнх хууль ёсны гэж үзэх ямар ч боломжгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамж хуулийн дагуу гарсан. Дээрээс нь тэр нэхэмжлэгчийн хууль ёсны гэж хэлээд байгаа эрхийг зөрчсөн, хөндсөн ийм шийдвэр бол огт биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1. Иргэн О.О нь маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр мэдэж /нэхэмжлэлд дурдсанаар/, улмаар 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж, иргэн О.О-д Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 668 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ. (1дүгээр хавтаст хэргийн 1-2, 14-22 дахь тал)

2. Ийнхүү дээрх А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:

1. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дэмжиж, хавсралтаар баталсны Иргэн, аж ахуй нэгжид аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ 1. Цэнхэр сум Алтан овоо багт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 87, 101 дэх тал)

2. Улмаар Цэнхэр сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар захирамжаар дуудлага худалдааны комисс томилж, тус дуудлага худалдаанд 3 иргэн оролцож, Э.З 1.800.000 төгрөгийн санал гаргаснаар ялагч болж, 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээг байгуулж, баталгаажуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 106-111)

3. Иргэн Э.Зд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ********* дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг, Халуун ус гэх газарт аялал жуулчлалын зориулалттай 10000м2  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дээрх байршилд 1 га газар эзэмшихээр байгуулж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 230, 2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

4. Үүний дараа иргэн Э.З нь иргэн О.Отай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, өөрийн эзэмшиж байсан 10000м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.О-д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал)

5. Улмаар иргэн О.О-д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг үндэслэн Цэнхэр сумын Алтан Овоо баг, Халуун ус гэх газарт 10000м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал)

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн О.Оын 2015 оны газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдсан сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр захирамж тус оны Цэнхэр сумын Засаг даргын захирамжийн Архивын нэгжид бүртгэгдээгүй, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гарсан А/04 дүгээр захирамж нь Эргэлтийн эмийн сангийн зөвлөл байгуулах тухай захирамж байна. (2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал)

7. Үүний дараа, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжаар тус сумын Алтан овоо баг Халуун усанд байршилтай 10000м2 газрын дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэж шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал)

8. Дээрх асуудлаар гэрч Т.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ ... Тухайн ондоо гаднын хүнд гаргахгүй гээд нэлээн удаж байж гаргасан санагдаж байна. Захирамж сүүлд нь эрх шилжүүлсэн захирамж гарсан. Дуудлага худалдааг тухайн үед сонинд зар өгөөд явагдаж байсан. Дуудлага худалдаа явагдсаны дараа гэрээ хийж гэрчилгээ бичиж өгсөн ... гэж,

9. Гэрч Т.Г шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... энэ захирамжийг би гаргасан, миний гарын үсэг мөн байна. Уг газрын талаарх дуудлага худалдаа болж байсан, энэ талаар би мэдэж байна. Энэ газар бол 2012 онд дуудлага худалдаанд орсон, уг нь төлөвлөгөөгөөр 1 га газар байсан. Тухайн үед н.Б дарга байх үедээ газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөхгүй байсаар байгаад 2019 онд би захирамжийг нь гаргасан юм ... н.З болон О.Оыг бол би танихгүй, надтай бол хамаачгүй л хүн ... 2012 онд н.Э дээр анх газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байсан учраас О.О-д шууд эзэмшүүлсэн захирамж гаргасан юм ... өөр хэлэх зүйлгүй ...” гэж тус тус тайлбарлажээ. (2 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал)

10. Улмаар иргэн О.О-д 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэн олгож, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр № ******************дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 105, 2 дугаар хавтаст хэргийн 127-130 дахь тал)

11. Иргэн О.О нь газрын төлбөрт 2018 онд 10850 төгрөг, 2023 онд 27032 төгрөг төлсөн, 2020-2022 онд газрын төлбөр төлөөгүй талаар Архангай аймгийн Татварын хэлтсээс тайлбар ирүүлсэн болно. (1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал)

12. Тус шүүхэд иргэн О.Оын газар эзэмших эрхийг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосноор маргаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 147-149, 222-223 дахь тал)

13. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/142 дугаар захирамжаар маргаан бүхий захиргааны акт А/15 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал)

14. Ийнхүү хүчингүй болгосон захиргааны акт, албан бичгийг үндэслэн тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 244-246 дахь тал)

15. Дээрх үйл баримтаас хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/181 дүгээр захирамжаар О.О-д газар эзэмших эрх олгосон 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор уг маргаан үүсжээ.    

3. Оролцогчийг сонсох ажиллагааны тухайд:

1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/274 дүгээр албан бичгээр “ ... газрын даамал нь 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Алтан-Овоо баг Халуун усанд байрлах 1 га газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар иргэн Э.З 1,800,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр хуурамч баримт үйлдэн олгосон үйл ажиллагааны баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдож тогтоогдсон. Иргэн О.О нь 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан дээрх газрыг иргэн Э.З-с шилжүүлэн авсан гэх боловч газрыг шилжүүлсэн талаар Засаг даргын шийдвэргүйгээр О.О-д 2015 оны 01 дүгээр сарын 16-нд газрын гэрчилгээ бичиж олгохдоо газрын хэмжээг нэмэгдүүлэн 1 га болгосон зэрэг зөрчил гарсан тул газар эзэмших эрхийг цуцлах болсон тул сонсох ажиллагааг 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхим ирэхийг мэдэгдэж байна ...” гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлжээ.

2. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дээрх мэдэгдэлд дурдсан үндэслэлээр иргэн О.Оын газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар сонсох ажиллагаа явуулж, иргэн О.О, өмгөөлөгч С.П-н хамт сонсох ажиллагааг орхин гарсан талаар тэмдэглэл үйлджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дахь тал)

4. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/181 дүгээр захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Архангай аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ** дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал нь 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Алтан-Овоо багийн Халуун усанд байрлах 1 га газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар иргэн Э.З-г 1,800,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн, түүнд уг газрыг 16,000,000 сая төгрөгөөр худалдсан. Газар эзэмших эрх олгох талаар сумын Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдож тогтоогдсон. Иргэн О.О нь 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан дээрх газрыг иргэн Э.З-с шилжүүлэн авсан гэх боловч газрыг шилжүүлсэн талаар Засаг даргын шийдвэргүйгээр О.О-д 2015 оны 1 дүгээр сарын 16-нд газрын гэрчилгээ бичиж олгохдоо газрын хэмжээг нэмэгдүүлэн 1 га болгосон, Алтан-Овоо баг Халуун усанд байршилтай 10,000 мкв талбайт газрыг дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О-д олгож байгаа мэтээр 2019 оны 01 сарын 21-ны өдрийн А/10 дугаартай захирамжийг батлуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон. Иргэн О.О-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь дээрх байдлаар хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй, хууль бус байх тул Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн А/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, газар эзэмшигч нарт мэдэгдэж ажиллахыг газрын даамалд даалгажээ.

5. Хууль зүйн үндэслэлийн талаар:  

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ...”, Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” хэмээн заасан.

2. Иргэний газар эзэмших эрх олж авах, түүний холбоотой харилцаа нь Газрын тухай хуулиар зохицуулагдана. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэг Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 33 дугаар зүйлийн 33.1.2.-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг .. сум, ... Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1. “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал,.. тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заасан.

3. Үүнээс үзвэл, иргэнд газар эзэмших эрхийг тухайн шатны Засаг дарга олгож, газрыг зөвхөн хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд иргэн О.Оын хувьд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №******************дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх эхсэгт “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж зааснаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь захиргааны байгууллагад хамаарна.

5. Нэгэнт сумын Засаг дарга нь захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8.-д “хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж зааснаар захиргааны үйл ажиллагаандаа дээрх хуулийн зарчим, зохицуулалтыг мөрдлөг болох үүрэгтэй.

6. Уг хэргийн маргаан бүхий захиргааны актын агуулгаас үзэхэд, иргэн О.Оын эзэмшиж буй газрыг анх иргэн Э.Зд эзэмшүүлэхдээ дуудлага худалдаагаар авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн, газар эзэмших эрх олгох талаар сумын Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдсон, О.О-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлэн 1 га болгосон, 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О-д олгож байгаа мэтээр 2019 оны 01 сарын 21-ны өдрийн А/10 дугаартай захирамжийг батлуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон О.О-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь дээрх байдлаар хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй, хууль бус гэх үндэслэлийг дурдаж, дээрх үндэслэлүүд нь Архангай аймгийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаар тогтоолоор нотлогдсон хэмээн хариуцагч тайлбарлаж байна.

7. Дээрх үйл баримтын тухайд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэрэг нээж, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ** дүгээр тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүчингүй болгосон газрыг сэргээж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлийн ********* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хааж шийдвэрлэжээ. Уг прокурорын тогтоолд “ ... Т.М нь ... бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон боловч уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан яллагдагчаар татаж болохгүй нөхцөл тогтоогдож байна ...” гэж дурдсан бөгөөд иргэн О.О, түүнд газар эзэмших эрх олгосон захирамж, шийдвэртэй холбоотой ямар нэгэн дүгнэлт, тогтоол гаргаагүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68, 128-138 дахь тал)

8. Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2. “.. хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйл. 14/ “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж хүний эрхийг тунхагласан.  

9. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2.1 дүгээр зүйлийн 1.-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1. дэх хэсэг дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй: 1.2.-т “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана.” гэж тус тус заасан бөгөөд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчимтай.

10. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга маргаан бүхий А/181 дүгээр захирамжийг гаргахдаа хуулийн дээрх зарчим, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

11. Тухайлбал, маргаан бүхий А/181 дүгээр захирамжид иргэн Э.Зд 2012 онд газар эзэмших эрх олгохдоо тухай газрыг дуудлага худалдаагаар авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн, .. 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О-д олгож байгаа мэтээр 2019 оны 01 сарын 21-ны өдрийн А/10 дугаартай захирамжийг батлуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон .. гэж тайлбарлаж буй боловч уг үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

12. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах 233.1.-д “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 233.2. дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ хэргийг байнга үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 1.-д “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”, 2.-т “Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан.

13. Үүнээс үзвэл, хариуцагчаас гаргаж буй “хуурамч бичиг баримт үйлдсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, шүүхийн тогтоол гараагүй, иргэн О.О-д холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсонгүй.

14. Мөн анх 2012 онд иргэн Э.Зд газар эзэмших эрх олгосон ********* дугаартай гэрчилгээнд 10.000м2 газар, 2012 онд иргэн Э.Зтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд 1 га газар гэж тус тус тэмдэглэсэн байх бөгөөд дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу иргэн О.О нь маргаан бүхий 1 га газрын эзэмших эрхийг иргэн Э.З-с 2014 онд шилжүүлэн авч, нотариатаар баталгаажуулжээ. Иймд О.О-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлэн 1 га болгосон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 103, 230-233, 2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

15. Түүнчлэн газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон гэж тайлбарлаж буй боловч Засаг даргын захирамж гаргах, гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагаа нь захиргааны байгууллага, албан тушаалтанд тухайлсан хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа бөгөөд тухайн иргэнд газар эзэмших эрх гэрчилгээ олгогдсоноор иргэн газар эзэмших эрхтэй болсон гэх хууль ёсны итгэлийг бий болгожээ.

16. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллагаас гарч буй шийдвэр нь иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ хэлбэрээр очиж тухайн газрыг эзэмших эрхтэй боллоо гэсэн итгэлийг бий болгосон.

17. Мөн тухайн газрын байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг Архангай аймгийн Байгаль орчны, аялал жуулчлалын газраар хийлгэсэн, тухайн эзэмших газартаа хашаа барьж, тог, худаг, аялал жуулчлалын байр, байшин, цэвэр бохир татсан зэрэг нь эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсэж, нэхэмжлэгч О.О-д хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл бий болсон бөгөөд уг газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагааг явуулж байгаа талаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 8-13, 48-55 дахь тал)

18. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой процесс ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй гэх үндэслэлээр газар эзэмшигч иргэн О.Оыг буруутгаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

19. Маргаан бүхий А/181 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч иргэн О.О-д 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, 2015 оноос хойш Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжийн тухайд хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр хууль бус гэж үзэх боломжгүй байна.

20. Нөгөөтээгүүр, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга маргаан бүхий А/181 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: ...” гэж тус тус зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарх бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хангалтгүй биелүүлжээ.

21. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Архангай аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаар тогтоолоос бусад ямар баримтыг захиргааны байгууллагын санаачлагаар цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоосон нь тодорхойгүй, иргэн О.О-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон эсэхийг нарийвчлан шинжлэн судлаагүй байна. 

22. Мөн хариуцагчаас захиргааны шийдвэр гаргахтай холбоотой асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн баримт материал гараагүй болно.

23.  Хариуцагчаас “ ... сүүлийн жилүүдэд тус газрыг хамгаалах хөдөлгөөн иргэдийн дунд ихээхэн хүчтэй өрнөх болсон бөгөөд тухайн газарт аймгийн удирдлагуудаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийж байсан бөгөөд сүүлд Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 305 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр 13 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгуулах, газрын эрхийг цуцлах тухай мэдэгдээд байгаа бөгөөд мөн газрын зөрчилтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06/5811 дүгээр “хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл ирсэн болно ... тус газар нь Усны тухай хуульд заасан Халуун усны голын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай ....” гэж тайлбарлаж байгаа боловч 2022 онд гарсан дээрх албан бичиг, тайлбар нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байна.

24. Түүнчлэн хариуцагч нь 2022 онд гарсан зөрчлүүдийг тухайн онд нь шалгаж тогтоож, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй бөгөөд Архангай аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ** дүгээр тогтоолыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг 1 жил 2 сар 9 хоногийн дараа гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд ч, хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж маргаан бүхий актыг гаргаснаар иргэн О.Оын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөнджээ.

25. Иймд шүүхээс дээрх хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлыг нэгтгэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

26. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.М биечлэн оролцсон бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Л.Н-г шүүх хуралдаанд оролцуулах талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тусгайлан санал гаргаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.1., 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., 4.2.8., 24 дүгээр зүйлийн 24.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА