Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н*******,

Маргааны төрөл: Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. “М*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргажээ.
  2. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан, тус өдрөө ******* дүгээр гэрчилгээг олгожээ.
  3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01-09/4545 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд “М*******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22/52 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.
  4. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өдрийн сонины 214 дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дотор 13.00-17.00 цагийн хооронд сонсох ажиллагаа явагдах талаар нийтэлсэн байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар “М*******” ХХК-ийг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
  6. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3117 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Иймд ….2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор газраа чөлөөлөхийг мэдэгдье.” гэж, захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлсэн байна.
  7. Нэхэмжлэгч дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3117 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг шуудангаар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хаяглан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхийн захирамжийг иргэн харах үндэслэлгүй гарсан захирамж байгаа тухай дурьдаж хандсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/4312 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. “М*******” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын /тухайн үеийн нэршил/ хурлын зааланд зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтын байршил болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх Тарвагатайн амны зүүн талд жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар газрын эрхийн төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдтэй байгуулах 08/2016 тоот гэрээ байгуулж улмаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Улмаар газрын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/525 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м2 газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар газрын тухай хуулийн 33.1.2 дах заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх үүсэж газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ******* тоот гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон билээ. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01-09/4545 тоот албан бичигтэй танилцаад манай компани нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт заасны дагуу холбогдох нотлох баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22/52 тоот албан бичгээр хандсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар мэдүүлэг авалгүй захиргааны шийдвэр гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр гарсан байна. Уг захиргааны шийдвэр гаргахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулах ёстой байтал оны өмнө буюу 2022 оны 09 сард явуулсан нотлох баримтыг судалж үзэлгүй 2023 оны 06 сард шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж, сонсох ажиллагааны дагуу тайлбар нотлох баримтыг хүргүүлснээс хойш 9 сарын дараа шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн дээрх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 01-08/3117 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот мэдэгдэл дотор газрын тухай хуулийн холбогдох заалтыг дурдсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай бичсэн бөгөөд дээрх Захирамжийг хуулбарлан ирүүлээгүй, төрийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны эрхт нөлөөлөхөөр шийдвэр гаргасан бол танилцуулж байх, эрх бүхий захирамжийг хуулбарлан ирүүлэх байтал ирүүлээгүй байсан нь эрх бүхий шийдвэр гаргасан гэхэд эргэлзэж байгаа. Дээрх маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдэлд дурьдсан хуулийн заалтыг харан үзэхэд Газрын тухай хуулийн холбогдох заалт буюу “40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлийг дурьдсан байна. Манай компани нь энэхүү төслөө хэрэгжүүлэх үүднээс 2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болох /*******/-аас зарласан төсөл хөтөлбөрт санал хүсэлтээ илгээж тус олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хариу ирүүлсэн бөгөөд тус газрын холбогдох хүмүүс судалгаа хийх төлөвлөгөө гаргаж төсөл хамрагдах гэрээ байгуулах явцад Ковид-19 цар тахал дэлхийн нийтийг хамарсантай холбоотойгоор төсөл хөтөлбөрт хамрагдах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон бөгөөд бид холбогдох хүмүүстэй холбогдож төсөлд хамрагдах үүднээс дахин шинэ баримт бүрдүүлэх газрын хянан баталгаа хийлгэх газрын хянан баталгааг 2021 онд “А*******” ХХК-тай газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж газрын хянан баталгаа хийлгүүлж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд цахим системээр хүргүүлэгдсэн байгаа болно. Дээрх манай компани үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийн хүрээнд жимс, жимсгэний мод үржүүлгийн газар, тарьц суулгацын бойжуулгын талбай байгуулах, жимс жимсгэний мод тарих үндэсний өдөр болгон зарласан бөгөөд энэхүү төсөл нь дээрх зарлигийн хүрээнд хийгдэх ажил, үйл ажиллагаанд хамаарах тул нийслэлийн Засаг дарга та Ерөнхийлөгчийн зарлигаар тэрбум мод тарих бүх нийтийн үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байх тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд хийгдэх ажлыг дэмжихгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох, гэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн А/ дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
  9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь анх 2016 онд Нийслэлээс зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Тарвагатай амны зүүн талд жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 2 га газрыг эзэмших эрхтэй болсон. Хуульд заасны дагуу гэрээ байгуулаад тухайн газарт үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчаас танай газрыг хүчингүй болгох гэж байна гээд сонсох ажиллагааны албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хариуг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бид тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Солонгос улсын байгууллагатай ажиллаж байна. Жимс, жимсгэнэ, мод тарих зориулалттай учраас ойн агентлагтай харилцаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ковид цар тахал тархсан байгаа учраас бага зэргийн доголдолтой ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байна шүү гэсэн утгатайгаар хүргүүлсэн. Хариу хүргүүлсний дараа Нийслэлийн засаг даргаас танайхтай холбоотой ямар нэгэн захирамж, шийдвэр гарсан шүү гэсэн зүйл байхгүй болсон. Тиймээс сонсох ажиллагааных нь хүрээнд нэхэмжлэгчээс хариу тайлбараа өгөөд, тухайн хүчингүй болгох ажиллагааг дууссан юм байна гэж ойлгосон. Гэтэл 9 сарын дараа 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тухайн газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй учраас хүчингүй болголоо гэх захирамжийг Нийслэлийн засаг даргаас шуудангаар ирүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Ямар ажлууд хийгдсэн байна гэхээр, анх нэхэмжлэгч компаниас төсөл сонгон шалгаруулалтад оролцож байх явцдаа 10 га газарт жимс, жимсгэнэ тариалах зорилгоор материалаа өгсөн. Гэтэл Нийслэлийн засаг даргаас 2 га газарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Бидний бэлдэж байсан төслийн газрын хэмжээ өөрчлөгдсөн учраас үүндээ нийцүүлэн төслөө өөрчлөх ажлуудыг хийсэн. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсын ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч төслөө үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар “М*******” ХХК-ийн захирал байнгын харьцаатай байгаа. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улс руу явж уулзалт хийж байсныг нотлохоор гадаад паспортын хуулбарыг өгсөн. Энэ компанийн хувьцааг н.Г******* ганцаараа эзэмшдэг тул өөрөө ажлаа бүтээх гээд явж байсан гэдэг нь харагдаж байгаа.

Эзэмшиж байгаа газрын зориулалт нь жимс, жимсгэнэ тариалах учраас зөвшөөрөл гарснаар шууд үйл ажиллагаа явуулчихдаггүй, хөрсөө бэлдэнэ, хөрсөндөө тохируулаад модоо бэлдэнэ, ямар мод тарих, модоо хэрхэн арчлах гэм мэт нарийн мэргэжлийн үйл ажиллагаанууд шаардлагатай. Үүн дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тэднээс зөвлөгөө авах шаардлагатай байсан. Жимс, жимсгэнэ тариалах нь Засгийн газар, ерөнхийлөгчөөс хэрэгжүүлж байгаа Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд хамаарах үйл ажиллагаа явуулж байхад уг үндэслэлээр анх олгосон захирамжаа хүчингүй болгож байгаа хариуцагчийн үйлдэл нь бодит байдалд нийцээгүй, Засгийн газрын шийдвэрийн эсрэг үйлдэл болж байгаа. Мөн ойролцоо газруудын газар эзэмших эрх хүчинтэй байгааг харуулах зорилгоор И-газар цахим системээс авсан зургаа хэвлээд өгсөн. Тухайн ойр орчмын газрууд нь бүгд ижил сонгон шалгаруулалтаар олгогдож байсан газрууд байтал зөвхөн “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг онцолж хүчингүй болгож байгаа үйлдэл нь Газрын тухай хуульд газар эзэмшихэд тэгш байдал, шударга ёсыг баримтална гэж заасан зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Захиргааны байгууллагаас ижил нөхцөл байдалд ижил шийдвэр гаргах ёстой байтал үүнийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа учраас А/ дугаар албан бичгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “М*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 20000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулан авсан. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Захиргааны еренхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01-09/4545 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлж, өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №214 дугаарт сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтлүүлэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3117, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/4312 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах эрх 2016 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “…… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын ашиглаагүй байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотлох баримт хангалттай хэрэгт авагдсан бөгөөд захиргааны байгууллагаас сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуульд заасан үндэслэлээр хийсэн. Газар дээр нь очиж хээрийн судалгаа хийж нөхцөл байдалтай танилцсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2022 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааг хийсэн. Үүний хариуд нэхэмжлэгчээс төслөө хэрэгжүүлэх гэхэд нийтийг хамарсан цар тахал гарсан тул төслөө хэрэгжүүлэх боломжгүй байна гэх утга бүхий хариу ирсэн. Гэвч нэхэмжлэгч байгууллага газрын эрхийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан, үүнээс хойш даруй 7 жил өнгөрсөн. Цар тахал нь Монгол Улсын хэмжээнд 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд маргаан бүхий захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авсан байх бөгөөд жимс, жимсгэнэ тариална гэсэн төсөл бичиж, төслийнхөө зорилгыг ойн санг нэмэгдүүлэх, төрөл зүйлийг олшруулах, экологийн боловсрол олгох, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, цөлжилтийг багасгах гэж бичиж, төслийнхөө дагуу 2 га газрыг авсан байна. Гэвч уг төслөө хэрэгжүүлэхийн тулд ямар нэг ажиллагаа хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, үүнийг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэл хангалттай бүрдсэн байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ойр орчмын газруудын зургийг нотлох баримтаар гаргаж өгч, бусад газрын эрхийг цуцлаагүй хэр нь ганцхан манай газрыг сонгон авч цуцалж байгаа нь шударга бус байна гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээг тухайн жилийн төлөвлөгөөндөө тусгаад, үүнийхээ дагуу үе шаттайгаар хэрэгжүүлдэг ажил тул “М*******” ХХК -ийг онцгойлон үзсэн зүйл байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/525 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч газар эзэмшиж эхэлснээс хойш газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 онд газар эзэмшиж эхэлснээс хойш газар үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглахаар Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн агентлагт хандсан болон захирал Х.Г******* БНСУ-руу явсан зэрэг нь газраа ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01-09/4545 дугаар албан бичгээр ирүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22/52 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаа явагдснаас хойш 8 сарын дараа маргаан бүхий захирамж гаргасан нь үндэслэлгүй гэх боловч Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа явуулснаас хойш захиргааны акт гаргах хугацааг зохицуулаагүй байна.

Мөн энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулсан болон захиргааны гарсан хугацааны хооронд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгч нь газраа зориулалтын ашиглахаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22/52 дугаар албан бичигт дурдсаны дагуу газраа зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН