Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулж олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д*******гаас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулж олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах-аар маргаж байна.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигт Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэхүү зарлигийн хавсалтад дурдсан хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөнд тооцсугай гээд, хавсралтын 94-д Б*******н Д*******г Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас гэж заажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Д*******г Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3. Тус шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь ны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичгээр 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол, шаардлагыг зохицуулсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна.

Иймд танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна хэмээн буцаажээ.

5. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэг Б.Д*******г Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр ...Б*******н Д*******...нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ...санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлд саналыг буцаан хүргүүлжээ.

7. Иймд нэхэмжлэгч Б.Д*******гаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Б.Д*******г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй, мөн шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоохтой холбоотой нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Б.Д*******г шүүгчээр томилуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

8. Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0374 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгч Б.Д******* нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

10. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 дугаар албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0290 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/MA2023/0374 дугаар магадлалыг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын явцад Та өндөр насны тэтгэвэр тогтоолгосон талаараа хүсэлтдээ дурджээ.

Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлагаа авахад тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05/1761 дугаар албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тухай лавлагаа ирүүлсэн байх тул Таныг дахин өргөн мэдүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Мөн Таны хүсэлтэд дурдагдсан ажилгүй байсан хугацааны цалин 294,300,000 төгрөг болон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. гэх хариуг нэхэмжлэгчид явуулжээ.

11. Тус хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Д******* нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

12. Нэхэмжлэгч Б.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Би, Монгол Улсын Үндсэн Хууль, тухайн үед мөрдөж байсан Шүүхийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нэр дэвшин шүүгчийн албан тушаалд томилогдон Ховд аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчээр 2004 оны 10 сарын 14-ний өдрөөс ажиллаж байсан.

Шүүхийн тухай багц хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой шүүхийн байгууллагын нэршил, бүтэц зохион байгуулалтад зохих өөрчлөлт хийснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн "Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай" 198 дугаар зарлигаар аймаг нийслэлийн давж заалдах болон анхан шатны нийт шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрийн, зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар шүүгчдийг буцаан томилохдоо нийт 12 шүүгчийг дахин томилохгүй орхигдуулсан юм.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр бусад 11 иргэний хамт 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш 9 жил гаруй хугацаанд холбогдох бүхий л байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл гомдол гаргасаар ирсэн. Ингэсний эцэст 2022 оны 2 сарын 8-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг Б.Д******* намайг (нарыг) Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгасан.

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 3 сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар миний биеийг Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 01/371 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ийнхүү өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн Е/04 дугаар албан бичгээр ...Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт... нэр дэвшигч нар тус бүр Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримтыг тусгаагүй иймд танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг мэдэгдэж байна... гээд буцаасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс намайг шүүгчээр томилуулах саналыг буцаасан шалтгаан нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд дээрх "Саналыг буцаан хүргүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн Е/04 дугаартай албан бичгийг... мэдэгдсэн агуулгатай захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны акт гэж үзэх боломжгүй тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд дурдсан.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь хуулинд заасан үүргээ зохих ёсны дагуу хэрэгжүүлж чадаагүйн улмаас "нэр дэвшигч нар тус бүр Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримтад тусгагдаагүй" гэх үндэслэлээр нэр бүхий 12 хүнийг бүгдийг буцаасан гэж үздэг.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл хуулинд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул миний бие нь дахин шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 28-ны өдрийн 0290 дугаартай шийдвэрээр Б.Д******* намайг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгасан шийдвэр гаргасан.

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 сарын 31-ний өдрийн 0374 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч мөн хяналтын журмаар гомдол гаргасан ба Хяналтын шүүх 2023 оны 9 сарын 11-ний өдөр хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь энэ хуулийн 13.1-т заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлэн гарган илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын 5 өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэж хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд ийнхүү эгүүлэн томилуулахаар 9 жил гаруй хугацаанд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах, сэргээлгэхээр хөөцөлдсөний эцэст арай гэж эрх сэргээлгэх болоход биеийн эрүүл мэнд муудаж байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас Хөдөлмөрийн хууль, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсний дагуу 2023 оны 2 сарын 1-нээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр удаагийн шийдвэрээр Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан ажлыг нэгтгэн зохион байгуулах 5.1.4-д шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 9.1.1-д шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах, шүүхийн тухай 2021 оны хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, 73.1.2-т шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх гэж тус тус заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 0290 дугаар шийдвэрийн дагуу намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр таныг дахин өргөн мэдүүлэх боломжгүй гэдэг хариу өгсөн.

Энэ актаар шүүгчээр томилуулах асуудал болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах асуудлыг шийдвэрлэлгүй орхиж байгаа үйлдэл нь эс үйлдэхүй байна. Энэ эс үйлдэхүйн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, хуульд заасан 36 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргуулж надад олгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

13. Нэхэмжлэгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Уг маргаан нь Монгол Улсад анх удаа гарсан маргаан. Н.Б******* гэх иргэний надтай адил төрлийн маргааныг Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг. Уг маргаан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл, 109 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгдэх үндэслэлтэй маргаан гэж үзэж байгаа. гэжээ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот албан бичгээр Б.Д******* нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Д*******г шүүгчээр өргөн мэдүүлээгүй нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0290 дүгээр шийдвэр, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0374 дүгээр магадлалаар зөрчигдсөн эрх нь сэргээгдээгүй. Дээрх шийдвэрээр хариуцагч шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд хамгаалах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Д*******г шүүгчийн ажилд томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирлоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Д*******аг шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн. Тухайлбал:

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Д******* нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Д*******г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Тус зөвлөл нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлсэнээс гадна, 2022 оны 74, 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр /2022 оны Е/04, Е/05 тoom албан бичиг/ нэхэмжлэгч Б.Д*******г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. ... гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй юм.

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг ШЕЗ хариуцахгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Б.Д******* чөлөөлөгдсөн.

Төрийн албаны хуулийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлэгийг Б.Д*******д олгосон бөгөөд тухайн тэтгэлэгийг маргаангүйгээр авсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгч Б.Д*******д гэм хор учруулсаныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Б.Д*******г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй болохийг дахин дурдая.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгч Б.Д*******д олгох хууль зүйн боломжгүй.

Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж нь шүүгч, түүний гэр бүлийн нийгмийн баталгааг хангах зорилго бүхий зохицуулалт бөгөөд зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, журмын дагуу томилогдож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүхийн шүүгчид хамаарах зохицуулалт юм.

Тодруулбал, Нэхэмжлэгч Б.Д*******гийн тухайд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилогдоогүй иргэн байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулж олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлагын тухайд:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:, 31.1.1-т эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;, 31.1.2-д шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;, 31.1.3-д шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;, 31.1.4-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;, 31.1.5-д шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх гэж шүүгчид тавих болзол, шаардлагыг хуульчилсан.

2. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ., 36.5-т Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно. гэж тус тус заасан.

3. Дээрхи хуулийн заалтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь аливаа иргэнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ дээрх хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэх баримт бичгийг нягталж, бүрдүүлэн өргөн мэдүүлэх эрхтэй байна.

4. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу эхний удаа 12 иргэнийг шүүгчээр томилуулах санал өргөн мэдүүлэхдээ дээрх бичиг баримтын шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичигт ...дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна гэж дурдан өргөн мэдүүлэх албан бичиг болон 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан,

5. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ нэхэмжлэгч Б.Д*******гийн хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт бичгийг хавсарган өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр ...Б*******н Д******* ...нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна... гэж буцаасан байх ба үүнийг шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж үзэхээр байна.

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36.5-т Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл байгаа эсэхийг тодруулах бүрэн эрхтэй, өөрөөр хэлбэл татгалзсан үндэслэлийг нягтлан шалгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжтой байхад энэ ажиллагааг огт хийгээгүй болох нь тогтоогдов.

9. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.Д******* нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргадаггүй.

10. Нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 дугаар албан бичгийг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0290 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/MA2023/0374 дугаар магадлалыг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын явцад Та өндөр насны тэтгэвэр тогтоолгосон талаараа хүсэлтдээ дурджээ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлагаа авахад тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05/1761 дугаар албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тухай лавлагаа ирүүлсэн байх тул Таныг дахин өргөн мэдүүлэх боломжгүй...ажилгүй байсан хугацааны цалин 294,300,000 төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй-г мэдэгдсэн байна.

11. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас иргэн Б.Д*******гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь тус шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэр, 2023 оны 0290 дугаар шийдвэрүүдээр тус тус тогтоогдсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагч байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 01-нээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж зааснаар тэрээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

13. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна., 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ., 46.4-т Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй., 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно., Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ., 103 дугаар зүйлийн 103.1-т Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална:, 103.1.1-т дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж тус тус заажээ.

12. Б.Д******* нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор тогтоогдож байх тул 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 /гурван зуун ерэн нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс бүхэлд нь татгалзаж байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах болон давж заалдах хяналтын шатанд гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж, энэ тухай баримтанд гарын үсэг зуруулсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 /гурван зуун ерэн нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН