Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2024/00186

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2024/00186

Говьсүмбэр аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанк ХХК /РД:2578697, УБД:9016001007/-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулгын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-178/Б тоотод оршин суух, Ойдов овогт Эрдэнэчимэгийн Даваасүрэн /РД:ШУ91081911, ИБД:112577391082, утас: 80709819/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 6-3-34 тоотод оршин суух, Боржигон овогт Баттулгын Мөнгөнцэцэг /РД:УЮ91080102, ИБД:111068081341, утас:85369580/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 17,173,774.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандухай, хариуцагч Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийг төлөөлж, Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандухай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Зээлдэгч Э.Даваасүрэн, хамтран зээлдэгч Б.Мөнгөнцэцэг нар нь Хасбанк ХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1120084601 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгч Э.Даваасүрэнгийн Хасбанк дахь 5005602215 дансанд 27,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10,829,817.79 төгрөг, зээлийн хүүд 4,288,762.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,403.02 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Э.Даваасүрэн нь 2024 оны 03 дугаар сард ажлаасаа гарсан ба Улаанбаатар хот руу шилжсэн гэж ба хаяг тодорхойгүй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Хамтран зээлдэгч Б.Мөнгөнцэцэгтэй очиж уулзахад гэр бүлийн байдал салсан, 3 хүүхэдтэйгээ үлдсэн надад зээл төлөх боломж байхгүй гэх хариу өгч байсан. Одоогийн байдлаар Э.Даваасүрэн нь Улаанбаатар хотод Tous les Jours bakery газарт ажиллаж байгаа бөгөөд ажлын газрын хаяг тодорхойгүй, утсаар холбогдоход зээлээ шүүхэд шилжүүлчихээд ядаж хүү нь зогсчих болохоор амар байна, одоогоор төлөх боломжгүй байна гэсэн хариу өгч байгаа. Хамтран зээлдэгч Б.Мөнгөнцэцэг нь Шивээговь сумын ШТС-д түгээгчээр ажилладаг. Хүүхдүүдийн хамт сумандаа амьдарч байгаа. Зээлдэгч Э.Даваасүрэн нь банктай байгуулсан 1120084601 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120084601 дугаартай барьцаат зээлийн дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 16,170,182.21 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 964,312.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,279.49 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг, нийт 17,173,774.39 төгрөгийг Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нараас гаргуулж өгнө үү.

Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Миний хувьд гэр бүлийн байдал салсан. Би өр зээлээ 100 хувь хариуцаад төлөх саналтай байна. Яагаад гэхээр манай эхнэр 3 хүүхдээ авч үлдсэн. Дээр нь түрээсийн байранд амьдардаг. Давхар банкны зээлтэй. Гэнэтийн тохиолдоно гэж бодоогүй зүйлс тохиолдсон. Энэ талаараа би банкинд хэлж байсан. Түрүүн хэлсэнчлэн төлөлтөө багасгаж, төлөх саналтай байна гэв.

 

3. Хариуцагч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1 Би 4-13 насны 3 хүүхэдтэй. Түрээсийн байранд амьдардаг. Би өөрөө мөн давхар цалингийн зээлтэй. Сар болгоны 05-ны өдөр цалингийн зээлээ төлдөг. Цалин гар дээр 1,200,000 төгрөг авдаг. Энэ нь амьдралд хүрэлцдэггүй учраас миний хувьд төлөх ямар ч боломж байхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, Э.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Шивээ Овоо ХК-ийн албан бичиг, мэдэгдэх хуудас, нэхэмжлэхийг,

 

5. Хариуцагчаас: Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нар хариу тайлбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийг төлөөлж, Чойр салбар нь хариуцагч Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 17,173,774.39 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нар гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 120 хоног хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тодорхойлсон.

 

4. Хариуцагч Э.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа, харин хариуцагч Б.Мөнгөнцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... би 4-13 насны 3 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг. Би давхар цалингийн зээлтэй, сарын 1,200,000 төгрөгийн цалинтай, амьдралд хүрэлцдэггүй учраас миний хувьд төлөх ямар ч боломжгүй гэж үгүйсгэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн өргөдөл, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1120084601 дүгээр Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, Хасбанк ХК-ийн мэдэгдэх хуудас, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хасбанк ХК-ийн Чойр салбарыг төлөөлж, О.Жаргал, зээлдэгч Э.Даваасүрэн, хамтран зээлдэгч Б.Мөнгөнцэцэг нарын хооронд 1120084601 дүгээр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 27,000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зээл авчээ.

 

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10,829,817.79 төгрөг, зээлийн хүүд 4,288,762.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,403.02 төгрөгийг төлсөн.

 

Зээлийн төлбөрийг 2023.03.05-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

 

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, банк гэрээнд заасан үүргээ биелүүлсэн,

бага насны 3 хүүхэдтэй, давхар цалингийн зээлтэй, цалин амьдралд хүрэлцдэггүй, түрээсийн байранд амьдардаг учир төлөх боломжгүй гэж маргана.

 

Харин гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр 16,170,182.21 төгрөг, зээлийн хүү 964,312.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,279.49 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг нийт 17,173,774.39 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй.

 

7. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1.зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ... төлөх үүргийг хүлээнэ,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, ...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө ...,

Зээлийн эрхийн гэрээний 2.13-т Зээлдэгч нь гүйлгээ хийх тутамд гарах гүйлгээний шимтгэл, үндсэн хүү, ...гэх мэт төлбөрүүдийг зээлдэгч үл маргах журмаар компанид төлнө, 4.6-т Зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах гэж тус тус заажээ.

 

Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс шаардах, нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тооцон шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 17,173,774.39 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Э.Даваасүрэн, хамтран зээлдэгч Б.Мөнгөнцэцэг нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох..., 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.,

Зээлийн гэрээний 6.5.5.-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлсэн шаардах гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Мөнгөнцэцэгээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй, зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй ба хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.

 

10. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,818 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 243,818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *********, ******** нараас үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал, нийт 17,173,774.39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,818.87 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг нараас 243,818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА