| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0142/Э |
| Дугаар | 2022/ДШМ/23 |
| Огноо | 2022-06-24 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/23
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Алтай
Шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, Н.Алтангэрэл
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал
Нарийн бичгийн дарга Б.Батзориг нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлоор Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, Н.Алтангэрэл нарт холбогдох 2015001100037 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ганхүрэл овогт Дэчингийн Мөнхбат, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Булган аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... сумын .. дүгээр баг Мануулт гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, .
Монгол Улсын иргэн, Бүүвэй овогт Рагчаагийн Нямсүрэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Булган аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бага боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Мануулт гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, .
Монгол Улсын иргэн, Хөхийнхоолой овогт Насанбуянгийн Алтангэрэл, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Булган аймагт төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн ... сумын дүгээр багийн ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, .
Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар нь бүлэглэж Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг “Холбоогийн булаг” гэх газраас 2018 оны 10 дугаар сард иргэн Р.Дүвчинбаатарын 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхрийг,
2018 оны 11 дүгээр сард иргэн Н.Нямбадрахын 1 тооны хээр алаг зүсмийн морийг, иргэн Г.Батболдын 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхрийг, иргэн М.Алтангэрэлийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морийг, иргэн Н.Өрнөхбаярын 1 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуныг,
2019 оны 01 дүгээр сард иргэн М.Моломжамцын 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхрийг, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн “Мануулт” гэх газраас иргэн Ж.Бямбадоржийн сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус хулгайлсан гэмт хэрэгт,
Н.Алтангэрэл нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Алтангэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ганхүрэл овогт Дэчингийн Мөнхбат, Бүүвэй овогт Рагчаагийн Нямсүрэн нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хөхийн хоолой овогт Насанбуянгийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нямсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3- т тус тус зааснаар ялтан Н.Алтангэрэл нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих; ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыц щүүгдэгч Р.Нямсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нямсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарыг оршин суугаа газраас буюу Булган аймаг, Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг шүүгдэгч Д.Мөнхбатыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Р.Нямсүрэнг 1 жилийн хугацаагаар тус тус хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, Н.Алтангэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, Н.Алтангэрэл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нараас гэм хорын хохиролд нийт 12.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Р.Дүвчинбаатарт 900.000 төгрөгийг, хохирогч Н.Нямбадбадрахад 900.000 төгрөгийг, хохирогч Г.Батболдод 900.066 төгрөгийг, хохирогч М.Алтангэрэлд 1.900.000 төгрөгийг, хохирогч Н.Өрнөхбаярт 1.950.000 төгрөгийг, хохирогч М.Моломжамцад 850.000 төгрөгийг, хохирогч Ж.Бямбадоржид 4.900.000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь заасныг баримтлан хэрэгт прокурорын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор битүүмжпэгдсэн улаан зүсмийн нас бие гүйцсэн үнээ нэг ширхрг, хүрэн зүсмийн нас бие гүйцсэн үнээ нэг ширхэг, эрээн зүсмийн эр бяруу нэг щирхэг ухаа улаан зүсмийн эр бяруу нэг ширхэг, хул алаг зүсмийн азарга нэг ширхэг, шийр алаг зүсмийн нас бие гүйцсэн морь нэг ширхэг, нийт 6 тооны бод Малый битүүмжлэлийг хүчингүй болгож, 4.794.375 төгрөгийн үнэлгээ бүхий 6 тооны бод малыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн ногоон өнгийн дэвтэр нэг ширхэг, СД нэг ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний хүү Мөнхбатын Дамдинжуугаас Сайхан сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Ганхуяг тухайн үед албан өрөөндөө байцаалт авч биед нь хүрч зодож, групптэй хүнийг гавлан нүдэж, түүнийг дотор муухай оргиж байна гэхэд тамхи татуулсан зэрэг нь сөргөөр нөлөөлж, хэргийг хүчээр тулган шаардаж улмаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хэргийг хэрэгсэхгүй болгон Дамдинжуугийн ээж Рагчаа овогтой Нямсүрэнд хэргийг тохож, үг хэлэх, гэр булийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь умартан хуурамчаар орон нутгийн иргэдэд мал хулгайлсан мэтээр зарлаж, зориудаар манай гэр бүлийг малын хулгайд сэрдэн олон тооны мал хулгайлсан мэтээр гарын үсэг хуурамчаар үйлдсэн бидний өмнөөс хуурамчаар гарын үсэг зурсан, гар утсаар бичлэг гэж дүрсгүй ам барьж хэрэг тохсон, нотлох баримтгүйгээр Сайхан сумын Мануулт багийн Холбоогийн булаг, Мануултаас алдагдсан малыг авсан гэж гүжир хэрэгт унагаж, цагдаа гэрч нар үгсэн хуйвалдаж, биднийг бичиг үсэг үл мэдэх эрх зүйн чадамжгүй байдлыг ашиглан малын ченж Н.Алтангэрэл хүртэл малын зүсийг худал хуурмаг зохиосон байна.
Би малчны тамгатай бичигтэй 3 адуу, 3 үхэр, 10 хонь, нийт 16 толгой тооны өөрийн малаа Н.Алтангэрэлд өгснөөс өөр төрлийн мал өгөөгүй байхад нутгийн иргэдийн алдагдсан малыг тохож, 12.300.000 төгрөгийн мөнгөн хохирол учруулан төлбөрт оруулж, бид сэтгэл санаагаар унаж, эд хөрөнгө орлогоор хохирч, зардал чирэгдэл болон банкны зээл 18.000.000 төгрөгийг төлж чадахгүй улмаар үр хүүхдүүдийнхээ хамт нутаг орондоо нэр хүндгүй болж 4 жил аймгийн төвд айлын хаяа бараадаж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, зорчих эрхийг маань хязгаарлан 2018 оноос хойш өнөөг хүрч байгаад туйлын харамсалтай байна. Эд материал сэтгэл санааны хохирлыг хэн төлөх вэ. Давж заалдах шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр төрийг минь сэргээж хуулиин дагуу үнэн зөв шүүн тунгаана гэдэгт найдаж гомдол гаргаж байна. Шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/90 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээж авна уу” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтыг хангахын тулд мөрдөгч, прокурор нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгаж, хэргийн бодит байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй юм.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлага хангагдана.
Гэтэл Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг илтэд хууль бус нотлох баримт, хууль дүрэм журам зөрчиж үйлдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлээр бусдыг гэм буруутайд тооцож ял халдааж, шударга үнэнийг зөвхөн хууль ёсны баримт нотолгоонд тулгуурлаж зөвхөн хуульд захирагдаж шийдвэрлэх ёстой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль бус ажиллагаа, хууль бус нотлох баримтад тулгуурлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул тус хэргийн дээд шатны шүүхээр хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан байх ба энэ нь шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгахыг шаарддаг.
Гэтэл тухайн эрүүгийн хэрэгт шүүгдэгч нарын уг гэмт хэрэгт ямар байдлаар оролцсон оролцоо, үгсэн тохирч, хэрхэн яаж санаа зорилгоо нэгтгэж бүлэглэсэн, гэмт санаа сэдэл хэн гаргасан, хэн гүйцэтгэсэн ямар байдлаар үйлдсэн гэх зэрэгт хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай зүйлд дүгнэлт хийгээгүй.
Шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хэрэгт гэмт хэргийн гүйцэтгэгч, гэмт хэргийн хамжигч, хатгагч алин болохыг тодорхойлж тэдгээр нь хоорондоо хэрхэн ямар байдлаар ямар нотлох баримт нь бүлэг гэмт үйлдэл болохыг нарийвчлан дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаж эрүүгийн хариуцлага оногдуулах учиртай.
Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч илтэд хууль бус эх сурвалж нь эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулах нотлох баримтыг эх сурвалжийг магадалж талуудын хэн аль нь яагаад уг баримтыг тусгайлан шинжлэн судлуулж байгаа, тухайн баримтыг хэрхэн яаж үнэлэх эсэх, хэрэгт авагдсан баримтууд хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн байгаа эсэхэд нарийвчлан дүгнэлт хийж тогтоолдоо тусгах нь зүй ёсны билээ.
Гэтэл шүүх хэргийг Прокурорын байгууллагад “нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр мөрдөн байцаалтад буцаахдаа Р.Нямсүрэнгийн мэдүүлэг болон мэдүүлэг шалгах ажиллагаа хууль ёсны явагдсан эсэх, Р.Нямсүрэнгийн гарын үсэг мөн эсэх, бусад хохирогч гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж буцаасан боловч уг нэмэлтээр хийсэн ажиллагаагаар тухайн хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, гарын үсэг бүгд хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн баримт болох нь нотлогдсон байсаар байтал уг нотлох баримтын хууль зүйн үр дагаврыг тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль хэрэглээний бүдүүлэг алдаа гэж үзэж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны бүхий л цаг хугацаанд болон урьдчилан хэлэлцүүлгийн болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцад тухайн гэмт хэргийг мөрдөгч, прокурор, шүүхийн хэн аль нь хүний эрхийг зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эрх бүхий тусгай субъектээс тухайн хэрэг маргаантай нь холбоотой мэдүүлэг авч илтэд ял халдаах зорилгоор асуудалд хандсан, гэрч, яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн, өмгөөлөгч авах эрхээр хангаж мэдүүлэг авах ёстой байсан гэх зэргээр тайлбарлаж, дүгнэлт гаргаж, хүсэлт бичиж, шүүх хурлын тэмдэглэлд тусгуулж, урьдчилан хэлэлцүүлэг явуулах санал гаргах гэх зэргээр саналаа илэрхийлж байсан боловч энэ талаар үгүйсгэсэн, няцаасан тайлбарыг үндэслэлтэй хийгээгүйд гомдолтой байна. Ийнхүү асуудалд хөнгөн дүгнэлт хийж байгаа нь хүний эрхэнд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хууль ёсны байр суурийг илтэд хүндэтгэж үзээгүй зөвхөн нэг талын байр суурийг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нь миний үйлчлүүлэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар бүлэглэж мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, цагаатгах санал дүгнэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна” гэж дүгнэсэн байдаг.
Ийнхүү няцаалтаа тайлбарлахдаа зөвхөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээс иш татсан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн нотлох баримтаар хасуулах саналтай хууль зөрчиж цуглуулж бэхжүүлсэн гэж маргаж буй Р.Нямсүрэнгийн хуурамч гарын үсэг, мэдүүлэг шалгах ажиллагаанд явсан тэмдэглэл, түүний мэдүүлгүүд, бичиг үсэг мэдэхгүй болохыг нотолсон мэдүүлгүүд, Р.Нямсүрэнгийн СД бичлэг бүхий ярианы бичлэг түүнтэй харьцуулсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, гэрч Л.Оргилтулга, С.Гансүх, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, мэдүүлгийн нууц задруулсан ажиллагаа гэх зэрэг нотлох баримттай холбоотой асуудалд дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр байна гэж үзэж байна.
Тухайлбал хууль зүйн сөрөг үр дагавартай хууль бус дараах нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэх, эсхүл хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Үүнд: Шүүгдэгч Р.Нямсүрэнгийн хуурамч гарын үсэг бүхий 2020 оны 02 сарын 20, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гарын үсгийн шинжилгээний дүгнэлтүүдтэй харьцуулсан шинжлэн судалсан талаар,
-Р.Нямсүрэнгийн өөрийн төрөл садан, нөхөр хүүхдийнхээ талаар эсрэг мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчөөр хангагдсан байх болон бичиг үсэг мэдэхгүй хүн өөрийн төрөл садны эсрэг мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэх, энд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөг байгаа талаар,
-Шүүгдэгч Р.Нямсүрэнгийн мэдүүлэг авч буй үйл явц хууль ёсны явагдсан эсэх, түүнийг С.Ганхуягт мэдүүлэг өгч байхад хуулийн дагуу мэдүүлгийг авсан эсэх, тухайн мэдүүлгийн болон хэрэг хянан шийдвэрлэх тухай нууцыг Б.Эрдэнбаатар, Л.Оргилтулга нарт задруулах нь хууль ёсны эсэх,
-Гэрч Б.Эрдэнэбаатар, Л.Оргилтулга нараас гэрчээр мэдүүлэг авах хууль ёсны бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэж байгаа эсэх,
-Мэдүүлэг авах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, өөрөөр хэлбэл мэдүүлгийн цаг, гарын үсэг, зориулалтын байр талбай, гэрчийг тусгаарлаж байгаа, гэрчийн мэдүүлгийг нууцалж задруулахгүй байх талаар хийгдэж буй ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан эсэх,
-Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан тухай эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгч С.Ганхуягаас тухайн шалгаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан мэдүүлэг авч, гэрчээр оролцуулах, хэргийнх нь талаар гэрчлүүлж буй үйл явц түүний өгсөн мэдүүлэг нь хуульд нийцэж байгаа талаар,
-Р.Нямсүрэнгийн 2020 оны 02 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт хуудас тус бүрт гарын үсэг зуруулаагүй байгаа нь хууль ёсных уу, түүний ярьсан хэлсэн зүйл тухайн мэдүүлгийн 1 дүгээр хуудасны арын нүүрэн дэх мэдүүлэгтэй болон хэрэгт авагдсан СД-нд хуулбарласан бичлэгтэй тохирч байгаа эсэх,
-Хавтас хэрэгт авагдсан СД хуулсан бичлэг нь хууль ёсны бөгөөд хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэрхэн тооцогдож байгаа талаар, яллах дүгнэлтийн эх сурвалж болох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй, тухайн бичлэгийг Р.Нямсүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтэй харьцуулан судалж аль нь үнэн зөв болохыг тогтоосон талаар хууль зүйн дүгнэлт хийж шинжлэн судлаагүй нь хэргийг шийдвэрлэхэд ноцтой нөлөөлж байна.
-Мөн хохирогч нарын мэдүүлгийг авахдаа мөрдөгч С.Ганхуяг нь хөтөлсөн, тулгасан, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж “танай малыг Д.Мөнхбат авсан байна, энэ талаар гомдолтой байгаагаа хэл” гэх зэргээр хөтөлж авч байсан талаар хохирогч нарыг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд,
-Мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон этгээд тухайн хэрэг маргаанд хувийн сонирхолтой байхаас гадна хэргийн талаарх нууцыг хохирогчид задруулаад байгаа үйл баримтыг тус тус судалж дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоолд нөлөөлсөн гэж үзэж байна.
... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш баримталж тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх ёстой байтал хэрэгт авагдсан хууль бус цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1.3, 9.6 дугаар зүйлийн 6, 9.7 дүгээр зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.1.6, 16.1.7, 16.2, 16.3, 16.9, 16.11, 16.14, 25.1, 25.6 дахь заалтуудыг илтэд зөрчсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, шударгаар хариуцлага оногдуулах, хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг маргааныг бүрэн илрүүлэх, ийнхүү үйл ажиллагааг тус хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах байдаг.
Гэтэл илтэд яллах талыг баримтлан бүрдүүлсэн хууль бус нотлох баримтууд хэрэгт авагдсан, тухайн нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хөдөлбөргүй гэж үзэх боломжгүй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тусгай албан тушаалтныг хүртэл байцааж гэрчээр оролцуулан зөвхөн яллах байр сууринаас хандаж бусдад хууль бусаар ял халдааж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүрч байна.
Хэн боловч шударгаар шүүлгэх эрхтэй, ийнхүү шударгаар шүүхийн тулд хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах учиртай. Үүний үнэн зөвийг шүүх ялгаж салган өгч хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой байхад шүүх төвийг сахисан хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж нэг талыг баримталсан, үндэслэл муутай дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг Давж заалдах гомдлын хүрээг хамааралгүй нягтлан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна” гэв.
Прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ нэгдсэн. Шүүгдэгч Р.Нямсүрэн нь мэдүүлэг авах үед бүрэн дунд боловсролтой гэж байсан боловч яллагдагчаар татсаны дараа бичиг үсэг мэдэхгүй гэсэн. Сурч байсан сургуулийнх нь баримт шатсан байсан. Мөрдөгчийг гэрчээр асуусан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл зэргийг яллах талын баримт болгоогүй...Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон тухайн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан байна.
Тодруулбал: Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдсэн гэмт хэрэг, хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас үүсэх хууль зүйн бүхий л үр дагаврыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.
Гэтэл шүүгдэгч Г.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “... гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна ” гэсэн тайлбарыг гаргажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж тусгайлан заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Р.Нямсүрэнг “ ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн ... ” гэж дүгнэн түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Түүнээс гадна шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх шаардлагатай юм.
Гэтэл анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар нь бүлэглэж ... хулгайлсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна ...” гэж хэт ерөнхийд нь дүгнэсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргалын шүүх хуралдаанд гаргасан саналд дурдагдсан зарим нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “... өмгөөлөгчийн гаргасан цагаатгах санал, дүгнэлт нь ... нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.
Шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бөгөөд энэ хэсгийн 2.2, 2.3-т заасан асуудлуудыг тодорхой тусгаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна.
Мөн прокуророос шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна.
Өөрөөр хэлбэл: Мал хулгайлах гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй тул тэдгээрийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдолд дурдсан “ ... нотлох баримтаас хасч тооцох талаар шүүх дүгнээгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдолд дурдсан “ ...нотлох баримтаас хасч тооцох талаар шүүх дүгнээгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн, Н.Алтангэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
М.ХҮРЭЛБААТАР