Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/792

 

Д.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Д, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Ахолбогдох эрүүгийн 2105761222 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.А, 

            Шүүгдэгч Д.А нь 2021 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд хохирогч Ш.Дхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Даваадавгын Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Аийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аийн эдлэх 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Аавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

            Хохирогч Ш.Д давж заалдах гомдолдоо: “...Одоогоор миний бие гэмтлийн болон нөхөн сэргээх эмчилгээнд явснаар эрс сайжирсан тул Д.Аээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно. Иймд Д.Аийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж, торгуулийн болон хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Д.А нь хэрэг гарснаас хойш гадуур байцаалтад байх хугацаандаа надад үргэлж тусалж, дэмжиж, цаг тутамд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байсан болно. Хэрэг гарах үед миний хэлсэн болчимгүй үг санаа сэтгэлийг нь хүчтэй эмзэглүүлж тухайн хэрэг болоход түлхэц болсон тул түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1971 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Геодези, зураг зүйн техникч мэргэжилтэй. Оюутан залуу байх үедээ МХЗЭ-ийн төв хорооны баярын бичиг, үнэ бүхий зүйлээс авахуулаад “Ажилчин залуу” алтан медалиудыг авч байсан. Ер нь амьдралын төлөө, ажлын төлөө явж ирсэн, хүнд муу санаж явсан удаагүй, аль болох хүнтэй эвтэй, олонтой явахыг эрмэлзэж ирсэн билээ. Миний хувьд Д.Нтай 2007 оноос хойш хамт амьдарч, 2012 оны 7 дугаар сард хүү Нямбаяр төрсөн. Бид 2 энэ хугацаанд цайны газар түрээслэн ажиллуулж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 53 дугаар байранд 1 өрөө байр худалдан авч, аз жаргалтай амьдардаг байсан. Би 2016 оноос Өмнөговь аймгийн “Цагаан хад” суурьшлын бүсэд нүүрсний тээвэрт жолоочоор ажилладаг болоод 2020 оныг хүртэл ирж, очин ажилладаг байсан бөгөөд 10 сараас эхлэн 2021 оны 4 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн “Цагаан хад” суурьшлын бүсэд байршин тасралтгүй ажиллах болсон бөгөөд тус хугацаанд ар, гэр рүүгээ /Д.Нданс руу/ тогтмол сар бүр 2 сая төгрөгийг цахим банкаар шилжүүлдэг байсан. Улмаар 2021 оны 3 дугаар сарын сүүлээр цар тахлын гаралт ихсэж, хил хаагдахад хүрч, гэр рүүгээ буцах болсон. Ингээд 3 дугаар сарын сүүлээр гэртээ иртэл Д.Н үл таних залуутай байж байсан. Надад маш хэцүү байсан. Тэгээд 7 хоногийн дараа гэрээсээ өөрийн эд зүйл, хувцсаа авах гээд очтол Ш.Д ямар ч байдлаар уулзаж болно шүү, би бэлэн, олон жил шоронгоор явсан, их юм үзсэн хүн шүү, миний гар, хөл хаана ч байгаа шүү, мэдээтэй байгаарай гэж занаж, сүрдүүлж байсан. Би уг нь тэр үед эрүүл саруул ухаанаар ярьж хөөрөх санаатай нэг сайн ярилцвал дотор онгойж, уужрах юм шиг санагдаж байсан. Д.Н миний хүнд итгэмтгий чанарыг ашиглаж, амьдарч байсан гэдгийг тухайн үед л олж мэдэн маш их харамсаж, сэтгэлээр унан амьдрах хүсэлгүй болж, ганц хүүгээ л гэсэн сэтгэлээр 4 сарын турш машин дотроо амьдарч, таксинд явж хүүгийнхээ хэрэгтэй зүйлд тусалж, өөрийнхөө бор ходоодыг болгож байсан. Өөрийн хамаатнууд болох ах Мөнхбаярын хүү Жамбалдагва, төрсөн дүү Даваажавын хамт 2021 оны 7 дугаар сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгаар хонины наймаа хийж, 2021 оны 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл борлуулж дуусаад хүргэн Батцэрэнгийнд очиж, 2 ширхэг пиво уугаад сууж байтал Д.Н залгасан. Би эхний 2 дуудлагыг аваагүй, гэнэт хүүгээ гэсэн бодол орж ирэн 3 дахь дуудлагыг нь автал Д.Н согтуу байна, хүрээд ирээч гэхээр нь юу болсон юм бол гэж бодоод такси бариад яваад очсон. Д.Нтай үүдэнд тааралдаад хүүгээ асуутал байхгүй, айлд байгаа гэхээр нь яагаад айлд хүүхэд орхисон юм гээд орцонд ярилцаад байж байтал Ш.Д орж ирээд “юу хийгээд энүүгээр шиншлээд яваад байгаа новш вэ, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй байж банди чинь” гэж хэлэхийг сонсоод миний дотор давчдаж, бие салгалаад ямар ч байсан гадаа гараад чухам юу хийснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хонь муулж байсан эвхдэг хутга барьчихсан зам руу гүйж явсан. Тэр үед би өөрийгөө хүн хутгалчихлаа гэдгийг мэдэж, айж сандраад такси барьж хонь муулж байсан хашааны зүг явсан. Яах учраа олохгүй айж сандраад арай гэж өглөө болгосон. Ингээд орой 16 цагийн үед дүү Жамбалдагвыг дуудаж, хамт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Ер нь Ш.Д нь хэл амаар гутаан доромжилж, өдөөн хатгах үйлдлийг анх тааралдсан болон түүнээс хойш өөрийн хүүхэдтэйгээ уулзахаар очих бүрт гаргадаг байсан. Уг үйлдэл нь уулзах тааралдах бүрт улам ихсэн нэмэгдэж байсан ч би тэр болгоныг хүүхдээ бодон аль болох биеэ барьж тайвшруулах, удирдахыг хичээдэг байсан. Миний хүү Нямбаяр нь Нийслэлийн 73 дугаар сургуульд сурдаг бөгөөд эрүү нүүрний хүнд гажигтай, байнгын аппараттай, тогтмол эмнэлгийн хяналтад эмчилгээнд орж, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг. Миний хувьд үр хүүхэд томчууд бидний буруугаас болж хохирох ёсгүй гэж үздэг. Иймд Д.Н, Ш.Д хоёртой харилцаагаа хэвийн байлгаж, хүүгээ асран тэтгэх, мөн Ш.Дын эрүүл мэндийг хэвийн болтол сэргээн засах эмчилгээнд нь тууштай тус нэмэр болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний бие цагдан хоригдох хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсныг минь харгалзан үзэж, зүйлчлэлийг өөрчилж, эрхэм шүүгч та бүхэн энэрэнгүй хандаж, шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэсэгт Д.Аийг 2021 оны 8 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд хохирогч Ш.Дхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэхдээ хэргийн бодит байдлыг хавтаст хэрэгт авагдсанаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогч Ш.Дын мэдүүлэг, хариулт болон шүүгдэгч Д.Аийн өгсөн хариулт зэргийг харгалзан үзээгүй орхигдуулж дүгнэлтийг алдаатай хийсэн тул Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийжээ гэж үзэж байна. Мөн шүүгдэгч анхнаасаа хохирогчийг хутгалах санаа зорилго агуулаагүй, Эмээлт дээр мал муулсан хутгаа гутлынхаа түрийнд хийгээд явж байх үед нь буюу шөнийн 00:00 цаг өнгөрсөн хойно салсан эхнэр Д.Н нь шүүгдэгчийн утас руу согтуу залгаж хүрээд ир, уулзъя гэсэн тул очсон байдаг. Очсоны дараа хохирогч Ш.Д шүүгдэгч Д.Аийг Д.Нтай уулзаад байж байх үед араас нь орцонд орж ирээд түүнийг элдэв бусаар хэлж доромжлон түүнийг “яв, зайл, энд юу хийж яваа юм, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй” гэх мэт үгээр дайрч давшилж доромжилсон байдаг. Дээрээс нь “чамайг хүүтэй чинь уулзуулах ч үгүй, энд байхгүй” гэж хэлэх үед “хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдсан” зүйл огт байхгүй бөгөөд эсрэгээрээ яг энэ үед шүүгдэгч маш их хүчтэй цочрон давчидсан байдалтайгаар гар, хөл, нүүр нь салгалах байдалтай байсан бөгөөд хохирогчийг орцноос гарах үед араас нь шууд бөөр, нуруун тус газар нэг удаа хутгалаад зугтаасан байдаг. Үүний дараа нэлээн хол газар гүйж зугтаасны дараа гартаа хутга барьсан байгаагаа гэнэт мэдэж хаясан байдаг. Энэ үйл явдал болсны дараа шүүгдэгч хохирогчийг эмнэлэгт сахиж, эмчилгээ хийлгэх үед нь хамт байж, өөрийн гэнэт уурандаа автаж үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж хохирогчид “Тоёота Приус-20” загварын автомашинаа өгч, мөн эхнэр хүүхдэдээ авч өгсөн нэг өрөө байраа тэдэнд үлдээж, өөрөө бүх зүйлээс холдохоор шийдсэн байдаг. Иймд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь шүүгдэгч Д.Аийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах үедээ уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож зүйлчлэлийг хөнгөрүүлэн түүнд торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр гомдлыг гаргаж байна. Хохирогч Ш.Д шүүх хуралдаанд “...Би шүүгдэгчийн эхнэрийг авч, ар гэрийн амьдрал үүсгэж, амьдарсан нь үнэн, би шүүгдэгч Д.Аийг гэрээ авч явж чадахгүй хөгшин банди гэсэн нь үнэн, тухайн үед шүүгдэгч цочрон давчдан бие нь салгалж байгаад намайг хутгалаад гадагшаа гарч зугтаасан...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт авагдсан. Мөн хохирогч миний буруутай үйлдлээс болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд онцолж хэлэхэд “Хөдөө гадаа явдаг хүний эхнэрийг аваад амьдарсан, эр хүн биш гэдэг ойлголтыг түрүүлж түүнд ар, гэрээ зохицуулж чадахгүй хөгшин банди минь гэж хэлсэн нь миний буруу” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хангалттай илэрхийлдэг бөгөөд шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч хүртэл энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Д.Аийг гэм буруугүй гэдэг дүгнэлт гаргадаг. Хэргийн нөхцөл байдал нь Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох, хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай тогтоолд “...Эрүүгийн эрх зүйн “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурлаагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.” гэж тодорхойлсон байна. Улсын Дээд шүүхийн эрх хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар “...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах...” гэсэн хуулийн зохицуулалтыг хуульч бид нараас хүндэтгэн дээдэлж ирсэн бөгөөд эрүүгийн хэргийн нөхцөл байдал Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй шийтгэсэнд хуульч миний зүгээс гомдолтой байгаа бөгөөд Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтад зааснаар “...Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэнд үнэхээр их гомдолтой байна. Эхнэрийг нь эзэмдээд, хүүхэдтэй нь уулзуулахгүй, хөгшин банди минь гэж хэлэхэд монгол эр хүний сэтгэл цочрон давчдахгүй байхын аргагүй юм. Учир нь, эр хүн биш гэдэг бэлгийн доромжлол болно. Эхнэр хүүхдээ гэсэн эр хүний сэтгэлд хямрал, цочрол болох нь хэнд ч ойлгомжтой юм. Энэ талаар шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлсэн болно. Эр хүнийг хөдөө, гадаа олон хоногоор явдаг, олсон мөнгөө гэр бүлдээ бүгдийг нь зарцуулсаар байтал энэ байдлыг нь далимдуулан өөр хүнтэй эр, эмийн харилцаа үүсгэн, хүүхэдтэй нь уулзуулахгүй гэж доромжилсон нь хэний ч дургүйг хүргэх бөгөөд энэ талаараа хохирогч миний буруу гэж мэдүүлдэг болно. Шударга ёсны элч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянаж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэл төгс байна. Монголчууд бид төрд итгэх ёсыг эрхэмлэдэг бөгөөд бидний хувьд Улсын Дээд шүүхийн тайлбарыг зайлшгүй дагаж, мөрдөх журам гэж итгэдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсний дагуу шүүгдэгч Д.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ш.Д нь Д.Аийн санаа сэтгэлд нь халдаж, Д.Аийг хүн хутгалж, гэмт хэрэг үйлдэх хэмжээнд хүртэл нь доромжилж, хууль бус үйлдэл гаргаагүй. Тухайн маргаан нь шүүгдэгчийн гэмт үйлдэл хийх санаа сэдлийг өдөөсөн болохоос санаа сэтгэлийг нь хүчтэй цочрон давчдуулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ш.Д, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд хохирогч Ш.Дхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Дын “...тэгээд бид 2 гэр рүүгээ алхаад явсан ба гэрийн тэр хавьд очих үед Д.Н надаас арай урд түрүүлээд алхсан. Харин би араас нь тамхи татаад тайван алхаж явсан. Тэгээд би Д.Нын орц руу ортол Д.Н хуучин нөхөр Д.Атэйгээ 1 давхарт юм яриад зогсож байхаар нь би “чи яах гэж яваа юм” гэж Д.А хэлэхэд “би хүүхэдтэйгээ уулзаж болохгүй юу? Хоёулаа ер нь гараад нэг уулзаадахъя” гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд эргэж хараад шууд орцны хаалгаар түрүүлээд гарсан. Учир нь би сүүлд орц руу орж ирсэн болохоор эргээд гарахдаа хамгийн түрүүнд гарсан юм. Тэгээд орцны үүдэнд байдаг сандал дээр суух гээд алхаж явтал араас Д.А гарч ирээд миний нуруу орчим руу хүчтэй цохичхоод гүйгээд явчихсан. Би тухайн үед намайг цохичихлоо гэж бодсоноос биш хутгалчихлаа гэж бодоогүй. Тэгээд би цохилтын улмаас урагшаа ухас хийгээд нэг 2 алхсан чинь зүүн хөл халтирч би хойшоогоо нуруугаараа унасан. Тэгээд би хөдөлж чадахгүй байхдаа толгойгоо эргүүлж Д.А рүү хальт харахад тэрээр гартаа хутга барьчихсан гүйж байсан. Ингээд би өөрийгөө Д.Аэд хутгалуулчихсан юм байна гэж бодоод тэндээ хэвтэж байхад Д.Н хүрч ирээд намайг тэврээд орилоод байсан. Ийм л зүйл болсон...” /хх 62/,

гэрч Д.Н“ ...Би 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад найз Нямсүрэнгийн гэр болох Варьете төвийн урд талд байдаг 52 дугаар байрны 67 тоотод очсон. Тэгээд араас удалгүй манай хамтран амьдрагч Ш.Д ирсэн. Тэгээд бид 3 найзындаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад, шөнө 02 цагийн үед Ш.Д бид 2 бага зэрэг маргалдаад Ш.Д түрүүлээд харилаа гээд явсан. Тэгээд би араас нь гэр рүүгээ алхаж явж байгаад байрныхаа гадаа хуучин салсан нөхөр Д.Атэй тааралдсан. Тэгээд надтай юм яриад байх шиг байхаар нь би тоохгүй гэр рүүгээ орох гээд орцны үүдэнд ирэхэд Ш.Д гэрээсээ гараад миний хажуугаар зөрөөд Д.А рүү очих шиг болсон. Тэгээд би эргээд хартал Ш.Д хутгалчихлаа ш дээ гэж хэлээд газар унаад өгсөн. Тэгэхэд Д.А цаана гүйгээд явж байсан. Тэгээд би Ш.Д дээр очиход цус гарч байхаар нь сандраад 103-т дуудлага өгсөн. ...” /хх 21-22/,

яллагдагч Д.Аийн “...Би тухайн үл таних залуугийн нуруун тус газар баруун бөөрний хэсэгт 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мал муулж байхдаа ашиглаж байсан хутгаар нэг удаа хутгалсан юм. ...” /хх 24-27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7259 дугаартай шинжээчийн “...Ш.Дын биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл 1 болон 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..." гэх дүгнэлт, /хх 29-33/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-7/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Аийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.АЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Өмгөөлөгчдийн гаргасан шүүгдэгч Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий гомдлын тухайд шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүйн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас хоромхон зуур гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд түр хугацаанд оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт хэлбэрээр илэрч буюу тухайн агшинд үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал гэж ойлгоно.

Шүүгдэгч гэмт хэрэг гарах үед ийм байдалд орсон байж илтэд болзошгүй нөхцөл байдал илэрвэл тусгай мэдлэг бүхий шинжээч энэ асуудлаар дүгнэлт гаргасан тохиолдолд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжтой. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргаж эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн нь шүүх хэргийг хэлэлцэх үед ач холбогдол бүхий нотлох баримтад тооцогдох бөгөөд шүүх хуралдаанаас өмнө энэ асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.

Хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Ш.Дын зүй бус үйлдэл, доромж үг хамаарах боловч “юу хийгээд энүүгээр шиншлээд яваад байгаа новш вэ, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй байж банди чинь гэх зэргээр харьцсан нь доромжлох, дарлах, гутаах байдлаараа шүүгдэгчийг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, гэрч, хохирогч нарын “...хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчдийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах нотлох баримтын болоод хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэрэгт оногдуулах таваас арван хоёр жил хүртэл хугацаатай хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Аийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Д, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Д.Аийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Д, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ