| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 154/2018/0056/э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 122
Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1737000000052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймаг, Алтай сум, Тахилт багт оршин суух,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сар хорих ял,
Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлж байсан Бууч овогт Баатархүүгийн Батням.
Б.Б- нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр “Хөх булаг” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж заасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх ба уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байхгүй болох нь тогтоогдсон.
Мөн Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжид нөхөн төлөх хохирол байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн зардал гараагүй байхад дээрх байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба дээрх хуулийн заалтыг хүчингүй болсон хуулийн заалттай адилтган тайлбарлаж хууль буруу хэрэглэсэн гэж шүүгдэгч түүний өмгөөлөгч нар үзсэн.
Гэтэл дээрх гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг” ойлгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлал, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Б-д холбогдох хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүхээс жижиг оврын тракторын үнэ буюу 5,000,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Б- нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг, “Хөх булаг” хэмээх газарт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Түүнчлэн, шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын “магадлал, шийтгэх тогтоолын 7 дахь заалт буюу хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээтэй холбоотой заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН