Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0209

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ёда-Инвестмент” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: З.Адъяасүрэн,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа,

Маргааны төрөл: “Ёда-Инвестмент” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйг болгосон нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгч “Ёда-Инвестмент” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 дүгээр “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Ёл Хангай” ХХК-д 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын амны зүүн талын энгэрт орон сууцны хороолол барих зориулалтаар 720,000 м.кв газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байна.
  3. “Ёл хангай” ХХК-иас Нийслэлийн газрын албанд 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар албан бичгээр “...тус хорооллыг барих төслийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагч татах шаардлагатай байгаа бөгөөд газар эзэмшлийн эрх нь нийслэлийн захирамжтай байх болзол тавигдаж байна. Иймд манай компанийн эзэмшдэг газарт нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгөхийг хүсье.” гэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 23 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулж 720,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
  4. “Ёл хангай” ХХК-иас 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандан газар эзэмших нэр шилжүүлэх хүсэлт, “Ёда-Инвестмент” ХХК-иас 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт тус тус гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай  720,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
  5. “Ёда-Инвестмент” ХХК болон “Ти Си Ди” ХХК-иас Нийслэлийн газрын албанд гаргасан “Ёда-Инвестмент” ХХК-ийн эзэмшлийн 720,000 м.кв газраас 200,000 м.кв газрын эзэмших эрхийг “Ти Си Ди” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-д 520,000 мкв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар, “Ти Си Ди” ХХК”-д 200,000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлсэн байна.
  6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаартай захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-ийн 520,000 мкв газрын орон сууцны зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгажээ.
  7. “Ёда-Инвестмент” ХХК 4,500 м.кв газрыг цэцэрлэг барихад зориулан Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанд гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 515,084 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон байна.
  8. Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/396 тоот захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-д орон сууцны зориулалтаар 505,084 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 10,000 м.кв газрыг Усан спортын цогцолборын зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.
  9. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар  мэдэгдэлд “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найдангийн 259 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу “....хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон .... өнөөдрийн байдлаар дээрх 72 га газраас 504,969 м.кв газрыг Л.Зундуйн хүү З.Адьяасүрэн, Т.Бадамжунайн хүргэн Э.Жаргалсайхан, Б.Баттүвшин нарын үүсгэн байгуулсан “Ёда-Инвестмент” ХХК эзэмшиж байна. …” гэжээ.
  10. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба мөн оны 10 дугаар сарын 01-ний А/915 дугаар захирамжаар дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээг баталсан байна.
  11. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/697 дугаар захирамжийн 1.4 дэх заалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх анхны үнийг төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг холбогдох алба, газарт үүрэг болгожээ.
  12. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 01-08/3503 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны А/396 дугаартай захирамжийн “Ёда-Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох болсныг, мөн албаны 2023 оны 07 дугаар сарын 04-ний 01-09/3658 дугаар албан бичгээр дуудлага худалдааны анхны үнийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших ашиглах гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл тус тус хүргүүлжээ.
  13. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-08/4262 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын аманд байрлах тус компанийн нэр дээрх 1801405001 нэгж талбарын дугаар бүхий газрыг анх дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 дүгээр захирамжаар “Ёл хангай” ХХК-д орон сууцны хорооллын зориулалтаар 100,000 м.кв эзэмшүүлсэн байна. Дээрх шийдвэр нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны А/396 дугаартай захирамжийн “Ёда-Инвестмент” ХХК–д холбогдох хэсгийг хүчингүй болгох болсныг үүгээр дахин мэдэгдсэн байна.
  14. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн “Ёда-Инвестмент” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй  болгож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/396 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
  15. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01-08/4878 дугаар мэдэгдлээр  “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 61  дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамжаар хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрлэсэн …” болохыг “Ёда-Инвестмент” ХХК-д мэдэгдэж, захирамжийг хүргүүлжээ.
  16. Улмаар “Ёда-Инвестмент” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  17. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Ёда-Инвестмент” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар орон сууцны зориулалттай 720.000 м кв газрыг “Ёл Хангай” ХХК-иас эрх шилжүүлсэн авсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-ийн эзэмшил талбайн хэмжээг 520,000 м.кв болгон баталгаажуулсан. “Ёда-Инвестмент” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор эзэмшил газраасаа 5,000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/676 дугаар захирамжаар цэцэрлэг барихад зориулан Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн талбайн хэмжээ 515,084 м.кв болж өөрчлөгдсөн. Улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны А/396 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд 10,000 м.кв газрыг усан спорт цогцолборын зориулалтаар мөн шилжүүлж эзэмшил газрын талбайн хэмжээ 504,969 м.кв болсон.

Гэтэл Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олгосон гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023.08.31-ний өдрийн А/1016 дугаар захирамжаар “Ёда-Инвестмент" ХХК-ийн 504,969 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болох тухайд: Эрүүгийн 1941000320129 дугаар хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, улмаар уг хэргийг холбогдох шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж эхлээгүй байгаа бөгөөд уг хэргийн талаар шүүхийн эцсийн шийдвэр гараагүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй болно.

 Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгчид 2023.06.09-ний өдөр гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 66 дугаар мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байдаг. Мөрдөгч гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоосон нөхцөлд уг шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар хуулийн этгээдэд хандан мэдэгдэл бичиж болно. Харин мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд нь мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, хариу хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.”, “Хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023.06.09-ний өдрийн 66 дугаар мэдэгдэлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь юу болох, түүнийг хэрхэн тогтоосон болон шалтгаан нөхцөлийг арилгуулахтай холбоотой асуудлыг хөндөөгүй бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд тогтоогдсон” мэт алдаатай дүгнэлт хийж, улмаар мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахыг шаардах байтал манай компанийн хууль ёсны субьектив эрхэд сөргөөр нөлөөлөхүйц асуудлыг бичжээ. Түүнчлэн, мөрдөгч нь гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор мэдэгдэл бичих бөгөөд уг мэдэгдлийг хуулийн этгээдэд хандан хүргүүлэх атал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэх албан тушаалтанд хандан хүргүүлсэн нь учир дутагдалтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь мөрдөгчийн 2023 оны 66 дугаар мэдэгдэлд дурдсан асуудлыг нягтлан тодруулалгүйгээр “Ёда-Инвестмент” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын захирамжид "Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олгосон тул” гэх үндэслэлийг дурдсан байна.

“Ёда-Инвестмент” ХХК нь өмнө дурдсан ёсоор уг газрыг анх “Ёл Хангай” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар шилжүүлэн авсан Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.

“Ёда-Инвестмент” ХХК, “Ёл Хангай” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах, шилжүүлэх хүсэлт гаргаж, эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар зохих ёсоор гэрчлүүлж, холбогдох баримтыг бүрдүүлэн тухайн шатны Засаг даргад 2010 онд хандсан. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулан нягталсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан байх учиртай. “Ёда-Инвестмент” ХХК нь “Ёл Хангай” компаниас газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан ёсоор Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжаар шилжүүлэн авсан бөгөөд уг шийдвэрийг Газрын тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамжид дурдсан "Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олгосон… " гэх нөхцөл нь үндэслэлгүй болно.

“Ёл Хангай” ХХК анх уг газрыг эзэмшихдээ газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байсан. “Ёда-Инвестмент” компани газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 686,400,000 төгрөг төлөх тухай Нийслэлийн газрын албаны шаардлагыг хүлээн авч, 100,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хүсэлтээ өгсөн.

“Ёда-Инвестмент” ХХК нь газрын төлбөрт 2020 оныг дуустал хугацаанд нийт 474,007,180 төгрөг төлсөн ба  мөн хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй болно. Газрын төлбөрт 2021 онд 53,672,696 төгрөг, 2022 онд 44,129,365 төгрөг, 2023 онд 22,064,682 төгрөг буюу нийт 119,866,743 төгрөг төлсөн.

Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ хэмээн хуульчилсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас "Ёда-Инвестмент" компани нь “Ёл Хангай” компаниас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахад газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар оролцогчоос тайлбар, баримт шаардаагүй, нотлох баримтыг зохих журмаар цуглуулаагүй, үнэлээгүй, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамж нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг эвдсэн шийдвэр болжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн хэмээн үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана." гэж заасан.

Иймд “Ёда-Инвестмент” компанийн газар эзэмших эрх нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээр хүчингүй болсон тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх, хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “Еда-Инвестмент” компанийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 504,969 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ёда-Инвестмент” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжаар орон сууцны зориулалттай 720 мянган м2 газрыг Ёл хангай ХХК-аас Газрын тухай хуульд заасны дагуу эрх шилжүүлэн авсан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулан нягталсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан байх учиртай. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 болон 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчин газар олгосон гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК-ийн 504.969 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар мэдэгдэл болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн захирамжид дурдагдаж ашиглагдсан, зөрчсөн гэх Газрын тухай хуулийн тус заалтууд нь “Ёл хангай” ХХК-ийн захирамжтай холбоотой шийдвэрийн талаарх асуудлууд юм.

“Ёда-Инвестмент” ХХК-ийн захирамжаар актыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу эдгээр нь “Ёда-Инвестмент” ХХК -д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/782 дугаар захирамжид үл хамаарна гэж үзэж байгаа юм. “Ёл хангай” ХХК нь Газрын тухай хуулийн дээрх 33 дугаар зүйлийн 33.1.2 болон 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй ба “Ёл хангай” ХХК-д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2005 оны шийдвэрээр мөн Газрын тухай хууль зөрчсөн эсэх нь шүүхийн шийдвэрээр шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй. “Ёда-Инвестмент” ХХК -д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны А/782 дугаар захирамж нь Газрын тухай хууль зөрчсөн эсэхийг тогтоосон ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр нотолгоо баримт байхгүй. Мөн тухайн захирамж буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хуулийн хугацаа дуусгавар болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамжийг дурдсан Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олгосон гэх нөхцөл нь үндэслэлгүй.

Хэдийгээр “Ёл Хангай” ХХК-ийн асуудал боловч 2005 онд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалт буюу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг огт хэрэгжүүлж байгаагүй ба 2013 оноос Э.Бат-Үүл хотын дарга байхдаа сэргээж хэрэгжүүлж эхэлсэн. Дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх ажил одоо ч үргэлжилж байгааг дурдах нь зүйтэй. 2003 оноос хойш газар эзэмшсэн бол дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэсэн зүйл байсан боловч хэрэгжээгүй байсан. Нэг ч компани хэрэгжүүлээгүй, мэддэггүй байсан. Танайх энийг төлсөн байх ёстой гэж тайлбарлаж болохгүй.

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэмэлт нотлох баримт гаргуулахаар нэхэмжлэгч талаас гаргасан бөгөөд хүсэлтийг шүүх хангасан. Анх газар эзэмшсэн этгээд нь манай компани биш боловч дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний нэхэмжлэхийн дагуу төлөх хуваарийг гаргасан. 100 сая төгрөгийг одоогоор төлж барагдуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн 2023 оны 06 дугаар сарын мэдэгдэлд 100 га газрыг 72 га болгож өөрчилснийг зөрчил гэж үзсэн талаар дурдсан байдаг. Олгох газрын хэмжээг багасгасан шалтгаан нь Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн захирамжтай давхацсан талаар хэргийн материалд хавсаргасан нотлох баримт дээр буюу 2005 оны дүүргийн Засаг даргын захирамж дээр гараар бичиж тэмдэглэсэн байдаг. Мөн тус мэдэгдэлд “Ёл хангай” ХХК-ийн захирал Л.Зундуйн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтийн талаар дурддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу судлаад үзэхээр тус хүсэлтэд гэрээ хийж гэрчилгээ олгож өгнө үү гэсэн болохоос газар эзэмших захирамж гаргаж өгөөч гэсэн хүсэлт биш байсан.

Газар эзэмшүүлэх захирамж нь тус хүсэлтээс өмнө буюу 2005 оны 11 дүгээр сард “Ёл Хангай” ХХК-д гарсан байдаг. н.Бадамжунай гэдэг хүн нь “Ёл Хангай” ХХК-д газар олгоход нөлөөлж дэмжлэг үзүүлсэн, найз нь байсан гэх мэтээр тогтоосон байгаа. Тухайн төсөл цаг хугацаа шаардсан, том цар хүрээтэй байсан. Нийгмийн олон асуудал шийдсэн, төр засгаас ч гэсэн дэмжих хэрэгтэй төсөл байсан. Тэр ч утгаараа хүсэлтдээ тухайн тойргоос сонгогдсон Их хурлын гишүүний мөрийн хөтөлбөр, барилга хот байгуулалтын яамнаас дэмжигдсэн байршил, нийслэлийн иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг дурдсан байх магадлалтай, Үүнээс хамаарч шууд нөлөөлсөн, дэмжлэг үзүүлсэн байна гэж үзэж болохгүй гэж бид үзэж байгаа. “Ёда-Инвестмент” ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигчийн нэг Э.Жаргалсайхантай холбогдуулан мөрдөн шалгаж байгаа хэрэг нь прокурорын байгууллагаар хянагдаж байгаа ба шүүхээр түүний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа. 1 хувьцаа эзэмшигчид үүссэн асуудлаас болж нөгөө 2 хувьцаа эзэмшигчийн эрх ашиг шууд хөндөгдөх үндэслэл байхгүй. Э.Жаргалсайхан бид 2-оос гадна 1 хувьцаа эзэмшигч байгаа. Авлигатай тэмцэх тэмцэх газрын мөрдөгчид 2023 оны 06 дугаар сарын 9-ний өдөр гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 66 дугаар мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн байдаг. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичнэ. Хуулийн этгээд нь тус мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч 1 сарын дотор хариу мэдэгдэх үүрэгтэй гэж хуульчилсан байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан асуудлыг нягтлан тодруулалгүйгээр “Ёда-Инвестмент ХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг шууд хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байдаг. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байхын зэрэгцээ бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагатай. Захиргааны ерөнхий хуульд бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн бөгөөд хийгдэх ажлыг тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийнэ, нотлох баримт цуглуулна, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ хэмээн хуульчилсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас “Ёда-Инвестмент” ХХК нь “Ёл Хангай” ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахад Газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар бодит нөхцөл, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Энэ талаар биднээс тайлбар, баримт бичиг шаардаагүй, нотлох баримтыг зохих журмаар цуглуулаагүй, үнэлээгүй учраас энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй. Захиргааны ерөнхий хуульд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах, захиргааны актыг батлан гаргахын өмнө оролцогчид тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх зэрэг захиргааны үйл ажиллагааны тухай тусгай зарчмуудыг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актын хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль, ёс, журам, хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актын мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна. Захиргааны байгууллага захиргааны актын хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас болон шуудан хэлбэр, бусад хэлбэр мэдэгдэж болох бөгөөд энэхүү мэдэгдсэнээ батлах, баримтжуулна. Мөн хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна үүгээр албан ёсоор гардуулсан, мэдэгдсэнд тооцно хэмээн хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуульд болбол хуульд үндэслэх, сонсох ажиллагааг явуулахдаа саналыг бичгээр авах, сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбарт санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасан байдаг. Гэтэл захиргааны байгууллага эдгээр захиргааны тусгай зарчмуудыг зөрчөөд тус хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг журмын дагуу хийлгүйгээр бидний эрх ашгийг илт хохироосон. Тайлбар өгөх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах бүх боломжийг хаасан, төрийн байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлсэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тэр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2 мэдэгдлийг нэг дугтуйнд хийж 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр компанийн төлөөлөх эрхгүй, гардаж авах эрхгүй ажилтанд гардуулж өгсөн байсан. Шуудангаар хүргүүлсэн байдаг. Энэ үед би гадаадад явж байсан бөгөөд 9 сарын сүүлээр энэ талаар мэдсэн. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2 мэдэгдлээ нэг дугтуйнд хийгээд шуудангаар хүргүүлснээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа гаргачихсан байгаа юм. Бидэнд тайлбар өгөх боломжоор хангаагүй.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамж нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг эвдсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд орон сууцын зориулалтаар 504 969 метр квадрат газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.”гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй. Актад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дах заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Эхний 2 хууль нь Засаг дарга захирамжлах баримт бичгийг гаргах эрхтэй талаар заасан нийтлэг заалт байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой харилцааг огт зохицуулаагүй.

Харин газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ямар журмыг баримтлах вэ гэдэг эсрэг харилцааг зохицуулсан заалтыг үндэслэсэн байна. Тодруулбал илүү хэмжээний газар эзэмших хүсэлт гаргасан бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг баримтлаад газрыг эзэмшүүлнэ гэдэг заалтыг үндэслээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа юм. Газрын тухай хуулийн 61.1 гэдэг заалт нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, тэр үйлдлийг таслан зогсоохтой холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Захиргааны байгууллага нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, эсвэл газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон байх ёстой байдаг. Ингэснээр тухайн хууль бус шийдвэрээ л хүчингүй болгох ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл заалтыг үндэслэсэн хэрнээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөд газар олгосон гэдэг мөрдөгчийн мэдэгдлийг яриад байгаа юм.

Мөрдөгчийн мэдэгдлийн дагуу “Ёл хангай” ХХК-ийн газар авсан асуудал нь хууль бус юм бол Ёл хангай ХХК-д олгосон 2005 оны захирамжийг хүчингүй болгох ёстой. Хуульд нийцэж гарсан захирамжуудыг хүчингүй болгох ёсгүй. Захирамжийн 3 дугаарт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/396 дугаар захирамжийн хавсралтын нэг дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа юм. Энэ захирамжаар “Ёда-Инвестмент” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 10 мянган метр газрыг усан спортын барилгын зориулалтаар шилжүүлсэн. Гэтэл энэ хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын захирамж нь “Ёда-Инвестмент” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг бууруулаад дээр нь нэмээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт манайхаас өгсөн 10 мянган метр газрыг хүчингүй болгочихож байгаа юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх заалт огт хамаарахгүй. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу хууль бус бол уг шийдвэрээ л хүчингүй болгоно. Захиргааны эерэг, сөрөг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгохтой холбоотой Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.

Газар эзэмшсэн захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөлтэй захирамж. Энэ захиргааны актыг хүчингүй болгохыг хуулиар зөвшөөрдөггүй. Яг тодорхой баримтаар батлагдсан байхыг л шаарддаг. Гэтэл ямар ч баримтгүйгээр хүчингүй болгосон юм. Захиргааны байгууллага газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй. “Ёда-Инвестмент” ХХК хуулиа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг ямар нэгэн зөрчил гаргаагүй. Захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан хууль бус шийдвэрийг өөрөө залруулж болно гэдэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж манай компанийн газар эзэмших эрхийг болбол хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн мөн хэлбэрийн шаардлагыг хангаж чадаагүй. Захиргааны байгууллага өөрийнхөө санаачилгаар эсхүл дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийн хүрээнд шийдвэр гаргасан байж болох хэдий ч нөхцөл байдлыг тогтоох түүнтэй хамааралтай нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Нотлох баримт, нөхцөл байдлыг тогтоох хүрээнд мөрдөгчийн мэдэгдэл, түүнд дурдаад байгаа асуудал яг юу вэ, түүний үндэслэл нь юу байна, тэр талаар болбол тодруулж судлах ажиллагааг захиргааны байгууллага огт хийгээгүй. Мөрдөгчийн мэдэгдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1 дэх заалтыг үндэслэдэг. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор мөрдөгч мэдэгдэл бичиж болно гэсэн заалт шүү дээ. Ёл хангай ХХК эрүүгийн журмаар шалгагдаж болно. Тус компаниас 5 жилийн дараа газрын эзэмших эрхийг шилжүүлээд авчихсан “Ёда-Инвестмент” ХХК-д гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл ямар ч хамааралгүй. Энэ 2 компанийн хоорондын холбоо хамаарлыг тогтоогоогүй.

Хоёр албан бичгийг явуулсан. Сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг. Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийж болохгүй. 6, 8 сарын албан бичгийг 8 дугаар сарын 17-ны өдөр 1 дугтуйд хийгээд явуулчихсан. Энэ үед тайлбар өгөх хугацаа нь дуусчихсан байсан. Компанийг бүрэн эрхтэй төлөөлөх Адьяасүрэн захирал эзгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч ямар эрхтэй оролцох вэ? өөрсдийнхөө эрхийг бас яаж хамгаалах вэ? гэдгийг зааж өгсөн байдаг. Энэ эрхийг эдлүүлэх боломжийг олгоогүй, сонсох ажиллагаа ч хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Захиргааны шийдвэр тэнцвэртэй байх гэдэг зарчмыг зөрчсөн. Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах гэдэг зарчим ч гэсэн манай тохиолдолд хэрэглэгдэнэ. Бид 2005 онд газар авч ашиглаагүй. 2010 онд газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ёл хангай ХХК-аас шилжүүлэн авсан. Тэр захирамж хууль ёсны бөгөөд хууль бус гэж шалгагдаагүй байхад шууд манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн шийдвэр болжээ Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1016 дугаар захирамж нь хууль зүйн алдаатай нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болсон.

Бид газрын төлбөр, дуудлага худалдааны үнийг Газрын тухай хуулийн дагуу эрх шилжүүлж авсан гэдэг утгаараа эрх үүргийг хэрэгжүүлээд төлөөгүй 686 сая гаруй төгрөгөөс 100 саяыг төлсөн. Үлдсэн төлбөрийг графикийн дагуу төлнө. Одоогийн байдлаар 700 орчим сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа. Бидний эрх ашиг зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ёда-Инвестмент” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ёда-Инвестмент" ХХК-ийн эзэмшлийн 504,969 м.кв газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Ёда-Инвестмент” ХХК нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд 100 га газрыг орон сууцны хорооллын зориулалтаар “Ёл Хангай” ХХК-д газар эзэмших эрх олгогдсон.

2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 28-ны Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/23 дугаар захирамжаар 72 га газрыг орон сууцны зориулалтаар “Ёл Хангай" ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

3. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай А/782 дугаар захирамжаар “Ёл Хангай” ХХК-иас “Ёда-Инвестмент” ХХК нь 72 га газрыг орон сууцны зориулалтаар газрын эрх шилжүүлэн авсан.

4. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар 4 эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай А/952 дугаар захирамжаар “Ти Си Ди” ХХК-д 20 га газрын эрхийг шилжүүлсэн. “Ёда-Инвестмент” ХХК нь 52 га газрыг орон сууцны зориулалтаар газрын эрх баталгаажуулан авсан.

5. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан.

 6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/398 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт усан спортын цогцолборын зориулалтаар 10000 м.кв газрыг шилжүүлж, 505084 м.кв газрын эрхийг баталгаажуулсан.

Нэхэмжлэгч “Ёда-Инвестмент” ХХК нь дээрх эзэмшлийн газраа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3212973 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтай болон энэ хуулийн 291, 292, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар зориулалтаар гаргасан иргэн, ахлах худалд байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн сэт Засаг дарга дуудлага худалдаа, тосол шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг зорчиж олгосон газрын эрхийг шилжүүлэн авсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Г.Авир, И.Мөнхсонор нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн бөгөөд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар мөрдөгчийн мэдэгдлийн дагуу Газрын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/1016 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3503, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-08/4262 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01-08/4878 дугаар албан бичгээр захиргааны актыг мэдэгдсэн.

Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дүгээр захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Ёда-Инвестмент” ХХК нь анх маргаантай газрын эрхийг “Ёл хангай” ХХК-иас шилжүүлэн авсан байдаг. Тус газар нь нэгж талбаргүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дах заалтыг баримтлан Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны акт гаргасан юм.

Дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэдэг захиргааны актын гол үндэслэл нь нийслэлийн Засаг даргын анх газар олгосон шийдвэр нь хууль бус байсан. Тиймээс энэ шийдвэрээ өөрөө хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэн хүчингүй болгосон. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний 63 дугаар мөрдөгчийн мэдэгдэлд энэ талаар маш тодорхой дурдсан байдаг. Газар эзэмших хүсэлт гаргасан “Ёл хангай” ХХК-ийн захирал Л.Зундуй, хүргэн Э.Жаргалсайхан, н.Баттүвшин нарын үүсгэн байгуулсан “Ёда-Инвестмент” ХХК-д эзэмшүүлсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдох арга хэмжээг авхуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 10 дахь заалтыг тус тус удирдлага болгон мэдэгдэл бичсэн байдаг. Энэ мэдэгдлийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодорхой ажиллагааг явуулаад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдэлд заасан хугацаанд хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Мэдэгдлийг хүлээн аваад хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул маргаан бүхий захиргааны актыг нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.”Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2.”энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заажээ.

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын анх “Ёл хангай” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн ба нэхэмжлэгч нь тус компаниас газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар шилжүүлж авсан байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаартай захирамжаар “Ёл хангай” ХХК-д газрын тухай хууль тогтоомж зөрчин газар эзэмшүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/396 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт нь тухайн газар эзэмшигч болон шийдвэрт хамаарах бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан эрхийн гэрчилгээг өмнөх газар эзэмшигчид газрыг хууль зөрчин олгосон үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийг эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй байна.

  1. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн оны 10 дугаар сарын 01-ний А/915 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжууд хүчинтэй байх бөгөөд тус захирамжийн агуулгаас үзвэл дуудлага худалдааны үнэ төлөөгүй үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох бус харин дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх боломжтой байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
  2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.”Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заажээ.

Хариуцагч сонсох ажиллагааны хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 01-08/3503, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-08/4262 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх албан бичгүүдийг нэг дугтуйд хийж нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан нь сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 06 дугаар сарын 28-ны мэдэгдлийг тухайн хугацаанд нь хүргүүлэлгүй 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэлтэй хамт шуудангаар нэг удаагийн үйлдлээр хүргүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд энэ нь оролцогчийг хариу тайлбар гаргах боломжтой хугацаанд газар эзэмшигчид хүргүүлж тайлбар гаргах боломжийг бодитоор олголгүй Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А/1016 дугаар захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

  1. Шүүхийн энэ шийдвэр өөр бусад үндэслэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан “Ёда-Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН