Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

З.Батгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор                        Э.Гантулга

Шүүгдэгч                         З.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн /онлайн/

Хохирогч                         Б.Өсөхбаяр

Нарийн бичгийн дарга   Б.Батзориг нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч З.Батгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Батгэрэлд холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, З.Б.

 

 З.Батгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгаас ..... сумын чиглэлийн улсын чанартай авто замд .... .... улсын дугаартай “Isuzu Forward” загварын тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн Бугат сумын .. дугаар багийн нутаг "...” гэх газарт явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Б.Өсөхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Б.М.гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн Прокурорын газраас: З.Батгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

 Шүүгдэгч Батзориг овогт Зоригтын Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Шүүгдэгч З.Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батгэрэлд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 Энэ хэрэгт шүүгдэгч З.Батгэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Батгэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Батгэрэлээс  гэм  хорын  хохиролд  нийт 13.029.800 төгрөгийг гаргуулж, 11.000.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгт, 2.029.800 төгрөгийг хохирогч Б.Өсөхбаярт тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг нь хүүхдийн тэтгэлгийг, хохирогч Б.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

  Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, жолооны үнэмлэх хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч З.Батгэрэл давж заалдах гомдолдоо: З.Батгэрэл миний бие нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг, хот хооронд ачаа тээвэрлэж ар гэрээ тэжээдэг байсан. ...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авто осол болсон ба би өөрөө мөн хохирч хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Тухайн үед Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж их хэмжээний цус алдалттай, бие бүхэлдээ зүсэгдсэн байдалтайгаар хагалгаанд орж зүүн хөлөө шилбэ хэсгээрээ тайруулсан боловч дахин идээлж мах нь үхжиж харалсан тул Орхон аймагт дахин хагалгаанд орж зүүн хөлөө 3/1-ээр тайруулсан. ...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин хагалгаанд орж тайралтаас үлдсэн яснуудыг түүн авч дахин 2 см ахиулан тайрсан. ...Эхнэр ажилгүй, дөрвөн хүүхдээ хардаг. Би хөдөлмөрийн чадвараа алдаж асаргааны мөнгөнөөс өөр орлогогүй болсон. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн талаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд уг гэмт хэрэгт гэмшиж буйгаа илэрхийлж оролцож ирсэн. Шүүгдэгчийн хувьд түүнийг 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг эсэргүүцээгүй. Энэ талаархи дүгнэлтийг зөвшөөрч байна. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын талаар хийсэн зарим дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Үүнд: Иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэгт оршуулгын зардалд 16.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, журмын хашааны 900.000 төгрөг, тоног төхөөрөмж зээлээр авсан 4.300.000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилт 400.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 32.000.000 төгрөг, нийт 55.600.000 төгрөг 2 хүүхдийн тэтгэвэр гэж нэхэмжилсэн. Хохирогч Б.Өсөхбаярын эмчилгээнд 4.729.800 төгрөг нэхэмжилсэн.

  Шүүгдэгчийн хувьд 2022 оны 01 дүгээр сард хохирогчийн төлөөлөгч С. Наранцэцэгт 7.800.000 төгрөг, хохирогч Б. Өсөхбаярт 1.000.000 төгрөг тус тус төлсөн байсан. Шүүхээс хэрэгт үнэлгээг дахин хийлгэх ажиллагааны хугацаанд тээврийн хэрэгслийн эвдрэл 22.000.000 төгрөг тооцож Приус-30 маркийн автомашиныг биетээр шилжүүлж өгсөн. Шүүх хурлаас 5 хоногийн завсарлага авч С.Наранцэцэгт 2.800.000 төгрөг, Б. Өсөхбаярт 500.000 төгрөг нэмж төлсөн. Нийт С.Наранцэцэгт 10.600.000 төгрөг, Өсөхбаярт 1.500.000 төгрөг тус тус мөнгөн хэлбэрээр төлсөн.

  Шүүхийн шийтгэх тогтоолд "...хохирогч нарын гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгов... гэж дүгнэлт хийсэн. Үүнд С. Наранцэцэгийн нэхэмжлэл болох хх-92 дугаар хуудсанд гаргаж өгсөн үнийн дүнгээр 13.053.000 төгрөгийг тооцож бичсэн бичсэн байдаг. Гэтэл оршуулгын зардлын ямар ямар баримтыг үндэслэн 16.398.000 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй.

  Хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээс ямар ямар зардлын баримт нь шаардлага хангасан гэж үзсэн нь тодорхойгүй. Үнэлгээний хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн байгаа. Мөн шүүгдэгчээс төлсөн тоног төхөөрөмжийн зардал юуных, яагаад гаргуулах болсон нь ойлгомжгүй.

 Тээврийн хэрэгслийн ачилтын мөнгөө төлөгдсөн гэж үзэж байгаа. 2 удаа үнэлгээний төлбөрт хөлсийг нь төлсөн. Үүнийг огт дурдаагүй орхисон байна. Б.Өсөхбаярын хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага ямар баримтаар, уг баримтууд шаардлага хангасан эсэх талаар нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй. Харин гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүгдэгчээс 1.000.000 төгрөг дээр нь нэмж 500.000 төгрөг төлсөн. 2.029.800 төгрөг нь юу юуны зардал, ямар баримтаар нотлогдож буй талаар дүгнэлт хийсэнгүй. Энэ нь тун ойлгомжгүй байна. Мөн ял хариуцлага оногдуулахдаа түүний эрүүл мэндийн байдлыг хэрхэн дүгнэсэн талаар тодорхойгүй байна. Иймд шийтгэх тогтоолын 2, 4 дүгээр заалтад өөрчлөлт оруулж өгнө үү ... Шүүгдэгчийн хувьд биеийн байдал муу байгаа. Хохирол төлсөн боловч шүүх хохирлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ёстой.  Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамааруулан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 Шүүгдэгч З.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би маш их харамсаж байна. Хохирогч нартай уулзаж чадаагүй ... Приус-30 машин хохиролд өгсөн, миний бие хагалгаанд олон удаа орсон. Эцэг, эх, ах дүүс маань хохирлыг төлж барагдуулсан. Талийгаач маань миний хар багын найз байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг маань багасгаж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохиролтой холбоотой бүх баримтуудаа өгсөн. Журмын хашааны баримтыг мөн өгсөн. Ачилт хийсэн хүмүүсийн талаарх мэдээллийг өгч болно. Мөнгөн хохирлыг төлж дууссан гэж үзэж болно. Батгэрэл утсаар ч яриагүй. Гомдолгүй гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ энэ хүнийг олон жил хорих ял эдлүүллээ гээд миний нөхөр буцааж ирэх биш... Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед баримт цуглуулаад явах завтай хүн байгаагүй. Нэхэмжилж байгаа зүйлээ гар бичмэлээр бичиж өгсөн. Миний хувьд гэмтлээс болж унаж татдаг болсон. Мөнгөн дүнгээр нэхэмжилсэн хохирлыг бүрэн авсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч У.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нар нь мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нэхэмжлэл дууссан гэж ярьсан. Нэхэмжлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. 3 сая төгрөгийн зардал нь баримтаар авагдаагүй зардал байгаа. Тоног төхөөрөмж зээлээр авсан, талийгаач хүнээс мөнгө зээлсэн байсан. Журмын хашааны төлбөр 900.000 төгрөг, ачилтын мөнгө 400.000 төгрөг, машины үнэлгээ 32 сая төгрөг гарсан байгаа ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлын талаар анхан шатны шүүх дүгнэсэн байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гомдлоо олон утгаар тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Харин мөнгөн дүнгээр нэхэмжилсэн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх боломжтой. Харин өмгөөлөгчийн гаргасан гомдлын бусад хэсгийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Батгэрэл,  түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч З.Батгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... улсын дугаартай “Isuzu Forward” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Бугат сумын ... дугаар багийн нутаг “......” гэх газар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Өсөхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зорчигч Б.Мөнхнасангийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өсөхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг нарын мэдүүлгүүд, гэрч Ж.Э, С.Ж, Г.В нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21/251 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7022 дугаартай дүгнэлтүүд болон  Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч З.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Батгэрэлийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.Батгэрэл нь “...ялыг багасгаж өгнө үү ... ” гэсэн, мөн түүний өмгөөлөгч О.Сарантуул нь “...анхан шатны шүүх хохирлын талаар нэг бүрчлэн дүгнээгүй ... “ гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирлын талаар дүгнээгүй ... шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй юм.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд, хохирогч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч З.Батгэрэлээс нийт 13.029.800 төгрөгийг гаргуулж, 11.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгт, 2.029.800 төгрөгийг хохирогч Б.Өсөхбаярт тус тус олгохоор шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч З.Батгэрэл нь шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг төлж барагдуулсан баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд “хохирогч Б.Өсөхбаярын цаашид гарах эмчилгээний зардал болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгт хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан болно.

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг нь хүүхдийн тэтгэлгийг, хохирогч Б.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан байх тул хохирогч нарын дээрх эрх нээлттэй юм.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохируулан шийдвэрлэх ёстой.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Батгэрэлд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч З.Батгэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас асфальтан замын хажуу талын бетонон шон мөргөж хохирогч Б.Өсөхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж,  зорчигч Б.Мөнхнасангийн амь насыг хохироосноос гадна энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь биедээ гэмтэл авсан үйл баримт тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан боловч шүүгдэгч З.Батгэрэлийн тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж, өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсныг дээрх зохицуулалтад заасан “онцгой нөхцөл байдал”-д хамааруулан үзэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж тусгайлан заасан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг, хохирогч Б.Өсөхбаяр нарт учирсан гэм хорын хохирол /хүүхдийн тэтгэлэг, цаашид гарах эмчилгээний зардал гэх мэт/ бүрэн төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч З.Батгэрэлд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Батгэрэл нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгт гэм  хорын  хохиролд 11.000.000 төгрөгийг, хохирогч Б.Өсөхбаярт 2.030.00 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг ирүүлсэн болохыг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Батгэрэл, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ХОСБАЯР          

 

                                               ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР