Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00912

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00912

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00956

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадионы Оргил-1, Чингисийн өргөн чөлөө, Х банк цамхаг хаягт байршилтай, Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер, Э.М ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, Б.Ц

Хариуцагч: Х аймгийн М сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, Б.Б нарт холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэгт 3,430,636.61 (гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун гучин зургаан төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ц , Б.Б нар нь нэхэмжлэгч Х банк ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/202147179100 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг, жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БГХ/202147179100 тоот барьцааны гэрээ байгуулж, өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан.

Зээлдэгч 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,916,995.93 төгрөг, зээлийн хүүд 3,746,732.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,514.44 төгрөг, нийт 15,682,242.69 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 234 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3,083,004.07 төгрөг, зээлийн хүү 308,566.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,066.26 төгрөг, нийт 3,430,636.61 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас ЗГ/202147179100 тоот цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт:

-       Үндсэн зээлийн үлдэгдэл 3,083,004.07 төгрөг,

-       Зээлийн хүүгийн төлбөр 308,566.28 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 39,066.26 төгрөг, нийт 3,430,636.61 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Ц 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр: Миний бие Батбаяр овогтой Цэвээнжав нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х банк наас 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Зээлээ хугацаанд нь төлж явж байсан ба ажиллаж буй байгууллага цалингаа олгохгүй байгаатай холбоотой хугацаа хэтрэлт гарсан.

Банкнаас ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэгдэл төлбөр болох 3,430,636.61 (гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун гучин зургаан мянган төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх,

Хариуцагч Б.Б 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр: Миний бие Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х банк наас 15,000,000 төгрөгийн цалингийн зээл дээр Б.Ц ын хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн үлдэгдэл болох 3,430,636.61 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. гэх хариу тайлбарыг тус тус шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Б.Ц , Б.Б нарт холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэгт 3,430,636.61 (гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун гучин зургаан төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Б.Ц , Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Б.Ц , Б.Б нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 69,840 төгрөгийн 50 хувь болох 34,920 төгрөгийг хариуцагч Б.Ц , Б.Б нараас, 50 хувь болох 34,920 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 34,921 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц , Б.Б нарт холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэгт 3,430,636.61 (гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун гучин зургаан төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц , Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1 тус тус зааснаар хариуцагч Б.Ц , Б.Б нараас 34,920 (гучин дөрвөн мянга есөн зуун хорь) төгрөгийг, улсын орлогоос 34,921 гучин дөрвөн мянга есөн зуун хорин нэг) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА