Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар   128/ШШ2024/0247

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: М.Б,

Хариуцагч: Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх газрын улсын байцаагч, ахлах дэслэгч З.Ө

Маргааны төрөл: дугаар шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч М.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Т, хариуцагч З.Ө, гэрч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч М.Б нь Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 3.Өт холбогдуулан “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 3.Өын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

2. Хариуцагч нь дүүргийн 12 дугаар хороо, Хн гудамжны тоотод иргэн М.Бы 18х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд гал түймэр гарсан гэх гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох болон иргэн А.Тд ** /**/ төгрөг, “ У*******” ХХК-д ** /**/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.

3. Дээрх зөрчлийн хэрэгт холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дээс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны дугаар болон 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр дүгнэлтийг тус тус гаргуулсан байна. 

4. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дээс гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр дүгнэлтэд “тухайн байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна гэж тусгасан байдаг ба Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх болон хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дурдсан байх ба уг дүгнэлт, “С” ХХК болон “Х” ХХК нарын хийсэн хохирлын тайланг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Бд дугаартай шийтгэлийн хуудсыг гаргажээ.

5. Улмаар дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/Ш32024/0274 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

6. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20:50 минутад нэхэмжлэгч миний хаягт байрлалтай хувийн сууцанд гал түймэр гарч хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон дугаартай үйлдэгдсэн шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан. Мөн эл өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан, хэрэгт авагдсан баримтуудтай танилцсан бөгөөд гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, мөн хэний буруутай ямар үйлдлээс болоод гал гарсан гэдгийг тогтоогоогүй атлаа ийнхүү надад холбогдуулан шийтгэл оногдуулан 40,658,000 төгрөгийг иргэн Д.Тд, 29,144,444 төгрөгийг “ У*******” ХХК тус тус хохирлын төлбөрт төлөх, 100,000 төгрөгийг зөрчил үйлдсэн хэмээн шийтгэлийн хуудас үйлдсэн нь ёс зүй, үнэн, хуульд тус тус нийцээгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба 2023-11-10-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтэд тавьсан асуултын хариултаас үзэхэд: “...байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м// үүдэн хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна......тухайн гал түймрээс шинжилгээнд хураан авсан цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг илэрсэн нь гал түймрийн улмаас эсвэл цахилгааны гэмтлээс /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болсон эсэхийг нарийвчлан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой болно....”-гэж дүгнэдэг. Нэхэмжлэгч миний зүгээс дээрх шинжээчийн дүгнэлт нь чухал ач холбогдол бүхий зүйлсийг тодруулаагүй байна гэж үзсэн тул эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргасны үндсэн дээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж шалгуулах хүсэлт гаргасан. Ингээд 2023-11-29-ний өдөр дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд үүнд: “...байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна.... цахилгааны гэмтэл үүссэн гэж үзвэл хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн аль нь байсан бэ?” гэх эрх бүхий албан тушаалтны асуултад “Тогтоох боломжгүй/Шүүх шинжилгээний тухай хуулийн 19-р зүйлийн 19.1.7/. Геологийн судалгаа шинжилгээний төвөөс Цахилгаан дамжуулагч утасны хүчилтөрөгчийн агууламж тогтоодог шинжилгээний арга, аргачлалын стандарт байхгүй учраас тухайн шинжилгээг хийх боломжгүй тухай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр мэдэгдсэн” гэж хариулдаг. Мөн гал түймрийн тархалтын чиглэлийг хэрхэн тогтоосон бэ? гэх асуултад хариулаагүй, “... цахилгаан халаагуур залгаатай байсныг хэргийн газрын үзлэгээр нотлох баримтыг гэрэл зургийн аргаар баримтжуулсан, тус цахилгаан халаагуур нь галын аюул мэдрэгчтэй, хэт ачаалал үүссэн үед өөрөө унтдаг горимтой байсан гэх бөгөөд тус горим гал түймэр гарах нөхцөл байдлыг үүсгэхгүй байх боломжтой юу?”, гэж дугаарласан цахилгаан дамжуулах утасны дээжид бөмбөлөг үүсээгүй байгаа нь гал түймэр үүсвэрлэн гарсан нөхцөл байдал байх боломжтой юу? гэх асуултуудад “тус тус тогтоох боломжгүй /Шүүх шинжилгээний тухай хуулийн 19-р зүйлийн 19.1.8/” гэж хариулдаг.

Нэхэмжлэгч миний бие хэдийгээр Гал түймэр, шүүх шинжилгээ зэрэг мэргэжлийн бус хүн хэдий ч байшинд гал гарсан шалтгааныг тодруулахаар ажилласан эрх бүхий албан тушаалтны зүгээс шинжээчид удаа дараа тавиад, тодруулахыг хүссэн асуултад цахилгааны утаснаас болсон байна тэхдээ /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ алинаас нь болж гал түймэр гарсан гэдгийг тогтоох боломжгүй хэмээн дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч намайг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т: “Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ:”, 16.2.1. ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;-г зөрчсөн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.14-т: “Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 5.14 дүгээр зүйлийн 1-т: “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”-гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна” гэж зааснаар зөрчил гаргасан этгээдийн буруутай үйлдлийг эцсийн байдлаар тогтоосны дараа шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Тиймээс “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч 3. Ө 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл дээр дурдаад байгаа миний буруутай үйлдлүүдийг хангалттай нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр ч мөн тогтоогдоогүй. Үндсэндээ гал гарах цаг хугацаанд эмийн сан үйл ажиллагаа явуулж байсан. эмийн сан нэг халаагуур ажиллуулдаг гэж хэлээд байгаа. Галын дуудлага гарахад дуудлага өгсөн хүмүүс нь эмийн сангийн ажилчид өөрсдөө байсан. Ажиллуулж байсан халаагуураа салгаад гарах хангалттай цаг хугацаа байсан. Эдгээр зүйлсийг тодруулаагүй байж намайг буруутай этгээд гэж тогтоон шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Үндсэндээ эмийн сантай 800,000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийсэн. 3 сарын хугацаанд л түрээсийн төлбөр авсан. Гэтэл би эргүүлээд маш том эрсдэл, хариуцлага хүлээж байгаа юм. эмийн сангаас хэлж байгаа 200,000,000 төгрөг нэмээд зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд 75,000,000 төгрөгийг төлөх шаардлагатай болж байгаа юм. Би өөрт үүссэн хохирлоо хэнээс ч нэхэмжлээгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоолгүй явж байгаа. Өөрт гарсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж бодож байгаа. Хэрэгт цугларсан баримтын дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Зөрчил шалгуулан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал нь шийтгэлийн хуудас гарахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх талаар нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээдэг. Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлнэ гэж заасан. Гэтэл гал түймрийн улсын хяналтын байцаагч нь гомдол гаргагчийг яг ямар буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар буюу зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй зэрэг нь харагдаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тоот 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тоот шинжээчийн дүгнэлтүүдэд чухам ямар буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар тодорхой дүгнэлт огт байхгүй, түүнийг тогтоох боломжгүй талаар дурдсан байсан. Дээрх дүгнэлтүүдэд 3, 5, 6 гэсэн тоогоор дугаарласан цахилгаан утаснуудад бөмбөлөг үүссэн гэж байгаа ч яг аль утас нь гал гарах шалтгаан болсон талаар тодорхой зүйл байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ зөрчсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч З.Өын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

9.Хариуцагч З.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч 3. Ө би, Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн М.Бы гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож тайлбар гаргаж байна.

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 50 минутад дүүргийн 12 дугаар хороо, Хн гудамжны тоотод иргэн М.Бы 18х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд гал түймэр гарч байшингийн 2 дугаар давхар болон 1 дүгээр давхарт түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн А.Аын “Х” цайны газар гал түймэрт өртөж мөн 1 дүгээр давхарт түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “” эмийн сангийн эм, бараа бүтээгдэхүүнд утаа тортог шингэсэн гэх гомдол, мэдээллийг хүлээн авч гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Д дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Д Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дийн хамт хэргийн газарт хүрэлцэн очиж үзлэг хийж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 4.3.10 дахь хэсэгт заасны дагуу хэргийн газраас цахилгаан дамжуулах утасны дээжийг шинжилгээнд зориулан хураан авч Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.

Тус дүгнэлтээр 3 дугаараар дээжид авсан байшингийн 1 дүгээр давхрын зүүн хойд талын өрөөнд байрласан цахилгааны хуваарилах самбараас 2 давхар руу татсан цахилгаан дамжуулах утас, 5 дугаараар дээжид авсан байшингийн гадна байрлах хуваарилах самбараас байшингийн зүүн хойд талын өрөө рүү орсон цахилгааны ерөнхий тэжээлийн утас, 6 дугаараар дээжид авсан байшингийн 1 дүгээр давхрын зүүн хойд талын өрөөнд байрласан цахилгааны автоматын цахилгаан дамжуулах утсанд богино залгаа үүсэж бөмбөлөг үүссэн байна гэж тус дүгнэлтэд тусгасан байдаг. 2 дугаараар дээжид авсан “” эмийн сангийн хэрэглээний цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай” тогтоолоор зөрчлийн дугаартай зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан Г.Д-аас эрх бүхий албан тушаалтан 3. Ө-т шилжүүлсэн.

Эрх бүхий албан тушаалтан З.Ө би зөрчлийн дугаартай хэргийг шилжүүлэн авснаас хойш хэргийн газарт үзлэг хийсэн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дийг шинжээчээр томилж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.

Уг дүгнэлтэд хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, зэрэг материалуудаас үзэхэд тухайн байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ үүдэн хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна гэж тусгасан байдаг.

Дээрх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт болон Мэдээлэл шуурхай галын шинжээч, дэслэгч Б.Дийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн удирдлагын төвийн дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулан холбогдогчийг тогтоож 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Бд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 холбогдогч дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, 3.1.3 дахь хэсэгт заасан холбогдогчийн үүргийг танилцуулан холбогдогчоор мэдүүлэг авсан.

Иргэн М.Б нь дахин холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ нарийвчилсан шинжилгээ хийлгүүлэх чин хүсэлтэй байна гэж тусгасан хүсэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1.13.3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу тухайн хүсэлтийг бүрэн хангаж “Геологийн судалгаа шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Тус хэрэгт цахилгаан дамжуулагч утасны хүчил төрөгчийн агууламжийг тогтоох шаардлагатай байгаа тул цахилгаан дамжуулагч утасны хүчил төрөгчийн агууламж тогтоодог багаж ажиллагаатай эсэхэд хариу ирүүлж хамтарч ажиллана уу” гэсэн утгатай 98 дугаартай албан бичиг хүргүүлэхэд “Геологийн судалгаа шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Манай үйлдвэрийн газарт цахилгаан дамжуулагч утасны хүчил төрөгчийн агууламжийг тогтоодог шинжилгээний арга, аргачлалын стандарт байхгүй учраас тухайн шинжилгээг хийх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн ******* дугаартай албан бичгээр хариу ирсэн.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт “Тус хэрэгт цахилгаан дамжуулагч утасны хүчил төрөгчийн агууламжийг тогтоох шаардлагатай байгаа тул бөмбөлгийн хүчил төрөгчийн агууламж боломжтой эсэхэд хариу ирүүлж хамтарч ажиллана уу” гэсэн утгатай 96 дугаартай албан бичиг хүргүүлэхэд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн Шүүх шинжилгээний газраас “Тус хэлтсийн Физикийн шинжилгээний лабораторид цахилгаан дамжуулагч утасны хүчилтөрөгчийн агууламж, бөмбөлгийн хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох шинжилгээг хийх арга, аргачлал болон техник, тоног төхөөрөмж байхгүй тул дээрх шинжилгээг хийх боломжгүй байна” гэсэн *******33 дугаартай албан бичгээр хариу ирсэн.

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “У******* цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид “Тус хэрэгт мэргэжлийн байгууллагын тусгай мэдлэг бүхий шинжээчийн тусламжтайгаар шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул холбогдох мэргэжилтнийг томилж хамтарч ажиллана уу” гэсэн утгатай *******48 дугаартай албан бичиг хүргүүлэхэд “У******* цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас эрх бүхий албан тушаалтан миний хувийн гар утас руу холбогдож Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэсэн заалтын дагуу “У******* цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани нь шинжээчээр ажиллах ажилтан томилох боломжгүй байна гэж урьдчилсан байдлаар мэдэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “У******* цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-иас дээрх утга бүхий *******64 дугаартай албан бичгээр хариу ирсэн.

Мөн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч албан тушаалтай шинжээчийн бүрэлдэхүүнийг дахин шинжилгээ хийлгэхээр томилох 2023 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд зөрчлийн хэргийн материал, гэрчийн өгсөн мэдүүлэг, фото зургаас үзэхэд тухайн байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна гэж тусгасан байдаг ба Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх болон хэрэгт ач холбогдол бүхий шинээр ээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан болно.

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутаас 13 цаг 10 минут хүртэлх хугацаанд холбогдогч М.Бд эрх бүхий албан тушаалтны гаргах гэж байгаа шийдвэр болон зөрчлийн дугаартай 185 хуудас бүхий 1 хавтас хэргийн материалыг танилцуулж хэргийн материал танилцуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэн холбогдогч М.Бд танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5.14.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу холбогдогч М.Быг нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох болон зөрчлийн улмаас иргэн А.Тд үүссэн ** /**/ төгрөгийн хохирлын хэмжээг “С” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар, зөрчлийн улмаас “ У*******” ХХК-д үүссэн ** /**/ төгрөгийн хохирлын хэмжээг “Х” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоолгож нөхөн төлбөрийг төлөх талаар шийтгэлийн хуудсанд бичсэн.

Тухайн зөрчил нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь хэсэгт “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 5 дугаар бүлгийн 5.1.11 дэх хэсэгт “Иргэн өөрийн сууц, гарааж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Дүрэм батлах тухай" 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 4.6 дахь хэсэгт “Барилга байгууламжийн угсралт, засварын ажлаас бусад нөхцөлд цахилгаан шугамыг түр хугацаагаар тавьж ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зөрчил гарсан нь хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан тогтоож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан болно.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баасан гарагт дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Даваа гарагт шийтгэлийн хуудасны хувийг холбогдогч М.Бд биечлэн өгсөн болно.” гэжээ.

10. Хариуцагч З.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн дүгнэлт мөн бүрэлдэхүүнтэй 3 галын шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тус дүгнэлтүүдээр хэргийн газраас 2, 3, 5, 6 гэж дугаарласан цахилгаан дамжуулах утасны дээжийг авсан. 2 гэж дугаарласан цахилгаан дамжуулах утас нь түрээслэгч буюу эмийн сан руу орж байгаа цахилгаан дамжуулах утас 3, 5, 6 гэж дугаарласан цахилгаан дамжуулах утас нь тухайн байшингийн эзэмшигчийн хариуцсан хэсгийн цахилгаан дамжуулах утаснууд байгаа юм. 3, 5, 6 гэж дугаарласан цахилгаан дамжуулах утаснууд дээр цахилгааны гэмтэл үүссэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэж байгаа юм. Гомдол гаргагчийн зүгээс бол буруутай үйлдлийг тогтоогоогүй шийтгэл оногдуулсан гэж ярьж байна. Цахилгаан дамжуулах утаснуудад гэмтэл үүссэн. Цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэхэд тухайн цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, ашиглалт зэргийг хэн хариуцах ёстой байсан гэдэг талаар Эрчим хүчний тухай хуульд зааж өгсөн. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн үүрэг нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч өөрөө хувийн байшин, орон сууцны цахилгаан дамжуулах утас, угсралт, аюулгүй байдал зэргийг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан. Түрээслэгч эмийн сан, иргэн н.А нар хариуцах үүрэг байхгүй. Зөвхөн байшингийн эзэн буюу цахилгаан эрчим хүч хэрэглэгч өөрөө энэ үүргийг биелүүлэх ёстой. Мөн Засгийн газрын тогтоол байгаа. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм гэж байгаа. Тодорхой зааж өгсөн. Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэн гаргасан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна гэж заасан байгаа. Иймээс эдгээр үүргүүдийг биелүүлээгүй гэж үзэж Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй улмаас гал түймэр гарсан гэж үзэж мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар 16.2.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн галын аюулгүй байдлаа хангах үүргийг биелүүлээгүй гэж үзэж шийдвэр гаргасан. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан гал түймрийн улсын хяналтын байцаагч нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид үндэслэж шийдвэр гаргана гэж заасан байгаа. Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гарсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт, лабораторийн дүгнэлт гарсан мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд заасан хэрэглэгч үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан бүх нөхцөлүүд бүрдсэн, нотлох баримт бүрдсэн, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, буруутай этгээд байгаа эсэх нь тогтоогдсон, нөхөн төлбөр гаргуулах хохирлын төлбөрийн хэмжээг тогтоосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасан. Үүний дагуу зөрчил гаргагчид хэргийн материалыг танилцуулж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байгаа. Шийтгэлийн хуудсыг шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулна гэж заасан байгаа. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баасан гараг байсан. Тухайн өдөр зөрчил гаргагчид хэргийн материалыг танилцуулаад 12 дугаар сарын 04-ний өдөр буюу даваа гарагт шийтгэлийн хуудсыг биечлэн хүлээлгэж өгсөн байгаа.” гэжээ.

11. Гэрч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч Г.Д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд иргэн М.Бы эзэмшлийн газарт гал түймэр гарахаас өмнөх хугацаанд 6 удаагийн гал түймэр гарсан байдаг юм. М.Бы эзэмшлийн газарт гал түймэр гарсан газар очихоос өмнө ажлаас биш бас нэг гал түймэр гарсан газраас шууд очсон байгаа. М.Бы дуудлагад зөвхөн нэг тасаг ажиллаагүй. Нэмэлтээр тасаг авах шаардлагатай томоохон хэмжээний гал байсан учир би зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй тул шууд очсон. Тухайн өдөр 12 цагийн үед гараад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болох бланк 4 ширхэг байсан нь дууссан юм. Хэргийн газарт үзлэг хийхдээ хэргийн газрын үзлэгийн бланк байгаагүй. Хэргийн оролцогчдод бүгдэд нь хэлээд цагаан цаасан дээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үйлдлээ. Энд бичигдсэн бүх зүйлүүд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн бланк дээр бууна гэж хэлээд үзлэгийн тэмдэглэлийн зургийг М.Б баталгаажуулан авсан. Энд бичигдсэн бүх зүйлс бичигдэх болно та бүхэн зөвшөөрч байна уу гэж асуухад зөвшөөрч байна гэж хэлээд,танилцаад гарын үсгээ зурсан юм. …Хэргийн газрын үзлэгийг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дийн хамт зохион байгуулсан байдаг. Мөн иргэн н.М, М.Б, эмийн сангийн н.Д нар хамтран оролцсон. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд энгэрийн камер хангалттай гаргаж өгөөгүй. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дт энгэрийн камер байсан гэдгийг би сайн мэдэхгүй байна.

...Хэргийн газрын үзлэг эхлэхээс өмнө иргэн н.Маас тодруулсан байдаг. Та 2 давхарт амьдардаг юм байна. Танайх цахилгааны тень залгадаг уу гэж асуухад тийм зүйл байхгүй. Би 2 давхарт бараг амьдардаггүй… эмийн сан бол тог, цахилгаан яагаад тасраад байдаг юм гэж асуухад цахилгааны тень удаан хугацаагаар ажиллуулахаар ачаалаа дийлэхгүй тасраад байдаг гэж хэлж байсан. Хэргийн газрын үзэл хийх явцад эмийн сангийн дотор 3 төрлийн цахилгааны тень байсан гэдэг нь үнэн. Нэг тень нь бол залгаатай нөгөө хоёр тень нь агуулахын өрөөнд зэрэгцээд ашиглаагүй байж байсан. Үзлэг хийхээс өмнө иргэн н.М тень ашигладаггүй гэж хэлж байсан боловч 2 тень залгаатай байж байсан юм. Энэ нь гал гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

…Иргэн М.Бы эзэмшлийн байшинд өмнө нь гал гарж байсан. Танай цахилгааны монтаж маш замбараагүй. Гадна гараашны дотор байрлаж байгаа цахилгааны утас хөглөрсөн байдалтай байсан. Өмнө гал гарж байсан тиймээс галын аюулгүй байдлыг хангах нь иргэний үүрэг юм. Өмнө эрсдэлтэй нөхцөл байдалд байсан байж галын аюулгүй байдалд яагаад хяналт тавиагүй юм. Дахин эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой. Галын аюулгүй байдлыг сайжруулах талаас ерөөсөө арга хэмжээ аваагүй байсан.

…Тухайн объект нь иргэн М.Бы эзэмшлийн объект байсан. Маш олон хүн байсан тухай үед хэргийн газар дээр байгаа хүмүүсийг тодруулахын хувьд бол тодруулсан.Объектын эзэн өөрөө байсан учраас заавал хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага байхгүй. Хэргийн газрын үзлэгийн бланк дээр заагдсан байдаг учраас хөндлөнгийн гэрчийн гарын үсгийг зуруулсан юм. Гэхдээ хөндлөнгийн гэрчийн гарын үсгийг би цагаан цаасан дээр зуруулж авсан.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч М.Быг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгож, иргэн А.Тд ** /**/ төгрөг, “ У*******” ХХК-д ** /**/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
  2. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1.”Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.“Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана.” 16 дугаар зүйлийн 16.2.“Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ: 16.2.1.“ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;” Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.“Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй.”, 30.1.3.“техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;”, 30.1.8.”өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, мөн хэний буруугаас гэдгийг тогтоогоогүй атлаа надад холбогдуулан шийтгэл оногдуулж, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж, хариуцагчаас гомдол гаргагчийг хуульд заасныг хэрэгжүүлээгүйн улмаас зөрчил гаргасан гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Б.Дийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр дүгнэлт, мөн тус газрын шинжээч Г.Т*******, Т.С*******, Е.Л******* нарын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр дүгнэлтээс үзвэл тухайн байшингийн зүүн хойд талын өрөөнөөс үүсвэрлэн гарч босоо болон хэвтээ чиглэлтэй шаталга явагдаж шатах материалаар дамжин цахилгаан дамжуулах утсанд гэмтэл гарсны улмаас гал гарсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн М.Быг тухай байшингийн өмчлөгчийн хувьд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэн шийтгэлийн хуудас үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл М.Б нь тухайн гал гарсан байшингийн өмчлөгчийн хувьд ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан гал гарсан хэсэг нь түүний өмчлөл, эзэмшилд байсан хэсэг байх тул гомдол гаргагчийг эзэмшлийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

  1. Хэдийгээр гомдол гаргагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг тогтоосон байх үүргээ биелүүлээгүй гэх эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох ажиллагааг хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг тус тус баримтлан М.Баас Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх газрын улсын байцаагч З.Өт холбогдуулан гаргасан “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 3.Өын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН