| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00390/И |
| Дугаар | 130/ШШ2024/00464 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2024/00464
| 2024 05 06 | 130/ШШ2024/00464 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт А
Хариуцагч: Б аймгийн Ц сумын 5 дугаар багт оршин суух, С овогт С
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан газрын үнэд төлсөн 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь С-т холбогдуулан худалдсан газрын үнэд төлсөн 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч С.А-тай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц сумын төвийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Ц мебель” тавилгын үйлдвэрийн дээд талд байгаа фундам цутгаж дотор талыг нь шороогоор дүүргэсэн 70 м.кв газрыг 11,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гэрээ байгуулах үед С.А нь дээрх газрыг өөрийн эзэмшлийн газар байгаа, холбогдох баримт бичгүүдийг дараа бүрдүүлж, нэр дээр шилжүүлж өгнө гэж тохиролцсон. А.Х нь худалдан авах гэрээ байгуулахаас өмнө сумын газрын даамалтай уулзаж тухайн газрын талаар тодруулахад баримт бичиг нь дараа гарна гэсэн учир худалдаж авсан юм. Талууд хоорондоо бичгээр гэрээ байгуулж, С.А нь тухайн газрыг 11,000,000 төгрөгөөр худалдсан талаар гар баримт бичиж өгчээ. Нэхэмжлэгч А.Х нь худалдаж авсан газрын үнэ 7,500,000 төгрөгийг тухайн өдөр өөрийн Төрийн банк дахь ********* тоот данснаас С.А ХААН банк дахь **********тоот дансанд шилжүүлж, 2,0 сая төгрөгийг бэлэн өгч, 1,0 сая төгрөгт өөрийн тавилгын үйлдвэрээс хоолны ширээ, сандал, гал тогооны шкаф зэргийг өгч тооцоо дуусгасан байна.
1.2. Тэрнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч С.А нь худалдсан газрын баримт бичгийг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Тухайн газар дээр ямар нэгэн эрхийн гэрчилгээ гараагүй байсан байх ба 2023 оны 08 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дуудлага худалдаа зохион байгуулж, өөр хүн ялалт байгуулжээ. А.Х нь баримт бичгийг нэр дээр шилжүүлж өг, хэрэв тийм боломжгүй бол мөнгийг буцааж өг гэж шаардлага тавихад С.А нь дуудлагын худалдаагаар авсан хүнтэй ярьж шилжүүлж өгнө гэсэн боловч одоо хүртэл шилжүүлж өгөөгүй байна.
1.3. Нэгэнт тухайн газрыг дуудлагын худалдаагаар өөр хүн эзэмших болсон учир А.Х нь С.А-с өгсөн мөнгөө буцааж авахаас аргагүй байдалд хүрч хариуцагч мөнгийг нэхэхээр элдэв шалтаг хэлж чирэгдүүлж байгаа учир аргагүйн эрхэнд шүүхэд хандах болсон.
1.4. Иймд түүний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцагч С.А-аас худалдаж авсан гэх газрын үнэд шилжүүлсэн 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х-т олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Иргэн А.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би тус шүүхэд иргэн С.А-д холбогдуулан “худалдсан газрын үнэд төлсөн 11,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Миний бие нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд дээрх хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ойлгосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч А.Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-т холбогдох худалдсан газрын үнэд төлсөн 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч С.А-т холбогдуулан гаргасан худалдсан газрын үнэд төлсөн 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б