Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 349

 

Д.У-гийн нэхэмжлэлтэй, НийслэлийнЗасаг дарга, Нийслэлийн Газрын албанд

холбогдох захиргааны хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                            Х.Батсүрэн                                      

Шүүгчид:                                         Л.Атарцэцэг,

                                                        Д.Мөнхтуяа,

                                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                                Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:                  Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Э-т холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газрын албанаас иргэн Б.Д-н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.О-д шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Б.Д-н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6-н эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдлүүд хууль бус болохыг тогтоолгох тухай,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0275 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, өмгөөлөгч В.Э нар.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрээр: ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-гийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Э-т холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газрын албанаас иргэн Б.Д-н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.О-д шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Б.Д-н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6 эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдлүүд хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0275 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болсон байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсч байгаа зэргийг нэхэмжлэлдээ тодорхойлох ёстой. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлдээ Б.Д-д 108 м.кв газрыг эзэмшүүлсэн болохыг тогтоолгох агуулгыг бичсэн байдаг...” гэж тайлбарласны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дутуу тодруулсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж дүгнэлт хийсэн байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн Б.Д-гаас Н.Одхүүд, Н.О-гээс гуравдагч этгээд Б.Э-т шилжүүлсэн ба гуравдагч этгээдийн хувьд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрхтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэмээн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

5. Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/227 дугаар захирамжаар иргэн Б.Д-гаас газар эзэмших эрх олгосноос хойш гарсан Нийслэлийн Засаг даргын удаа дараагийн захирамжууд буюу 2004 оны 185, 2008 оны 295, 2011 оны 494 дүгээр захирамжуудын тухайд талбайн хэмжээ огт өөрчлөгдөөгүй буюу бүгд 170 м.кв хэмжээтэйгээр олгогдож газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд ч тэр огт өөрчлөгдөөгүй байна. Нэгэнт газар эзэмших эрхийн захирамж дээрх талбайн хэмжээ огт өөрчлөгдөөгүй байна гэж дүгнэсэн байхад 62 м.кв газрыг хүчингүйд тооцуулах асуудалд тусад нь дүгнэлт өгөх шаардлагатай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн Газрын алба уг хэмжээгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос үзэхэд газрыг шилжүүлэх явцад газрын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

7. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасантай нийцсэн байна.

9. Нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Н.О-д 170 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн заалтыг хүчингүй болгуулах” гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Э-т холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газрын албанаас иргэн Б.Д-н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.О-д шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Б.Д-н эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6-н эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдлүүд хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.

10. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхой тусгагдсан байхаар хуульчилсан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд шүүх түүнийг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар ...170 м.кв газрыг Б.Д-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. ...тус газрын талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй, уг газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үйлдэл, хууль бус үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгчээс “...Б.Д-н газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын зүгээс анх үүсгэхдээ 300 м.кв, 288 м.кв, 170 м.кв, 108 м.кв гэж өөр өөрөөр тодорхойлсон актууд байдаг.  ...иргэн Б.Д- нь 108 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан байхад Засаг даргын зүгээс газрын хэмжээг хууль бусаар, 62 м.кв-аар нэмэгдүүлж 170 м.кв газар эзэмшүүлсэн...” гэж маргажээ.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/227 дугаар захирамжаар анх иргэн Б.Д-д Чингэлтэй дүүргийн Их тойрууд “үйлчилгээний орон сууцны” зориулалтаар 300 м.кв газрыг ашиглуулах эрх олгож, 2001 онд түүнээс газар эзэмших эрхийн гэрээний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар 170 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улмаар 2008 оны 295 дугаар захирамжаар Б.Д-гаас Н.О-д 170 м.кв газар, мөн 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-ээс Б.Э-т 170 м.кв газрыг тус тус шилжүүлж шийдвэрлэсэн байна.

14. Нэхэмжлэгчээс иргэн Б.Д, гуравдагч этгээд Н.О, Б.Э нар 108 м.кв газар эзэмших эрхтэй байсан, тэдэнд 62 м.кв газрыг хууль бусаар нэмж эзэмшүүлсэн гэж марган, 62 м.кв талбайд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн иргэн Б.Д-д анх 170 м.кв газар эзэмшүүлсэн захирамжтай маргаж буй эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

15. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.У нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг шалгаж,  дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

16. Иймд, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэстэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Х.БАТСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА