Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.******* /РД:*******/                    

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд хандан “Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаартай захирамжийн П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/100 дугаартай захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай, 39,970 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар ашиглуулахаар иргэн *******гийн *******аас нэхэмжлэгч П.*******т 15 жилийн хугацаагаар шилжүүлэн олгож, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байна.[1]

2.2. Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар П.*******ын эзэмших эрхтэй дээрх 39970 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.[2]

2.3. Нэхэмжлэгч П.******* Засаг даргын А/192 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 06/6934 дугаартай албан бичгээр[3] “П.*******ын гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгч, улмаар тус шүүхэд хандаж захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс “... Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны А/100 дугаартай захирамжийг үндэслэн 39970 м.кв газрыг П.*******т эзэмшүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш миний бие тоосгоны үйлдвэр барих архитектурын зураг, барилгын ажлын зураг, бизнес төлөвлөгөө зэрэг төслийн баримт бичгүүдийг боловсруулаад бэлэн болж байтал 2018 оны 4 дүгээр сард " " ХХК нь миний эзэмшлийн газар руу дайрч ороод нийт газрын 1/4 хэсгийг хашиж өндөр төмөр хашаа барьсан болох нь хэрэгт авагдсан сансрын хиймэл дагуулаас авсан зургаар тогтоогдож байна. Хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан "Иргэн П.*******ын тоосгоны үйлдвэрийн барилга"-ын зураг төслөөс харахад үйлдвэрийн барилга нийт эзэмшлийн газар талбайг нэлээд хэсгийг хамарсан байхаас гадна " " ХХК-ийн зөвшөөрөлгүй хашсан талбай орсон болох нь тогтоогдож байна. Энэхүү газрын зөрчлийн талаар дүүргийн Газрын албанд мэдээлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч зөрчлийг арилгаагүй. Бусдын газар руу дур мэдэн дайрч орсон асуудлыг Налайх дүүргийн газрын алба огт шийдвэрлэж өгөөгүйгээр үл барам энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа болно ... 2018 оны хавраас барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн боловч " ” ХХК-ийн газар чөлөөлөх асуудал шийдэгдэхгүй явсаар өдий хүрсэн юм. Харин 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “ ” ХХК нь Газрын албаны шаардлагыг хагас дутуу биелүүлж П.*******ын газар дээгүүр татсан өндөр хашаагаа буулгаж жижиг ногоон хайсаар сольсон байна. Энэ нь мөн ялгаагүй өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлөөгүй гэж үзнэ. Учир нь, П.*******ын компанийн тоосго, блокийн үйлдвэрийн барилгын зураг яг " ” ХХК-ийн манайхаас хашиж авсан газар, талбайтай давхцаж байгаа юм. Тийм учраас дээрх зөрчил арилаагүй нь П.*******ыг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг дүгнэлт үндэслэлгүй юм  ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс “... Манай Газрын албанаас мэдэгдээгүй гэж хэлж байна. Мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар явуулсан байна. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тухайн хариуцсан байцаагч *******-Очир хүчингүй болгох мэдэгдлийг П.*******т өгсөн байна. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан байна. Манай албанаас тухайн иргэнд өмнө нь мэдэгдсэн байна гэсэн үг. П.******* 2016 онд газраа авчхаад 2016 оноос 2017 оны хооронд  газар хоосон байсан. 2018 оны 4 дүгээр сард компани газар дээр нь хашаагаа оруулж барьсан байна ... Манайхаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23/832 албан тоотоор газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна. 2023 оны 04 дүгээр сарын 10-нд Өдрийн сонинд хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг тавьсан байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/100 дугаартай захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 39,970 м.кв газарт үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар ашиглуулахаар иргэн Н.*******аас ******* надад 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан А/192 дугаартай захирамжаар миний эзэмшиж ашиглах эрхтэй 39970 м.кв газар эзэмших эрхийг надад мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон. Би Засаг даргын А/192 дугаартай захирамжийн талаар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн Газрын албанд очсоноор мэдэж QR код бүхий албан мэдэгдлийг тухайн өдөр бичгээр гардан аваад эс зөвшөөрч, хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа Налайх дүүргийн Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан А/192 дугаартай захирамжийн П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/100 дугаартай захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай, 39970 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар ашиглуулахаар иргэн *******гийн *******аас *******т 15 жилийн хугацаагаар шилжүүлэн олгож, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байна. Налайх дүүргийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А/192 дугаартай захирамжаар П.*******ын эзэмших, ашиглах эрхтэй дээрх 39,970 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. П.******* Засаг даргын А/192 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 06/6934 дугаартай албан бичгээр П.*******ын гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ. Ингээд миний үйлчлүүлэгч тус шүүхэд хандаж захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Өмгөөлөгчийн хувьд дараах хууль зүйн үндэслэлийг онцолж байна. Нэг. Налайх дүүргийн А/192 дугаартай захирамжид "... газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй..." гэснийг зөрчсөн гэж үзжээ. Захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд. Налайх дүүргийн Засаг дарга 2016 оны А/100 дугаартай захирамжийг үндэслэн дээрх 39,970 м.кв газрыг П.*******т эзэмшүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш тэрээр тоосгоны үйлдвэр барих архитектурын зураг, барилгын ажлын зураг, бизнес төлөвлөгөө зэрэг төслийн баримт бичгүүдийг боловсруулаад бэлэн болж байтал 2018 оны 4 дүгээр сард " " ХХК нь П.*******ын эзэмшлийн газар руу дайрч ороод нийт газрын 4 хэсгийг хашиж өндөр төмөр хашаа барьсан болох нь хэрэгт авагдсан сансрын хиймэл дагуулаас авсан зургаар тогтоогдож байна. Хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан "Иргэн П.*******ын тоосгоны үйлдвэрийн барилга"-ын зураг төслөөс харахад үйлдвэрийн барилга нийт эзэмшлийн газар талбайг нэлээд хэсгийг хамарсан байхаас гадна " " ХХК-ийн зөвшөөрөлгүй хашсан талбай орсон болох нь тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч П.******* энэ газрын зөрчлийн талаар дүүргийг Газрын мэдээлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч зөрчлийг арилгаагүй байна. Яг энэ тохиолдолд нэхэмжлэгч П.*******ын хувьд төр захиргааны байгууллагад зөрчлийн талаар мэдээлэхээс өөрөөр ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй юм. Бусдын газар руу дур мэдэн дайрч орсон асуудлыг Налайх дүүргийн газрын алба огт шийдвэрлэж өгөөгүйгээр үл барам энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа болно. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т "Дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 23 дугаар зүйлийн 23.2.15-д "Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх эрх хэмжээтэй байна" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигчийн гэрээний дагуу газраа эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах бүрэн эрх нь дүүргийн Засаг даргад, газрын хууль тогтоомж зөрчсөн компанийн асуудлыг шийдвэрлэх эрх нь газрын албанд байна. Цугларсан нотлох баримтын хүрээнд Налайх дүүргийн Засаг дарга, газрын алба зөрчлийг арилгах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэж байна. Төгсгөл Оруулах Түүнчлэн Газрын тухай 35 дугаар зүйлийн 35.3.5-д "Газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасныг “ ” ХХК ноцтойгоор зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10. дах заалтад зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэсэн байна. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын хугацаа 1 жил 5 сар орчим үргэлжилж цуцлагдмагц П.******* Налайх дүүргийн Газрын албанд хандаж өөрийн төслийн үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлэн тоосгоны үйлдвэрийн зургаа зуруулах, тооцоо судалгаагаа хийлгүүлэх ажлуудыг гүйцэтгэж дууссан байна. Гэтэл 2018 оны хавраас барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн боловч " ” ХХК-ийн газар чөлөөлөх асуудал шийдэгдэхгүй явсаар өдий хүрсэн юм. Харин 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “ ” ХХК нь Газрын албаны шаардлагыг хагас дутуу биелүүлж П.*******ын газар дээгүүр татсан өндөр хашаагаа буулгаж жижиг ногоон хайсаар сольсон байна. Энэ нь мөн ялгаагүй өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлөөгүй гэж үзнэ. Учир нь, П.*******ын компанийн тоосго, блокийн үйлдвэрийн барилгын зураг яг " ” ХХК-ийн манайхаас хашиж авсан газар, талбайтай давхцаж байгаа юм. Тийм учраас дээрх зөрчил арилаагүй нь П.*******ыг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг дүгнэлт үндэслэлгүй юм. Яагаад гэвэл, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10. дах заалтын “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэсэн хэсэг нь П.*******т шууд хамааралтай байна. Хоёр. Шийдвэр гаргасан процессын тухайд. Налайх дүүргийн Засаг даргаас газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай Налайх дүүргийн Засаг даргын А/192 дугаартай захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр П.*******т мэдэгдэж мэдэгдлийг гардуулсан байна. П.*******т Өмнө нь ийм захирамж гарах гэж байгаа, гарсан эсэх талаар хэн нэгэн мэдэгдэж байгаагүй гэж тайлбарлаж байна. Налайх дүүргийн Засаг даргын А/192 дугаартай захирамж ийм байдлаар гарсан нь дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Үүнд: а/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд ".. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална" гэснийг; б/ Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. дах хэсэгт сонсох ажиллагааны "Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно" гэснийг; в/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг; г/ Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно" гэснийг; д/ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дэх хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн байна. Налайх дүүргийн Засаг дарга захиргааны хууль зүйн үр дагавар бүхий акт гаргуулахдаа хуульд заасан захиргааны процессыг ноцтой зөрчиж, илтэд худал, бодит байдалд нийцээгүй мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргасан байна. Налайх дүүргийн Газрын албанд П.*******тай холбоо барих бүх утасны дугаар, хаягийн мэдээлэл байсаар байхад надтай утсаар, хүргэлтийн шуудан болон цахим шуудангаар холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй байна. Налайх дүүргийн Засаг даргын А/192 дугаартай захирамжийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гарсан байхад уг захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа талаар П.*******т мэдэгдээгүй, өөрийн байр суурь, үйл баримтын талаар нотолгоог гаргаж танилцуулах боломж олгоогүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргах хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 06/6934 дугаартай албан хариуд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас цахим мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа явуулсан мэтээр бичсэн байна. Тийм ажиллагаа П.*******ын хувьд явагдаагүй, тийм ажиллагаа явах эсэх талаар П.*******т албан ёсоор огт мэдэгдээгүй, мэдэгдсэн тухай хангалттай нотлох баримт энэ хэрэгт байхгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны А/192 дугаартай захирамжийн П.******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Газрын албанаас мэдэгдээгүй гэж хэлж байна. Мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар явуулсан байна. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тухайн хариуцсан байцаагч *******-Очир хүчингүй болгох мэдэгдлийг П.*******т өгсөн байна. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан байна. Манай албанаас тухайн иргэнд өмнө нь мэдэгдсэн байна гэсэн үг. П.******* 2016 онд газраа авчхаад 2016 оноос 2017 оны хооронд  газар хоосон байсан. 2018 оны 4 дүгээр сард компани газар дээр нь хашаагаа оруулж барьсан байна.

Манай албыг сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөгүй, огт мэдэгдээгүйгээр хүчингүй болгосон гэж яриад байна. Манайх газар эзэмших эрхийг хүчингүй болохдоо иргэн, аж ахуйн нэгжид өмнө нь заавал мэдэгддэг. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23/832 албан тоотоор газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна. 2023 оны 04 дүгээр сарын 10-нд Өдрийн сонинд хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг тавьсан байна. Өөр мэдээлэл алга.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь маргаж буй А/192 дугаартай захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар нэхэмжлэгч иргэн П.*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.

2. Маргаан бүхий үйл баримт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон факт нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болсон байх тул шүүх Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх Газрын тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэнэ.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд, мөн зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэжээ.

4. Тодруулбал, нэхэмжлэгч П.*******ыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж үзжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

6. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

7. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч П.******* нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай /тухайн үеийн нэрээр/ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байна.

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гаргасан “2017 оны намар манай эзэмшлийн газрын ¼ хэсэгт “ ” ХХК дураараа хашаа хатгасан, энэ зөрчлийг дүүргийн Газрын алба арилгаагүйгээс болж би газраа ашиглаж чадаагүй” гэх агуулгатай тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “2018 оны 4 дүгээр сард компани газар дээр нь хашаагаа оруулж барьсан байна. Яг энэ гүүглийн зураг нь надад байна.” гэх тайлбаруудаас үзвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан хугацаанаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд, түүнчлэн түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газарт хамааруулан “ ” ХХК нь хашаа барьсны улмаас нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг ашиглаж чадаагүй үйл баримт тогтоогдож байна.

10. Мөн дээрх үйл баримт нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[4] болон шүүхээс шаардсаны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/408 тоот албан бичгээр[5] ирүүлсэн 2016, 2023 оны сансрын зурагтай давхцуулсан кадастрын мэдээллийн сангийн зургуудаар нотлогдож байна.

11. Тиймээс хариуцагчаас гаргасан маргаж буй А/192 дугаартай захирамжийн П.*******т холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх нөхцөлийг хангаагүй, өөрөөр хэлбэл, бусдын хууль бус үйлдэл буюу “ ” ХХК гэх хуулийн этгээдээс хашаа хатгасны улмаас нэхэмжлэгч газраа ашиглаж чадаагүй, энэ нь газар эзэмшигчээс хамаарах шалтгаан биш байхад түүнийг нягтлан тогтоохгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу байна.

12. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан байхад бусдын эзэмших эрхтэй газар дээр буюу нэхэмжлэгч П.*******ын эзэмших эрхтэй газартай давхцуулан “ ” ХХК гэх хуулийн этгээдэд газар олгосныг хариуцагч нягтлан тодруулах учиртай байжээ.

13. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 20.2.2 дахь заалтад “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;”, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн гаргаж байсан газрын зөрчлийг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг хүссэн хүсэлтүүдийг шийдвэрлэхийн оронд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгож шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

15. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасны дагуу маргаж буй А/192 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар иргэдэд мэдэгдэх талаар тусгасан, өмнө нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23/332 тоот албан бичгээр[6] сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байсан, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өдрийн сонины №065 /7185/ дугаарт[7] сонсох ажиллагааны мэдэгдэл мөн хүргүүлж байсан, мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тайлбар хүргүүлж байсан[8] байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

16. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “ ” ХХК-д газар эзэмших эрх олгосон Налайх дүүргийн Засаг даргын захирамжтай маргаагүй, түүнчлэн, шүүхээс хариуцагчийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нягтлах ёстой байсан үйл баримтыг тодруулаагүй гэж дүгнэсэн энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “ ” ХХК гэх хуулийн этгээдийг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг  40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ын Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаартай захирамжийн П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 44-46 дахь тал

[2] Хх 47-48 дахь тал

[3] Хх 27 дахь тал

[4] Хх 83-86 дахь тал

[5] Хх 95-97 дахь тал

[6] Хх 49 дэх тал

[7] Хх 50 дахь тал

[8] Хх 53 дахь тал