Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 617

 

 

 

 

 

 

 

 

 

Бхын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Бхын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Халиунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дугаар захирамжаар Бхаас 83 908 425 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгохоор захирамжилсан.

Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Бхын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65Б байрны 51 тоотод байрлах 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар өмчлөгчөөс үнийн санал авахад тэрээр өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа зах зээлийн үнийн саналаа 180 000 000 төгрөгийн үнэлж, санал өгсөн.

Тэгээд өмчлөгч Бх шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр авагч “Э” ХХК-тай уулзуулж үнийн саналаа харилцан тохиролцуулах ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өрөөндөө дуудаад таны 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 62 600 000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлсэн ба тус газрын тасгийн дарга Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26304 дугаартай мэдэгдлийг гардуулсан.

Мөн төлбөр төлөгч Бх нь оршин суугаа хаягаа өөрчлөөгүй, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаа, гэтэл Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байгаа нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж үзэхээр байна.

Шийдвэр гүйцэтгэгч ямар байгууллагагаар үнэлгээ тогтоолгох гэж байгаа, хэнийг шинжээчээр томилсон гэдгийг танилцуулаагүй нь хууль зөрчсөн. Хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК Бхын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийхдээ  жишиг хөрөнгө гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдан борлогдож байгаа үнээр тогтоосон байгаа нь Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтын харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлно гэснийг зөрчсөннь өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, зах зээлийн бодит үнэ ханшнаас доогуур үнэлсэн.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дүгээр захирамжаар Бхаас 52 288 746 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Бхын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 656 дугаар байрны 51 тоот 44.69 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хурааэ, үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд Бх 180 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан ба төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилоход 62 600 000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26304 тоот албан бичгийг мөн өдрөө төлбөр төлөгчид гардуулан өгч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/28967 дугаар мэдэгдэл, 13/30 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Бхт гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Бхын хариуцагч Нт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/14072 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнийн санал өгснийг “Э” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч Н шинжээч томилж Бхын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн.

Бхын гаргасан үнийн саналыг “Э” ХХК нь зөвшөөрөөгүйг шийдвэр гүйцэтгэх байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрсөн, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Бхыг төлбөр авагч “Э” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзуулж харилцан тохиролцох ажиллагааг хийлгүй, “Э” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Талууд зах зээлийн үнийн талаар харилцан тохиролцоогүй байхад төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэж шинжээчийг томилсон Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар давуу эрх олгохыг хориглоно гэснийг зөрчсөн.

Бх шинжээч томилсонд гомдол гаргаагүй, харин шинжээч томилох ажиллагаанаас өмнө харилцан тохиролцуулах ажиллагаа явуулаагүй, эрх зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан.

Хариуцагч Н төлбөр төлөгч Бхын оршин суух хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээг мэдэгдэл баталсан байгаа нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзсэн нь анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Бх нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дугаар захирамжаар Бхаас 52 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 288 746 төгрөгийн хамт гаргуулж “Э” ХХК-д олгож, энэхүү шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Бхын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гудамж, 65Б байрны 51 тоот хаягт байрших 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нт даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 34-35/

 

Н нь Бхын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гудамж, 65Б байрны 51 тоот хаягт байрших 44.69 м.кв, 2 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна./хх 43, 46/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Төлбөр төлөгч Бх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 180 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан ба төлбөр авагч 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Бх орон сууцыг 180 000 000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байх тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор шинжээч томилжээ.

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан, төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байдлыг талууд үнийн саналын талаар тохиролцоогүй гэж шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсныг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК нь Бхын өмчлөлийн орон сууцыг өртөгийн хандлагын үнэлгээг 55 500 000 төгрөгөөр, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг 62 600 000 төгрөгөөр тодорхойлон дээрх 2 аргын харьцуулан дүгнэж зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн үнэлгээ болох 62 600 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй. /хх54-68/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 62 600 000 төгрөгөөр тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26304 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. Уг албан бичигт Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурсныг хууль зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13 дахь хэсэгт “энэ хуулийн 22.7, 24.1, 25.1, 25.3-т заасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тойргийн харьяалал харгалзахгүй явуулна” гэж,

мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно” гэж,

25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах бөгөөд ажлын хэсгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахална” гэж заасан байх тул Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг харьяалал зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

 

Н нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнээр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/28967 тоот мэдэгдлээр Бхт мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч Бх нь үл хөдлөх эд хөрөнгийг “Мөнх-Оргил трейд” ХХК хэт багаар үнэлж, орон сууцыг үнэгүйдүүлж байна гэж тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА