| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00337/И |
| Дугаар | 130/ШШ2024/00440 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2024/00440
| 2024 04 29 | 130/ШШ2024/00440 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, С овогт Т.А
Хариуцагч: Б аймгийн Засаг дарга /А.К/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 /хорин зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн Засаг дарга /А.К/-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 /хорин зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2023/0058 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2024/0012 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2024/0080 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А намайг урьд эрхэлж байсан Б аймгийн Ц сумын Засаг даргын ажил эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
1.2. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар сумын Засаг даргын цалин хөлсийг 1,950,000 төгрөг байхаар тогтоож, тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар уг тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.
1.3. Иймд ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Засаг дарга А.К хариу тайлбартаа “Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-ны 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 26,439,854 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн Засаг дарга /А.К/-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 /хорин зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б аймгийн Засаг дарга /А.К/ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,149 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 145,074 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Засаг даргаас 145,074 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б аймгийн Засаг дарга /А.К/ нь ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 26,439,854 /хорин зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч Т.А-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 145,074 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Засаг даргаас 145,074 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН