Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00429 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн ат холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05470 дугаартай захирамжаар Бгаас М.Лхагварагчаад 77 850 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалсан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019847 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54 дүгээр байрны 10 тоотод байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч томилсон.

Шинжээч уг орон сууцыг 110 185 800 төгрөгөөр үнэлсэн. Би орон сууцыг 150 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн 05470 дугаар захирамжаар 77 850 000 төгрөгийг Бгаас гаргуулж М.Лхагварагчаад олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажиллагаа хийсэн. Тус захирамжийн дагуу нэхэмжлэгчид төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн саналын талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх эд хөрөнгийг 110 185 800 төгрөгөөр үнэлсэн ба энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Бгийн оршин суух хаягт шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан байна.

Иймээс үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ бодиттой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөр овогт Болдын Хонгорзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн ат холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар М.Лхагварагчаад 77 000 000 төгрөгийг Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. барьцаалсан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019847 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54 дүгээр байрны 10 тоотод байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар "Баян Модот" ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 110 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Би өөрийн орон сууцаа анх 140 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М. Лхагварагчаа нь 77 000 000 төгрөгт орон сууцаа шилжүүлж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн 140 000 000 төгрөгөөр авсан орон сууцаа 110 000 000 төгрөгөөр үнэлүүлж 50 хувь буюу 55 092 900 төгрөгөөр албан дуудлага худалдаанд оруулахад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Нийслэлийн ат холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2019/05470 дугаар захирамжаар Бгаас 77 850 000 төгрөгийг гаргуулж М.Лхагварагчаад олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19250859/03 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54 дүгээр байр, 10 тоот 76,36 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250859/04 тоот тогтоолоор хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Төлбөр төлөгч Б 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 180 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан ба төлбөр авагч М.Лхагварагчаа төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

“Баян модот” ХХК нь Бгийн өмчлөлийн орон сууцыг орлогын хандлагын аргаар 104 569 445 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 110 185 823 төгрөг, өнөөгийн үнэ цэнийг 110 185 823 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцож, дээрх аргыг харьцуулан зах зээлийн үнийг 110 185 800 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцжээ. /хх27-32/

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 77 130 060 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/26572 тоот мэдэгдэл үйлдэж, уг мэдэгдлийг 2019 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр Бд гардуулан өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Төлбөр төлөгч Б нь үл хөдлөх эд хөрөнгийг “Баян модот” ХХК хэт доогуур үнэлсэн, уг орон сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй нь шийдэлд нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА