Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00515

 

 

 

 

        2024           05            21     

                           130/ШШ2024/00515

 

    

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар

Хариуцагч: Б аймгийн Н сумын Ч дугаар багт оршин суух, Ж овогт Хн Т

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 1,682,500 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Х.Т-д холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 1,682,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авч түүнийгээ төлж барагдуулаагүй нэр бүхий иргэдийн төлбөрийг нөхөн төлүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн.

1.2. Хүсэлтийг хүлээн авч танилцахад “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан Х.Т нь “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газартай байгуулан “Мужаан цех ажиллуулах” зорилгоор 4,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 3 жилийн /36 сар/ хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан байна. Гэвч Х.Тилеухан нь уг дэмжлэгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буюу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,682,500 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад “...хавсралтад тусгагдсан “Эргэн төлөлт хийх хуваарь”-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө...”, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагчаас дээрх сангаас авсан санхүүгийн дэмжлэгийн үлдэгдлийг гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

1.4. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргасан хүсэлтдээ “...манай байгууллагыг төлөөлж өгнө үү” гэжээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул тухайн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

1.5. Харин Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага байх бөгөөд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Х.Тилеухан нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг бий болгох зорилгоор олгосон санхүүгийн дэмжлэгийг авч, эргэн төлөөгүйгээс төрд хохирол учирсан, түүнчлэн дараа дараагийн дэмжлэг авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг буюу гэрээний үүргийг даруй хангуулах шаардлагатай байна.

1.6. Иймд Х.Т-с 1,682,500 төгрөг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1000 2003 7010 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.Т хариу тайлбартаа “Миний бие Х.Т нь Б аймгийн Прокурорын газрын надад холбогдуулан гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээл 1,682,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээл 1,682,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Х.Т-д холбогдуулан гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 1,682,500 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 1,682,500 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,682,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,870 төгрөгийн тал болох 20,935 төгрөгийг хариуцагч Х.Тс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ж овогт Х-ын Т нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 1,682,500 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга таван зуун/ төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х.Т-с улсын тэмдэгтийн хураамжид 20,935 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б