Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/772

 

 

Л.Н, Б.Унарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

хохирогч Нын өмгөөлөгч Ц.Монгол,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/933 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Нын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Н, Б.Унарт холбогдох эрүүгийн 201100740 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1.  Л.Н, 

            2. Б.У, 

            Яллагдагч Б., Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г ньюс сэтгүүл” ХХК-ийн “Г” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3/128 дугаар, “Аааа” вэб сайт, “аааа” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н, Улсын Их хурлын гишүүн ГСолонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Н, Б.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Л.Н, Б.Унарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...”, мөн хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна. Хавтаст хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд прокурор Ц.Батбямба нь гарын үсэг зурагдаагүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 763 дугаартай магадлалаар Л.Н, Б.Унарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1018 дугаар шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...” гэж заасныг зөрчсөн, хууль ёсны, үндэслэл бүхийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан ба шүүхээс прокурорын тогтоолын яллагдагч Б.Угэх нэрний урд зурсан гарын үсгийг прокурор Ц.Батбямба эсхүл яллагдагч Б.Узурсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, хууль ёсны эрх зүйн акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж, магадлалд заасан үндэслэл арилаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ уг шатанд дахин гаргах боломжтой, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Н, Б.Унарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Нын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн шүүгч, шүүгчийн туслах нь эрүүгийн хэргийн хурлын товыг хохирогчид болон түүний өмгөөлөгч Ц.Монгол надад огт мэдэгдээгүй, байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байгаа бөгөөд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байна.

            2. Шүүх анх хэргийг буцаахдаа ялихгүй шалтгаанаар буцаасан ба нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж уг яллах дүгнэлтэд бичсэн прокурорын гарын үсгийг мөн болохыг тогтоож дахин шүүхэд ирүүлсэн байхад мөн шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүх ийнхүү илтэд яллагдагчийн талд үйлчилж байгаад маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянаж хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцахад анхан шатны шүүхээс шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар шүүгчийн захирамж гаргаж, хурлын товыг оролцогчдод мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна. Хохирогчид хурлын тов мэдэгдсэнээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрх нь нээгддэг. Тов мэдэгдээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэлт гаргах эрх зөрчигдсөн байна. Хэргийн нэг талын оролцогчдыг оролцуулахгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хуульд нийцээгүй, анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын 1 дэх үндэслэлийг хангах боломжтой, 2 дахь үндэслэлийн талаар прокурорын зүгээс тайлбар хийх үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/933 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Нын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/933 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Нын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ