Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/789

 

 

   Г.Э, М.Б, А.Ц

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

цагаатгагдсан этгээд Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1323 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Э, М.Б, А.Цнарт холбогдох 1806066830407 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Г.Э, 

2.  М.Б, 

3. А.Ц, 

Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд талийгаач Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан,

А.Цнь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслан ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн,

М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Ц, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, А.Цнарыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан тус хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр Боржигон овогтой Галбадрахын Г.Эыг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Эыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэргийг хүчингүй болгож, 1806 06683 0407 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 61 хуудастай, 3 ширхэг сидиний хамт, мөн хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди зэргийг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмоны зүгээс шүүгдэгч Г.Эаас нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 3.263.960 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 13.263.960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М.Б, А.Цнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э, М.Б, А.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нотлох баримтыг хэрхэн ойлгох талаар заасан. Хэрэгт шүүгдэгч Г.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед түүнээс гэрчээр авсан мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа буюу түүний мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгасан. Шалгалтын явцад гэрч М.Б, А.Цнарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдсон. Гэвч хэргийн бодит байдлыг мэдсэнийхээ дараа өөрийн хамаарал бүхий этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилгоор өөрийн өмнө өгсөн мэдүүлгийн он сар, үйл баримтыг илтэд өөрчлөн дахин мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж заасан бөгөөд уг хууль зүйн ойлголт нь өөрийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, мэдүүлэг өгөх үйл ажиллагааг дуусгах тухай юм. Гэвч шүүхээс түүний өгсөн мэдүүлгийг цагдаагийн байгууллагын дарамт шахалтад орсны улмаас цагдаагийн алба хаагч нарын үгээр уг мэдүүлгийг өгсөн мэтээр дүгнэж, нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Уг гэрчийн мэдүүлгийг мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байгаа үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзэж гэрчийн мэдүүлэг авсныг анхаарч үзэх нь зүйтэй. Цагдаагийн алба хаагч уг мэдүүлэгт оролцсон өмгөөлөгч нарыг дарамт шахалт үзүүлсэн, эрүүдэн шүүсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй. Яллагдагч Г.Эын мэдүүлгээс үзэхэд гэрчийн мэдүүлгийг өөрөө зохиож ярьсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг өөрөө зохион дүрсэлсэн, цагдаагийн алба хаагч нарыг буруутгасан талаар огт мэдүүлдэггүйг анхаарч үзэх нотлох баримтыг үнэлж, дүгнэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан бөгөөд дан ганц шүүгдэгч Г.Эын мэдүүлэг бус, тухайн цаг хугацаанд хамт байсан гэх гэрч А.Ц, М.Б нарын мэдүүлэг, мэдүүлэг шалгасан тухайн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж байна.

Шүүх дүгнэлтдээ Г.Эыг гэрч М.Ц, Н, Г, Бнартай хамт 2018 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд байсан гэж дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэлж, тэдгээр мэдүүлгийг няцаасан баримт болох Б.Буянжаргалын тухайн цаг хугацаанд дэлгүүрээс худалдан авалт хийснийг нотлох дансны хуулга болох нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн талаараа дурдаагүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн өөрийг нь буруутгаж эхэлсэн. Гэрч, хохирогч болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн санахдаа ойн ухаанд нь үлдэж хоцорсон мэдээлэл нь тухайн үйл явдал болж өнгөрсөн байдаг ба урьдаас тааж мэдэх боломжгүй байдаг. Түүний нас, мэргэжил, өвчин эмгэг, хэрэгт ямар сонирхолтой болох, гадны нэр нөлөөнд автах, хэрэг болж өнгөрсөн орчны нөхцөл байдлаас хамааран буруу мэдээлэл өгөх, мэдүүлэг өөрчлөгдөж болохоос гадна мартагдаж болох онцлогтой байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй зүйлийн төлөө М.Б, А.Цнарыг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх нэр бүхий оролцогч нар нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр амь хохирогчтой уулзсан талаар мэдүүлсэн. Амь хохирогчтой уулзсан гэдгийг хэн нэгэн үгүйсгээгүй. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М.Б, А.Ц, Г.Э нар нь амь хохирогчтой уулзаж архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн талаар хэн хэн нь маргадаггүй. Харин 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уулзсан нь бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдсан үндэслэлүүдийг няцааж, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хэмээн эсэргүүцсэн. Цагаатгах тогтоолын 7 дугаар талд Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар Дээрх мэдүүлэг нь дараах хуулийг зөрчсөн. Үүнд: Мөрдөгч хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах гомдол бүхий мэдээг хүлээн авсан үед гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүн худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно”, Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Фактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “G” хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх, тулган шаардлагад өртөхгүй гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд заасан, эсхүл хамаарал бүхий болсон хүнд худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, мэдүүлэг гаргуулахаар шахалт өгсөнд тооцох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Эыг гэрчээр байцаасан байцаалт, мэдүүлгийг нотлох баримтад тооцох хууль зүйн үндэслэлгүй. Мөн Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11787 дугаартай дүгнэлтээр талийгаачтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  1115 дугаартай магадлалаар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1375 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.Эыг хаана байсныг тодруулсан хэмээн мэдүүлсэн байна. Мөн Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар дурдажхэрэв буруутгаж байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л аргыг ашиглан нотолхэмээн хэргийг прокурорт буцаасан байтал холбогдох ажиллагааг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тогтоолд заасан ажиллагааг прокурор, мөрдөгч заавал биелүүлэх хуулийн заалттай. Гэтэл прокурор, мөрдөгч нь Г.Эыг хүн алсан гэдгийг нотолж чадаагүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас бардаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхэл 2-ын хооронд шалтгаант холбоо агуулсан байхыг заавал шаарддаг. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг заавал шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эсэх нь тогтоогдоогүй, хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг. Анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад хэргийн бодит байдлыг тогтоохоор талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримт шинжлэн судалж, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий болсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний 1375 дугаартай шийдвэрээр Г.Эд 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Уг шийдвэрт хэргийн оролцогч нарын зүгээс гомдол гаргаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийдэг. Гэрч Цэрэнжаргал, Нямжаргал, Ганзориг, Эрдэнэчимэг, Энхжаргал, Буянжаргал нарын мэдүүлгүүдээр хэргийн үйл явдал болсон 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч нас барсан цаг мөчид Г.Э нь өөрийн гэртээ байсан нь тогтоогддог. Улсын яллагчийн зүгээс Г.Эын гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй гэдэг. Гэтэл 2019 оны 1115 дугаартай магадлалд “Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Эаас гэрчээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх мэдүүлгийг үнэлж, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн. Тодруулбал, мөрдөгч хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, үндэслэл бүхий мэдээ баримт сэлтийг хүлээн авч, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг шаардаж хүч хэрэглэхийг хориглоно, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Фактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, эрүү шүүлтийн нэг хэлбэр гэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүх Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Амь хохирогчийг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэж ярьдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амь хохирогчийн цуснаас спирт илрээгүй. Мөн өмсөж явсан хувцас өөрчлөгдсөн. Энэ мэтчилэн шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн талаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах боломжгүй болсон учраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний 2021/ШЦТ/1323 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Эыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд талийгаач Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан,

А.Ц, М.Б нарыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслан ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, А.Ц, М.Б нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Прокуророос шүүгдэгч Г.Эыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д "нотолбол зохих байдал" тухайлбал гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэт тогтоож чадаагүй ба шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул "...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж  заасны дагуу Г.Эыг цагаатгаж,

М.Б, А.Цнарын “2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслан ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн.” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.  

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонгийн: “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өглөө 09 цагийн үед талийгаач бид хоёр гэрээсээ гараад “Элбэг дүүрэн” дэлгүүр өнгөрөөд дараагийн тоосгон улаан дэлгүүрийн ойролцоо салсан. ...Тухайн өдрийн орой 20 цагийн үед гэрт ирэхэд хүнгүй байсан. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр талийгаачийг нас барсан талаар олж мэдсэн. ...” /1хх 60/,

гэрч М.Сувд-Эрдэнийн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад хүргэн ах ажилдаа явахдаа эхнэр Эрдэнэсувдыг дуудаад “Хойд талын хашааны буланд нэг эмэгтэй хэвтэж байна. Согтуу юм шиг байна. Та хоёр үзээдэх” гэхэд нь Эрдэнэсувд бид хоёр тэр эмэгтэй дээр очиж үзсэн. Тэгэхэд тэр эмэгтэй доошоо харсан чигтээ ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан бөгөөд хурхирч байсан. Тэгэхээр нь унтаж байна гэж бодоод буцаад явсан. Дахиад 30-40 минутын дараа эргэж ирэхэд ямар ч чимээгүй, хурхирахаа больсон байсан. ...Удалгүй түргэн ирээд “Нас барсан байна.” гэсэн. ...” /1хх 64-65/,

гэрч Т.Мөнхзулын “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ахлах ахлагч Н.Отгонбаярын хамт Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн Сүлд-117 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Өдөр 12 цагийн үед Сүлд-10-аас “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганц худгийн задгайд ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ахлах ахлагч Н.Отгонбаяр бид хоёр очиход Ганц худгийн задгай гудамжинд хашааны буланд нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Бид хоёрыг очиход түргэн тусламжийн машин ирсэн байсан. Эмч уг эмэгтэйг үзээд “Нас барсан байна” гээд бичиг хийж өгөөд явсан. ...” /1хх 82/,

гэрч Н.Отгонбаярын: “...Үүрэг гүйцэтгэх явцад 12 цагийн үед “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Очиход түргэн тусламжийн автомашин бид нартай зэрэг шахуу ирсэн бөгөөд уг гудамжинд хашааны буланд 30 гаруй насны эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, өрөөсөн гутал нь сугарсан хэвтэж байсан. Эмч үзээд эмэгтэйг “Нас барсан” гээд явсан. ...” /1хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1787 дугаартай “Талийгаачид 2018 оны 8 дугаар сарын 11-ний 19 цаг 35 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой” болохыг тогтоосон дүгнэлт /1хх 151-154/ зэрэг нотлох баримтуудаар Г.У нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Эдгээр мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт нь цаг хугацааны хувьд харилцан уялдаатай байх ба өөр хоорондоо зөрүүгүй тул үнэлэх боломжтой байна.

Харин, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, Г.Э, А.Ц, М.Б нарыг гэмт хэрэгт яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь Г.Э нь Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэх үйл баримтыг хөдөлшгүй тогтоож чадаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хүрэлцээгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нотлох баримтын цогц байдал нь бүрэн дүүрэн шинжтэй, өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг шаардлагатай бүх ажиллагаа явуулан шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсны үр дүнд түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчим хэрэгжих учиртай.

Прокуророос Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хохирогч, гэрч, яллагдагч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг яллах дүгнэлтэд дурдсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд болох:

хохирогч Ц.Цолмонгийн: “...Талийгаач охин маань Ганбаатараас гадна өөр нэг залуутай ганц хоёр удаа уулзаад байсан юм. Гэхдээ тэр залууг нь би танихгүй. Манай гэрийн тэр хавьд явж харагдаад байдаг юм. Тэр залуу 2018 оны 6 дугаар сард манай гэрийн гадна ирээд талийгаач охинтой маань нэг удаа уулзаж байсан. Түүний дараа 7 дугаар сард баярын дараа манай охиныг эмнэлгээс гарсны дараа нэг удаа уулзаж байсан гэж талийгаач охин маань өөрөө хэлсэн юм. Тэгэхээр энэ залууг сэжиглэж байна. ...” /1хх 57/,

гэрч Г.Ундрахын: "...ээж Ц.Цолмонтой ярилцаад сууж байхад талийгаачийг доод гудамжны "Элбэг дүүрэн" хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг эмэгтэйн хүү машинтайгаа талийгаачийг ирж, авч явж байсан талаар ярьж байсан. Тэгээд тэр залууг талийгаачийг нас барсан байдалтай олдсон гэх газрын ойролцоо байшин барьж байгаа гэж сонсоод сэжиглэх болсон. ..." /1хх 63/,

гэрч М.Бын: "...А.Цахын гэрт бид хоёр пиво билүү архи хувааж уусан. Тэгээд байж байтал Г.Э ах өөрийнхөө машинд эмэгтэй хүн суулгачихсан ирсэн. Бид дөрөв нийлээд том савтай пиво хувааж уусан. Архи, пиво дуусаад А.Цах бид хоёр А.Цахынх руу ороод Г.Э ах тэр хүүхнээ аваад "Гэр рүүгээ явна" гэж байх шиг байсан. ..." /1хх 66-67/,

гэрч В.Ганбаатарын: "...Тухайн өдрүүдэд буюу 10-11-ний өдрүүдэд Г.У байхгүй болохоор оройдоо гэртээ ирээд хоноглодог байсан. Г.У надтай уулзаагүй бараг 10 хоносон. Гэтэл нас барсан гэж ээжээс нь сонссон. ..." /1хх 70/,

цагаатгагдсан этгээд Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 125/,

цагаатгагдсан этгээд А.Цог-Эрдэнийн гэрчээр өгсөн "...Он сарыг нь санахгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш намайг гэртээ ганцаараа байхад М.Б ирээд, бид хоёр пиво уугаад сууж байтал Г.Э ах нэг эмэгтэйтэй хамт өөрийн машинтай ирсэн. ...Манай гэрийн арын уул руу 4 дэх хашаан дотор пиво ууж, би жаахан муудаад гэртээ хүргүүлсэн. М.Б надтай хамт буусан эсэхийг санахгүй байна. Г.Э ах хамт ирсэн эмэгтэйтэйгээ машинтайгаа явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Надад хаашаа явж байгаагаа хэлээгүй. ..." /1хх 128/ гэсэн мэдүүлгүүд,

А.Цог-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 40-47/,

амь хохирогч Г.Уүхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1787 дугаартай дүгнэлт /4хх 151-155/,

шинжээч эмч Б.Ундармаагийн: “...гэмтлийг авснаас хойш 12-18 цагийн дараа нас барсан байх боломжтой. Энэ нь эд эсийн шинжилгээний тусгай будгийн аргаар тогтоосон ...” /1хх 157/ гэсэн мэдүүлэг,

цагаатгагдсан этгээд Г.Эын яллагдагчаар өгсөн: “..2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр А.Ц, М.Б, Г.У нарын хамт А.Цог-Эрдэнийн гэрийн арын уулан дээр пиво, архи хувааж уусан. 19 цагийн үед дуусаад А.Ц, М.Б хоёр гэртээ ороод Г.Уийг машинаасаа засмал зам дээр очиж буулгасан. Хаашаа явахаа хэлээгүй. Би гэртээ харьсан. ...” /1хх 206/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгон Г.Эыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Утолгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь Г.Э нь Г.Уийг санаатай алсан болохыг шууд нотлон тогтоогоогүйн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон, гэрч Г.Ундрах нарын мэдүүлэг нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн, таамагласан шинжтэй, гэрч А.Ц, М.Б нар нь Г.Э болон Г.У нартай хамт архи, пиво уусан талаар мэдүүлсэн байх боловч түүнийхээ дараа Г.Эыг хаашаа явсан, ямар үйлдэл хийсэн болохыг нотлон мэдүүлээгүй, амь хохирогчийг нас барсан өдөр уулзсан нь тодорхойгүй, мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр Г.Уүхлийн шалтгааныг тогтоосон буюу түүний үхсэн нь Г.Эын үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.

Өөрөөр хэлбэл, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэйгээс гадна тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст шийдлийг гаргах үүрэгтэй. Аливаа хэргийн оролцогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул шүүх хэргийн бусад нотлох баримтыг бүхэлд нь хамруулж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын гаргасан баримт, эсхүл гаргалгаанд эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох, таамаглалд үндэслэх нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн, төвийг сахих байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж гэм буруугүйд тооцох зарчмыг заасан.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Түүнчлэн, Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэтээр мэдүүлэг өгсөн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа хүнээс үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж тайлбарлан гэрчийн мэдүүлэг авч, тухайн мэдүүлэгт үндэслэн өөрийг нь яллах нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад органик хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөнд тооцох бөгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор хянаж, яллах болон цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Г.Э нь бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж үзэв.

            А.Ц, М.Б нар нь “Г.Э нь Г.Уийг санаатай алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдож, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.

Мэдүүлгийн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд, шүүхийн өмнө хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсаны эцэст өөрийн оюун ухаанд тухайн болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл хэрхэн тусгагдаж, хадгалагдаж үлдсэнийг хэл яриагаар болон ойлгогдох бусад хэлбэрээр гарган илэрхийлж байгаа сэтгэхүйн нотлох баримт юм.

Гэрч, хохирогч нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэн санахдаа ой ухаанд нь үлдэж, хоцорсон мэдээлэл нь тухайн үйл явдал болж өнгөрөхийг урьдаас тааж мэддэггүй, тэдний боловсрол, нас, мэргэжил, өвчин эмгэг, хэрэгт ямар сонирхолтой болох, гадны ямар нэгэн нөлөөнд автах, хэрэг болж өнгөрсөн орчны нөхцөл байдал зэргээс хамаарч буруу зөрүү өгөх, өөрчлөгдөж болохоос гадна мартагдаж болдог онцлогтой.

А.Цнь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би он сарыг нь санахгүй байна. Улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш намайг гэртээ ганцаараа байхад М.Б ирээд бид хоёр пиво уугаад байж байтал Г.Э ах өөрийн машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа зураг дээрх эмэгтэйтэй хамт ирсэн. ...Манай гэрийн арын уул руу 4 дэх хашаан дотор Г.Э ах, тэр эмэгтэй, М.Б бид дөрөв машин дотор пиво уусан. Би жаахан муудаад гэртээ хүргүүлсэн. ...Г.Э ах хамт ирсэн эмэгтэйтэйгээ машинтайгаа явсан. Хаашаа явсныг мэдэхгүй. Надад хаашаа явахаа хэлээгүй. ...” гэж /1хх 128-129/,

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Миний урьд өгсөн мэдүүлэг дээрх зарим нэг үйлдэл нь худал. Учир нь мэдүүлэг өгдөг өдөр мэдүүлэг эхлэхийн өмнө Г.Эыг баривчлагдахын өмнө цай, хоол идээд байж байхад нь би хажууд нь очиж цай авч уусан. Тэр үед Г.Э ахаас “Та тэр эмэгтэйг авч явсан юм уу” гэж асуухад Г.Э ах “Тийм” гэж толгой дохиж байсан. Тэгэхээр нь би мэдүүлэгтээ “Г.Э ахыг авч явсан” гэж мэдүүлсэн. Өмнөх явдлууд нь үнэн. ...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М.Б, Г.Э, тэр эмэгтэй нартай архи уусан. Би Хаан банкны хуулгаа авч үзэхэд өөрийн картаараа тухайн өдөр “Цэхээ” нэртэй дэлгүүрээс 8.400 төгрөгийн үнэтэй архи худалдаж авсан байсан. Энэ үйл явдлаар би 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэдгээр нь санаж байна. ...” /2хх 97-98/ гэж,

М.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр нь 2018 оны 8 дугаар сарын үед байсан санагдаж байна. ...Яг хэдний өдөр, ямар гараг байсныг би одоо хэлж мэдэхгүй байна. Манай аав М.Мөнхжаргалын дүү Авид ахын хүүхэд А.Цахын гэрт нь би тэр өдөр 12-13 цагийн үед очиж уулзаад бид хоёр пиво хувааж уусан. ...Бид хоёр байж байтал үеэл ах Г.Э өөрийнхөө цайвар өнгийн автомашинд үл таних 30-35 орчим насны туранхай эмэгтэй хүн суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Г.Эын ахын машинаар А.Цахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд пиво хувааж уусан. ...Тэгээд архи, пиво дуусаад А.Цах бид хоёр А.Цахынх руу ороод, Г.Э ах нөгөө хүүхнээ машиндаа суулгаад явсан. Г.Э ах тэр хүүхнээ аваад гэр рүүгээ явна гэж байх шиг байсан. ...” /1хх 66-67/ гэж,

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр: “...Бид нар уулзсан өдөр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө юм байна лээ. Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр жолооны эрхээ хасуулсан юм. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Г.Э ахтай уулзаагүй. Миний бодлоор 2018 оны 7 дугаар сарын 15-аас 25-ны өдрүүдийн хооронд уулзсан юм шиг байна. Би 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө А.Цахын гэрээс явсан байсан. Тэрийгээ яаж мэдсэн бэ гэхээр А.Цахын дүү нь эхнэртэйгээ байдаг байсан. Тэд нарын хоорондоо харилцсан мессеж дээр намайг явсан гэсэн утгатай мессеж байсан гэсэн. ...” /2хх 99-100/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Дээрх мэдүүлгүүд нь Г.Утэй анх танилцсан гэх өдөр А.Ц, М.Б нар нь хамт байхад нь Г.Э нь өөрийн автомашинтайгаа Г.Ухамт ирж, тэдгээр нь хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар А.Ц, М.Б нар нь хамт А.Цог-Эрдэнийн гэр рүү явсан тухай тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд А.Ц, М.Б нар нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “он сарыг санахгүй байна”, “Хаан банкны хуулгаа авч үзэхэд архи худалдаж авсан байснаар санаж байна”, “тухайн өдөр нь 2018 оны 8 дугаар сарын үед байсан санагдаж байна” гэх мэтээр зөвхөн Г.Утэй анх уулзсан гэх огноог харилцан зөрүүтэй мэдүүлсэн нь худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангахгүй, прокурорын яллаж буй Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилготой болох нь тогтоогдохгүй байна.

Иймд, Г.Э, А.Ц, М.Б нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1323 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1323 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар эрүүгийн 1806 06683 0407 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.   
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ