| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00051/И |
| Дугаар | 130/ШШ2024/00600 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2024/00600
Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Б.К,
Нэхэмжэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Д.Ж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, К.М,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Х.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг (дарга Х.М),
Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга (А.К)-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий Сансар эмнэлгийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэсэнтэй холбогдуулан ажилд томилох шийдвэр гаргаж, ажлын байраар хангахыг хариуцагч болон хамтран хариуцагчид тус тус даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.К, К.М, Х.А,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Бакен,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.К, Д.Ж, К.М, Х.А нар нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан Өлгий Сансар эмнэлгийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэсэнтэй холбогдуулан ажилд томилох шийдвэр гаргаж, ажлын байраар хангахыг хариуцагч болон хамтран хариуцагчид тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Б.К нь Өлгий Сансар эмнэлэгт 2013 оноос их эмчээр томилогдож ажиллаж байгаад ажлаас түр чөлөөлөгдөж дотрын эмчийн 2 жилийн резидент сургалтад явж ирээд Сансар эмнэлгийн ерөнхий эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаар тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дотрын эмчээр томилогдож ажилласан. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авч 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Н.Ж-г төрүүлж, Өлгий Сансар эмнэлгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар мөн өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хүүхэд асрах чөлөө авсан. Нэхэмжлэгч Д.Ж нь Сансар эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4 тоот тушаалаар мөн өдрөөс парафин эмчилгээний сувилагчаар томилогдож ажиллаж байсан. Нэхэмжлэгч К.М нь Сансар эмнэлгийн ерөнхий эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар мөн өдрөөс нярваар томилогдож ажиллаж байсан.Нэхэмжлэгч Х.А нь Сансар эмнэлгийн ерөнхий эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 26 тоот тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эмнэлгийн жолоочоор томилогдож ажиллаж байсан.
1.2.Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үүрэг, чиглэл өгөх тухай 212 дугаар тогтоолоор Өлгий сансар эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хувиарлахыг аймгийн Засаг дарга А.К, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М нарт тус тус даалгасан.
1.3.Мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай 216 дугаар тогтоолоор Өлгий сансар эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт балансаас балансад шилжүүлсэн.
1.4.Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сансар эмнэлгийг Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэх тухай А/677 дугаар захирамжаар Сансар эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэж, эмнэлгийн материаллаг бааз, хүний нөөц болон санхүүг зохицтой хувиарлан, эмч, ажилтнуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулахыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Мт үүрэг болгосон.
1.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын дээрх шийдвэрүүдийг үндэслэн Өлгий Сансар эмнэлгийн ерөнхий эмчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар хавсралтад дурдсан нэр бүхий 25 ажилтан, албан хаагчдыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдыг цалингийн сангийн хамт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлэхийг Хүний нөөцийн мэргэжилтэнд даалгасан. Бид дээрх шийдвэрүүдийн дагуу нэр бүхий 25 хүн ажилд орох гэж очиход Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М нь тодорхой хугацаагаар хүлээлгэж байгаад 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс Сансар эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж, 20 хүнийг ажилд томилсон боловч биднийг ажилд томилох шийдвэр гаргаагүй. Бид учрыг тодруулахаар орон тоо байхгүй, дараа нь шийдвэр гаргана, хүлээж бай гэх зэргээр амаар хариу өгдөг байсан.
1.6 Иймд бидний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Өлгий Сансар эмнэлгийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэсэнтэй холбогдуулан ажилд томилох шийдвэр гаргаж, ажлын байраар хангахыг хариуцагч болон хамтран хариуцагч нарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зохигчдоос харилцан тохиролцож 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ-г гаргаж өгсөн.Үүнд:
2.1.Нэхэмжлэгч Б.К, Х.А болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.К нар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Б.К, Х.А, нөгөө талаас хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.К бид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 заасныг баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрч байна.
1.Нэхэмжлэгч Б.Кийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумд шинээр баригдаж ашиглалтад орж буй хүүхдийн цэцэрлэгийн эмчээр, нэхэмжлэгч Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт жолоочоор 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар болов.
2.Нэхэмжлэгч Б.К, Х.А нар дээрх байдлаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргатай эвлэрсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар болсон.
3.Энэхүү гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Мөн энэ гэрээ бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
2.2.Нэхэмжлэгч Д.Ж, К.М болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М нар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Д.Ж, К.М, нөгөө талаас хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 заасныг баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрч байна.
1.Нэхэмжлэгч К.Мийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярваар, нэхэмжлэгч Д.Жийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар болов.
2.Нэхэмжлэгч К.М, Д.Ж нар дээрх байдлаар хариуцагч Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эвлэрсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар болсон.
3.Энэхүү гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Мөн энэ гэрээ бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Б.К, Д.Ж, К.М, Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох Өлгий Сансар эмнэлгийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэсэнтэй холбогдуулан ажилд томилох шийдвэр гаргаж, ажлын байраар хангахыг хариуцагч болон хамтран хариуцагчид тус тус даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 08:00 цагт товлосон.
5.Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга (А.К) нь нэхэмжлэгч Б.Кийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумд шинээр баригдаж ашиглалтад орж буй хүүхдийн цэцэрлэгийн эмчээр, нэхэмжлэгч Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт жолоочоор 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар,
хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М нь нэхэмжлэгч К.Мийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярваар, нэхэмжлэгч Д.Жийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар болж тус тусын Эвлэрлийн гэрээ-г байгуулж шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
7.Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 35,100 төгрөг, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 35,100 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
8.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга (А.К) нь нэхэмжлэгч Б.Кийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумд шинээр баригдаж ашиглалтад орж буй хүүхдийн цэцэрлэгийн эмчээр, нэхэмжлэгч Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт жолоочоор 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М нь нэхэмжлэгч К.Мийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярваар, нэхэмжлэгч Д.Жийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 35,100 (гучин таван мянган нэг зуун) төгрөг, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 35,100 (гучин таван мянган нэг зуун) төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК