| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0179/э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч М.Ш, О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш, О.С нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Ш/
О.С
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/
Шүүгдэгч М.Ш, О.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч М.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 13-ны орой нэг пиво уучихаад гэрийн гадна байж байгаад 22 цагийн үед Стай таарч Викториа бааранд ороод 2 пиво уусан. Эхний пиво уугаад цаашаа юу болсныг санахгүй байна. Найз охиныдоо хоносон байсан. Маргааш нь С утсаар яриад хоёулаа өчигдөр хүн зодсон байна цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгээд хүн зодсоноо мэдсэн гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 13-ны орой Алтанговьд айлд очоод 1 том пиво, 1 шил архитай уусан. Гараад явж байгаад Штэй таарсан. Викториа бааранд ороод 2 пиво уусан. Цаашаа юу ч санахгүй байна. Өглөө цагдаа дээр сэрсэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн : “...намайг ОО-д ортол араас орж ирээд С гэх залуу нь миний нүүрэн тус газарт цохиод Ш гэх залуу нь намайг хавсарч унагаад .... бүлэглэж миний нүүр толгой руу өшиглөж зодсон би газарт унасан байсан болохоор хэн нь хаана, хаана цохисныг мэдэхгүй байна хоёулаа нийлээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...А гаднаас орж ирсэн бөгөөд нүүр нь цус болчихсон байхаар нь яав юу болов гээд учрыг асуутал найз нь гадаа хүнд зодуулчихлаа гэсэн. Би баарны хамгаалагчид хэлээд гараад очтол түрүүнд нь Атай баарны багананы хажууд зогсож байсан хоёр залуу байсан ба биднийг хараад зугтаачихсан. Тэгээд араас нь хөөцөлдөж гүйж байж нэгийг нь барьж авсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...А гаднаас ороод ирсэн бөгөөд нүүр нь цус болчихсон байхаар нь яав юу болов гээд учрыг асуутал найз нь гадаа түрүүний хоёр залууд зодуулчихлаа гэсэн. Баарнаас гараад нөгөө хүмүүстэй уулзах гээд очтол нөгөө хоёр залуу биднээс зугтаад явчихсан... Тэр хоёрын нэгийг нь баарны хамгаалагч залуу барьж авсан...” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 33/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 32/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61, 62,/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Ш, О.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Ш, О.С нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч М.Ш, О.С нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М.Ш, О.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.А нь хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч М.Ш, О.С нар нь надад шаардлагатай эм тариаг авч өгсөн бөгөөд Улаанбаатар хот явж шинжилгээ хийлгэхэд 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Би зодуулсаны улмаас ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан ба энэ хугацаанд ажиллаж байсан бол 350000-450000 төгрөгний цалин авах байсан. Би байрны зээлд сар бүр 469000 төгрөг төлдөг. Энэ сард цалин дутуу аваад байрны зээлээ төлөөгүй байгаа тул 469000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ш, О.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч О.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Ш нь урьд ял шийтгэгдэж байсан/ зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Ш, О.С нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргасан байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Ш, О.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт 300 цаг, шүүгдэгч О.Сд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш, О.С нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч М.Ш, О.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ш, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН