Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

 

 

О.Б*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг ын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                Э.Гантулга

Яллагдагч                                               О.Б*******

Яллагдагчийн өмгөөлөгч                       Х.Оюунбат /онлайн/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч     Ш.С*******

Хохирогчийн өмгөөлөгч                         Э.Ганбат, Д.Бум-Аюуш /онлайн/

Нарийн бичгийн дарга                            Б.Батзориг ыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдол болон прокурор Э.Гантулгын эсэргүүцлээр шүүгдэгч О.Б*******т холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, Монгол овогт О*******гийн Б*******,... оны .. дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн  ..... сумын 5 дугаар багийн Сээрийн 4-08 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар.......

 

  О.Б******* нь Булган аймгийн О******* сумын ... дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00-04 цагийн хооронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б “аймгийн Засаг дарга архи зарах зөвшөөрлийг 22 цаг болгосон байхад та 19 цаг гэсэн захирамж гаргасан, би архи зармаар байна” гэснээс үүдэлтэй маргалдаж улмаар түүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Булган аймгийн Прокурорын газраас: О.Б*******ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О*******гийн Б*******т холбогдох .... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцааж, Яллагдагч О.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хиймэл шүд 2 хэсэг, дугуй Цагаан өнгийн товч 4 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн алчуур ширхэг, ногоон өнгийн урагдсан куртик 1 ширхэг, хөх өнгийн нэхсэн майк 1 ширхэг, хөх өнгийн урагдсан хантааз 1 ширхэг, хөх өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй цагдаа гутал 1 ширхэг, хар өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн урд хэсэгтээ Columbia гэсэн бичиглэлтэй фодболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч С.Б******* нас барах үедээ өмсөж байсан цэнхэр өнгийн урт ханцуйтай захтай срочикон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн ботинк 1 хос зэргийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч М.Э., шинжээч Г.Г. ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байх тул шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт эргэлзээтэй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэх үндэслэл хамаарах бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шинжээч ын мэдүүлгийг үндэслэн эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад урьдчилан дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаах нь үндэслэлгүй.

Ялангуяа М.Э*******ын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэлт хийж, тухайн нотлох баримтыг үгүйсгэж байгаа атлаа зөрүүтэй нотлох баримт гэж тухайн нотлох баримтад хоёрдмол агуулгатай дүгнэлт хийж, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй.

Нэг нотлох баримтад хоёр өөр агуулгаар дүгнэлт хийж, бусад нотлох баримтыг нь эргэлзээтэй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. М.Э*******ын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж нэгэнт үзэж байгаа бол өөр хоорондоо зөрүүтэй баримт гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.5 дугаар зүйлийн 5-т зааснаар тухайн мэдүүлгийн хэсгүүдийг нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх эрхийг шүүхэд олгогдсон гэж үзэж байх тул дахин шинжээч томилох дүгнэлт гаргуулах үндэслэлд үнэлэх боломжгүй гэх баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна... хэргийг шийдвэрлэх боломжтой. 5 шинжээчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй...” гэв.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 

“... захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь: Оршуулсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №876 дугаартай “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г*******, Ш.Ц*******, О.Б******* ын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эд эсийн шинжилгээгээр талийгаач С.Бат-Эрдэнэ нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байсан нь тогтоогдсон тул Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 19 дугаартай дүгнэлтийн 4 болон 5 дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна.

 Шинжээч эмч Б.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн “дотор эрхтний шинжилгээ” хэсэгт “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доор 1.5x1.0 см хэмжээтэй голомтлог цус харвалттай” гэсэн байх ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Талийгаач С.Бат- Эрдэнэ нь архаг цус багадалт өвчтэй байсан байх ба энэ нь талийгаачид учирсан гэмтлүүдээс үүдээгүй болно. Цус багадалт нь “Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин үүсэхэд нөлөөлж болно. Талийгаач С.Б******* цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр архаг цус багадалт, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг суурь өвчтэй байсан тогтоогдсон ба чихрийн шижин өвчтэй байсан, үүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь зүрхний архаг дутмагшлыг гүнзгийрүүлж зүрх судасны хурц дутагдалд орж зүрх зогсоход хүргэжээ.

 Зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрх зогсоход биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Хамраас цус гарснаас болж нас бараагүй болно. Талийгаач С.Бат-Эрдэнэд учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний салст, баруун зүүн нүдний зовхи, дух, цох, хамар, баруун хацар, шанаа, эрүү, уруул, зүүн өвдөг, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гарын эрхий хуруу, хоёр хөлийн өвдөг, зүүн шилбэн дэх олон тооны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /4-р ХХ-ийн 78-87-р ху/-д авагджээ.

 Үүний дагуу шинжээч эмч Ш.Ц*******гаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлэг авахад “...Б.Б нь өөрийн гаргасан 19 дугаартай дүгнэлтэд тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан дор голомтод Цус харвалттай гэсэн байх ба дээрх өөрчлөлт нь эд эсийн шинжилгээ болон шарилд хийсэн шинжилгээгээр тогтоогдоогүй.

 Мөн тогтоогдоогүй учир гэмтлийн зэрэг тогтоогоогүй ... Талийгаач нь архаг цус багадалт өвчтэй байсан ба дотор эрхтнүүдийн цус багадалт нь талийгаачид учирсан гэмтлүүдтэй хамааралгүй болно. Архаг цус багадалт өвчин нь үхэлд шууд нөлөөлөхгүй. Зүрхний архаг цус хомсрох өвчин гэдэг нь зүрхийг цусаар хангадаг титэм судасны хатуурал ийслын улмаас зүрхний булчин цусан хангамжаар дутагдахыг хэлнэ. Энэ нь гадны нөлөөтэй гэмтэл биш архаг өвчин юм... Биеийн жин таргалалт нь өвчин үүсэхэд нөлөөлнө. Биеийн хэт ачаалал, архи хэрэглэсэн байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь үхэлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Дээрх шалтгаанууд нь үхэлд шууд нөлөөлдөг гэдгийг тогтоох боломжгүй...” /4-р ХХ-ийн 56-58-р ху/ гэжээ.

 Дээрх дүгнэлт болон мэдүүлгээс үзэхэд шинжээч эмч Ш.Ц******* нь талийгаачийн биед учирсан гэмтэл болон үхлийн шалтгааныг тодорхойлсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбоотойгоор шүүх хуралдаанд мэдүүлэг авч тодруулах бүрэн боломжтой болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч гаргасан дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд талууд шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно” гэж хуульчилжээ.

 Мөн шинжээч М.Э*******аас мэдүүлэг авах ажиллагаанд мөрдөгчийн бичгийн хэвээс өөр бичгийн хэвээр бичигдсэн гэж шүүх үзсэн ба 4 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.А “... ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн мэргэшсэн шинжээч эмч М.Э*******аас мэдүүлэг авч дууссаны дараа мэдүүлгийн тэмдэглэлийг өөрт нь уншуулж танилцуулахад мэдүүлгийн тэмдэглэлийн 2 дахь нүүрний 17 дахь мөрний харалдаа өөрийн гараар нэмж бичвэр үйлдсэнийг тэмдэглэл болгон бичив...” гэж тэмдэглэл үйлдсэн байх тул уг бичвэр нь нэмэлтээр бичсэн болохыг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдсэн байна.

 Хэргийн оролцогч мөрдөн шалгах ажиллагааны аль ч үед гомдол хүсэлт гаргахаар хуульчилсан байх ба прокуророос хэргийн оролцогч ын эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй буюу цаг хугацааны хувьд хуульд заасан хугацааг баримталсан болох нь шүүгчийн 2022/ШЗ/203 дугаартай захирамжид тодорхой тусгагдсан байхад шүүх хэргийн оролцогч ын эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Өмнөх хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж буюу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/300 дугаартай захирамжид дурдсан шинжээч аас талийгаач С.Б******* үхлийн шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй тайлбар мэдүүлэг авах, мөн хэргийн газарт байсан гэрч аас дэлгэрэнгүй мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэт нэг талыг барьсан буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш ба дээрх захирамжид заагдсан ажиллагаа буюу шинжээч эмч О.Б*******гоос 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр /3-р хх 64/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Г*******оос,  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ш.Ц******* аас тус тус мэдүүлэг авсан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Мөн дээрх шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш буюу шинжээч ыг гаргасан дүгнэлттэй нь холбоотойгоор шүүх хуралдаанаар мэдүүлэг авч дүгнэлтийг тайлбарлуулах, хэрэг учрал болох үед байсан гэх гэрч ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж оролцогч асуулт асуух бүрэн боломжтой байх тул Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2022/ШЗ/203 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н амь насанд нь хүрсэн үү гэж би бодож байгаа. Зодуулаад чирэгдээд буцаж ирээд талийгаач нас барсан. Б*******, Ц зэрэг 3 гэрчийн мэдүүлэг зөрүүтэй. Гэрч худлаа мэдүүлдэг. Б******* надад би алаагүй, Н алсан шдээ гэж өөрөө хэлсэн. Анхнаасаа яагаад худлаа мэдүүлэг өгсөн юм бэ ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Шинжээчээс мэдүүлэг авахад гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үхлийн шалтгаан, шалтгаант холбооны талаар гурван шинжээч өөр өөрөөр мэдүүлэг өгдөг. Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж хэргийг шийднэ гэж байгаа прокурорын тайлбар үндэслэлгүй. Хэргийн оролцогч ын эрхийг зөрчсөн зөрчил байгаа. Мөн энэ хэргийг тусгай субъектын үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагын албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлэх хэрэгтэй гэж үзэж байна ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргасныг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ хэргийг Улсын Ерөнхий Прокурорт хянуулдаггүй. Албан тоотоор хариу өгсөн. Надад шуудангаар явуулсан мөртлөө гардуулж өгснөөр баримт үйлдсэн. Хариу ирэх гэсээр байтал хэрэг шүүхэд шилжсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт өгөхөөр дандаа татгалздаг. Хэргийг шүүхэд шилжүүлчихээр Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргах бидний эрх зөрчигдөж байна ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар О.Б*******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэх бөгөөд хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч нь нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба хэрэв санал зөрсөн тохиолдолд саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргах ёстой.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоож, нэгдсэн дүгнэлт гаргасан гэх шинжээч аас гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах зорилгоор мэдүүлэг авсан байх боловч нэр бүхий шинжээч нь “...тогтоох боломжгүй...”, ” ... тогтоох боломжтой боловч ийн тогтоох боломжгүй...”, “...сэтгэл санааны байдлаас хамаарна...” гэх зэргээр өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байхад тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх шаардлагатай.

Мөн хохирогчийн өмгөөлөгч нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байх ба уг хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогч ын хүсэлт, гомдол гаргах эрхийг хасч, хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол болон прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол болон прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       З.ХОСБАЯР               

 

                                                 ШҮҮГЧ                       С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    М.ХҮРЭЛБААТАР