Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* ХХК (РД:*******),

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нарын хоорондын XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, Архангай аймгийн Х*******, Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулсан бөгөөд шүүх уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх, Х******* сумын нутаг дахь Х******* нэртэй газарт 6544.70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг "А*******" ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

4. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрээр "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн XV-00******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.

5. Уг татгалзсан шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8/3051 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 38, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай албан бичгүүдээр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан байна.

6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/3827, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/3705 дугаартай албан бичгүүдээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийг сунгахаас татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариуг хүргүүлжээ.

7. Ийнхүү Н******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, Архангай аймгийн Х*******, Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ.

8. Нэхэмжлэгч "Н*******" ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ХV00******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө өргөдөл гаргах бөгөөд түүнд холбогдох бичиг баримтыг хавсаргахаар заасан. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авсан бөгөөд шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт дээрх өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхээр заасан байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцлийг хангасан байна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 32 дугаар зүйлд төлбөрийн асуудал, 33 дугаар зүйлд хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан үндэслэлээр сунгахаас татгалзах талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн материалын бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлийн нэг болох тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасан. Харин Н******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байхад сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Геологи, уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр XV-00******* сунгаж шийдвэрлэхдээ А******* ХХК-ийн Татварын ерөнхий газартай 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ , Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэж байсан. Дээрх шийдвэрийн 1 дүгээр хавсралтад *******Х дугаартай тусгай зөвшөөрөл нь Х******* сумын нутагт оршдог бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр болохыг тогтоон шийдвэрлэж байжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 тоот дугаартай магадлал бүхий захиргааны хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр, магадлалын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 606 тоот Кадастрын даргын шийдвэр гарч хугацааг сунгаж байсан. Уг хэрэг маргаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий тапбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговрыг олгоогүй байна гэж дүгнэсэн. Энэ хэрэг маргааны нэхэмжлэгчээр тухайн үед *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан А******* ХХК, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхийн шийдвэр, магадлалыг гардан биелүүлсэн байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6-2690 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдэл хүргүүлж байсан.

Мэдэгдэлд ...Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6-д шийдвэр гаргасан байгууллага нь нөхөн олговрыг төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хуульчилсан тул хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж авсан тусгай хэрэгцээний талбайнуудын давхцлыг нь арилган бүртгэх болсныг мэдэгдье гэсэн байдаг.

Энэ албан мэдэгдлийн хариуд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 06, 07 дугаартай тогтоолуудыг гарган Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Тухайн үед Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шийдвэр гарсан байсан. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан байна.

Үүний дараа буюу 2018 оны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсанчлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нөхөх олговор олгоогүй байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг баталж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан, цаашлаад тусгай зөвшөөрлийг Н******* ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байдаг.

Энэхүү шийдвэр, үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэдий ч нөхөн олговор олгоогүйн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа болжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацааг баримтлаагүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасаар байтал бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй зэрэг нь захиргааны акт гаргах хууль үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Н******* ХХК-ийн эзэмшлийн ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрөл нь хоёр сумын хил дамнан оршдог. Тодруулбал, Архангай аймгийн Төвшрүүлэх, Х******* сумын нутагт оршдог. Нэхэмжлэгчийн гаргасан хугацаа сунгуулах өргөдөлд Х******* сумын Засаг даргын гарын үсэг бүхий 2020 оны Байгаль орныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө байгаа болно. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс энэхүү баримтыг байхгүй гэж үзэн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь өргөдлийн бүрдлийг хянаагүй, нөхцөл байдлыг тодорхойлолгүй татгалзан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн Захиргааны ерөнхий хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Н******* ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20/30 дугаартай албан хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд түүний дагуу оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулалгүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/546 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалыг тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төвшрүүлэх сумын Хөх сумын ам нэртэй газарт орших ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх Байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж, батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 удаа албадан гүйцэтгүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр дуусгавар болгосон байдаг ч байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө огт батлагдаагүй буюу шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, ямар ч үр дагавар үүсгээгүй болно.

Ийнхүү Н******* ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөгөө батлуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөөр байна.

Иймд Н******* ХХК-ийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх, Х******* сумын нутагт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэгч компани 2018 онд *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг "А*******" ХХК-иас шилжүүлж авсан, үүнийг Кадастрын хэлтэс шилжүүлж өгсөн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа дуусахаас 1 сарын өмнө бид өргөдлөө өгсөн. Өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн аваад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаартай шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж, мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангасан бол хугацааг сунгаж шийдвэрлэхээр заасан. Хуулийн 31 дүгээр зүйлийг нэхэмжлэгч компани хангаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан үндэслэлээр буюу тухайн заалтад заасан баримтын аль нэг нь дутуу байгаа тохиолдолд сунгахаас татгалзана гэж Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Сунгахаас татгалзах эрх үүрэг Кадастрын хэлтэст олгогдоогүй гэсэн үг.

Мөн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр сунгаж шийдвэрлэсэн. Энэ тусгай зөвшөөрөл нэг талдаа Х******* сумын, нөгөө талдаа Төвшрүүлэх сумын нутаг дамнаж оршдог. Гэтэл тухайн үед Кадастрын хэлтэс шийдвэр гаргахдаа зөвхөн Х******* сумын нутагт оршдог гэдэг агуулгаар шийдвэр гаргаж хугацааг нь сунгаж байсан болохыг тодруулж хэлж байна. Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлж өгөхдөө Х******* сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд батлагдсан байдалтайгаар өгсөн. Гуравдугаарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 269 тоот магадлалын тухайд, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/07 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар дүгнэчихсэн, нөхөх олговрыг олгоогүй байна гээд дүгнэсэн.

Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн маргаан бүхий шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан 10 хоногийн хугацааг баримтлаагүй, 04 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдлийг хүлээж авчхаад 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг гаргаж байгаа үйл баримт байна.

Зургаадугаарт, Х******* сумын Засаг даргын гарын үсэг бүхий 2020 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг гаргаж өгсөн байхад яагаад татгалзаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Яагаад энэ баримтыг байхгүй гэж үзээд байгаа юм бэ?

Оролцогчийн тайлбар нотлох баримт гаргах, сонсох ажиллагаанд оролцох шийдвэр гаргахад нь тодорхой хэмжээнд өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаа учраас түүнийгээ нотлох боломжийг олгоогүй шийдвэр гаргасан, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.

Наймдугаарт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь Засаг даргын хууль бус ажиллагаа мөн байна гээд дүгнээд зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан. Нэг талдаа шүүх шийдчихсэн буюу Засаг даргын зарим эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоочихсон. Тэгсэн мөртлөө шүүхийн шийдвэр бодит амьдралд хэрэгжихгүй нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа.

3 дугаар сарын 18-ны өдөр Геологи уул уурхайн цахим мэдээллийн системд үзлэг хийсэн. 2019 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, 2018, 2019 оны хайгуулын ажлын зардал, төлөвлөгөө тайлан батлагдсан. Гэтэл 2019 оны ажлын төлөвлөгөөг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс 4 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж өгсөн байж байгаа. Өргөдлийг хүлээж авсан Кадастрын хэлтэс нь 4 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажсан тайлантай холбоотой баримтуудаа гаргаж авах бүрэн боломжтой байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Аравдугаарт, тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацааг бид нар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэж ойлгоод байгаа юм. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр геологи уул уурхайн цахим мэдээллийн сан системд бүртгэл хийсэн үйл баримт тогтоогдсон. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг дуусаагүй. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд дуусаагүй байсан гэж үзэж байна.

Тийм учраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгоод тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээж авч сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийг гаргаж бүрэн дэмжээд явж байна" гэжээ.

10. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Х******* нэртэй газарт орших 6549 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр иргэн Бямбажавын Оюунчимэгт олгож, мөн даргын 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр А******* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг Н******* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. Үүнд:22.1.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;22.1.2. Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт,22.1.4. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл Н******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Н******* ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын ХВ-00******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, ХВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас юу гэж яриад байна вэ гэвэл хугацаа сунгах өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлийг л хангах ёстой юм шиг гэж үзэж байна. 22.2-т төрийн захиргааны байгууллага нь 22.1-д заасан өргөдлийг хүлээн авна гэчихсэн. Өргөдлийг хүлээн авна гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан 4 баримтыг авсныхаа дараагийн ажиллагааг хийхийг хэлнэ. Гэтэл ямар ч материал өгөхгүйгээр хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг бид нар хангаад байхад сунгах ёстой гэж хуулийг буруу ойлгоод байх шиг байна. Өргөдлийг хүлээн авснаас хойш гэж байгаа. Хуулийн 22.1-д заасан энэ баримтуудыг авсны дараа 7.2-т заасан хүчин төгөлдөр эсэх гэх мэт дараа дараагийн ажиллагаагаа хийнэ. Тэрнээс биш хуулийн 22.1-д байгаа баримтуудыг шаардахгүйгээр зөвхөн хуулийн 22.2-т зааснаар сунгана гэж ойлгож байгаа нь учир дутагдалтай юм. Өмнөх тусгай зөвшөөрлүүдийг сунгаад байсан гэж яриад байна. Жишээлбэл, 606 дугаар шийдвэрээр 2012 онд сунгалт хийсэн гээд байна. 606 дугаар шийдвэр маань өөрөө сунгах биш, хугацаа тооцсон шийдвэр юм. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч өөрөө хугацаа сунгаж байгаа гэж яриад байх шиг байна. Ой устай давхцалтай, дээрээс нь тусгай хэрэгцээнд авчихсан байхад шилжүүлээд байдаг, сунгаад байдаг гэж ярьдаг. Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий талбайг урт нэртэй хуульд тусгай хэрэгцээнд авагдчихсан байхад сунгахгүй, шилжүүлэхгүй гэсэн заалт байхгүй. Тэр ямар заалт байдаг болоод энийг нэхэмжлэгч яриад байгааг ойлгохгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ биз, ийм хуулийн заалт байхгүй. Яагаад гэвэл урт нэртэй хууль болон тусгай хэрэгцээнд авчихсан байхад шилжүүлж сунгаж болно, төлбөрийг нь авч болно, энийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хориглосон газар үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн ерөнхий заалт байгаа. Үйл ажиллагаагаа явуулахгүй, хэрвээ хуулиар хориглосон, хязгаарласан газартай давхцаагүй бол үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа.

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 2019 оны зардлын доод хэмжээг баталгаажуулчихсан гэж байгаа. Үүнийг төрийн захиргааны байгууллага өөрөө араас нь хөөцөлдөж явж гаргаж өгөх тийм юм байхгүй. Энийг нэхэмжлэгч компани өөрөө сунгах өргөдөл гаргахдаа бүрдүүлж өгөх ёстой. Хариуцагчид ийм материал ирээгүй. Төлөвлөгөө, тайлангаа батлуулчихсан гэдгээ яагаад шүүхэд гаргаж өгөөгүй вэ гэдэг нь үүнийг давхар хэлж байна. 2018 оны зардлын доод хэмжээг 2020 оны 9 сард тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсаны дараа бүртгэсэн гэж байгаа юм. Үзлэгийн тэмдэглэлд байгаа. 2018 оны зардлын доод хэмжээг 2019 онд ирүүлжээ. Харин үүнийг нь баталгаажуулахдаа 2020 онд баталгаажуулсан. Тэрнээс биш дуусгавар болчихсон гэж баталгаажуулах эрх байхгүй. Энэ чинь цахимаар явж байгаа асуудал, мөн тайлан төлөвлөгөөг буцаасан, буцааж илгээгдсэн гэдэг нь үзлэгээр харагдаагүй. Геологийн хэлтсээс сунгахаас татгалзсаны дараа 2018 оны төлөвлөгөөг 2020 оны 9 сард баталгаажуулсан. Сунгах өргөдөл өгөхөд 2018 оны зардлын доод хэмжээ батлагдаагүй байсан гэдгийг нэхэмжлэгч сая өөрөө хэлж байна. Тийм учраас зардлын доод хэмжээндээ хүрээгүй байна.

Нэхэмжлэгчээс сунгах өргөдлийг өгөхөд нэг болохоор менежментийн төлөвлөгөөг өгөх ч ёстой юм шиг нэг бол орон нутаг нь баталж өгөхгүй гэдэг хоёр янзаар яриад байна. Яг юугаар явах гээд байгаа юм. Нэг бол хуулийн 22.2-т заасныхаа дагуу энэ 4 баримтыг бүрдүүлэхгүйгээр сунгаж өгөх ёстой гэж яриад байгаа юм уу, эсвэл орон нутагт очихоор менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй бид нар шүүхээр явж байгаа юм уу? Ингээд хоёр юм яриад байгаа болохоор би тайлбар хэлж чадахгүй байна. Ашигт малтмалын газар цуцлаагүй, сунгахаас татгалзсаны улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Сунгах өргөдлийг хуулийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй учраас сунгахаас татгалзсан. Төрийн захиргааны байгууллага хууль зөрчсөн гэж байна. Харин энэ компанид боломж олгосон. 4 дүгээр сарын 09-ний өдөр дутуу баримт хүлээж аваад хүлээгээд сүүлдээ бүр өөрсдөө бүүр албан бичгээр ирүүлсэн. Энэ харин нэхэмжлэгч компанид боломжуудыг нь олгосон. Энэ боломжийг нь олгож өгсөн нь албан бичгээр битгий цуцалж өгөөсэй гэдэгтэй зөрчилдөөд эхэллээ. Иймд нэхэмжлэгч талын ярьж байгаа зүйл үндэслэлгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Н******* ХХК-иас "Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах талаар заагаагүй байтал манай компанийн өргөдлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр сунгахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй,хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацааг баримтлаагүйбодит нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй" гэж, хариуцагчаас ...Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй тул тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй" гэж тус тус маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/6195 дугаартай албан бичгийн (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал) хавсралтаар ирүүлсэн зурган мэдээллээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сан бүхий газрын хилийн зааг, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай нь тогтоогдсон, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор ...Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газарт уг тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн багтсан байдаг ба тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй байна" гэж дүгнэн XV-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон болно.

4. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх, Х******* сумын нутаг дахь Х******* нэртэй газарт 6544.70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг "А*******" ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлснээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрээр "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн XV-00******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид өргөдөл гаргасан хугацааны талаар маргаагүй.

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох шаардлагын тухайд:

5. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцлийг хангасан байна", 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно", 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана.", 22.1.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2-т "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-д "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт", 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ", 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэдмэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ", 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, хугацаа сунгуулах хүсэлтийн хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах, захиргааны байгууллага нь тухайн этгээдийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж ажилласан эсэхийг шалгах, ингэхдээ хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтын хүрээнд тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг сунгах эсхүл сунгахаас татгалзах шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хайгуулын талбай нь Архангай аймгийн Х*******, Төвшрүүлэх сумдын нутгийг дамнан оршдог байх ба нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаж, түүнд тусгай зөвшөөрөл, үйлчилгээний хөлс төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Архангай аймгийн Төвшрүүлэх, Х******* сумын нутаг дахь *******Х тоот "Х*******" нэртэй хайгуулын талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг зөвхөн Х******* сумын засаг даргын баталснаар хүргүүлснийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн ЕХ-00******* дугаарт мөн өдрөөр бүртгэсэн, харин Төвшрүүлэх сумын засаг дарга уг хайгуулын талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй гэх үндэслэлээр гаргаж өгөөгүй байх ба тухайн асуудлаар нэхэмжлэгч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж маргаан үүсгэсэн байсан нь тус тус тогтоогдов.

8. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалд ...нэхэмжлэгч нь Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар албан бичгийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргад хүргүүлсэн..., давхцлын хэмжээ болон давхцаагүй талбай үлдэж байгаа эсэх нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад хариуцагч нь нэхэмжлэгч компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ... гэж дүгнэсэн байна.

9. Дээрхи үйл баримттай холбогдуулан хариуцагчаас "...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүдийг бүгдийг гаргаж өгөх ёстой боловч нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй" гэж, нэхэмжлэгч ...хуулийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр сунгахаас татгалзах зохицуулалт байхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

10. Эдгээр үйл баримтууд, хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авмагц тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн болох, цаашид тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох үүрэгтэй байх ба хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сунгахаас татгалзах сонгох боломж-ийг захиргаанд хуулиар олгосон гэж үзэхээр байна.

11. Өөрөөр хэлбэл хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүдийг бүгдийг гаргаж ирүүлэх шаардлагатай гэх агуулгаар тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй, энэ нь хариуцагчид хуулиар олгосон шалган тогтоох чиг үүргийн хүрээнд нь хамаарч байхаас гадна тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд захиргаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тул нэхэмжлэгчийн ...хуулийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр сунгахаас татгалзах зохицуулалт байхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

12. Харин нэхэмжлэгчээс Архангай аймгийн Х******* сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөвшөөрсөн, 2020 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргаж хүргүүлсэн, мөн нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахтай холбоотой асуудлаар шүүхэд хандаж улмаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2020/0026 дугаартай шийдвэрээр "Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2021/0076 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус аймгийн Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж, батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл уг шүүхийн шийдвэр биелэгдээгүй, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

13. Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н******* ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацааны дотор гаргаж бүртгүүлсэн ба уг өргөдөлд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Х******* нэртэй газарт орших XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө-г хавсаргаж хүргүүлээгүй боловч ийнхүү хавсаргаж хүргүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар албан бичгүүдээр хандсан боловч шийдвэрлээгүйн улмаас шүүхэд маргаан үргэлжилж байсан болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг энэ үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

14. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан.

Түүнчлэн хэрэгт, нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст гаргасан 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт авагдсан байх ба уг хүсэлтэнд ...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй тул Дээд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа-г мэдэгдэж байсан, мөн Архангай аймгийн Х******* сумын, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө-г хавсаргаж хүргүүлсэн байхад эдгээр нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

15. Үүнээс үзвэл захиргаа, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг гаргахын өмнө уг шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т заасныг зөрчсөн байна. Тухайлбал, уг шийдвэрт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт байхгүй гэж, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй гэж дүгнэжээ.

16. Гэвч шүүхээс Геологи, уул уурхайн цахим мэдээллийн системд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн ба уг үзлэгээр 2019 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, 2018, 2019 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон тайлан батлуулсан, илгээсэн болох нь тогтоогдсон, тухайлбал 2019 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулснаас үзвэл хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрт заасан үндэслэл нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийг хууль бус үндэслэлээр буруутгаснаас гадна хариуцагч энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

17. Түүнчлэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын хууль бус эс үйлдэхүйн талаар шүүхийн шийдвэр гарч хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг нэгэнт тогтоосон байхад энэ үндэслэлээр буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

18. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. гэж зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэж, тайлбар гаргах боломжоор хангахаар байхад нэхэмжлэгчид шийдвэр гаргах ажиллагааны мэдэгдэл хүргүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

19. Шүүхийн энэ шийдвэрээр XV-00******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ЕХ-00******* дугаар өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй.

20. Нэхэмжлэгч нь XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч тусгай зөвшөөрлийн хугацааг эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах асуудал тул шүүх хариуцагчид сунгахыг даалгах хууль зүйн боломжгүй.

21. Нэгэнт шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус, тодруулбал Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлуулж ирүүлээгүй гэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр няцаагдсан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгч компанийн ЕХ-00******* дугаар өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг тус тус баримтлан Н******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ЕХ-00******* дугаар өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН