Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ю.Нямсүрэн  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж,  Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.М

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Зуун худалдааны төвийн оёдолчины тасгаар үйлчлүүлэхдээ хохирогч Б.Эгийн “Самсунг Эс 6“ нэртэй гар утсыг хулгайлсаны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Классик Жем” фитнессээр үйлчлүүлэхдээ хохирогч Б.Агийн “Ай Поне 6” нэртэй гар утсыг хулгайлсаны улмаас 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АШУҮИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Салбар сургуулийн коридорт утсаар ярьж яваад Ю.Дгийн “Самсунг Жи 7” нэртэй гар утсыг хулгайлсаны улмаас 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Утаснуудыг авсан нь үнэн. Хохиролгүй болгож өгнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 сарын 03-ны өдөр 20 цагийн үед Классик жем фитнес дотор бэлтгэл хийж байхдаа  гар цүнхнээсээ  саарал өнгийн Ай Поне 6 маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ю.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 11 сарын 21-ний өдөр Анагаах ухааны их сургуулийн харъяа Дорноговь салбар сургуулийн 1-р байрны коридорт “Самсунг Жи 7”  маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 сарын 12-ны өдөр  Шинэ зуун үйлчилгээний төвийн 332 тоот өрөөнөөс “Самсунг Эс 6“ маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн:Би өдрийг нь сайн санахгүй байна. Надад нэг эмэгтэй Ай Поне 6 маркийн дэлгэц нь хагарсан утас  авч ирж зарсан. Би тухайн үед хэдэн төгрөгөөр өгөх үү гэж асуухад тэр эмэгтэй 25 000 төгрөг гэсэн. Тэгээд би 25000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг,

                                           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 57,61,65, /

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58,62,66/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

  Шүүгдэгч  Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Зуун худалдааны төвийн оёдолчины тасгаар үйлчлүүлэхдээ хохирогч Б.Эгийн “Самсунг Эс 6“ нэртэй гар утсыг хулгайлж 350.000 төгрөгийн , 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Классик Жем” фитнессээр үйлчлүүлэхдээ хохирогч Б.Агийн “Ай Поне 6” маркийн гар утсыг хулгайлж 470.000 төгрөгийн, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АШУҮИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Салбар сургуулийн коридороос  иргэн Ю.Дгийн “Самсунг Жи 7” нэртэй гар утсыг хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.А, Ю.Д, Б.Э нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Мд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Б.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч Ю.Д нь шүүгдэгч Б.Мгээс нэхэмжлэх зүйлгүй утсаа бүрэн бүтнээр нь олоод авчихсан гэсэн /хх-ийн 31-тал/ мэдүүлгээр шүүгдэгчийг хохирогч Ю.Дд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Б.А, Б.Э нар нь Ашид билгүүн ХХК-ний гаргасан хохирлын үнэлгээнд маргаагүй тул  шүүгдэгч Б.Мгээс   хохирогч Б.Ад  470000 төгрөгийг, хохирогч Б.Эд  350000 төгрөг  гаргуулж олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгээс хохирогч Б.Ад 470000 төгрөг, хохирогч Б.Эд 350000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.Мд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт 2018 оны 01 сарын 05-ны дотор төлөхийг даалгасугай.

6.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,өмгөөлөгч,хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН