| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0162/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/158 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/158
`
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал , шүүгдэгч Б.Цамбахорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цамбахорлоод холбогдох эрүүгийн 1736000000082 дугаартай, 178/2017/0162/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Манхан тур ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЖ91052412 регистрийн дугаартай, Гурван сэнхэр овогт Баярбатын Цамбахорлоо
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 71-20 СЭА улсын дугаартай Алфхард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6,9.2-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хүүхэд Б.Тамирын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би эхнэр Отгонцэцэг,хүү Д.Тамир, Д.Тэмүүлэн нарын хамт Улаанбаатар хот явахаар 10 цагийн автобусад суугаад явж байгаад Манхан сумын Төгрөг гол багийн нутагт байрлах Тэс петролиумын колонк дээр шатахуун авахаар зогссон. Би эхнэрийн хамт 2 хүүхдээ бие засуулахаар буугаад хүү Д.Тамирыг ээж нь бие засуулчихаад өөрөө бие засахаар цаашаа явсан, би Д.Тэмүүлэн хүүгээ бие засуулаад байж байсан. Манай хүү Д.Тамир биензин колонкийн замын хашлага дээр сууж байсан ба би Д.Тэмүүлэнгээ бие засуулчихаад эргээд хартал автобусны хажуугаар мөнгөлөг саарал өнгийн 71-20 СЭА улсын дугаартай Aliparad маркийн машин орж ирээд бензин авахаар зогсож байтал манай хүү Д.Тамир тухайн машины урдуур гүйгээд орохоор нь би уг машин дээр очоод жолоочид нь хүүхэд урдуур чинь гүйлээ гэж хэлээд гүйж байх хооронд манай хүүг тухайн машин мөргөөд дээгүүр нь гарчихсан. Тэгээд би жолоочийн буруу талаар нь очиж цонхыг нь цохиод хүүхэд дайрчихлаа гэж хэлээд машины урдуур гүйгээд хүүгээ авах гэтэл тухайн машины хойт урд 2 дугуй хүүхдийн дээгүүр гарсан байхаар нь би хүүгээ тэвэрч автал манай эхнэр араас гүйж ирээд тэнд байсан хүмүүс ирээд зарим нь эмнэлэг авч яв, зарим нь болохгүй гээд байж байтал манай хүүхэд амьсгал хураачих шиг болохоор нь би хүүгээр тэр дайрсан машинд оруулж тавьсан. Тэгээд удалгүй сумын эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн гэжээ./хх-19-20-р хуудас/
Гэрч Ц.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар явах автобусанд суугаад явж байгаад Манхан сумын зам дээр байдаг Тэс петролиумын колонк дээр автобус түлш авахаар зогссон. Хүмүүс бие засахаар бууцгаагаад байж байтал автобусны буруу талаар мөнгөлөг саарал өнгийн 71-20 СЭА улсын дугаартай машин ирээд бензин аваад зогсож байтал хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд орилолдохоор нь хартал тухайн бензин авч байсан машин хөдлөхдөө хүүхэд дайруулсныг хүүхдийн аав машин доороос хүүхдээ татаж гаргаж ирээд тэврээд байж байсан.Би жаахан хүүхэдтай явсан болохоор буцаад автобус руугаа орсон гэжээ. /хх 21-33-р хуудас/
Гэрч Д.Заяат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр Б.Цамбахорлоогийн хамт Манхан сумаас Ховд аймаг руу аав ээж хоёрыгоо авахаар явж байгаад Манхан сумын Тэс петролиумын колонкоос бензин авахаар ирэхэд хот хоорондын автобус зогсож байсан. Манай машин уг автобусны буруу талаар ороод бензинээ аваад хөдөлсөн чинь хүмүүс хүүхэд дайрчихлаа гэж орилоод нэг эрэгтэй хүн “хүүхэд алчихлаа” гэж хэлэхээр нь би тухайн үедээ шоконд орсон, хүүхдийн ээж нь бололтой нэг эмэгтэй хүн уйлж байсан, нэг мэдсэн чинь манай аав ирсэн, бас эмнэлгийн машин ирсэн байсан гэжээ. /хх -23-р хуудас/
Гэрч Д.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд орилохоор нь харсан чинь бензин авч байсан 71-20 СЭА улсын дугаартай машин хүүхэд дайраад тухайн хүүхэд уг машины жолооч талын хойт дугуйны доор байсныг хүүхдийн аав татаж авсан.Тэгтэл хүүхдийн толгойноос цус гарч байхаар ба харж чадаагүй.Удалгүй эмнэлэг, цагдаа ирээд хүүхдийг нас барсан байна гэсэн гэжээ./ хх24-25-р хуудас/
Гэрч П.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...автобус зогсож түлш авах хооронд хүмүүс гарч бие зассан. Би бие захчихаад буцаад автобус руугаа явах үед талийгаач хүүхдийн аав том хүүгээ бие засуулж байсан.Тэгтэл хүмүүс хүүхэд дайрчихлаа гэж орилолдоод хүүхдийн аав тухайн машины цонхыг цохиод “ чи хүүхэд дайрчихлаа “ гээд тухайн машиныг тойрч очоод жолооч талын хойт дугуйн доороос өөрийнхөө хүүхдийг өргөж гаргаж ирээд яах уу гээд нааш цааш гүйхээр нь би түргэн дуудаач ээ гэхэд хүүхдийн аав хүүхдээ тэврээд дайрсан машин руу ороод явах гэсэн чинь хүмүүс хажуугаас нь явж болохгүй гэж орилоод байсан. Тэгээд явалгүй байж байгаад эмнэлэг цагдаа дуудаад, удалгүй сумаас эмч ирж үзээд хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн гэжээ. /хх 26-27-р хуудас/
Гэрч Д.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Манхан сумын Тэс петролиум шатахуун түгээх станцад түгээгчийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 12 цагийн үед Ховд аймгаас Улаанбаатар чиглэлийн том оврын автобус ирсэн. Автобус бензин аваад зогсож байтал 4-5 минутын дараа Toyoto Aipard маркийн машин ирж зогсоод бензин авахаар нь би хөнгөлөлтийн картыг нь өгчихөөд эргээд явж байтал хүмүүс хашгирахаар нь буцаад автобус машин хоёрын дундуур гүйж очиход уг машины баруун хойт талын дугуйны урд талд хүүхэд хэвтэж байсан.Хүүхдийн аав миний хажуугаар орж ирээд хүүхдээ тэврээд авсан. Хүүхдээ аваад дайрсан машины араар тойрч уг машины зүүн хойт талын хаалгаар орж суудал дээр тавьсан гэжээ. /хх-28-29-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-6-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-9-10-р хуудас/
Эд зүйлд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-11-13-р хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Д.Тамирын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна.2.Д.Тамирын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны дунд хонхор турк эмээлийг дайрсан 2 талын эрвээхэй ясны бяцарч цөмөрсөн,салсан хугарал, зүүн талын чамархайн баруун урд талын чамархайн ард хэсгийн яснуудын цөмөрсөн хугарал,дагз хэсгийн хуйханд цоорсон шарх, цус хуралт, гадна талдаа: дагз хэсгийн хуйханд 8 см урагдаж цоорсон шарх, дээд хэсэгт 1х1 см-т мөн хуйхны арьс цоорсон шарх, духны баруун хэсэг болон баруун талын хацарт цус хуралт, зүүн гарын бугалганд 3х1 см, 2х1 см, хэвлийн зүүн хажууд 6х5 см,2.5х0.5 см тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Д.Тамирын цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.4.Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар .../ дагз хэсгийн хуйханд 8 см урагдаж цоорсон шарх, дээд хэсэгт 1х1 см-т мөн хуйхны арьс цоорсон шарх, духны баруун хэсэг болон баруун талын хацарт цус хуралт, зүүн гарын бугалганд 3х1 см, 2х1 см, хэвлийн зүүн хажууд 6х5 см,2.5х0.5 см тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд/ гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.Мөн энэ журмын 3.2.1-д зааснаар /суурь ясны дунд хонхор турк эмээлийг дайрсан 2 талын эрвээхэй ясны бяцарч цөмөрсөн,салсан хугарал, зүүн талын чамархайн баруун урд талын чамархайн ард хэсгийн яснуудын цөмөрсөн хугарал/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Д.Тамир нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан.6.Д.Тамирын цогцосноос авсан цус нь А / II/ бүлэг , Дүгнэлт гаргасан, шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ. /хх-60-61-р хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. 71-20 СЭА улсын дугаартай Альпард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Цамбахорлоо нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан :” Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” мөн дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2.Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газрын зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд 71-20 СЭА улсын дугаартай Альпард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Цамбахорлоо нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна.
3. 71-20 СЭА улсын дугаартай Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Цамбахорлоо нь хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаагүй хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. Дүгнэлт гаргасан,шинжээч цагдаагийн ахмад М.Алтангэрэл гэжээ. /хх-66-р хуудас/
Шүүгдэгч Б.Цамбахорлоо мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд хадам аав ээж дээрээ ирчихээд буцаад Ховд аймаг орохоор эхнэр Д.Заяатын хамт явж байгаад Манхан сумын Төгрөг гол багт байрлах Тэс петролиум колонкоос бензин авахаар иртэл колонк дээр хот хооронд явдаг том автобус ирээд дизель авдаг талд нь Манхан сум руу хараад зогссон зорчигч нар нь автобуснаас буусан байдалтай байсан.Тэгэхээр нь би автобусны буруу талаар нь ороод АИ 92 авдаг талдаа автобусны эсрэг харсан буюу Ховд аймаг руу харж зогсоод бензинээ авчихаад хөнгөлөлтийн картаа аваад цонхоо хаачихаад хөдөлсөн.тэгтэл миний машины эсрэг талаар нэг хүн ирээд цонх цохихоор нь зогстол “хүүхэд дайрчихлаа” гэж хэлэхээр нь би толиндоо хартал ар талын дугуйны урд талд хүний хувцас харагдсан. Би машинаасаа буугаад хартал миний машины хойт дугуйны урд талд жижигхэн эрэгтэй хүүхэд дайрагдсан байсан.Тэгтэл аав нь ирээд хүүхдээ өргөж аваад миний машины хойт талаар тойроод тэвэрч гүйгээд “одоо яах юм бэ” гээд гүйгээд байсан.Тэгэхээр нь би машиныхаа хойт талын хаалгыг онгойлгоход аав нь хүүхдээ тэврээд машинд суусан. Тэгтэл тэнд байсан хүмүүс эмнэлэг яваач, зарим хүмүүс нь явж болохгүй гээд байж байтал аав нь хүүгээ өнгөрчихлөө гэж хэлээд миний машинд тавьчихаад хаалгыг нь хаасан. Тэр хооронд хүмүүс дуудлага өгсөн байсан ба сумын эмч ирээд тухайн хүүхдийг үзээд нас барсан байна гэж хэлсэн.Би бензин аваад хөдлөхдөө машинаасаа бууж шалгалгүй 2 толиндоо хараад урагшаа хөдлөөд хүүхэд байсныг анзааралгүй дайрсан байсан гэжээ. /хх-91-92-р хуудас/
Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Тамирын амь нас хохирсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Ц.Гантулга, Д.Заяат, Д.Амгалан, П.Жавзандулам, Д.Өлзийхишиг нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Цамбахорлоогийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар / хх-102-р/ , хохирол төлбөргүй болох нь хохирогч Н.Дагвасүрэнгийн хүсэлт, 18.000.000 төгрөг шилжүүлсэн Хас банкны баримт /хх-126-128 / зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Цамбахорлоогийн эзэмшлийн 71-20 СЭА улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гурван сэнхэр овогт Баярбатын Цамбахорлоог Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гурван сэнхэр овогт Баярбатын Цамбахорлоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийнхугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цамбахорлоод оногдуулсан 03 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Б.Цамбахорлоо нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дагвасүрэнд 18.000.000 төгрөг төлсөн болохыг, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Цамбахорлоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС