Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

 

 

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч М.Дамдинжуу

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

Хохирогч Д.Мөнхбат

Нарийн бичгийн дарга Б.Батзориг нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Дамдинжууд холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, М.Д..

 

М.Дамдинжуу нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчим Булган аймгийн Сайхан сумын .. дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт өөрийн төрсөн эцэг Д.Мөнхбатын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Сайхан сумын .. дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт иргэн Д.Б.ийн гэрийн гадаа аавтай нь маргалдсан гэх шалтгаанаар иргэн П.Батдоржийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймгийн прокурорын газраас: М.Дамдинжууд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Дамдинжууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дамдинжууг 2 сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дамдинжууг 1 сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дамдинжууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдпэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүугийн хуупийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дамдинжуу нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч М.Дамдинжуу нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дамдинжууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч М.Дамдинжуу нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Мөнхбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний хүү М.Дамдинжуу нь намайг зодож хүнд гэмтэл учруулаагүй нь үнэн. Харин Б.Батдорж нь Д.Мөнхбатыг мөргөсний улмаас 2 шүд хугарсан. Д.Мөнхбатыг мөргөх үед нь гэрч Р.Нямсүрэн байсан. Хэрийг зориудаар буруу мэдүүлэг авч хэргийг хүндрүүлж биднийг доромжилж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шүүж өгнө гэдэгт найдаж байна. Гомдолтой байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотолбол зохих зүйлийг нотлоогүй, хэрэг учрал болсон цаг хугацаа, тухайн гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, тухайн үйл явдлын талаарх мэдүүлсэн гэрч, хохирогчид учирсан гэмтэл зэргийн шалтгаант холбоо, гэмт хэргийн эхэлсэн дууссан цаг хугацаа гэх зэрэг нотолбол зохих зүйлийг нотлоогүй хэт нэг талын байр суурийг илэрхийлж яллах талын чиг үүргийг баримтлан шийдвэрлэсэн нь хэргийг зүйлчлэл, гэм буруугийн нөхцөл байдалд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн тухайд хохирогч Д.Мөнхбат болон гэрч Р.Нямсүрэн нар тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд хамт байсан гэрч болон хохирогч нар юм.

Гэтэл гэрч Р.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрхэн яаж үнэлэхгүй орхигдуулсан нь тодорхойгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Аливаа гэмт хэрэг болсон үйл явдлыг харсан, тухайн гэмт хэргийн талаарх зүйлийг мэдэж байгаа хүнийг гэрч гэдэг. Р.Нямсүрэн нь тус зүйл ангид хамаарах гэмт хэрэгт гол гэрч байсаар байтал хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй, Д.Мөнхбатыг зодоогүй гэж мэдүүлсээр байхад уг мэдүүлгийг хуулийн дагуу үнэлж эсхүл үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй нь нэгдүгээрт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон гэрчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн гэж үзэж болох юм.

Мөн хохирогч Д.Мөнхбат нь тухайн хэрэг маргаанд “хохирогч" гэх нэрийн дор эрх үүрэг нь хангагдаж байх бөгөөд тухайн хэрэг маргаанд өөрийн хууль ёсны эрх ашигт хэн халдаж гэмтээснийг тодорхой бөгөөд тогтвортойгоор мэдүүлэхээс гадна өөрийн биед хэдий үед гэмтэл учирсан, тухайн гэмтэл хэрхэн удаан хугацаанд үргэлжилсэн, ямар байдалтай зовуур байсан, хэрхэн хавдсан, хэзээнээс эхэлж өвдөлт, шаналал зовуур үүссэн талаар нэг бүрчлэн мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй шууд харилцан хамааралтай байдаг.

Хохирогч нь өөрийн ухамсарт үйлдлийн улмаар өөрт нь хэн аюул учруулсан болохыг шууд нэрлэн зааж байгаагаас гадна өөрийн хууль ёсны эрх ашгийг сэргээлгэхээр Цагдаагийн газарт гомдол гаргасан зэргээс тодорхой харагддаг. Гэтэл шүүх хэргийг үнэлэхдээ гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлэх боломжгүй гэсэн атлаа тухайн эргэлзээг арилгах аливаа оролдлого хийгээгүй, шүүгдэгчийг шууд гэм буруутай болохыг урьдчилан үнэлж тухайн үнэлэмжид тулгуурлан хэргийг шийдвэрлэх хийсвэр дүгнэлт гаргасан гэж үзэхэд хүрч байна. Учир нь гэрч М.Буянхишиг болон бусад гэрчийн мэдүүлэг нь тухайн хэрэг учирлыг шууд чиглэн заасан анхдагч мэдээлэл биш байх бөгөөд Р.Нямсүрэнгээс бусад гэрчийн мэдүүлэг дамжмал, өөрийн тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй үйл баримтаас цуглуулж оюун санаандаа боловсруулан тунгаасан тусгал байх бөгөөд тухайн гэмт хэргийн үйл явцыг нүдээр үзэж, харж мэдүүлсэн мэдүүлэг биш юм.

Шүүх хэргийн гол гэрч болох Р.Нямсүрэнгийн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхбат нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа, мэдүүлгийг нь хэрхэн яагаад үнэлэх боломжгүй байгаа, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох мэдүүлгүүд эргэлзээтэй, зөрүүтэй байгаа тохиолдолд уг гэмт хэргийг эргэлзээгүй нотлогдож байна гэж ямар үндэслэлээр шийдвэрлэж байгаад хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь бусдад ял халдааж буй үндэслэл муутай шийдвэр гэж үзэх болов.

Түүнчлэн шүүх дээрх маргааныг үйлдэгдсэн цаг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагт болсон гэж тодорхойлсон. Гэтэл гэрч нарын мэдүүлэгт шөнийн 00 цагт тухайн үйлдэл болоогүй байх ба эмч дуудсан, үзүүлсэн, амнаас цус гарсан үйл, хохирогчийн цусыг цэвэрлэсэн зэрэг үйл явдлууд тухайн өдрийн 17 цагаас хойш үргэлжилж байгаад огт дүгнэлт хийгээгүй байдаг. Улмаар хэрэг маргаан хэрхэн яаж эхлэх, хэрхэн дуусах, ямар хугацаанд үргэлжлэх зэргийг тодорхой нарийвчлан нягт нямбай тогтоосон байх бөгөөд хэнийг ч болов гэм буруутай мэтээр урьдчилан дүгнэлт хийх ёсгүй юм.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Нэргүйг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч гэрчийн эрх чөлөөнд шүүгдэгчийн зүгээс бодитой заналхийлэл учирч болзошгүй гэсэн байдлаар дуудан ирүүлээгүй оролцуулаагүй байх бөгөөд ийнхүү дурдсан асуудал хэргийн материалд авагдаагүй байдаг. Энэ байдал нь тус хэргийг М.Дамдинжуу үйлдсэн, тэрээр эцэг эхийгээ зодож гэмтээх болон бусад этгээдэд халдах өндөр эрсдэлтэй хүн гэх байдлаар урьдчилан шууд дүгнэж байсны илэрхийлэл болохыг тэмдэглэхийг хүслээ. Мөн хохирогч Б.Батдоржид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Тухайн үйлдэлд Б.Батдорж, Д.Мөнхбат нар харилцан маргалдсаны улмаар зодоон хийх бөгөөд уг маргааныг хохирогч Б.Батдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлын гэрт ирж, түүний гэр дотор нь хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэрийн гадна талд гарч харилцан зодоон үүсгэдэг. Уг хэрэг учирлыг гэрч Р.Нямсүрэн өөрийн биеэр харж байх бөгөөд зодоон үргэлжилж байх хугацаанд гэрч М.Буянхишиг, шүүгдэгч М.Дамдинжуу нар М.Мөнхбат, Б.Батдорж нарын зодооныг таслуулах зорилготой үйлдэл хийдэг. Ингэхэд М.Дамдинжуу нь өөрийн эцгийн эсрэг өөрөөр хэлбэл өөрийн дотны хүн, төрөл садангийн эсрэг бусдын хууль бус довтолгооныг сааруулах зорилгоор хөгшин хүнийг зодлоо гэх байдлаар хохирогч Б.Батдоржийг гуянд нь 1-2 удаа өшиглөсөн үйл баримт хэрэгт авагдсан.

Гэвч шинжээчийн дүгнэлтээр хохирогч Батдоржийн хавирга тус газар гэмтэл авч, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байна хэмээн тодорхойлсон. Уг гэмтлийг шүүгдэгч учруулсан эсэх, эсхүл М.Мөнхбат, Б.Батдорж нар харилцан зодолдож байх хугацаандаа учруулсан эсэх, мөн шинэ болон хуучин гэмтэл болон эсхүл хохирогч уг гэмтлийг өөр орон зайд, өөр цаг хугацаанд, өөр газар учруулсан байж болох эсэхийг огт нягтлаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Мөнхбат нь Б.Батдорж намайг эрүүн тус газар мөргөсөн, мөн мориноос унасан гэж сонссон гэх байдлаар мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг нь үнэн зөв уг үйл баримт байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн хэрэг маргааныг хэн үйлдсэн, хэн хууль бус үйлдэл үзүүлсэн, хэн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан зэрэг эргэлзээгүй нотлогдох ёстой.

Гэтэл шүүхийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын мэдүүлэг мөрдөн байцаалтын мэдүүлэг зөрүүтэй байгаа тул мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж дүгнэж ял оногдуулсан. Хэрэв аливаа мэдүүлэг, нотлох баримт нь эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад хүндрүүлсэн байдлаар ял халдаах зорилгоор мэдүүлгийг түүвэрлэн хэргийг шийдвэрлэх нь хууль зүйн учир дутагдалтай байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийн бүтцийг тодорхойлсон байх бөгөөд шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдыг тодорхойлон зааж тусгах ёстой байх ба уг шийдвэрт нарийн бичгийн дарга, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарыг оролцуулснаар тусгасан нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдаанд хохирогч Д.Мөнхбат, Б.Батдорж, гэрч Р.Нямсүрэн, гэрч М.Буянхишиг нар биечлэн оролцсоныг дурдах нь зүйтэй байна.

Уг хэрэг маргаанд нотолбол зохих зүйл нотлогдоогүй, мэдүүлгийн эргэлзээтэй байдал үүссэн, хохирогч өөрийг хохироосон хууль зөрчсөн этгээдийг шууд нэрлэн заасан, гэрч Р.Нямсүрэнгийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй зэрэг шийдвэрлэх ёстой эргэлзээтэй олон зүйлийн зөрүүг арилгаагүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчихөд хүрсэн байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

   Шүүгдэгч Ж.Дамдинжуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Батдоржийг зодоогүй. Гуя руу нь 2 удаа өшиглөсөн...” гэв.

 

   Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Дамдинжуугийн үйлдсэн гэмт хэрэг нотлогддог ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос М.Дамдинжууг 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчим Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт өөрийн төрсөн эцэг Д.Мөнхбатын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн өдрийн 17 цагийн орчим дээрх газарт иргэн Д.Бат-Эрдэнийн гэрийн гадаа аавтай нь маргалдсан гэх шалтгаанаар П.Батдоржийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дамдинжууг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч хохирогч Д.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдол гаргасан байна.

 

   Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх ёстой.

Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх юм.

Гэтэл энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг .. яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан ”Гэмт хэргийг хэн үйлдсэн/ зэргийг бүрэн тогтоогоогүй байна.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзвэл тухайн үйл баримт болох үед байсан н.Эрдэнэбатаас гэрчийн мэдүүлэг аваагүй, бусад гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Түүнээс гадна шүүх хуралдаанд оролцсон Д.Мөнхбат, Б.Батдорж, гэрч Р.Нямсүрэн, гэрч М.Буянхишиг нарыг шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгаагүй орхигдуулсан зөрчил гаргасан байна.

Иймд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хохирогч Д.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3.Хэргийг прокурорт очтол М.Дамдинжууд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                                            ШҮҮГЧИД                          С.УРАНЧИМЭГ

 

                                                                                     М.ХҮРЭЛБААТАР