Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар ахлах прокурор  Ж.Айжуу

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Т.Б

         

         Т.М

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог өртөөн дээр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 24 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин явсан зорчигч Д.Гийг унтаж байхад нь хар өнгийн түрийвчтэй 480 ам доллар, 3300 юань, 80.000 төгрөг, бичиг баримт, банкны картууд зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний буюу 2.510.211 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Т.М нь шүүгдэгч Т.Бийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт

 

тэрэгний 24 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин явсан зорчигч Д.Гийн хар өнгийн түрийвчтэй 480 ам доллар, 3300 юань, 80.000 төгрөг, бичиг баримт, банкны картууд зэрэг эд зүйлс хулгайлан авсныг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Т.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мийг унтахаар нь нэг местэнд явж байсан ахыг халаасыг нь ухаж үзэхэд хар өнгийн түрийвч байсан. Аваад нээгээд үзэхэд  2300 юань, 380 доллар, монгол мөнгөөр 20 гаруй мянган төгрөг байсан. Дээрх мөнгийг солиулахад 1740000 төгрөг болсон.”  гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....намайг унтаж байхад Б босоорой гээд галт тэрэгнээс буулгасан. Цомог өртөөн дээр буугаад зам руу гараад замын унаанд сууж Амгалан өртөөн дээр буугаад такси барьсан. Таксинд суусаны дараа Б халааснаасаа хар өнгийн түрийвч гаргаад ирсэн. Энэ юун түрийвч вэ гэхэд вагонд хамт явсан Г ахын түрийвчийг авчихсан гэж хэлсэн. ”  гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би одоогоос 7 хоногийн өмнө хувийн ажлаар Эрээн хот ороод тэндээс суудлын галт тэргээр Улаанбаатар хотод ирсэн. Би тэр үед суудлын галт тэрэгний 24 дүгээр вагонд зорчиж явсан. Вагонд суугаад явж байхад 2 ихэр залуу орж ирж суусан.Тэр 2-ын нэг нь Замын -Үүдийн наанаас нөгөө нь Сайншандаас суусан юм. Тэр 2 залуу манай местэнд орж ирээд архи уусан би дээд орон дээр гараад хэвтэж байтал нэг ихэр нь намайг дуудаж надад цаасан аягатай архи өгсөн. Би тэр архинаас нь амсчихаад унтаад өгсөн. Нойрон дунд өмдний халаас ухаад байх шиг байхаар нь хартал нөгөө 2 ихэрийн нэг нь цаашаагаа зугтааж байгаа харагдсан. Би нойрондоо түрийвчээ үзэж мэдэлгүй унтаад өгсөн. Өглөө сэрээд үзэхэд түрийвч алга болсон байсан. Миний түрийвчинд хаан, төрийн банкны картууд, иргэний үнэмлэх ажлын үнэмлэх, 3300 юань, 480 доллар, 80000 төгрөг, хар өнгийн ширэн түрийвч байсан.Би 8 дугаар сарын 19-ний өдөр урагшаа явахдаа Голомт банкнаас 900 доллар авсан үүнээс 400 долларыг нь 8 шарга дээр солиулж юань болгосон байсан. Намайг Эрээнд очиход манай найз надад 1000 юань өгсөн, тэр мөнгөнөөс нь үрсэн, хотоос авч гарсан мөнгө хэвээрээ байсан юм. Алдсан түрийвч бичиг баримтаа хогийн савнаас олж авч сая өөрөө хүлээн авлаа, бичиг баримт бүрэн байна. Хулгайд алдсан мөнгө 3300 юань, 480 ам доллар, 80000 төгрөгөө нэхэмжилнэ, миний хохирлыг барагдуулж өгнө үү, ...миний хохирлыг барагдуулсан учраас надад ямар нэгэн гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч С.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Батчулууны хамт Улаанбаатар-Замын үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад өглөө 06 цагийн үед 24 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин явсан Д.Г нь манай вагоны 25-56 дугаар местэнд зорчин явсан 2 зорчигч миний түрийвчийг аваад явсан байна гэсэн дуудлага өгсөн. Үүний дагуу вагоны үйлчлэгч болон кассер нараас асууж тодруулахад тэр 2 залуугийн нэг нь Нартын хошуу нөгөөх нь Сайншанд өртөөн дээрээс суусан бөгөөд тухайн зорчигч нар Улаанбаатар хот орох билет авсан байсан. ...тэр 2 хүүхэд Айраг өртөө өнгөрөөд Цомог өртөө ирэх үед тухайн өртөөн дээр сандраад буусан байсан гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар

 

 

сарын 23-ны өдөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 23 дугаар вагонд үүрэг гүйцэтгэж байсан юм. Шөнө 02 цаг 30 минутын орчимд галт тэрэг Цомог өртөөн дээр ирээд зогсох үед вагоны 23 дугаар вагон талаас 20-25 насны 2 залуу танай вагоноор буух хэрэгтэй байна гэхээр нь яах гээд вагон дамжаад яваад байгаа юм бэ гэхэд бууж байна гээд тухайн 2 залуу галт тэрэгнээс буусан. ... тэр 2 залуу их адилхан царайтай байсан гэсэн мэдүүлэг,

      

             Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19/

              Эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 38-41/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 52/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргээр зорчин явахдаа Даланжаргалан сумын Цомог өртөөн дээр буухдаа  24 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин явсан зорчигч Д.Гийг унтаж байхад нь хар өнгийн түрийвчтэй 480 ам доллар, 3300 юань, 80.000 төгрөг, бичиг баримт, банкны картууд зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний буюу 2.510.211 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Т.М нь шүүгдэгч Т.Бийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 24 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин явсан зорчигч Д.Гийн өмдний карманаас эд зүйлс хулгайлан авсныг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Г, гэрч С.Б, Г.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Эд зүйлд хийсэн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Т.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг

Шүүгдэгч Т.Мийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Г нь шүүгдэгч Т.Б, Т.М нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй миний хохиролыг бүрэн барагдуулсан гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 28-р тал/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  дурдав.

 

            Шүүгдэгч Т.Б, Т.М нарын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

 

           

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б, Т.М  нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохоор  хүсэлт гаргасан байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, шүүгдэгч Т.Мийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Т.Б, Т.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б, Т.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН