Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

 

 

Чны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00136 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Чн /Chen Ruijuan/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Амарсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чн би өөрийн хоёр хүүг “ЭСKK” ХХК Энканто спорт цогцолборын усан бассейнд хичээллүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, гэрээний хугацаанд тасралтгүй хичээллэсэн.

Хүүхдүүд маань усан бассейнаар цаашид хичээллэх маш сонирхолтой байсан тул тус бассейнд хүүхдүүдээ дахин явуулах хүсэлт гаргаж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус байгууллагатай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2 хүүхдийн нэг жилийн төлбөр болох нийт 1 728 000 төгрөгийг төлсөн. Төлбөр төлөх үед 2 хүүхдийн арьсны харшлын талаар ямар нэгэн асуудал огт дурдаагүй ба төлбөрийг хүлээн авч хүүхдүүдийг бүртгэж авсан.

Усан бассейнд хичээллэх хугацаанд миний том хүүгийн биед харшил гарсан учир эмчилгээ хийх шаардлагатай болж 2 хүүг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатайгаар бассейнаас чөлөөлж шаардлагатай эмчилгээгээ хийлгээд ирсэн.

Гэвч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 хүүгээ тус бассейнд үргэлжлүүлэн явуулах гэтэл бассейний багш болон менежер бидэнд танай 2 хүүг дахин хичээллүүлэхгүйгээр хассан, хүүхдүүдийн арьс нь бор, сорвитой бусад хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэхээр харагддаг тухай гомдол ирсэн гэж мэдэгдсэн.

Миний бие 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр буцаан авах хүсэлтээ өгсөн ба нийт 1 368 000 төгрөг буцаан авахаас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 408 000 төгрөгийг дансаар буцаан өгсөн.

Хоёр хүүхдийн нэг жилийн төлбөр 1 728 000 төгрөг, нэг хүүхдийн төлбөр 864000 төгрөг, сарын 72000 төгрөг болно. Усан бассейнд хичээллэсэн өдөр 2 сар 14 хоног буюу нийт 360 000 төгрөг болсон бөгөөд илүү төлөлт 1 368 000 төгрөгийг бидэнд буцааж өгөх ёстой байснаас 408 000 төгрөг буцааж өгсөн, үлдсэн 960 000 төгрөгийг өгөөгүй.

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр болох 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12 сараар оршин суугчийн хөнгөлөлттэй төлбөр төлж 2 хүүхдээ сунгалтад суулгаснаар хойш 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж эмчилгээний баримт өгсний тус бүр 30 хоног нөхөж авсан. Хоёр хүүхдийг үйлчилгээ авч байх хугацаанд бассейний багш болон үйлчлүүлэгч нараас хэд хэдэн удаа утсаар болон биеэр ирж гомдол гаргасны дагуу хүүхдүүдийн асран хамгаалагч нартай уулзаж ил шарх сорвийг хэвийн болгож эмчлүүлэх тэр болтол хугацааг нөхөж олгох, эсхүл эмчлүүлэх боломжгүй удна гэвэл явсан суутгал хасагдаад төлбөрөө буцааж авах боломжтой гэх санал тавьсан.

Нэхэмжлэгчийн зүгээс эмчилгээ хийлгэсэн, халдваргүй гэхдээ төлбөрөө суутгалгүй буцаалт хийе гэсэн хүсэлт гаргаж журмын дагуу суутгал хасагдаж төлбөр буцаалтыг дансанд шилжүүлж үйлчилгээг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч үйлчилгээний дүрэм журам, гэрээтэй танилцаж гарын үсэг зурж үйлчилгээ авсан учир буцаалт гэрээ журмын дагуу хийгдсэн. 2 хүүхэд тус 3 сар 20 хоног явсныг тооцвол 2х660 000=1 320 000 төгрөг суутгагдсан. Манай байгууллага 2015 оноос хойш бассейн үйлчилгээ үзүүлж 5 жил ажиллахдаа бүх хүнд нээлттэй хүнийг гадуурхах бүртгэхээс татгалзах тохиолдол гарч байгаагүй.

Бүртгэлийн ажилтан нь хүний биеийг шалгаж бүртгэл хийдэггүй учир зөвхөн үйлчлүүлэгч болон багшийн олон удаагийн хүсэлтийн дагуу хүүхдүүдийн биеийг харсны дараа эцэг эхтэй уулзсан. Нэхэмжлэгчийн төлбөр буцаалтын хүсэлтийг хүлээн авч төлбөр буцаагдсан ба буцаалтын талаарх шаардлагатай мэдээлэл болон задаргааг өгч байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “ЕСКК” ХХК-аас 929 808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чэн Руйжуанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 192 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 29 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЕСКК” ХХК-аас 26 865 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2 хүүхдээ усан бассейнд хичээллүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 сараар оршин суугчийн хөнгөлөлттэй үнээр төлбөр төлж хичээллүүлсэн ба 3 сарын дараа нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12 сарын нийт 1 728 000 төгрөгийг оршин суугчдын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээний сунгалт хийсэн.

Гэвч усан бассейнд хичээллэх хугацаанд нэхэмжлэгчийн том хүүгийн биед харшил гарсан учир эмчлүүлэх шаардлагатайг хэлж 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 14-нийг хүртэл чөлөөлсөн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж эмчилгээний баримт өгсөн ба хүүхэд тус бүр 30 хоног нөхөж явсан.

Нэхэмжлэгч Чн нь манай байгууллагыг үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж гэрээг хүчээр цуцалсан гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Чн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу холбогдох гэрээ болон журмыг үндэслэж суутгал хасагдаж, төлбөр буцаалтыг дансанд нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 408 000 төгрөг шилжүүлж үйлчилгээг дуусгавар болгосноо баримтуудаар нотолсон.

Анхан шатны шүүх Чны 2 хүүхэд тус бүр 2019 оны 02 дугаар сарын 15-наас 2019 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл буюу 2,5 сар үйлчилгээ авсан гэх буруу тооцоолол гаргасан. 2 хүүхэд нь тус бүр 4 сарын нийт 36*2 удаа үйлчилгээ авсныг гишүүнчлэлийн програмаас шүүж, гаргаснаа баримтуудаар өгсөн.

Чны 2 хүүхэд нийт 1 320 000 төлбөрийг үйлчилгээний гэрээний 11.1-ийг үндэслэн суутгаж, холбогдох баримтуудаар нотолсон.

Чны 2 хүүхэд үндсэн тарифийн дагуу 2*1 080 000 төгрөг төлөхөөс оршин суугчийн хөнгөлөлт 20 хувь хасуулж төлсөн гэхдээ энэ үйлчилгээгээ бүрэн аваагүй учир дээрх хөнгөлөлт хүчингүйд тооцогдсон болохоор нэхэмжилсэн тооцоолол буруу. 

Манай байгууллага нотлох баримтуудаа эх хувиар нь гаргаж өгсөн байхад нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үгүйсгэж, үнэлээгүй нь буруу болсон.

Шүүхээс шүүх хурлын товыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй тул шүүх хуралд оролцож чадаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Чн /Chen Ruijuan/ хариуцагч “ЕСКК” ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чн нь хүү Ч.Очир-Эрдэнэ /Qi Wenjie/, Ч.Оргил /Qi Wenqing/ нарыг төлөөлж “ЕСКК” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гишүүнчлэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч 2 хүүхдийг усан сэлэлтээр хичээллүүлэх үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх эхсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс нэг жил, нэхэмжлэгч хоёр хүүхдийн нэг жилийн төлбөрт 1 728 000 төгрөг төлсөн, хоёр хүүхэд усан бассейнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хичээллэсэн, нэхэмжлэгч яваагүй өдрийн төлбөрийг буцаан авах хүсэлт гаргасан, хариуцагч байгууллага төлбөрийн буцаалтад 408 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иймд төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй.

 

Хоёр хүүхэд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1сар, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сар 22 хоног, нийт 2 сар 22 хоног усан бассейнд хичээллэсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Чны хоёр хүүхдийн нэг жилийн төлбөрт 1 728 000 төгрөг төлсөн ба нэг хүүхдийн 1 жилийн төлбөр 864 000 /1 728 000төгрөг:2 / төгрөг, нэг сарын төлбөр 72 000 /864 000 төгрөг : 12 сар/ төгрөг, 1 хоногийн төлбөр 2 322 /72 000 төгрөг : 31 хоног/ төгрөг болох бөгөөд 2 сар 22 хоногийн төлбөр /72 000 төгрөг * 2 сар * 2 хүүхэд, 2 322 төгрөг * 22 хоног * 2 хүүхэд / нийт 390 192 төгрөг ба нэхэмжлэгчийн буцаан авсан 408 000 төгрөгийг хасч 929 808 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч байгууллага хүүхдүүд 3 сар 20 хоног хичээллэсэн гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний   11.1-д “эрүүл мэндийн байдлаас хүнд өвчин тусах, бие эрхтэн гэмтсэн тохиолдолд эмчийн магадлагаа, өргөдөл, баримт бичгийг үндэслэн төлбөрийн 20 хувийг суутган, явсан хугацааг сараар эсвэл давтамжаар үнэлж төлсөн төлбөрөөс хасалт хийж хүсэлт гаргаснаас хойш ажлын 7-10 хоног дотор дансаар олгоно” гэж заасны дагуу төлбөрөөс 20 хувийн суутгал авсан гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж мэтгэлцээгүй тул давж заалдах гомдлыг үндэслэж төлбөрөөс суутгах боломжгүй.

 

Хэргийн 33-36 дугаар талд авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн баримт хуулбар байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангахгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

“ЕСКК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Түвшинбатад олгосон итгэмжлэлээс татгалзаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбатад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА