| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/03446/и |
| Дугаар | 567 |
| Огноо | 2020-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 567
С.Өийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Өийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Бд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16 070 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ө болон хариуцагч Н.Б нар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 03 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй, үүргийг хугацаанд нь гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон.
Зээлдэгч Н.Б нь гэрээ үргэлжлэх хугацааны буюу 03 сарын хугацааны хүүгээ бүрэн төлж барагдуулсан боловч үндсэн зээл болох 30 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй, 105 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 5 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэрээний хугацааг 477 хоног хэтрүүлсэн.
Хариуцагчаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг хүлээн авсан. Н.Б нь зээлээ төлөхгүй удаад байсан учир 10 000 000 төгрөгийн хүү төлөхөөр болсон ба 10 000 000 төгрөгийн хүүний урьдчилгаа гэж 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн учир зээлийн үлдэгдэл нь 4 000 000 төгрөг биш 5 000 000 төгрөг юм.
Иймд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны буюу 105 хоног хугацаа хэтрүүлсний алданги 30 000 000 төгрөгөөс тооцож, 6 300 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны буюу 477 хоногийн алданги 5 000 000 төгрөгөөс тооцож, 4 770 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, нийт 16 070 000 төгрөгийг хариуцагч Н.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг С.Ө биш итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр гэж хүн гаргасан байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй байгуулсан нь үнэн. Хариуцагчийн зүгээс 3 сарын хүү болох нийт 2 430 000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн.
Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. С.Өтэй зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг алдангийн хамт оны сүүлчээр өгье гэж тохирсон байсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид “...би 10 000 000 төгрөгийг хүүнд нь төлнө” гэж хэлээгүй, энэ талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөг, түүний алдангийг л төлөх боломжтой, үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Бгээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгээс 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон байхад шийдвэрт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж бичсэн.
Мөн талууд төлөөгүй зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгөөс алданги 500 000 төгрөгийг тооцож нийт 4 500 000 төгрөгийг оны сүүлчээр өгч, авахаар эвлэрэн тохиролцсон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дур мэдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 10 000 000 төгрөгөөс 5 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 070 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
С.Ө, Н.Б нар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Ө нь 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй Н.Бд зээлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
Дээрх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч зээлийн хүүд 2 430 000 төгрөг, мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдах тул 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийн зээлийн хүүд тооцон авах үндэслэлгүй, уг мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч тооцохдоо анхан шатны шүүхийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 4 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэртүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байх тул С.Ө нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
Зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгч алданги тооцож аваагүй тохиолдолд зээлдэгч нь 4 000 000 төгрөгт алданги төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх ба хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийн төлөлт хийсэн, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 15 хоног /30 000 000 төгрөгийн 0.2 хувь 60 000 төгрөг * 15 хоног/-ийн алданги 900 000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 25 000 000 төгрөгийг төлөлт хийсэн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 90 хоног /29 000 000 төгрөгийн 0.2 хувь 58 000 төгрөг * 90 хоног/-ийн 5 220 000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 4 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй ба уг өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 7 хоног /4 000 000 төгрөгийн 0.2 хувь 8 000 төгрөг * 7 хоног/-ийн 56 000 төгрөг бөгөөд нийт алданги 6 176 000 төгрөг /900 000 төгрөг + 5 220 000 төгрөг + 56 000 төгрөг/ болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал алданги 2 000 000 /4 000 000 төгрөгийн 50 хувь/ төгрөг болно.
Иймд Н.Бгээс үндсэн зээл 4 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж С.Өд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Анхан шатны шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийн огноог 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж бичиж техникийн алдаа гаргасан, уг алдааг залруулах боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00034 дугаар шийдвэрийн
удиртгал хэсгийн огноо болох “2020” гэснийг “2019” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж, “10 000 000 төгрөг” гэснийг “6 000 000 төгрөг” гэж, “6 070 000 төгрөг” гэснийг “10 070 000 төгрөг” гэж,
2 дахь заалтын “174 950 төгрөг” гэснийг “110 950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА