Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК, Б.у, Лб нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 251 817 047 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Н” ХХК, Лб, Б.у нар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Х” ХХК-тай 1060036361 дугаартай зээлийн гэрээ, 1060036361-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1060036361-02 дугаартай барьцааны гэрээ, 1060036361 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 300 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн тогтмол хүүтэй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Дээрх зээлийн гэрээнд Лб нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр, Б.у нь батлан даагчаар оролцсон. “Н” ХХК-ийн захирал нь Б.у бөгөөд зээлдэгч нь зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаарт байрлах улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 6002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 100 010 000 төгрөг, зээлийн хүүнд 106 915 558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 121 129 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээл, хүү эргэн төлөх хуваариа зөрчин 401 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд банкны санаачилгаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5.-д 1 хувийн шимтгэл тооцож авахыг зөвшөөрч гэрээ байгуулсан, тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээл авчихаад, одоо 1 хувийн шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцох үндэслэлгүй.

Зээлийн үндсэн төлбөр 199 990 000 төгрөг, үндсэн хүү 49 895 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 931 776 төгрөг нийт 251 817 047 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК, Лб, Б.у нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н” ХХК, Лб, Б.у нар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 дугаар хороолол /14210/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга,

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г- 220301024 дугаартай, нэгж талбарын 6002/0040 дугаартай 147 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

“Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 251 817 047 төгрөгийг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулахаар ажиллаж барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулахаар “Алекс Ака” компанийн захирал Ц. Уранчимэгтэй хэлцлүүд хийгдээд явж байна. Ц.Уранчимэг нь Хны тусгай активийн газартай ярьж манай зээлийг бартераар хаахаар тохиролцож эхний байруудыг Хинд үзүүлж үнэлгээ хийгдэх ажлууд хийгдэж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй.

“Х” ХХК анх зээл олгохдоо 1 хувийн шимтгэлийг хасаж 297 000 000 төгрөгийг олгосон. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул зээлдэгчид олгогдоогүй 3 000 000 төгрөг түүнд тооцогдох хүү нийт 5 704 800 төгрөгийг хасаж ёстой.

Зээл олгосон банк гэрээ цуцлах тухайгаа зээлдэгч нарт нэг ч удаа мэдэгдэж байгаагүй атлаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлдэгч нар үүргийг ялимгүй зөрчсөн байхад гэрээнээс татгалзаж болохгүй юм. Х анх зээл олгохдоо суутгаж авсан шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК, Б.у, Лб нараас 251 817 047 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Х ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;

б.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 487 235,23 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 487 235,23 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК нь хариуцагч нартай 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг, 48 сарын хугацаатай олгосон. Ийнхүү олгохдоо жилийн 22.8 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийн зээл олгосны шимтгэлийг урьдчилан суутгах зэрэг илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлүүдийг гэрээнд тусгасан.

Энэ нь банкны зүгээс үнэндээ 300 000 000 төгрөгийг биш 297 000 000 төгрөгийг олгосонтой утга адил зүйл болсон. Зээлдэгч бидний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны турш ашиглах эрхтэй адил банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн.

Зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд зааж, зээлээс суутгасан байгаа нь тум хуулийг зөрчсөн үйлдэл болсон.

Иймээс зээлийн гэрээний 1.5 дах заалтыг тус тус хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. “Х” ХХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Б.у, Лб нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251 817 047 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар шимтгэлд суутган авсан 3 000 000 төгрөг, түүнд ногдох хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

“Х” ХХК, “Н” ХХК, Лб нар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 300 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч нь зээл 300 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ шимтгэлд 3 000 000 төгрөгийг хасч 297 000 000 төгрөгийг зээлэгчид нарт шилжүүлсэн, зээлдэгч нар нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 199 990 000 төгрөг, зээлийн хүү 49 895 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 931 776 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Зээлийн гэрээний 1.5-д “Банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1 хувиар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас, бэлнээр олгож буй зээлийн дүнгээс авна. Зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй” гэж тохиролцсон нь зээлдүүлэгч зээлийн гэрээнд тохиролцсон мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг дутуу гүйцэтгэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд зориулалтын дагуу ашиглаагүй мөнгөн хөрөнгө болох 3 000 000 төгрөг, түүний хүүг хариуцагч нар төлөх үүрэггүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

 “Х” ХХК, Б.у нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Уг гэрээгээр батлан даагч Б.у нь үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч “Х” ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээж тохиролцсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Х” ХХК, Б.у нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.1-д “батлан даагч нь зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс буюу хамтран бүрэн хариуцах үүрэг хүлээнэ” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг батлан даагч Б.у болон зээлдэгч нараас шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 251 817 047 төгрөгөөс 3 000 000 төгрөг, түүнд ногдох хүү 2 052 000 /3 000 000 төгрөгийн 22.8 хувь 684 000 төгрөг * 3 жил/ төгрөг, нийт 5 052 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нийт хариуцагч нараас 246 765 047 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

“Х” ХХК, Лб нар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж Лбгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаарт бүртгэгдсэн, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга,

мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Лбгийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Х” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн нэрийг орхигдуулсныг залруулах нь зүйтэй.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК, Б.у, Лб нараас 246 765 047 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Х ХХК”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 052 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Лбгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Лбгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.” гэж тус тус өөрчлөн, найруулж,

3 дахь заалтын “хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 487 235 төгрөгийг” гэснийг “хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 391 775 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА