Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00900

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00900

Х аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00929/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 44 дүгээр байр, 103 тоотод байрлах Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 16 тоотод оршин суух,  Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,373,191 (дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 6,000,000 (зургаан сая) төгрөгийг зээлдэгч Б.Б-д 30 (гуч) хоногийн 3,9 (гурав аравны ес) хувийн хүүтэй ззэлдүүлсэн бөгөөд тус зээл нь эхний сарууддаа сунгагдан, үндсэн зээлээс хасалт хийн хэвийн үргэлжилж байсан боловч гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөх үүргийг зээлдэгчээс бүрэн гүйцэтгээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 (тэг аравны хоёр) хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.

Зээлдэгчид гэрээний хугацаа дуусч буй талаар тухайн үед олон удаа мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх тухай сануулсан бөгөөд үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй бол гэрээний хугацааг сунгах боломжтой талаар удаа дараа мэдэгдэж байтал зээлдэгч нь үл тоон, итгэл эвдэн зээлийн гэрээг ноцтойгоор зөрчсөн тул иргэний хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн.

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,834,900 (хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга есөн зуу) төгрөг, хүүгийн төлбөрт 110,561 (нэг зуун арван мянга таван зуун жаран нэг) төгрөг, алдангийн төлбөрт 1,427,730 (нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун гуч) төгрөг, нийт 4,373,191 (дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун ерэн нэгэн) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Б 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан ББСБ-аас нэхэмжилсэн зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,834,900 төгрөг, хүүгийн төлбөр 1,427,730 төгрөг нийт 4,373,191 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,373,191 (дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 84,921 төгрөгийн 50 хувь болох 42,460.5 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс, 50 хувь болох 42,460.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,373,191 (дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б-ээс 42,460.5 (дөчин хоёр мянга дөрвөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 42,460.5 (дөчин хоёр мянга дөрвөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА