Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0238

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М*******,

Маргааны төрөл: “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэж байгаа эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар “М*******” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын ам нэртэй газарт 6004,64 м.кв газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “М*******” ХХК-ийн төлөөлж захирал Г.Х нар газар ашиглах гэрээг байгуулсан байна.
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн газар ашиглах эрхийн зохицуулалт өөрчлөх, хугацааг сунгах А/545 дугаар тушаалаар “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилээр сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд байрлах 6004.64 м.кв бүхий газар ашиглах эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгожээ.
  4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “М*******” ХХК нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдэж, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна. 
  5. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч 84 иргэн, хуулийн этгээд сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хариу тайлбарыг авч иргэн хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд уламжилсан байна. 
  6. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсээс “М*******” ХХК (*******)-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр тухайн аж ахуйн нэгжийн 6004 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
  7. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1108 дугаартай албан бичгээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалаар Жаргалантын аманд 6004 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. .… “М*******” ХХК-ийн төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө үү ….” гэж мэдэгдэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/372 дугаартай тушаалыг хавсралтаар “М*******” ХХК-д хүргүүлжээ. 
  8. Улмаар нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 9165 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна. 
  9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8650 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай” гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу шүүхээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар маргаан бүхий актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/372 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24,25,26 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хууль бусаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/372 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг удирдлага болгож, үндэслэлээ заахдаа газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэж заасан байх ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн гэжээ. Энэхүү шийдвэр нь бодит байдлаас зөрүүтэй байх бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 жилийн хугацаагаар шинэчлэн сунгахдаа газрын төлбөрийн үлдэгдэлгүй, зориулалтын дагуу ашиглаж байгаа болон хөрөнгө мөнгө зарцуулсан байдал зэргээр дүгнэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугааp тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1035 тоот саналыг тус тус үндэслэж газар ашиглах эрхийн хугацаагааг 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгагдаж гэрчилгээг олгосон байгаа. Гэтэл сайдын тушаалаар бидэнд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх гэж байгаа, шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдээгүй, биднээс газрын төлбөр төлсөн байдлын талаар огт тодруулаагүй, тухайн газар дээр хэрхэн ашиглаж байгаа байдлыг огтоос судлаагүй, ямар нэгэн шалгалт явуулаагүй зэрэг дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн ерөнхий зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5-д заасныг үндэслэлгүй хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан ерөнхий зарчмын 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт сонсох ажиллагааны “Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно” гэснийг в/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг г/ Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэснийг д/ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэснийг тус тус зөрчиж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулж ирсэн байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо бидний Захиргааны ерөнхий хуулинд заасан ажиллагаанд оролцох эрхийг хөндсөн байх тул газар ашиглах эрхийг сэргээж, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Манай компанид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1108 дугаартай албан бичгийг “М*******” ХХК-аар дамжуулан ирүүлснийг хүлээн авч танилцахад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалаар Жаргалантын аманд 6004 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон ... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээний хамт хүлээлгэн өгнө үү… хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалын хуулбарыг хүргүүлэв” гэсэн бичиг хавсралтын хамтаар ирүүлсэн байна. Ингэж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сайдын тушаал гарсныг бид олж мэдсэн. Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын ам нэртэй 6004,64 м.кв га талбайг 5 жилийн хугацаатай зориулалтаар ашиглахыг зөвшөөрч ******* дугаартай газар ашиглах гэрчилгээг авсан Гэрээ байгуулагдсанаас хойш манай компани хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд нь тогтмол биелүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Бетон цутгамал болон төмөр 4 тал, 400 гаруй метр хашаа барьсан, гүйдэг том төмөр хаалга хийлгэж зам талбай засаж тохижуулах, мод тарьж ургуулах, хэвгий газар тэгшлэх, газар шорооны ажил хийх, зориулалтын дагуу орон байрны барилга байгууламж барих зорилгоор зураг төслийн компанитай гэрээ байгуулан төлбөрөө төлж, зураг төсөл хийлгэж Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газарт хандан батлуулах зэрэг олон талт ажлуудыг хийж ирсэн. Мөн 2 эко сууц угсруулан, байршуулж үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй цаашид ч төсөл төлөвлөгөөний дагуу олон ажил үргэлжлэн хийгдээд явж байгаа болно. Өнгөрсөн хугацаанд корона вируст халдварын цар тахал дэлхий нийтээр тархаж, 2019 оны сүүлээс Монгол улс даяар Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хэд хэдэн тогтоол гарч байсан бөгөөд дээрх шийдвэр, тогтоолуудын улмаас гадаад болон дотоодын нислэгүүдийг бүрэн зогсоож иргэдийг гадуур явах, бизнес эрхлэх зэрэг үйл ажиллагаануудыг бүрэн хориглож, Монгол улсын эдийн засгийн эргэлт тус 2 жил гаруй хугацаанд бүхэлдээ зогссон байсан. Ингээд тодорхой ажлууд хийгдсэний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугаар тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1035 тоот саналыг үндэслэн газар ашиглах эрхийн хугацаа 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, гурвалсан гэрээ, менежмент төлөвлөгөөний тайлан, гурвалсан гэрээний дагуу хийсэн ажлын тайлан, газрын чанарын хянан баталгаа зэрэг материалуудыг үндэслэж гурвалсан гэрээг дүгнээд, мөн газрын албаны төлбөрийн тооцоо нийлсэн акт, газар ашиглах гэрээ дүгнэсэн акт зэрэг баримт материалуудыг үндэслэж газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан. Гэтэл тус сайдын тушаалд газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн хоёр үндэслэл зааж захиргааны акт гаргаж байгаа нь илт хууль бус, үндэслэлгүй болсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан “оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас харвал захиргааны акт гаргахын өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байна. Гэтэл сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, ямар нэгэн мэдээлэл огт өгөлгүйгээр хууль бус захиргааны акт гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулахаар үүрэг хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохолдолд сонсох, тайлбар гаргуулж авах, улмаар сонсох ажиллагаа явуулахаар хуульчлан зохицуулсан байдаг. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны акт нь илт хууль бус гэж үзэж байна. Сонсох ажиллагаа гэдэг нь “эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж эрх ашгаа хамгаалах боломж олгож байгаа ажиллагаа”..... Гэтэл хуульд заасан энэ боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж, мөн 1.11 дэх заалтад “мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Мөн 1.12 дахь заалтад “дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана” гэж тайлбарласан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны тайлбараар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж зам талбай бариагүй гэх мэт зүйлийг ойлгоно. Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг давагдашгүй хүчин зүйлтэй, байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс хамаарсан аль эсвэл өөрт хамаарахгүй нөхцөл байдал гэж заажээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан. Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 0071 дугаартай гэрээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газартай байгуулсан байх бөгөөд энэ гэрээг байгуулсанаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь “тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл байхгүй болох нь нотлогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар эзэмших нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа тул энэхүү актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
  10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар нөхцөл байдлыг тогтоохгүйгээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасныг зөрчиж хууль бусаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэр гаргасныг манай компани мэдсэн. Эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг удирдлага болгож, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэж заасан байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гэж бичсэн байсан. Энэ шийдвэр нь бодит байдлаас зөрүүтэй. Манай компанийн газар ашиглах эрхийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар шинэчлэн сунгахдаа газрын төлбөрийг үлдэгдэлгүй, зориулалтын дагуу ашиглаж байгаа хөрөнгө мөнгө зарцуулсан байдал зэрэг холбогдох нотлох баримтууд дээр дүгнэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1035 тоот саналыг тус тус үндэслэж газар ашиглах эрхийн хугацааг 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, гэрчилгээг олгосон байдаг. Гэтэл сайдын тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх гэж байгаа тухай бидэнд мэдэгдээгүй. Газрын төлбөр төлсөн байдлын талаар огт тодруулаагүй, тухайн газар дээрээ хэрхэн ажиллаж байгаа байдлыг судлаагүй, ямар нэгэн шалгалт явуулаагүй. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ерөнхий зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5-д заалтыг үндэслэлгүй хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно” 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан үйл ажиллагаа явуулж ирсэн байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаанд оролцох эрхийг хөндсөн тул газар ашиглах эрхийг сэргээж, захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1108 дугаартай албан бичгийг М******* компаниар дамжуулан ирүүлснийг хүлээн авч танилцахад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаартай тушаалаар Жаргалантын ам, 6004 м.кв ашиглах эрхийг хүчингүй болгосон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, үйлчилгээний хамт хүлээлгэж өгнө үү. Хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 тушаалын хуулбарыг хүргүүлэв” гэсэн байсан. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сайдын тушаал гарсныг хавсаргасан материалаас нь олж мэдсэн. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын ам нэртэй талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай зориулалтаар ашиглахыг зөвшөөрч ******* дугаартай газар ашиглах гэрчилгээг анх авсан. Гэрээ байгуулагдсанаас хойш манай компани үүргээ зохих журмын дагуу тогтмол биелүүлж ирсэн. Тодруулбал төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Бетон цутгамал болон төмөр 4 тал 400 гаруй метр хашаа барих, гүйдэг том төмөр хаалга хийлгэх, зам талбайг тохижуулах, мод тарьж ургуулах, газрыг тэгшлэх, газар шорооны ажил хийх, зориулалтын дагуу орон байрны барилга байгууламж барих зорилгоор холбогдох компаниудтай зураг төслийн ажиллагаа, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, төлбөрөө төлсөн, төсөл хийлгэж байсан. Нийслэлийн Хот төлөвлөлтийн хөгжлийн газарт хандаж батлуулах 4 талт ажлуудыг хийж ирсэн. Мөн эко 2 сууц угсарч байршуулан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид төсөл төлөвлөгөөний дагуу олон ажил хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд корона вирусийн цар тахлын асуудлаас болж 2019 оны сүүлээр Монгол Улс даяар улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн тогтоол гарсан. Тэдгээр шийдвэр тогтоолуудын улмаас гадаад дотоодын нислэгүүд зогсож иргэдийн гадуур явах, бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах асуудал бүрэн хориглогдож байсан. Цаг хугацааны хувьд ийм хүндэтгэн үзэх шалтгааны асуудлууд нөлөөлж байсан. Монгол Улсын эдийн засгийн эрэлт энэ 2 жилийн хугацаанд бүрэн зогссон нь илэрхий. Тодорхой ажлуудыг хийгдсэний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1035 тоот саналыг үндэслэн газар ашиглах эрхийн хугацааг 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, гуравласан гэрээ, менежментийн төлөвлөгөөний тайлан, гуравласан гэрээний дагуу хийсэн ажлын тайлан, газрын хянан баталгаа зэрэг холбогдох материалуудыг үндэслээд гуравласан гэрээг дүгнэсэн. Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн тооцоог нийлсэн акт, газар ашиглах гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтыг үндэслээд газар ашиглах эрхийн хугацааг сунгасан. Сайдын тушаалд газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн 2 үндэслэл зааж захиргааны акт гаргаж байгаа нь үндэслэлгүй буюу илт хууль бус болсон үйл баримт харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ хуулийн заалтаас захиргааны акт гаргахын өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яам манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй, зохих журмын дагуу явуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд 25.1-т зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах үүргийг хүлээсэн. Тодруулбал оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд тайлбар гаргуулж авах, улмаар сонсох ажиллагаа явуулах зэргийг тодорхой хуульчлан зохицуулсан байдаг. Энэ ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Сонсох ажиллагааны талаар хуульд тодорхой зааж өгсөн. Захиргааны байгууллагаас манай компанид боломж олгоогүй Улсын дээд шүүх дараалан 2 жил ашиглаагүй гэдгийг маш тодорхой тайлбарласан байдаг. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бичсэн. Аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад заасны дагуу хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ хийх хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана гэж тайлбарласан байдаг. Манай компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулж байсан. Мөн энэ 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших тухай гэрээ хийснээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой үйлдвэр үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй байх гэдэг тодорхой тайлбараас үзвэл манай компанийн хувьд үйл ажиллагаа явуулахдаа бүх энэ зам талбай, газрыг тэгшлэх, хашаа барих, үйлчилгээний барилга байшин барих зэргийг хийгдсэн гэдэг нь хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 
  11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, дахь заалтыг тус тус үндэслэн гарсан. “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхтэй газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “М*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
  12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тодорхой заалтуудыг баримталсан ба гол үндэслэл болсон заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.6 дахь заалт буюу газрын газрынхаа дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. “М*******” ХХК нь газар ашиглах эрхтэй газрыг 2 жил ашиглаагүй ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг гүйцэтгэж үндэслэж тус тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч талаас газрын зориулалтын дагуу хашаа барьсан, тодорхой ажлуудын хувьд гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь газрын зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн тухайн тушаалыг гаргахад сонсох ажиллагаа явуулаагүй талаар тайлбарладаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаас 2023 оны 06 дугаар сард сонсох ажиллагааг явуулсан. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны 678 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн ба тус мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудас болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг албан ёсны цахим хуудаст байршуулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу 21 буюу түүнээс дээш тооны этгээдэд сонсох ажиллагааг явуулж байгаа бол албан ёсны цахим хуудасны тухайн байгууллагуудад хүрэх боломжтой нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, хүргүүлнэ гэсэн заалттай нийцэж байгаа тул сонсох ажиллагааг явуулах гэж үзнэ. Тус сонсох ажиллагааны хариу тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэдэг албан бичиг болон мэдэгдлээр хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компани нь хариу тайлбараа ирүүлээгүй  байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2.”Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1.“хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;”, 27.2.2.“хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүнийн цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй байна.

Учир нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалаар зөвхөн нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

Гэтэл хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн байна.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

2.1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалын 1 дэх заалтад “...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй…” гэж дурдсан боловч тушаалд холбодох заалтыг үндэслээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд газрын төлбөрийн хувьд маргаангүй, тус үндэслэлээр ашиглах эрхийг цуцлаагүй болохоо илэрхийлсэн тул энэ талаар тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

2.2 Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугаар тушаалаар “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилээр сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд байрлах 6004.64 м.кв бүхий газар ашиглах эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгож, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгчийн газраа зориулалтын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар газар ашиглагч газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг сунгадаг бөгөөд нэгэнт хууль тогтоомж зөрчөөгүй гэж газар ашиглах эрхийг сунгасан атлаа түүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газраа гэрчилгээнд заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтын дагуу газраа ашиглахаар “А*******” ХХК-тай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-тай 4*8 карказан сууцыг бариулах гэрээ байгуулж, газар дээрээ хашаа,байшин барьсан болох нь тогтоогдож байх тул газраа ашиглаагүй гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/372 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН