| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06481/И |
| Дугаар | 184/ШШ2024/04635 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/04635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.*******сүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***** нарт холбогдох,
42,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******, ******* нарын хүсэлтээр 2022 оны 12 дугаар 08-ны өдөр 28,000,000 төгрөгийг цувуулж, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй авсан. Сар бүр авсан мөнгөнийхөө хүүг өгч байсан. 2023 оны 11 дүгээр сараас үндсэн мөнгө болон хүүгээ огт өгөөгүй. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд *******, ******* нар нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлсээр байгаад нэг ч төгрөг өгөөгүй хохироож байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд *******, Я.Азжаргал нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 42,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 12 дугаар сард ******* надаас *******, Азжаргал нар нь 15,000,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь 2023 оны 09 дүгээр сард 13,000,000 төгрөгийг өөр хүний дансаар зээлж, нийт 28,000,000 төгрөгийг зээлэн авсан байдаг. Хариуцагч *******ы нагац эгч ******* нь миний сайн найз байгаа юм. ******* нь манай дүү мөнгө зээлээд өгөөч гэж асуулгаж байна гэж хэлсэн. Ах дүү нар нь надаас мөнгө зээлж, хугацаанд нь зээлээ төлж байсан тул *******д мөнгө зээлсэн байдаг. Хамгийн сүүлд ******* гэх хүний дансаар 13,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Уг мөнгийг ******* нь нагац эгч ******* гэх хүнээр дамжуулан авч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаад гомдолтой байна. *******ыг хөдөлмөрийн чадвар алдалттай зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 35,000,000 төгрөг болгож байна гэжээ.
3. Хариуцагч *******, ******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие *******, ******* нар нь ******* гэх хүнээс эгчээрээ дамжуулан хувиараа худалдаа эрхлэх зорилгоор 0,5 хүүтэй мөнгийг
- 3,000,000 төгрөг- 2022 оны 12 дугаар сарын 08-нд
- 5,000,000 төгрөг 2023 оны 05 дугаар сарын 12-нд
- 7,000,000 төгрөг- 2023 оны 06 дугаар сарын 19-нд
- 13,000,000 төгрөг- 2023 оны 10 дугаар сарын 30-нд тус тус зээлсэн болно. Дээрх мөнгө тус бүрийн хүүг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 13,000,000 төгрөгийн хүүг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр төлж, 7,350,000 төгрөг нийт хүүнд төлсөн.
******* нь бөөрний архаг дутагдал төгсгөлийн шат, зүрхний архаг дутагдал 2-р үе гэсэн оноштой бөгөөд 2023 оны 12 дугаар сард яаралтай тусламжийн төвөөр хүргэгдэн хагалгаанд орж, тунель гуурс 6 сарын хугацаатай, тавиулсан ба энэ хугацаанд бөөрний донор олж яаралтай солиулах шаардлагатай байгаа юм.
Одоогоор байнгын асаргаанд байдаг бөгөөд өндөр өртөгт эм тариа хэрэглэдэг болно. Миний бие нөхрийнхөө донор болох хүсэлтийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт өгсөн ч Монголд хагалгаа хийх эсрэг заалттай тул Турк улсад 250 сая төгрөгийн өртөгтэй болно гэсэн хариу ирсэн. Одоогоор зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсч яаралтай явах шаардлага үүссэн тул *******оос авсан мөнгийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна. Зээлсэн 28 сая төгрөгийг хүү, алданги тооцож төлж чадахгүй нөхцөлд байгаа тул үндсэн мөнгийг хугацаа тохирч төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул одоогийн нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү гэжээ.
4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ны 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 13,000,000 төгрөгийн зээлийн хүүг 3 сар төлсөн. 5,000,000 төгрөгийн хүү 6 сар, 7,000,000 төгрөгийн хүүг 6 сар, 3,000,000 төгрөгийн хүүг 12 сар тус тус төлсөн. Нийт 7,350,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Үүнээс Эрдэнэцэцэг эгчийн дансаар 13,000,000 төгрөг авсан учраас Отгонхишиг гэх гүйлгээний утгаар 13,000,000 төгрөгийн хүүг 3 сар төлсөн. Уг зээлийг авсан эсэх дээр маргаан байхгүй. *******оос зээл авсан. Хүүнд нийт 7,350,000 төгрөг төлсөн. Миний зүгээс хүү алданги тооцохгүй үндсэн зээл болох 28,000,000 төгрөгийг төлнө гэв.
5. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өвчтэй байгаа тул зээлийг төлөх боломжгүй байгаад байна. Энэ онд төлж чадахгүй, үндсэн зээл болох 28,000,000 төгрөгийг төлнө. ******* эгчтэй биечлэн хэлцэл хийгээгүй. Мөнгө хэрэгтэй байсан тул нагац эгч *******ээс мөнгө асуухад ******* эгчийг мөнгө зээлдэг гэхээр нь зээлээд өгөөч гэж дамжуулж асуулгасан. ******* эгч зөвшөөрөөд миний данс руу мөнгийг шилжүүлсэн. Л.******* нь миний эгч байгаа юм. Уг мөнгө нь бид хоёрт хамаарна. 13,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, маргаан байхгүй гэв. ******* эгчийн дансаар дамжуулан мөнгө авсан нь үнэн. Маргаан байхгүй, зээлснээ хүлээн зөвшөөрч байна. ******* эгчээр дамжуулан харьцахад сарын 5 хувийн хүүтэй, буцаан төлөх хугацаа тохироогүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч *******оос өөрийн дансаар 15,000,000 төгрөг, ******* эгчийн дансаар 13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн хүү болгож нийт 7,350,000 төгрөгийн хүү төлсөн гэв.
6. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2 дугаар тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, депозит дансны хуулга /хх-ийн 5-8-р тал/ зэрэг баримтууд байна.
7. Хариуцагч нараас шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал:
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /27-36-р тал/,хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон актын хуулбар /хх-ийн 38-р тал/, Англи хэл дээрх 2 ширхэг баримтын хуулбар /хх-ийн 39-42-р тал/ зэрэг баримтууд байна.
8. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 35,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, *******, ******* нар нагац эгч *******ээрээ дамжуулан 2022 оны 12 дугаар сард надаас 15,000,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь 2023 оны 09 дүгээр сард 13,000,000 төгрөгийг ******* гэдэг нагац эгчийнхээ дансаар, нийт 28,000,000 төгрөгийг зээлэн авсан байдаг. Энэ мөнгийг зээлдэгч нарт сарын 5 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. 2023 оны 11 дүгээр сараас үндсэн мөнгө болон хүүгээ огт өгөөгүй. Нийт төлсөн 7,350,000 төгрөгийн хүүтэй маргахгүй. Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Одоо 2023 оны 11 дүгээр сараас хойших хүү, үндсэн мөнгө 35,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Харин хариуцагч *******, ******* нар нь нагац эгч *******ээрээ дамжуулан нэхэмжлэгчээс анх 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ны 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 13,000,000 төгрөгийн зээлийн хүүг 3 сар төлсөн. 5,000,000 төгрөгийн хүүг 6 сар, 7,000,000 төгрөгийн хүүг 6 сар, 3,000,000 төгрөгийн хүүг 12 сар тус тус төлсөн. Нийт 7,350,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Уг зээлийг авсан эсэх дээр маргаан байхгүй. *******оос зээл авсан. Миний зүгээс хүү, алданги тооцохгүй үндсэн зээл болох 28,000,000 төгрөгийг төлнө. Хүү төлөхгүй гэж маргаж байна.
1.Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч *******оос хариуцагч *******, ******* нар нь *******ы нагац эгч *******ээр дамжуулан, 28,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, хугацаа тохирохгүйгээр, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд зээлсэн талаар, мөн дээрхи мөнгөний 13,000,000 төгрөгийг ******* гэх хүний дансаар авч, эдгээр зээлийн хүүнд нийт 7,350,000 төгрөгийг төлсөн талаар тус тус харилцан маргахгүй байна./хх-ийн 43-46-р тал/
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн мөнгөн дүн, хүү тохиролцсон байдал, нэхэмжлэгчээс нийт зээлсэн үндсэн зээл, түүний хүүнд төлсөн мөнгөний талаар харилцан маргаагүй тул шүүх эдгээр үйл баримтууд дээр дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. /хх-ийн 43-46-р тал/
1.2 Харин нэхэмжлэгч үндсэн зээл 28,000,000 төгрөг дээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хүү 7,000,000 төгрөг, нийтдээ 35,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж, хариуцагч нар нь хүү төлөхгүй, үндсэн зээлээ төлнө хэмээн харилцан маргаж байна.
1.3 Зохигчид гэрээ байгуулахдаа нүүр тулж уулзаж байгаагүй ч *******ы нагац эгч *******ээр дамжуулан зээлийн гэрээг амаар байгуулсан гэдэгтэй харилцан маргахгүй байна. *******ээр дамжуулан нийт 28,000,000 төгрөгийг хугацаа тохирохгүйгээр, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж тус тус тайлбарлаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас хүүнд 7,350,000 төгрөг авсан. Одоо үндсэн зээл 28,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байх хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдана. /хх-ийн 43-46-р тал/
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүүнд авсан 7,350,000 төгрөгийг хэзээнээс, хэзээ хүртэлх зээлийн хүү болохыг тайлбарлаж чадахгүй байна.
Иймд хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэгч *******т төлсөн 7,350,000 төгрөгийг үндсэн зээл болох 28,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 20,650,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 14,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд нэхэмжлэгч *******оос гарган өгсөн түүний иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч нараас гарган өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Англи хэл дээрх 2 ширхэг баримт зэрэг баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 3, 38-42-р тал/
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 261,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дах хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох, 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 35,000,000 төгрөгөөс 14,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 20,650,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 261,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН