Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00933

 

Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/00881 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 888 дугаар магадлалтай,

Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

С.Гэрэлд холбогдох

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо Жаргалантын 5-113 тоотод амьдардаг бөгөөд Э.Сансармаа нь манай хашаанд жижиг сендвичэн байшин барьж худалдаа хийе гэж санал болгож 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. 2006 онд 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Сансармаа нь дүү Э.Мөнхнасандаа манай хашаанд түр барьсан жижиг байшингаа надад худалдах, мөнгийг нь захиран зарцуулахыг зөвшөөрсөн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлтэй ирэхээр нь өөрийнхөө хашаанд баригдсан байшинг түүнээс худалдан авах гэрээ хийж, түүнээс авах мөнгөө суутган авч үлдэгдэл мөнгөө өгөөд явуулсан. 2008 онд байшиндаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авах гэж бүртгэлийн газар очиход Э.Сансармаа, Д.Сүхбаатар нар өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байна гэж хэлсэн тул тэднийг олох гэж хаягаар нь хайгаад олохгүй байтал хорих ангид ял эдэлж байгаа гэсэн. Бүртгэлийн газраас лавлагаа авахад надад худалдсан байшингаа 2004 онд “Алтан төгрөг” ББСБ-д барьцаанд тавиад 8 000 000 төгрөг авсан нь илэрсэн. Би Э.Сансармаад холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхэд уг байшин миний өмч болохыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан ч 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр харьяаллын бус гэж хэрэгсэхгүй болгосон. Улсын бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагаа авахад Э.Сансармаа нь намайг бичсэн мэт зөвшөөрөл гэж бичсэн зүйлд тэрээр миний эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5-113 тоотод байрлах хашаанд өөрийн хүнсний дэлгүүрийг түрээслэх үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Иймд тус хүнсний дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг зөвшөөрөв. Зөвшөөрөл олгосон Д.Ариунжаргал гэж гараар бичээд миний гарын үсгийг дууриалган зурсан байсан. Үүнийг 84 дугаартай тамга бүхий С.Гэрэл нотариатч 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрчилсэн байдаг. Миний хувьд нотариатч дээр очиж ийм зүйл бичээгүй, гэрчилгээ гаргах зөвшөөрөл олгоогүй. Би Э.Сансармаатай байгуулсан түрээсийн гэрээнээс гарын үсгийг маань дууриалган зурсан байх гэж бодож байна. Нотариатч С.Гэрэл нь бичгийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.8., Нотариатын үйлдэл хийх зааврын 4.8.7.-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Д.Ариунжаргал миний өмчлөлийн газар дээр түр барьсан сендвичэн байшинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, намайг залилж байшингаа худалдсан байна. Иймд уг зөвшөөрлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ариунжаргал нь 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Сансармаад Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5-113 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай байшинд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг зөвшөөрлийн бичигт гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх үйлдэл хийлгэсэн байх ба тухайн үед Д.Ариунжаргал өөрөө байсан болох нь 2004 оны нотариатын бүртгэлийн дэвтрийн 47 тоотод бүртгэгдэн үлдсэнээр нотлогдож байна. Уг бүртгэлд Д.Ариунжаргал өөрөө гарын үсэг зуржээ. Би тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийг биечлэн байлцуулсан бөгөөд хуульд нийцсэн баримт бичигт гарын үсгийг гэрчилсэн. Нөгөө талаас 2004 онд хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор шаардах хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа аль аль нь өнгөрсөн байгаа. Үйлчлүүлэгч Д.Ариунжаргал өөрийн биеэр байлцаж гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн өдрөөс шаардах эрх үүсч байна гэж үзвэл хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил өнгөрсөн. Мөн 2008 онд байшиндаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар бүртгэлийн газарт очиход Э.Сансармаа, Д.Сүхбаатар нар өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байсныг мэдсэн тухай Д.Ариунжаргал өөрөө нэхэмжлэлдээ дурдсан ба тухайн үед Д.Ариунжаргал мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ хугацаанаас тооцон үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/00881 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн /1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн/ 28 дугаар зүйлийн 1-д зааснаар 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Зөвшөөрөл”-д зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатч С.Гэрэлийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гэрэлээс тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж Д.Ариунжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 888 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: 2004 оны гарын үсгийн бүртгэлд Д.Ариунжаргал нь 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийлгэхэд Д.Ариунжаргалыг өөрийг нь байлцуулан үйлдсэн. Нэхэмжлэлээс харахад Э.Сансармаа нь 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж сэндвичин байшин барьсан байдаг. Уг байшингаа 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сансармаа нь Д.Ариунжаргалд худалдах талаар итгэмжлэлийг дүү Мөнхнасандаа хийж өгснөөр тухайн байшинг энэ итгэмжлэлийн үндсэн дээр Д.Ариунжаргал худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөнөөс үзэхэд нотариатын зөвшөөрөл баталсан үйлдлээс хамаарахгүйгээр тухайн байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үүнийг Д.Ариунжаргал мэдэж байсан. Тиймээс ч худалдан авсан гэдэг нь тодорхой бөгөөд шүүх мөн ингэж дүгнэсэн байдаг. Д.Ариунжаргалын хувьд 2006 онд уг байшинг худалдан авснаар уг байшингийн хувьд өмчлөх эрх нь нээгдсэн, өмчлөх эрхтэйгээ мэдсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т 75 дугаар зүйлийн 75.2.2.-т заасны дагуу Д.Ариунжаргалын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсныг шүүх дүгнэж үзсэнгүй. Мөн Д.Ариунжаргал нь 2011 онд шүүх нэхэмжлэл гаргасан ба харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Д.Ариунжаргал яг энэ асуудлаар буюу нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар өмнө нь аль ч шүүхэд хандаж байгаагүй. Нотариатчийн гэрчилсэн “зөвшөөрөл” бичиг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудалтай холбоотой байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтийн хувьд Д.Ариунжаргалын гарын үсэг мөн эсхүл биш зэрэг ийм зөрүүтэй дүгнэлтүүд ирээд байхад шинжээчээр дүгнэлтийг тайлбарлуулах, гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь уг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр өгсөн тайлбар нь нотариатын үйлдэл бүртгэх дэвтэр болон тухайн 2003 оны үеийн Д.Ариунжаргалын гарын үсгийн загвар дээр шинжилгээ хийгээгүй байдаг. 12 жилийн дараа хүний гарын үсэг хэрхэн яаж өөрчлөгддөг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогдох ёстой бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар, баримт байхгүй байхад 12 жилийн өмнөх гарын үсгийг өнөөгийн гарын үсгийн загвараар шинжилсэн нь шинжээчийн дүгнэлт алдаатай гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр, худалдан авсан байшингийн эрхийн доголдлын болон бусдын барьцаанд тавьсан байсан эсэх талаар 2006 онд мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 247 дугаар зүйлд худалдан авсан эд хөрөнгийн үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих талаар, мөн хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар тус тус заасан байна. Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу Д.Ариунжаргал нь тухайн эд хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхгүй.

Би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор хариуцагчаас итгэмжлэл авсан ч хуралд оролцож чадаагүй, хэргийн материалтай танилцахад өмнө нь төлөөлөгчөөр оролцсон Ж.Ариунааг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Хэргийн материалтай танилцаж байж уг, нэхэмжлэлд ямар тайлбар, хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох, шүүх хуралдаанд бэлтгэх, хэргийн материалаас тэмдэглэл хийх гээд хариуцагчийн эдлэх бүх эрх, үүргийг эдэлж шүүх хуралдаанд оролцох байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Зөвшөөрөл” гэх баримтанд зөвшөөрөл олгосон Д.Ариунжаргал гэх гарын үсгийг Д.Ариунжаргал өөрөө зураагүй болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон талаар болон нотариатчийн үйлдлийн талаар Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан хугацаа  хамааралтай байна. Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь 2008 онд Улсын бүртгэлийн газраас өөрийн өмчлөлийн газар дээрх байшингийн өмчлөгчөөр Э.Сансармаа, Д.Сүхбаатар нар бүртгэгдсэн, ийнхүү бүртгүүлэхдээ түүний гарын үсэг бүхий баримтыг нотариатчаар гэрчлүүлснийг олж мэдсэн үеэс нотариатчийн үйлдлийн талаар шаардах эрх үүссэн, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь 2003 оны 12 сард өөрийн өмчлөлийн газар дээрээ сендвичэн байшин барьж, ашиглахыг Э.Сансармаад зөвшөөрч,үүний төлөө төлбөр авч байсан, улмаар 2006 онд  уг байшинг өөрөө худалдаж авахаар гэрээ байгуулсан боловч Э.Сансармаа нь үүнээс өмнө буюу 2004 онд уг байшингийн өмчлөгчөөр бүртгүүлж, барьцаанд тавьсан байсныг 2008 онд мэдсэн нь баримтаар тогтоогджээ.    

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/00881 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 888 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА