Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2024/00020/И |
Дугаар | 130/ШШ2024/00037 |
Огноо | 2024-01-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00037
2024 01 09 | 130/ШШ2024/00037 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Ж овогт А.К
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Е овогт Б.З
Хариуцагч: Б аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Ш овогт Р.А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Ш овогт Р.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.К, Б.З нар нь Р.А, Р.Б нарт холбогдуулан 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Иргэн Р.Б, Р.А нар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 370,000,000 төгрөгөөр 448 метр.кв байрыг худалдаж авсан юм. Уг байрны төлбөрөөс 230,000,000 төгрөг төлж өгөөд үлдсэн мөнгийг төлөөгүй. Бид сүүлд шаардаж Улаанбаатар хотод эрэн сурвалжлан очиж гэрээ байгуулсан. Уг гээ ёсоор 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болж гарын үсэг зурж өгсөн. Гэвч одоог хүртэл төлж өгөхгүй бид нарыг хохироож байна. Иймд Р.Б, Р.А нараас 140,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Р.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Р.Б хариу тайлбартаа “Миний бие Р.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Р.Б нь нэхэмжлэгч А.К, Б.З нарын шүүхэд гаргасан 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг Р.Б, Р.А бид хоёроос нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 140,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч А.К, Б.З нар нь Р.Б, Р.А нарт холбогдуулан гаргасан 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Р.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 140,000,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.К, Б.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 428,975 төгрөг, мөн хариуцагч Р.Б, Р.А нараас 428,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.К, Б.З нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш овогт Р.А, Ш овогт Р.Б нар нь 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөгийг нэхэмжлэгч Ж овогт А.К, Есагасы овогт Б.З нарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.К, Б.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 428,975 төгрөг, мөн хариуцагч Р.Б, Р.А нараас 428,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.К, Б.З нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН