Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ХХК нь тус шүүхэд хандаж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/423 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын С*******ийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан ******* регистрийн дугаартай "М*******" ХХК-д Ерөнхий шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны 13/3224 тоот дүгнэлт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 11-ний *******2 тоот саналын дагуу 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

3. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/455 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/423 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайхны саравчийн хязгаарлалтын бүсэд "М*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 3.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 525 дугаар албан бичгээр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/455 дугаар тушаалаар "М*******" ХХК-ийн газар ашиглах эрх хүчингүй болсон, газар ашиглах эрхийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хураалгахыг мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/455 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "М*******" ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор Сайхан саравч хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3.0га газар ашиглах эрхтэй байсан. Тус газарт буюу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 5 жилийн хугацаанд 3.0 га газраа аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрхийг №010******* дугаар гэрчилгээгээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон. Улмаар манай компани 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №20******* тоот Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээг Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан. Тус гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болно.

Манай компанийн зүгээс тус газартаа "Т*******" жуулчны бааз, амралт цогцолборын газар барихаар төлөвлөсөн. Улмаар зураг төслөө бэлтгэн, сууц, амралтын газрын суурийг цутган ажлаа өөрсдийн санхүүгийн бааз сууринд тулгуурлан бага багаар хийж гүйцэтгэж байсан бөгөөд уг бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн А/485 дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалын дагуу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй" гэсэн үндэслэлийг баримталсан байх бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хүчингүй болгосон байна.

4.2. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тушаалыг хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй гэж үзэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж бодит нөхцөл байдлыг буруу тодорхойлсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаанаас олгогдсон 2010/24 тоот гэрчилгээний дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын Ар Зайсангийн аманд 0,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Тус газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны А/79 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт заасан үндэслэлээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийн тухай хуулийн 40.4 дэх хэсэг Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:", 40.4.1 дэх заалт "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, ...-д заасан үндэслэлээр;" гэж заасныг, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Гэтэл энэхүү газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг заасан хэм хэмжээ нь урьдчилсан нөхцөлийн хувьд 2 жил дараалан газраа ашиглаагүй байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх гэсэн 2 нөхцөлийг тавьсан байна.

Эдгээр 2 нөхцөл бүрэн биелсэн байж газар ашиглах эрхийг урьдаас учир шалтгааныг тодруулан байж хүчингүй болгох ёстой. Газрын тухай хуульд заасан газраа ашиглаагүй гэсэн утга нь "газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх" утга агуулгатай гэж бид үзэж байна. Бодит байдал дээр бид тус газар дээрээ "Т*******" жуулчны бааз, амралтын цогцолбор барихаар төлөвлөн зураг төслөө гаргаж төслөө хэрэгжүүлж буй бөгөөд одоогоор 5 аялал жуулчлалын зориулалттай үйл ажиллагаа явуулах сууцын суурийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

4.3. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдэг ойлголт нь гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг буюу газар эзэмшигчээс хамаарах шалтгааныг тус нөхцөлийг ойлгох утгатай. Биднийг ажлаа төлөвлөж гүйцэтгэж байх шатанд компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хүчин зүйл нөлөөлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 178 дугаар "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" тогтоол гарч уг тогтоолын хэрэгжилтийн хугацааг тухай бүрд сунгасаар 2020-2021 оны хугацаанд нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан газартаа барилгын ажлыг эхлүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа бодитоор эрхлэх нөхцөл боломж үүсээгүй. Энэ хугацаанд бид хэдийн бодитоор хөл хорионд орсон боловч газрын төлбөрийг харин зохих ёсоор төлж байсан. Ковид-19 цар тахал, хөл хорионы хувьд нэмж хэлэхэд Улсын их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийг баталсан. Тус хуулийн 12.2 дахь хэсэгт иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 12.2.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;" 13.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 13.2.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах; гэж тодорхой хуульчилсан. Бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хугацааг тодорхой заасан бөгөөд уг хууль 2022 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал үйлчилсэн болохыг нэмж дурдаж байна.

4.4. Захиргааны ерөнхий хууль захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульчилсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24.1.3 дах хэсэгт "захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 27.2 дэх хэсэгт хуулийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж заасан" гэж тодорхой заасан. Хариуцагчийн зүгээс иймээс хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, бодит нөхцөлийг бүрэн тодорхойлоогүй гэж бид үзэж байна. Шүүхээс тус газарт үзлэг хийх нөхцөлд бид газар ашиглаж байгаа болохоо бодитоор тогтоолгож чадна гэж итгэж байгаагаа давхар дуулгаж байна.

Хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн А/485 дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хүчингүй болгосон гэж дурдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Захиргааны ерөнхий хуулийн 26.2 дах хэсэгт хуулийн 26.1 дэх хэсэгт заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 31.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй" гэж тодорхой заасан байтал тус зохицуулалтыг зөрчсөн. Сонсох ажиллагааг хийгээгүй.

Тус газраа хэрхэн яаж ашиглаж буй талаар, ашиглалтын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хариуцагчийн зүгээс ч тэр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс ч тэр бидэнд мэдэгдэж, тодруулга, тайлбарыг амаар болон бичгээр огт аваагүй, бодит байдал дээр өмнө дурдсанчлан аялал жуулчлалын сууц барихаар суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгааг бодитой тогтоогоогүй нь дээрх шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байгааг шууд илтгэнэ. Хариуцагчийн зүгээс хуульд заасан эдгээр ажиллагааг хийсэн бол бид хийж гүйцэтгэсэн ажлаа үзүүлэх, харуулах, тайлбараа гаргах, түүнчлэн ашиглах явцад ковид-19 вар тахалт халдварт өвчний улмаас үүссэн хүндрэл бэрхшээлтэй байдлаа танилцуулах, нотлох баримтуудыг гарган өгөх боломжтой байсан. Шийдвэр гаргах явцад гаргасан хуульд нийцээгүй энэ ажиллагааны улмаас хамгийн гол нь тус тушаалыг гаргах үндэслэл болсон "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус болох үр дагавартай гэж үзэж байна гэжээ

4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг гэж заасан.

Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр болгосон. Үүн дээр барилга байгууламж барьж байгаа, тариалан эрхэлж байгаа гэх мэт байдлыг зориулалтын дагуу газар ашиглаж байгаа гэдэгт ойлгоно гэж заасан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын бааз барих зөвшөөрөл өгсний дагуу барилгаа бариад, зөөврийн орон сууцуудыг байрлуулах гэж байхад бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч тал тухайн газар дээрээ ямар хөрөнгө оруулалт оруулсныг тогтоогоогүй. Форс мажорын гэрчилгээ 2022 онд авсан эсэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс тодруулсны дараа шийдвэрээ гаргах ёстой байсан, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй, 2 жил газраа ашиглаагүй гэдэг үндэслэл хангаагдахгүй байна. Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад үүнийг тогтоохгүйгээр жирийн нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг шууд хөндсөн учир маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү? гэв.

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан. "М*******" ХХК-ийн газар ашиглах эрхтэй газрыг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан ба Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар саналыг үндэслэсэн.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж зааснаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэлийн тухайд нэхэмжлэгч М*******" ХХК-аас газар ашиглах эрхтэй газраа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 он хүртэл ашиглаагүй ба энэ нь Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан хээрийн судалгаа хийж гүйцэтгэсэн ажлын фото зургаар тогтоогддог. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул М*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсэгт "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх" гэж заасан. Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа явуулахдаа 21 ба түүнээс дээш тооны хуулийн этгээд байсан учраас цахим хэлбэрээр нийтэд ил тод явуулсан боловч нэхэмжлэгч хариу тайлбарыг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт .Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5 дах хэсэгт цахим хэлбэрээр санал авах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дах хэсэгт бусад гэсэн арга хэрэгслийг зааж өгсөн байдаг. Иймд хариуцагч сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн ч нэхэмжлэгч тал хариу тайлбараа өгөөгүй учир Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/455 дугаар бүхий Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/423 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайхны саравч-ийн хязгаарлалтын бүсэд "М*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 3.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...гэрээний хугацаа дуусаагүй, ажлаа бага багаар хийж гүйцэтгэж байсан, захиргаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж бодит нөхцөл байдлыг буруу тогтоосон гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/455 дугаар бүхий Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.6 болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/455 дугаар бүхий Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг тус тус үндэслэсэн.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон гэж, мөн хуулийн 40.4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: гэж, 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гэж, 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасан.

6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, мөн хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл "М*******" ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор Сайхан саравч хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3.0 га газар ашиглах эрхтэй болж №010******* дугаар гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгосноор 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №20******* тоот Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ-г Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №443 дугаар албан бичгээр Тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сошиал хуудсаар Монгол Улсын "Захиргааны ерөнхий хууль"-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.2-т заагдсан үйл ажиллагааг явуулсан материал, хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг зэрэг мэдээллийг бэлтгэн хүргүүллээ, хавсралтад дурьдсан 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гарган өгнө үү гэж мэдэгдэн, хавсралтаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт хүргүүлсний дотор 22 дугаарт М******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 гэж, мөн Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажлын тэмдэглэл хүргүүлсний 8-т М******* ХХК-ийг /Гэрийн буйр 2 ш зассан/ гэж тэмдэглэсэн болох нь тус тус тогтоогдов.

8. Эдгээр үйл баримтуудыг холбогдох хуулийн заалтуудтай авч үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т заасныг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

9. Тухайлбал, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгох тохиолдолд уг хуульд заасанчлан захиргаа нэгдүгээрт нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүйг, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох, зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 2 жил өнгөрсөн өдрөөс эхлэн тоолохыг хуулиар шаардсан байна.

10. Гэтэл энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь уг газар ашиглах эрхийг авснаас хойшхи 3 жил 9 сарын хугацаанд Т******* гэх аялал жуулчны баазын зураг төслийг гаргаж, гар утасны аппликейшн бүтээн улмаар тухайн газар дээрээ 5 ширхэг байшингийн суурь зассан, ийнхүү засах ажлын явцад хөрш үйл ажиллагаа явуулж буй компаниас цахилгаан татсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байхад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2 ширхэг гэрийн буурьтай гэх тэмдэглэл үйлдэн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн нь учир дутагдалтай, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гэж шүүх үзлээ.

11. Түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш Монгол Улсад Ковид-19 цар тахал эхэлж улсын хэмжээгээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд ийнхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсныг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ-гээр нотлогдсон, энэ нь нийтэд илэрхий үйл баримт ба үүнийг шүүх дахин нотлохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрчилгээ нь 9 дүгээр сарын 25-наас хойш гарсан тул энэ үйл баримтанд хамааралгүй гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна.

12. Мөн талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гурван талт гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байгаа бөгөөд хуульд заасан 2 ба түүнээс дээш жил гэх хугацааг захиргаа хэрхэн тооцож байгаа нь тогтоогдоогүй, энэ талаар тодорхой тайлбар ирүүлээгүй болно.

13. Иймд хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар бүхий Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

14. Хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: гэж, 27.4.7-д бусад. гэж тус тус заасны дагуу ...20-иос дээш аж ахуйн нэгж байсан тул сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн тухайн компанид хаягласан байх ба энэ тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хуулийн 27.2.1-д заасан тухайн этгээдэд шууд хүргүүлэх байдлаар мэдэгдэх үүрэгтэй байсан, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН