| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0173/э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Золбоо
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Хохирогч Д.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.:Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт иргэн Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 10 сарын 18-нд Э эгчийн гэрт нь 3-уулаа Болор архи уусан. Дараа нь Э эгчийн нөхөр нь Улаанбаатар гэдэг нэртэй архи нэмж авсан. Тэрийг ууж дуусаад би найзындаа очъё гээд гартал Чт ах миний араас ах нь дүүгээ хүргэж өгнө гээд гарч ирсэн. Манай найзынд ороод очтол Э эгч хойноос орж ирээд нөхрөө зодсон,пийшин мөргүүлсэн. Би тэгэхээр нь айлд зодолдлоо, та 2 гар гээд хаалгаар гаргасан.Э эгч гарахдаа довжоонд бүдрээд гадагш унасан. Гадаа гараад энэ 2 муудалцсан. Тэгээд Э эгчийн дуу гараад байхаар нь би гараад та 2 болиоч гэсэн. Би Чт ахыг та эхнэрээ зодоод байгаа юм уу гээд энэ 2-ыг салгасан.Э эгчийн дээр Чт ах сууж байсан. Салгатал Э эгч Бээ би чамайг зодсон гэж хэлнэ шүү гээд гэрлүүгээ гүйж зугтаасан. Чт ах би энэ хүнтэй учраа олж чадахгүй 3-лаа сууж байгаад учраа олъё гэж хэлсэн. Тэгээд эргээд Чт ахтай Э эгчийн гэрт нь очтол Э эгч чи нөгөө Бтэйгээ ирэв үү гэж хэлсэн. Таньтай учраа олох гэж ирсэн гэтэл Э эгч надад чи Чт ахыгаа өмөөрөөд байсан. Чт ах чинь чамайг хамт байсан найзад чинь мөнгөнд дуртай хүүхэн, мөнгө үзүүлээд юм уу, мөнгө ярих юм бол наадах чинь дуртай хүүхэн гэж хэлсэн гэсэн. Тэгж хэлэхээр нь би та яагаад намайг мөнгөнд дуртай гэж байгаа юм гээд Чт ахтай муудсан. Тэгсэн Э эгч чи болиоч гэж бид 2-ын дундуур орж 1-2 удаа цохиулсан. Би Э эгчийг гараараа цохьсон.Тэгээд энэ 2 гадаа гараад бас муудсан. Би та 2 чинь ямар сонин хүмүүс вэ, айлд ч байсан муудаж л байдаг, гэртээ ч байсан муудаж л байдаг гэж Чт ахад хэлсэн. Энэ 2 муудаад зодолдож байхад Э эгч цагдаа дуудсан. Чт ах цагдаа дуудсан юм бол би зугтаана гээд зугтаасан. Цагдаа ирэхэд Э эгч бид 2 байсан. Би Э эгчид та намайг цагдаад өглөө гэсэн. Намайг элдвээр хэлээд байхаар нь би Э эгч рүү сандал аваад чулуудсан. Цагдаа нар намайг гавласан. Э эгчийг би цагдаа дээр ирээд 1 удаа өшиглөсөн нь үнэн. Э эгчид учирсан гэмтлийг би учруулаагүй гэж үзэж байна. Гадаа гараад нөхөртэйгээ муудалцаж зодолдох үедээ л авсан гэмтэл гэж үзэж байна гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үдээс хойш гэртээ байхад манай найз Айраг сумаас ирсэн тэгээд дэлгүүр орж 1 шил Болор архи авсан. Айлд ирсэн юм чинь айлын эзэнд идээний дээж авъя гээд авсан. Тэгээд харих гээд явж байтал Б таарсан. Тэр үед Нийтийн бүжгийн холбооныхон хөдөө сумруу бүжиг заахаар явах гэж байсан. Бтэй нийлдэг А гэж хүүхэн байдаг тэр хүний утасны дугаарыг авах санаатай Бээс Чт ах чинь чамайг сураглаад байсан гэсэн. Гол нь Агийн дугаарыг авах гээд байсан гэж хэлээд Агийн дугаарыг Бээс гудамжинд авсан. Бийг хаачих гэж байгаа юм бэ гэхэд найзынхаа төрсөн өдөрт очих гэж байна гэсэн. Тэгээд юм ярьж явж байгаад ороод цай уугаад гар гээд гэртээ оруулсан. Манайд ороход манай хүн юм уугаад сууж байсан. Хүүхдийнхээ хүүхдийг харж байсан болохоор манай хүн хүүхэд цэцэрлэгээс авах цаг болчихлоо гээд явсан. Бид 3 Болор архиа ууж байтал манай нөхөр орж ирсэн. Архи жоохон болж байсан. Манай хүн 2 хүүхдээ аваад хүнд өгчихөөд ирлээ гэсэн. Ирээд Болор архинаас уусан. Дараа нь дахиад Улаанбаатар архи авчирсан. Улаанбаатар архийг уугаад, ярилцаад сууж байхад Б найзынхаа төрсөн өдөрт явлаа гэж байсан болохоор би “Чи төрсөн өдөртөө явахгүй юм уу? гэж асуусан. Б өөрөө л яриад байсан. Бийг дуудахгүй байсан. Тэр хүн нь гэртээ байхгүй байна гэж байсан. Бийн яриа надад таалагдахгүй байсан юм. Урьд нь маргаж байснаа бодоод би архи уухаа болъё гэж бодоод тэр Улаанбаатар архинаас 2 татаад дахиад уугаагүй. Би аягалж өгсөн. Маргааш нь ажилтай байсан болохоор хамаагүй уувал согтох юм байна гэж бодоод уугаагүй. Намайг уусан үгүйг энэ хүмүүс мэдээгүй. Архи дуусаагүй шилэндээ үлдсэн. Эхний ирсэн хүн согтоод унаад өгсөн. Тэр хүн хөдөөнөөс ирэхдээ жоохон уучихаад ирсэн байсан. Б явлаа гээд гарсан. Тэгээд манай нөхөр хэдхэн минутын дараа Бийн хойноос гарсан. Тэгэхээр нь би чи ийм орой болсон хойно явж яах гээд байгаа юм гэж хэлэхэд үгэнд орохгүй зөрөөд гарсан. Би угаасан хувцаснуудаа оруулах гээд гартал тэр 2 гадаа юм яриад зогсож байсан. Энэ 2-ыг 10-аад минутын зайтай гарсан гэж бодож байгаа. Б манай нөхөр 2 юу яриад байгаа юм бол гэж бодсон. Би угаасан оймс барьчихсан гэрийнхээ хувцастай байсан. Гудамжинд энэ 2 юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Гудамжны үзүүрт байж байхад машины гэрэл тусахад Б согтуу хүний үгэнд орохгүй байгаа юм байна гэж би эмэгтэй хүний хувьд бодож араас нь дагаад явсан. Ойртоод очиход манай хүн Бт “үгүй ээ би чамд юм хэлэх гэж байна” гэж хэлж байсан. Энэ ер нь юу яриад байгаа юм бол гэж бодож би хойноос нь угаасан оймсоо барьчихсан дагаад явсан. Нэг ойртоод очиход Б “өө тийм үү ямар аймар юм бэ” гээд байсан. Бодвол манай хүн архины халуунд намайг муулаад явж байсан юм шиг байсан. Би намайг муулаад яваад байгаа юм болов уу гэж бодоод байсан чинь энэ 2 өөд өөдөөсөө хараад байсан. Манай нөхөр Бийг тэврээд явж байсан. Б тэврүүлээд тоохгүй явж байснаа манай найзынд оръё гээд орчихсон. Би нуугдаж явсан болохоор аль хашаа руу орсныг нь мэдээгүй. Тэгээд задгай хашаа зүүн гар талд харагдахаар нь зүүн гэр нь гэрэлтэй байхаар нь орсон чинь тэнд байсан. Би орж очоод та 2 эзэнгүй айлд юу хийж байгаа юм бэ гэхэд манай найз алга байна би утсаар дуудаад зогсож байна гэж Б хэлсэн. Би уурандаа нөхөр рүүгээ дайрч би алгадсан. Би нөхөртэйгээ явах гэтэл Б айлд орж ирээд муудлаа гээд намайг боосон. Боохоор нь би арай гэж тавиулсан. Би чамтай юу ч яриагүй байхад чи яагаад байгаа юм бэ гэсэн. Намайг гар гэж түлхсэн. Би гарахгүй нөхрийгөө авч явна гэхэд надтай зодолдоод миний хувцсыг урсан. Тэгээд намайг хаалгаар түлхэж унагаж гаргасан. Та ч гэсэн гар гээд манай нөхрийг түлхээд гаргасан. Түлхээд гаргахад нөхөр миний хажууд унасан. Чамаас л болж ийм хэрэг болж байгаа юм. Чи яахаараа ойртсон хүүхэн болгонд хүн муулаад явж байгаа юм гээд бид 2 муудалцаад байж байхад Б гарч ирээд намайг өшиглөсөн. Хаана өшиглөснийг мэдэхгүй байна. Би нүүрээ хамгаалъя гэж бодож байсан. Нүүрээ дарж хамгаална гэж бодож байсан боловч нүүрэндээ өшиглүүлсэн байсан. Нурууруу бас өшиглөж байсан. Миний биеийн энд тэндгүй хөх няц болчихсон байсан. Тэгээд би уйлаад та 2 ямар муухай юм бэ гээд буцаж гэрт нь орж оймсоо цуглуулж аваад та 2 намайг зодлоо шүү гэж хэлсэн. Манай хүн бид хэдээс өмнө архи уусан байсан болохоороо согтуу байсан. Би гараад гүйсэн. Утсаа орхичихсон, гэр бас онгорхой байсан болохоор гарч гүйгээд гэртээ дөнгөж орж ирээд хувцсаа ч сольж амжаагүй байхад энэ 2 хойноос ороод ирсэн. Б над руу дайраад байсан. Чи энэ айлд илүүдэл, Чт ах чамтай байх ч юм уу, үгүй ч юм уу гээд байсан. Архи ууж байхдаа хүртэл надаас та 2 амьдраад байгаа юм уу гэж сонин асуулт асуусан. 3 жил болж байна гэж би тэр үед хэлсэн. Тэгээд маргалдаад байж байхад надруу дайраад байсан учрыг нь олохгүй чи яагаад надруу дайраад байгаа юм бэ гэж хэлж байсан. Хүн нөхөртэйгээ муудаж, сайндаж болно. Чи эвлэрүүлэх юм уу, салгах байтал чи надруу дайраад байдаг ямар сонин юм гэж хэлсэн. Чамайг гараад явсаны дараа манай нөхөр янзыг нь олоход амархан хүүхэн гэж хэлсэн. Урьд нь бас манай нөхөр хоногоор алга болж байсан. Б, Гансүх гэж бүжгийнх нь хамтрагч нартай хамт “Амар-3 гэх буудалд уусан гэж надад хэлж байсан. Гэнэт тэр үг санаанд ороод угаасаа энэ хэд бие биенээ мэддэг юм байна. Тийм учраас бие биенийгээ өмгөөлж байгаа юм байна гэсэн бухимдал надад төрсөн. Тэгээд би цагдаа дуудна гэхэд Чт гараад зугтаах гэсэн. Тэгэхээр нь чи хариуцлага үүрэхгүй зугтаах ёсгүй шүү гээд хойноос нь хөөцөлдөөд Чтын өмднөөс нь татаад байж байсан чинь Б гарч ирээд намайг шууд үстсэн. Чи яагаад намайг үсдэж байгаа юм бэ гэхэд та 2-ыг салгаж байна гэсэн. Би Чтыг зугтаалгахгүй цагдаа ирэхэд байлгах гэж ингэж байгаа юм гээд байж байтал Чт босоод зугтаагаад алга болсон. Тэгээд би цагдаа дуудах гэж байгаад болиод адилхан эмэгтэй хүмүүс адилхан ууж идчихээд санаа зовоод дуудаагүй. Тэгсэн чинь Б цагдаа нараа дууд би ямарч цагдаа байсан, хэдэн ч цагдаа байсан би аргалаад гарна гээд надруу дайраад байсан. Б надруу дайраад давшлаад байсан. Би цагдаа дуудлаа гэж хэлээд, цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд байж байхад Б надруу дайраад давшилаад байсан. Энэ хүүхэн нөхрөө зодсон гээд байсан. Яг үнэнг хэлэхэд манай нөхрийн толгойноос нь цус гарсан байсан. Манай нөхөр урдуураа үс байхгүй ардаа л жоохон үстэй, халзан юм. Урьд нь толгой нь хагараад оёдол тавиулсан байсан нь шалбараад цус гарсан байсныг Б харчихаад наадах чинь нөхрөө зодсон гэж цагдаа нарт хэлж байсан. Цагдаа дуудаад ирчихсэн байхад Б надруу сандал авч шидсэн. Намайг элдвээр хэлээд байсан. Чи яагаад надруу дайраад байгаа юм бэ гэдэг үгийг хэлсэн. Би Бт огт гар хүрээгүй. Б сандал авч шидэхэд би цагдаагийн ард байсан, цагдаагийн хажуугаар сүнгэнээд сандал нь унасан. Цагдаа нь чи наад хүнээ хамгаалж байгаа юм уу, үгүй юм уу гэж 1 цагдаадаа хэлж байсан. Хэрэв хутга байсан бол наад хүн чинь алууллаа гэж байсан. Гол нь би эрүүл байсан. Б цагдаа нарт гавлуулах зүйлээ өөрөө хийсэн. Цагдаа нартай ноцолдоод би явахгүй гээд байсан. Би цагдаа дуудсан юм чинь би хамт явъя гэсэн. Цагдаа дээр очсон чинь та эмнэлэг яв гэж цагдаа хэлсэн. Би эмнэлэг явах гээд өрөөнөөс гараад булан тойрсон, Бийг бариад явж байх таарсан, зөрөх хооронд намайг өшиглөсөн. Гэрт дуусаагүй байсан Улаанбаатар архиар Чтыг 3 удаа цохиж, архины шилээ надруу харуулж энийг хагалаад шаачих уу гэсэн. Тэгэхээр нь би энэ арай хэтэрнээ, гээд би урдуур нь орсон. Урдуур нь ороход эхний удаа намайг аймаар чанга цохьсон. Би бүүр сөхрөөд суун тусаад унасан. Тэгэхэд Чт цаанаас нь ингэж болохгүй гэж байсан. Чт өөрөө согтуу байсан болохоор унаж, тусаад байсан. Дахиад намайг цохьсон. Нийт 2 удаа архины шилээр цохьсон. Тэгээд цагдаа дээр очиж, би эмнэлэг дээр очсон гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн ... дугаартай: “.-..Д.Эгийн биед зүүн 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн ташаа, баруун дал, баруун, зүүн гуяны цус хуралт. Дух, хамрын нурууны тав нь хууларсан зулгаралт. Зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Д.Эгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 27,32/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28,33/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бт иргэн Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Хохирогч Д.Э нь 2017 оны 10 сарын 18-ны орой шүүгдэгч Э.Бт зодуулсанаас ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг авсан гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар дээр дурьдсан цаг хугацаанд ямар үйл явдал болсныг бүрэн гүйцэд тогтоолгүй дан ганц хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Д.Э нь 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 21 цаг 30 минутанд яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн атлаа тусламж үйлчилгээ авахаас татгалзсан шалтгаан, тухайн өдөр хамт архи уусан Баяртулгаас тайлбар мэдүүлэг аваагүй, хохирогчийг шүүгдэгч нь гэрээс түлхэж гаргахад унасан уу эсвэл хохирогч өөрөө унасан уу, Гантуяагийн гэрээс Бийг гарснаас хойш гэрийн гадаа зодоон болсон эсэхийг хэрхэн яаж нотолсон нь тодорхой бус, шүүгдэгч Э.Бийн үйлдлээс хохирогчийн биеийн аль хэсэгт нь гэмтэл учирсан зэргийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд нотолж тогтоосонгүй гэж үзлээ.
Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заажээ.
Иймд шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч Э.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Бийг шүүхээс гэм буруутайд тооцоогүй тул хохирогч Д.Эгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хэргийг прокурорт очтол Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газраас Э.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг аймгийн прокурорт буцаасугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
4.Хохирогч Д.Эгийн энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5.Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН